sonin.mn

 

Монголын үе үеийн эрдэмтэд судалгааны ажил хийж, шинжлэх ухааныг хөгжүүлэхийн зэрэгцээ нийгмийг соён гэгээрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, эх орондоо шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж ирсэн түүхтэй.
 
 
ШУА нь түүхийнхээ бүхий л үед түмэн олныг соён гэгээрүүлэх, албан болон албан бус боловсролын хүрээнд идэвхтэй ажиллаж, эрдэмтдийнхээ оюун ухааныг түүнд чиглүүлж ирсэн баялаг өв уламжлалтай.
 
 
Шинжлэх ухааны боловсролын ач холбогдол ихээхэн өсч буй XXI зуунд шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд манай академичид түүчээлэн манлайлсаар байна.
 
 
Монгол Улсын ШУА нь 2011 оны аравдугаар сараас эхлэн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг олгох, эрдэм шинжилгээний бүтээл, гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээ олон нийтэд нээлттэй танилцуулах, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд залуу эрдэмтдийн оролцоог бүх талаар дэмжих зорилгоор иргэд болон шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа удирдах ажилтан, эрдмийн хамт олондоо өөрийнхөө бүтээлээс танилцуулах "Академичдын лекц" зохион байгуулахаар төлөвлөж, анхны лекцийг Уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн, академич.
 
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай эхлүүлэн уншиж толилуулсан билээ. Энэ удаагийн лекцийг ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, академич Р.Барсболд "Монгол орны үлэг гүрвэлүүд" сэдвээр маргааш буюу тавдугаар сарын 01-ний 15:00 цагт Монгол-Японы төвийн Их танхимд унших юм. Уг лекцийн хураангуйг уншигч танд толилуулж байна.
 
 
I-р хэсэг. Оршил. Ерөнхий мэдээ мэдээлэл.
 
1.Дэлхий дахинд үлэг гүрвэлийн аймаг триасын хожуу үеэс цэрдийн төгсгөл хүртэл (220 сая-65 сая жилийн өмнө) нийт 150-иад сая жилийн турш хөгжин, үүсч байжээ. Үлэг гүрвэлийн аймаг дэлхий дахинд бүх тивүүдээр тархан хөгжиж байсан байна.
 
 
Эдгээр гүрвэлүүдийн олдворыг өмнөд туйлын триасаас хүртэл олж байв. Монгол орны үлэг гүрвэлүүдийн олдворын байгаль дахь хадгалалт нь одоогийн байдпаар зөвхөн цэрдийн үе шатаар хязгаарлагдсан байна. Цэрдийн галав бол дэлхийн үлэг гүрвэлийн аймгийн түүхэн хөгжлийн сүүлчийн томоохон оргил үе шат юм.
 
 
2.Дэлхийд үлэг гүрвэлийн судалгааны үр дүнг тоогоор гаргаж, уг амьтны аймгийн шинжлэх ухаанд тогтоосон тоо төрлийн талаар тэргүүлэх зургаа улс орныг ийнхүү дараалуулав.
 
 
Үүнд: 1992 оны байдлаар АНУ, Монгол Улс, БНХАУ, Канад, Их Британи, Аргентин гэж байсныг одоогийн байдлаар эхний гуравын дарааллыг БНХАУ, АНУ, Монгол Улс гэж өөрчлөөд, сүүлийн гуравыг хэвээр нь үлдээж болмоор юм. Дэлхийд үлэг гүрвэлүүдийн ойролцоогоор 600\700 орчим, Монголд 60 орчим төрлийг тогтоожээ.
 
 
3.Манай нэрт үлэг гүрвэл одоогийн баатар тарбозавр анх судлагдан дэвшигдсэн үедээ (Малеев 1955) гурав, цаашид зургаа хүртэлх төрлийн (Tyrannosaurus, Tarbosaurus, Gorgosaurus, Deinodon, Albertosaurus, Maleevosaurus) нэрээр нийтлэлд хэрэглэгдэж, үүний зэрэгцээ БНХАУ-д тарбозаврд дөхүүлж үзсэн гурваас доошгүй төрлүүдийг хятадын газар нутгийн нэрээр нэрлэж, улмаар манай нэг төрлийн Tarbosaurus бүгд 10-aac доошгүй төрөл зүйл болж, ангилалд тусгагдаж байсан нь ангиллын асуудлын амаргүй талыг харуулж байна. 
 
 
4.Үлэг гүрвэлийн судалгааны түүхэнд XIX-p зууны америкийн нэрт эрдэмтэн Э.Д.Коп О.С.Марш нар хоорондоо өрсөлдөж, хээрийн хайгуулын үеэр шинэ төрөл зүйл нээснийгээ цахилгаан мэдээгээр уралдан зарлаж байсан жишээ түүхэнд үлдсэн бий. 
 
 
5. Монголын үлэг гүрвэлийн ангилал бусад улс орныхоос харьцангүй илүү үндэслэлтэй байж болох давуу талтай юм. Монгол орны үлэг гүрвэлүүдийн ангиллын тогтолцоонд зохих засварлалт тогтмол хийгдсээр ирэв.
 
 
II-р хэсэг. Үлэг гүрвэлүүдийн түүхэн хөгжил: гарал үүсэл, удам төрлийн холбоо, төгсгөл.
 
1. Үлэг гүрвэлийн гарал үүсэл, удам төрлийн холбоо. Үлэг гүрвэлүүдийг гарал үүслийн хувьд архозаврын (Archosauria, эртний гүрвэлүүд) томоохон анги бүлэгт нэгтгэж, бүрэлдэхүүнд нь үлэг гүрвэлүүдээс гадна эртний (триасын үеийн) архозаврууд, матар, шувуу, нисдэг гүрвэл ордог юм. Матар, шувуу зэрэг зөвхөн хоёр анги бүлэг өнөөг хүртэл хөгжсөөр ирж, бусад нь тухайн үе шатнаа хөгжлийнхөө эцэст хүрсэн байна. 
 
 
2. Эртний амьтан ургамлын мөхөж дуусах явдал. Шинжлэх ухаанд эртний аливаа амьтан ургамлын түүхэн хөгжлийг таслан зогсоосон шалтгааныг ихэнхдээ үнэмшил сайтайгаар тогтоож болоогүй байна.
 
 
Цэрдийн галавын сүүлчээр 65 сая жилийн тэртээ эх газар тэнгисийн амьтан ургамлын нэлээд олон анги бүлгийн хөгжил тасран төгссөний дунд, ялангуяа үлэг гүрвэлүүдийн эцэс нь шинжлэх ухаан, өргөн нийт олны дунд өргөнөөр хэлэлцэгдэж, үлэг гүрвэлийн хөгжлийн төгсгөлийг "их сөнөлт" гэж нэрлэсэн юм.
 
 
Гэхдээ тэр үнэхээр өргөн далайцтай үзэгдлийн бүхий л талын асуудалд зүй ёсны хариулт өгч чадахуйц үзэл онолыг өдгөө хүртэл боловсруулж босгоогүй байна.
 
 
З.Үлэг гүрвэлүүдийг аймгаар нь гүйцэд сөнөхөд хүргэсэн цөөнгүй шалтгаануудын хэлэлцэж болохуйц үндэслэлтэй хэсгий нь хоёр хувааж болно. Нэгд, үлэг гүрвэлүүд аажим алгуур бууралтаар төгсгөлд хүрсэн, хоёрт, тэд гэнэтийн сөнөлтөөр үгүй болов.
 
 
Сүүлчийн 30 гаруй жилд өргөнөөр хэлэлцэж ирсэн боловч, эцсийн шийдвэрт хүрээгүй гэнэтийн сөнөлтийн талаар товч өгүүлье. 1980-аад оны үед шинжлэх ухаанд нэгэн нээлт хийгдсэн учир, гэнэтийн сөнөлтийн тухай асуудал нэг тийш чиглэгдэх болов.
 
 
Үүнд: цэрдийн галавын төгсгөлийн хурдсаас цагаан алтны нэгэн төрөл бологч иридийн \lr\ ихээхэн агуулгыг анх удаа тогтоожээ. Цагаан алтны уг төрөл дэлхийн царцдас дотор маш бага, харин дэлхийд унасан солирын найрлагад зүйрлэшгүй өндөр агуулгатай байдаг байна.
 
 
Үүнийг түшиглээд, үлэг гүрвэлүүдийг сөнөөсөн гэнэтийн шалтгаан даруй шинэ үндэслэлтэйгээр босгогдон дэвшигджээ. 65 сая жилийн тэртээ цэрдийн галавын төгсгөлд манай дэлхийд томоохон солир (эсвэл, астероид-багавтар гариг) унасан учир, их дэлбэрэлтийн үр дүнд дэлхийн агаар мандалд тоос, усны уур хөөрөн дэгдэж, улмаар дэлхийн гадаргууг нарны туяанаас халхалахад хүрчээ.
 
 
Дэгдсэн тоос цагаан алтны төрөл бологч иридийн хамт дэлхийд тархаж, тунан хуралдаж, иридийн дэлхийн дундач багахан агуулгаас 10-30 дахин, зарим газраа, тухайлбал, Дани улсад 160 дахин илүү болсон байжээ. 
 
 
4. Цэрдийн үе шатны төгсгөлийн хил зааг хавьд дэлхийн эх газар-тэнгисийн зарим амьтан ургамлын, юуны түрүүнд, үлэг гүрвэлүүдийн "их сөнөлтийн" тохиосон шалтгааныг иридийн гаж буруу агууламжийг үндэслэж тайлбарлахыг Нобелийн шагналт физикч Л.Алварец тэргүүтэй судлаачдын баг анх дэвшүүлэв.
 
 
5. Мексик улсын Юкатан хойгийн нутаг дэвсгэр дээр Чиксулуб (Chicxulub) гэж нэрлэгдсэн томоохон тогоо бий. Түүнийг цэрдийн сүүлчээр унасан солирын тогоо гэж үздэг юм.
 
 
Унасан солирын голч 10 км орчим, дэлбэрэлтийн эрчим хүч нь 100 их наяд тэсрэх бодисынхтой (тринит-ротолуол) тэнцэж, дэлхийд хэзээ нэг цагт туршилтаар дэлбэлж байсан хамгийн хүчтэй цөмийн бөмбөгнөөс хоёр сая дахин илүү хүчтэй байсан гэж тооцоолсон байна. Агаарт тархсан тоос тортог дэлхийн гадаргууд хүрвэл зохих нарны туяаны 10-20 хувийг халхлан бууруулж байсан байна. 
 
 
6. Иридийн гаж буруу агууламжийг үндэслэж, солирын уналт, эсвэл галт уулын эрч хүчтэй дэлбэрэлттэй тус тус хобогдуулж, үлэг гүрвэлийн сөнөлтийг аль нэгэн шалтгаанаар тайлбарлах үндэслэл дутагдалтай, цөөнгүй чухал асуудлыг алгасуулж, зүй ёсны хариулт өгч болоогүй гэж үздэг юм. 
 
 
7. Хүйтэн дайны үед дэлхийн амьдрах орчныг цөмийн дайнаар сөнөөх магадлал өндөр байсан үед, үлэг гүрвэлүүдийн “их сөнөлтийг" яруу тод жишээг болгож, цөмийн зэвсэгт дайн үүсэхэд хүрвэл, дэлхий дахинд юү болохыг "цөмийн шөнө", "цөмийн өвөл" гэсэн нэр томъёо хэрэглэн тайлбарлаж байлаа.
 
 
III-р хэсэг. Монгол орны үлэг гүрвэлүүдийн судалгааны үр дүнгээс сонгож авсан жишгүүд.
 
1.Үлэг гүрвэлийн биологи, зан үйл. Монгол орны үлэг гүрвэлүүдийн судалгааны шинжлэх ухаан-танин мэдэхүйн ач холбогдлыг сонгосон хэдэн ховор жишгээр харуулах бүрэн бололцоо байна. Уг ач холбогдлыг "үлэг гүрвэлийн биологи" гэсэн үүднээс авч үзэх нь танин мэдэхүйн хувьд илүү чухал юм.
 
 
Аль ч амьтны биологи бол тухайн амьтан байгаль дахь амьд организмын хувьд хүрээлсэн орчиндоо хэрхэн яаж оршиж, ямар холбоо харилцаатай, нөөц бололцоог нь яаж ашиглаж байгаа, харин эртний шим ертөнцийн хувьд, байсныг шинжлэх ухаан ёсоор тодорхойлон мэдэх гэсэн асуудал болно.
 
 
Амьтны биологид хамаарагдах шинжүүдийн ихэнх нь, тухайлбал, амин ажиллагааны шинж чанар, амьтны суурь шинж болсон зан үйл зэрэг нь ямар ч биегүй учир хадгалагдах ч ёсгүй.
 
 
Амьтны зан үйл бол амьд юмсын гарцаагүй суурь шинж болохыг 1973 онд австрийн нэрт эрдэмтэн К.Лоренц, германы Н.Фриш, норвегийн К.Тинберген нарт амьтны зан үйлийн судалгаанд онолын их үр дүнд хүрсэн тул, шинжлэх ухааны түүхэнд анх удаагаа Нобелийн шагнал хүртүүлсэн нь батлаж байна.
 
 
Биологи. зан үйлийг илтгэсэн Монгол орны үлэг гүрвэлүүдийн жишгүүд. (чулуужиж хадгалагдсан олдворуудын үндсэн дээр)
 
1.Монголын хожуу цэрдийн үлэг гүрвэлүүдийн цогц нэгдлийг тод төлөөлсөн гурван төрөл - тарбозавр, зауролоф, галлимимус зэрэг нь Умард Америкийн ижил төрлүүдтэй ойр дөт удам төрлийн холбоо харилцаатай байсныг илтгэж, Төв Ази-Умард Америк тив хооронд амьтан ургамлын солилцоо "Берингийн эх газрын гүүрээр" эрчимтэй явагдаж байсан байна. 
 
 
2. Монголын түрүү цэрдийн монголын пситтакозавр үлэг гүрвэл анх манайд олдож, БНХАУ Сибирь зэргийн бүс нутгаар тархаж, БНХАУ-ын зүүн хойд хэсэг дэх Ляонин мужийн амьтан ургамлын нэлээд хожуу тогтоогдсон цогц нэгдлийг (Jehol Byota) анх төлөөлөн харуулсан юм. 
 
 
3. Олон улсын хүрээнд Монголын хамгийн алдартай үлэг гүрвэл эндрюсийн протоцератопс, дэлхийд анх олдсон хамгийн бяцхан зулзагын хамт үлэг гүрвэлийн үржлийн үе шатыг анх тусгаж, Монголд олдсон чулуужсан өндгийг үлэг гүрвэлд хөдлөшгүй хамааруулах баталгаа болов. Тэр үед үлэг гүрвэлийн үржлийн асуудал шинжлэх ухаанд огт учир битүүлэг байв.
 
 
4.Ноцолдож байсан протоцератопс, велоцираптор хоёр үлэг гүрвэлийн хэлхээ яс дэлхийд анх олдож, эрт дээр үеэс байгальд тогтносон "идэш бологч", "идэш хэрэглэгч" үлэг гүрвэлүүдийн байгаль дахь тогтолцоог анх яруу тодоор илтгэв.
 
 
5.Протоцератопс үлэг гүрвэлийн бяцхан зулзаганууд нэг дор олноороо хурч бөөгнөрсөн байдлаар анх олдсон нь уг төрлийн үлэг гүрвэл дор хаяад зулзаган үе шатнаа сүргээрээ оршиж байсныг анх магадлан тодорхойлох үндэс бий болов. Сүргээрээ орших нь ялангуяа өвсөн идэштний зан үйлийн нэгэн яруу тод илэрхийлэл юм. 
 
 
6. Монголын алдартай махан идэшт велоцираптор-түргэн догшин махан идэшт", кино, ТВ-ийн олон улсын "од" ноцолдож байсан хоёр үлэг гүрвэлийн нэг, дээрх тогтолцооны "идэш хэрэгпэгчийн" үүргээ төдий амжилттайгаар гүйцэтгэж чадсангүй. 
 
 
7. Үүр доторх өндгөө дарж сууж байсан махан идэшт үлэг гүрвэлийн олдвор олон улсын төвшинд ихээхэн сонирхол төрүүлж, хожуу цэрдийн зарим үлэг гүрвэлийн анги бүлгүүд нь физиологийн үүднээс орчин үеийн шувууны төвшинд үржлийнхээ үеийн зан үйлийг илтгэж байсан бололтой. Гэсэн ч, асуудал тийм ч амархан шийдвэрлэлттэй биш байж болно. 
 
 
8. Овирапторид овгийн Nomingia төрлийн махан идэшт шүдгүй үлэг гүрвэлийн сүүлийн нугалам үеүд нь тооны хувьд их цөөрч, сүүл нь газар хүрэхгүйгээр ер бусаар богиносч, шувтарсан үзүүрийн хэдэн үе нь хоорондоо нийлж, урьд нь зөвхөн шувууд байдаг, иймээс зөвхөн шувууг бусад амьтадаас баттай ялгах ганц нэг гол шинж гэж үзэж байсан үндэс суурийг шинжлэх ухаанд анх удаагаа бүрмөсөн татан буулгав. 
 
 
9. Дээр дурдсан Нобелийн шагналт К.Лоренцийн бодлоор, өнөөгийн сээр нуруут олон төрлийн амьтадын зулзагын хоншоор нь мэдэгдэхүйц богиносч, толгой нь бөөрөнхийдүү хэлбэртэй байдаг нь санамсаргүй явдап биш.
 
 
 
Үүнээс болж, зулзагын дүр төрх эх эцэгт нь улам хөөрхөн харагдаж, уйлуулах, энхрийлэх сэтгэл үүсгэдэг гэж профессор К.Лоренц уг нь хүнд хэрэглэгддэг томъёололоор илэрхийлсэн юм.
 
 
Монголын прото-цератопс, тарбозавр, нугас хошуут үлэг гүрвэлүүдийн зулзага, нас бие гүйцэгчдийн толгойн яс, хоншоорын харьцаа нь төрөл тус бүрдээр ихээхэн өөр байгаа нь яруу тодоор илэрхийлэгдэж, Нобелийн шагналтны санаа батлагдаж байгааг үлэг гүрвэлийн нэг бус жишгээр анх тогтоож харуулах боломж нээгдэв. 
 
 
10. Эртний амьтны зөөлөн бие байгаль дээр гүйцэд задарч, ор мөргүй алга болж, хадгалалтанд орох боломжгүй юм. Гэсэн ч, хадгалалтын тохиромжтой нөхцөлд зөөлөн биеийн ор мөр, хэлбэр хэмжээг ганьж мэдэх нь аз таарсан тун ховор явдал юм.
 
 
ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, академич Р.Барсболд