sonin.mn
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар Иргэний нисэхийн салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх бодлогын хүрээнд Тайландын хаант улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг аравдугаар сард байгуулсан. Санамж бичгийн дагуу хоёр улсын Иргэний нисэхийн салбарт харилцан ашигтай чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналтын мэдээлэл, туршлага солилцох, байцаагчдын ур чадвар, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах, хүний нөөцийн болон бусад сэдвээр харилцан дэвшүүлсэн асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтныг оролцуулан жил бүр уулзалт зохион байгуулах зэрэг олон ажил явагдана.
 
 
Мөн ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Тайландын хаант улсад ажиллах үеэрээ тус улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн удирдлага, хамт олонтой уулзаж, хоёр тал харилцан ашигтай нөхцлөөр хамтран ажиллах, салбарын хэмжээнд хамтарсан судалгаа шинжилгээ хийх, харилцан туршлага судлах зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр ярилцсан юм. 
 
1990 оноос хойш Тайландын хаант улсад нисэхийн нарийн мэргэжлээр манай улсаас 80 гаруй хүн суралцаж, Монголын Иргэний нисэхийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар нислэг хөдөлгөөний менежмент, агаарын навигацийн инженеринг, нисэхийн аюулгүй ажиллагааны удирдлага, агаарын хөлгийн засвар үйлчилгээний болон бүхээгийн ажилтан, нисдэг тэрэгний нисгэгч бэлтгэх зэрэгт хамтран ажиллах боломж нээгдэж, хамтын ажиллагаа илүү өргөжнө гэж харж байна.
 
Тайландын хаант улсад байрладаг Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төв Монгол улсын Иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт, хэтийн төлөвийг анхаарч, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, боломжит хэлбэрээр дэмжин туслахаа илэрхийлэв.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Тайландын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч Аэротай компанийн удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах шинэ боломжуудын талаар ярилцав. Уулзалтын үеэр агаарын навигацийн чиглэлээр сургалт зохион байгуулах, харилцан ашигтай нөхцөлөөр тоног төхөөрмжийн засвар үйлчилгээ хийх, мэргэжилтэн солилцож, туршлага судлах болон аюулгүй ажиллагааны удирдлагын чиглэлээр хийх хамтын ажлуудын талаар санал солилцож, талууд навигацийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тал дээр цаашид анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.