sonin.mn

 -Ах-Бидэрийн Баярсайхан-

 

Бүтээл бүрэлдэн бүтэх зүй тогтол буй. Зохиолч, бүтээгч хэн болов өөртөө арга барил, дэг ёс тогтоон дархлаажуулж, тэр өнгөө барьж гэмээнэ бүтээхүйн харгуй зам услагдах. Эхлэх гэж энүүхэнд харагдаад, дэрс чулуу багатай нь мэдэгдээд байх мөртлөө алхуулж өгдөггүй, урагшилж өгдөггүй, “нэг юм” торогноод байх даваа байдаг. Тэр давааг л онож, зөв давчихбал цааш бол дардан даа. Үр хөврөл нь эрт үүсээд, тархин хэвэлд ургаад, төрөх нь нэгэнт дөхсөн ч дуншиж эхлэх мөнөөх тэр мөч бол хачин жигтэй, халируулмал, босон суун байлгадаг, ухарч хоргодон хашигнах, мөн тэгсэнээ бушуухан бичүүлэх гээд ч байх шиг, гарааны зурхайд хүрээд эргэхийн өмнөх эгшинд дэх хурдан морины нүд шиг адат, ханан хаданд хашиж хураасан адуун дотор бугуйлдахыг мэдсэн юм шиг толгойгоо нуудаг морь аятай тэрүүхэнд төөрөгнүүлэх мэт  золигийн цаг гэж байдаг.
 
Өнөө цагийн манай хүүрнэл зохиолын тодорхой төлөөлөгч Бидэрийн Баярсайхан саяхан номынхоо нээлтэд тохиолдуулсан уулзалтад хэлжээ. Эхний өгүүлбэрийг онож тавих тухайтад. Тэрхүү эхний өгүүлбэрийг л зөв төрүүлчихвэл зохиол жирийчих тухай тэр ярьсан байна билээ. Үнэн.  Баяраагийн “Хүн загасны цөөрөм”-ийн арын хавтсанд дахь “Өчүүхэн жаахан сун мэтээс махчин аварга загас, нялцгай биетээр хооллох нүсэр том халим хүртэлх үр удмын хөврөл нь усан ертөнц дэх амьдралын хэв маягийг тодорхойлж байдаг гэх агаад эмсийн хүрээлэн хүртэл байдаг гэлцэнэ”  хэмээх ишлэл өгүүлбэрийг “чагнахад”  тэнгисийн гүнд ус дунирч, халим мөөрөх нь сонсогдох шиг. Тэгсэнээ өмнө хойгуур баахан хуйларч шарвагнах цэгээн хайрст загасууд санаанд ургаж мөнөөх “эмсийн хүрээлэнд” нь урьж буйн ур маяг бодогдуулна. Билиг авьяас хөлөглөн, зөн совин, ертөнц хорвоон юмс үзэгдлийн, учир сонихоны хязгааргүйд дураар зорчин, үг уургалан, утга ширээн гайхам аж төрөхүй, гоо сайханч амьдрал бол зохиолчийн жаргал зовлон юм. Бидэрийн Баярсайхан бол ийм гоо сайханч амьдралыг яруу найргаар эхлээд, хүүрнэлийн хөлөг онгоцонд суун дэлхэж яваа эр мөнөөс мөн бөлгөө.
 
Түүний дотоод ур маяг, энгүүн гоо бичих санааных. Зүгширэн зүгширэн, тэр мөрт ээдрүүлж, булгиулж, тонгочуулж, намба төв болгомогц, дошгируулж, ноцуулж, уйлуулж, хайрлаж, хайрлуулж, ад мөрийнтүүлж, дурсан санагалзуулж, бодуулж, зөгнүүлж, илчилж, жигшүүлж, дээдлэн хүндэтгэж, билиг авьяасын зохионгуйгаар дураар шидлэн бүтээнэ. Тиймийн энд хүрэхэд билиг авьяасаас гадна боловсрох, өөрийгөө олох, дархлаажих гэгч нот ойлголтууд байдаг. Энэ талаар Б.Баярсайхантай илүү үг ярих хэрэггүйн тухайтад тулхтнууд нэгэнт санал нэгджээ. Мөн би вээр илүү үг үл хэлмүй. Зөвшөөрнө, зөв ихийг л хүсэх.
 
“Хүн загасны цөөрөм”-ийг сөхвөл  “Ах” тааралдав. Ах Бидэрийн Өсөхбаяртаа зориулав хэмээн тодотгол өргөж.  Монгол үгүүллэг. Жинхэнэ монгол , гүүн зэл мэт монгол үгүүллэг.  Хот хүрээнд суурьшсан буйд аглагийн хөвүүн тоонот нутагтаа ирж, ахындаа хоносоны өглөөгөөр энэ үгүүллэг эхэлдэг.  “Нар хананы толгойд гарч байхад сэрэв. Сөхөөстэй хаяагаар салхи сэвэлзэнэ. Зуны өглөөний агаар ширэн хөхүүртэй айраг шиг чимчигнэсэн байдаг. Чис чис гэж шуугих айргаас сэнгэнэсэн сэрүүн тунгалаг үнэр анхилж, өнгөөр ялгах юм бол усан будгийн цэв цэнхэрхэн өнгийг санагдуулна. Өглөөний агаар айргийн үнэр шиг тийм гэж хэлэхийн аргагүй нэг л сайхан. Гал түлээгүй, хоол хош буцалгаагүй, утаа утаа май босоогүй цагт өглөөний агаар ийм байдаг. “Босъё доо!” гэж сэрвэлзэн хэвттэл бэр эгч  агар хувинтай сүү бялхуулан орж ирэв”. Нүүдэлчин Монголын өглөө энэ. Ер бусын яруухан байдаг. Хот хүрээнээс шөнөдөж ирээд хоносоны өглөө яг ийм байдаг. Хүн бүр гадаа ажилтай, гэрт ганцаар үлдсэнээ мэдэн, сөхөөтэй хаяагаар адуу хурааж, унага уяхыг харах, зэлний тэндээс бахтай нь аргагүй үнээ саагчдын хувинд сүү хөөсрөн нуугих чимээ сонсоход яаран гарч ахуй тонотоо үзэхийн, эртэч малчин ах дүү нарынхаа өмнө гэмшисхийхийн зэрэгцэл шиг сайхан үгүй билээ. Энэ бол иргэншсэн хийгээд нүүдэлч амьдралын торгон заагт хослон амьдарч байгаа монгол хүний, Монгол орны мөнхийн, аз жаргалант өглөө юм.  “Үхэр тэрэгнээс уяатай хайнагийн шар залхуутай хивж хэвтэнэ. Дөнгөж дээшилсэн наран доогуур адуу туусан хүн наашилж явав.
 
-Үхэр барьж уяж, яах гэж байгаа юм бол? 
 
-Ах чинь өдөр тийшээ бургасанд явах юм байлгүй дээ. Өглөө барьж уячихаад явна билээ гэж эгч гэрээс хариулж байв. “Нээрээ бургасанд явдаг хэрэг. Үхэр тэрэг хөтлөх ч бас сайхан шүү”  гэж бодон, тэртээ зүүнтээгээс адуугаа туусаар ирж яваа ахыгаа тосон, гүүн зэл рүү алхав”. Гэрийн гаднаас асуугаад, дотроос бэр эгч нь хариулж байх. Уяж хагсаасан хайнагийн шараар бургасанд явахыг сайхан шүү дээ гэж эртний сайханаа анирдан авч ирэх, мэдрэх, эртлэн адуунд явсан ахыгаа тосон гүүн зэлээдээ алхах. Энгийн. Бас жир бус.  Гэхдээ энэ энгийн, жир бус, үлгэрийн гоо сайхан чинь л чухамдаа бидний аугаа гэгээн заяа төөргийн хивс нь билээ л. Мөнхийн гоо сайхан. Юугаар ч сольшгүй монгол амьдрал минь. Үүнийг бичих нь л монгол зохиолчийн ажил, үүрэг.
 
 
“Жаахан хэвтэхгүй яагаа вэ? гэж бас л бэр эгчийн нь түрүүхэн хэлсэнийг хэлж уулзах ах. Хотоос ирсэн дүүгээ хайрлах, хүндэтгэх. 
 
Амгалан сайхан, өгөөмөр ууч ах эгчийн, монгол ах, эгч хүний ээзгий мэт шижир сайхан хүндэтгэл хайр. Ийм үнэн хайрыг нүүдэлчний гэрийн гадна, гүүн зэл, үнээ тугалын ахуй дахь эгэл боргил атлаа чин бодит яриа хөөрөөнөөс л илүүтэй гүн гүнзгий мэдэрдэг билээ л, бидэн. “Шүүдэр хатаж амжаагүй нойтон өвсөн дээгүүр хөл нүцгэн чүүчигнэсээр хурдан морьдын нь хазаарыг баруун гартаа тохойвчилсоор ирэв. Ах мордож, адуугаа хумиад, морьдоо өлгөөд, өлгөөд барилав. Надад номхон хул морийг ногтолж өгөөд:
 
-Амарч яваа хүн байна, амьтан ах дүүсээр буухгүй юү. Чи ч бараг уул усынхаа нэрийг мартсан байлгүй дээ. 
-Яалаа гэж мартах вэ дээ. Та өнөөдөр морьдоо хөлслөх үү? Айл хунараар буух ч яамай. Ахтайгаа морь хөдөлгөдөг юм билүү.
-Хөдөлгөнө өө. Дүүгээ дагуулаад, морьдоо хөдөлгөдөг хэрэг. Үдээс өмнө хоёулаа морьдоо хөдөлгөөд, үдээс хойш ганц нэг айлаар бууя байз? гэв”.  Нар салхи үзүүлэлгүй удсан танан цагаан тавхайт чүүчигнэн алхах. Байгалиас, ахуйгаасаа холдсоныг хэлж байна. Гэвч морь хөдөлгөж хөлөргөхөө хүсч буй эгшиглэнт хүслэн, гэвч бас айлд буухыг яамайлах эсрэгцээ хандлага. Энэ бүгдийг зөвтгөн засч, заяамал Монгол амьдрал руу нь залан морио ч хөдөлгөнө, айл хөсөөр ч бууна гэж байгаа ахын буурь , ухаан, сэтгэл. Эдгээр харилцан нөхцөлдсөн, нөхсөн энэ сайхан амьдралыг зохиолч ах дүү хоёрын яриагаар чамин үзүүлж байна. Энэ л сайханыг бид алдахгүй, үргэлж сэрж мэдрэн, ахин санаж, бэхлэн дархлаажуулахыг энэ л үгүүллэг батлан илэрхийлж байна. Монгол байхуйн сайхныг нотолж байна.
 
“Бид хоёр эхлээд хамгийн баруун талд салхин дээр нь азаргаа уяв. Хавирга нь зурайсан сайхан улаан хээр азарга, удаад нь толгой тонгогор, сэрвээ бөгтөр улаан хээр морь, ам цагаан халтар шар хээр морь, дараалаад мөн тийм сайхан унаган зүсмийн гурван үрээ , адагт нь дэлтэй исгэл нэг, дэлийг нь засаж, хөхөл тавьсан бас нэг даага уялаа. Ахын маань уяан дээр жаргалын найман хүлэг үүрсэлдэнхэн эргэцнэ. Эгч цайгаа чаначихаад сүүгээ хөөрүүлж байв. Ах хоймроо завилж суугаад, цай аягалах тэрүүхэн хооронд ширдэгэн дор чийглэж дарсан сур гарган мушгиж эхлэв”.  Жаргалын найман хүлгийн толгойд хазаар угалзруулан уяад, эхнэрээ  цай аягалаад өгөхийн зуурт чийглэсэн сур мушгилах. Шар хээр, гал улаан хээр морьд уяанд галбирлах. Юутай яруу, юутай үнэн гоо сайхан. Монгол амьдралын ялгуун нь энэ. Үйл хөдлөл, заншил ёс, хөдөлгөөн бүрт нот монгол амьдрал өгүүлэгдэж байна. Үүнийг Б.Баярсайхан шиг монгол зохиолч л бичиж чадна. Эл гоо сайханыг уургалан барьж, сэтгэл, оюун санааны уяанд үүрсүүлэх, тэр үүрсээнээс бид үргэлж өөрийгөө танихуйн түлхүүр ноот түүний зүрх сэтгэлд адуу мэт цэнгэлдэх шиг санагдана.
 
Олигтойхон дээл аваад ирэхгүй ёс алдаж байгааг  нь, дөч хүрсэн эр байж эхнэр хүүхдээ ч дагуулаад ирэхгүй туядан “ хүнийшэж” байгааг нь, хүүхдүүдээ ч ах дүүгээ мэдэхгүй амиа аргацаасан амьтад болгож байгааг нь зэмлэн ойлгуулж байгаагаас эхлээд, ер бүх дүрээрээ хүний ах гэдэг юутай өргөн том орчлон болохыг Баяраагийн “Ах” тунхагладаг.
 
“Авгай хүүхдээ дагуулж ирчихээд, амарч суугаа бол чамайг дээшээ дээшээ , ид уу л гэх санж. Надаас юу гарч шалих вэ. Зуны туранхай төлөг ганцыг алж өгнө. Хоёр хоног идээд дуусна биз. Тэгсэн бол миний сэтгэл цадах байхгүй юу”. Дүүдээ ингэж үглэж байна, Ах.  Хүний ах, ахын хайр, эн, сэтгэл гэдэг ийм том. Тийм хүрэлцээтэй, ашдын өлзий ерөөл нь туйлын.  Ах үгүүллэгт энэ мэт сэтгэл лимбэдэх олон үг үгүүлбэр, ухаан унасан том санаанууд, гэрэлтсэн шигтгээ, энгийн болоод дэлхсэн нь тод гүн ухаан дүүрэн билээ. Уяран уярам байдаг. Сэтгэл санаагаа тэнгэрлиг болгон, сайн сайханд тэмүүлэхийн эхэнд энэ л үгүүллэгийг дахин дахин уншмаар бодогддог. Бидэрийн Баярсайхан бол Пүрэвжавын Баярсайхан хэмээх далай хөлгөн, сонгодог зохиолчийн унаган шавь нь, албат нь. Энэ том зохиолчийн олон томууд эдүгээ Баяраад нэвт шингэмэл, яруусал дүүрэн болсон санагдана. Пүрэвжавын Баярсайханы Идэр мөрөн мэт онгон тансаг, ариун сайхан туурвилуудын улбаа, гэрэлтээн Бидэрийн Баярсайханы бүтээлүүдээс мөн гялбан шижирших болсонд хэн эргэлзэнэ, хэн заргалдана. Гүйцэж боловсорсон тошлог асганы бутны ёроолд овоорон тунах лугаа адил Б.Баярсайханы бүтээлийн өмнө мэхийх оюун санаатны гэрэлтээн алтанхан хазаар өвсийн гогцоорол, амгайвчлал шиг үзэгдэхүйг   бид харж л байна бус уу. Гэрэл нь илүү тод тусаг ээ.
 
“Элэг цагаан хараацай өмнүүр, хойгуур ээрч, нарны алтан утсаар торго нэхнэ үү гэлтэй сүлжилдэнэ. Хүн төрөлтөнд гал авчирч, цаглашгүйн тус үйлдсэн шигээ хөрч бүүдийсэн сэтгэлд минь гал авчирахаар өмнүүр хойгуур ээрч хоргоон ниснэ үү. Амгалан талын аниргүй үдшээр ахтайгаа дөрөө гөлөм харшуулж ергүүлэлгүй хэчнээн ч удсан юм бэ, хараацай минь”. Ах үгүүллэг ийн өндөрлөдөг. Тийм ээ, сэтгэлдээ гал авчирахын , сэтгэлийн  галаа мөнх байлгахын тулд Б.Баярсайхан бичиж байна.  Тэр бол сонгодог монгол зохиолч. Тэр тусмаа сэтгэлийн галыг өрдсөн, шинэ, шинэ мөнхийн бүтээл туурвиж байгаа МОНГОЛЫН ТОМ зохиолч.         
       
                                       
Б.ЗОЛБАЯР