sonin.mn
Энэ сарын 29-нээс  Олон Улсын Атомын Энергийн Хяналтын Албаны мэргэжилтнүүдийн баг Японд таван хоногийн хугацаатай айлчлал хийлээ. “Уг байгууллага эцсийн үнэлгээний тайлангаа гаргахаас өмнө Фукушимагийн цацрагт бохирдсон усыг далай руу урсгах төсөлд сүүлчийн удаа аюулгүйн хяналт шалгалт явуулж байна. Айлчлалын хүрээнд 11 улс орноос ирсэн мэргэжилтнүүд Японы Засгийн газар, Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн төлөөлөлтэй уулзан, далай руу цутгах тоног төхөөрөмжид судалгаа хийхийн зэрэгцээ 6 дугаар сард тайлан гаргахаар төлөвлөж байна” гэж Японы мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
 
ОУАЭХА бол цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай улс орнуудын үүрэг хариуцлага, амлалтад хяналт тавьдаг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чухал байгууллага юм. ОУАЭХА-гийн Ерөнхий захирал Рафаэль Гросси саяхан Хятад улсад айлчлахдаа, цацрагт бохирдсон усыг далай руу нийлүүлэх ямарваа орны хийсэн үр дагаврыг манай байгууллага дааж авахгүй бөгөөд олон улсын аюулгүйн стандартыг зөрчсөн ямарваа үйл ажиллагааг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
 
Фукушимагийн цацрагт бохирдсон усыг далай руу урсгахыг дэлхий нийтээр хатуу эсэргүүцэж байгаа тул Японы Засгийн Газар ОУАЭХА-гийн үнэлгээ шалгалтыг ашиглан цацрагт бохирдсон усаа далай руу нийлүүлэхэд дэмжлэг хайх хэрэгтэй. БНСУ, Номхон далайн арлын орнууд зэрэг олон орны иргэдийн уриалсан адилаар, Японы тал таван  асуудлыг зайлшгүй тайлбарлаж, олон улсын хамтын нийгэмлэгт хариу өгөх шаардлагатай гэнэ.
 
Үүнд: 
 
Нэгдүгээрт, Фукушимагийн цөмийн бохирдолтой усыг далай руу урсгах нь шийдвэрлэх цорын ганц арга зам мөн үү? Хэрэг дээрээ Японы Засгийн газар цөмийн бохирдолтой усыг шийдвэрлэхэд устөрөгч ялгаруулах, газрын гүнд шингээх, газар дор булах, ууршуулах, далайд нийлүүлэх зэрэг таван зүйлийн төсөл дурьдсан байдаг. Далай руу урсгах нь бусад төсөлтэй харьцуулахад зардал хамгийн хямд арга бөгөөд Японд үүсгэх бохирдлын эрсдэл хамгийн бага гэж Японы Засгийн Газрын мэргэжилтний зөвлөл өмнө нь мэдэгдэж байв. Хувийн ашгаа хэмнэн, дэлхий нийтийг хохироох ийм үйлдэл нь туйлын амиа хичээсэн, хариуцлагагүй үйлдэл юм.
 
Хоёрт, Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн цөмийн бохирдолтой усны тоон өгөгдөл найдвартай үнэн зөв юм уу? 2011 онд Фукушимагийн цөмийн осол гарснаас хойш Токиогийн цахилгаан эрчим хүчний компани олон удаа тоо бүртгэлийг өөрчилсөн, ослыг нуун дарагдуулсан, түүнчлэн цацраг идэвх бодис их агуулсан бохир ус алдагдан далайд нийлсэн, цацраг идэвх бодисыг илрүүлэгч оновчгүй төхөөрөмж ашиглан очиж танилцсан хүмүүсийг төөрөгдүүлсэн нь удаа дараа илчлэгдэж байсан. 
 
Гуравт, цөмийн бохирдолтой усыг “цэвэршүүлэх төхөөрөмж” үр дүнтэй юу? Фукушимагийн цөмийн бохирдолтой усанд багаар тооцоход 60 гаруй зүйлийн цацраг идэвх бодис агуулж байгаа бөгөөд агуулга нь их учраас технологи ашиглан бүрмөсөн шүүн цэвэршүүлэхийн аргагүй гэдгийг олон судалгаа нотолжээ. “Фукушимагийн цөмийн бохирдолтой ус хэрэв аюулгүй бол, Японы тал юуны учир өөртөө үлдээн ашиглахгүй байна? Дотоодын хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлдээ юуны учраас ашиглахгүй байна? Юуны учир дотоодын нуур цөөрөмдөө урсган нийлүүлэхгүй байна” гэж олон нийт эргэлзэж байна.
 
Дөрөвт, цөмийн бохирдолтой усыг далай руу нийлүүлэхтэй холбоотойгоор далайн орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар Японы тал юуны учир шинжлэх ухааны үнэлгээг ганц ч удаа хийхгүй байна? Цөмийн бохир усыг далай руу урсгавал, 10 жилийн дараа холбогдох цацраг идэвхт бодис дэлхийн далайн орчинд өргөжин тарахыг олон улсын судалгаа гэрчилж байна.
 
Тавд, далай руу урсгах төлөвлөгөөний талаар Японы тал яагаад хөрш зэргэлдээ орнууд, Номхон далайн арлын орнууд зэрэг холбогдох талуудтай бүрэн гүйцэд зөвшилцөхгүй байсаар байна бэ?
 
“Бид заавал хяналт хийн, цөмийн бохирдлын бас нэгэн гамшиг үүсэхээс сэргийлэх хэрэгтэй” гэж Номхон далайн арлын орнуудын форумын нарийн бичгийн дарга Хэнри Пуна саяхан  мэдэгдээд, Японы тал цөмийн бохирдолтой усаа далай руу нийлүүлэх төлөвлөгөөгөө орхихыг хатуу шаарджээ. Япон улс эдүгээ  хувийн ашгаа л бодож, нийт хүн төрөлхтөний хамтын ашиг тусыг золиос болгож болзошгүй нь. Энэ үйлдэл нь хатуу эсэргүүцэлтэй тулгарах нь ч  гарцаагүй. Японы тал олон улсын үүрэг хариуцлагаа сайтар хэрэгжүүлэн, хөрш зэргэлдээ орнууд, олон улсын холбогдох байгууллагатай бүрэн зөвшилцөн, нийтлэг ойлголтод хүрэх нь зүйтэй. Үүнээс өмнө далай руу цацрагт бохирдсон усаа урсгах ажиллагаагаа хэрхэвч дур зоргоороо  эхлүүлж болохгүй.
 
 
Н.Уртнасан