sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNBC/. Азид үйлдвэрлэсэн авто машины татварыг 50 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж буй Мексик улсын эсрэг хариу арга хэмжээ авна гэж Хятадын Худалдааны яам анхааруулжээ. 


“Мексикийн тал асуудалд маш нухацтай хандаж, шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгаан бодно гэдэгт найдаж байна” гэж тус яам пүрэв гаргийн орой мэдэгдсэн байна. “Хятад, Мексик хоёр бол харилцан бие биедээ чухал худалдааны түншүүд юм. Үүссэн нөхцөл байдал нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд бүү нөлөөлөөсэй” гэж мэдэгдэлд дурджээ.


Мексикийн Эдийн засгийн сайд Марсело Эбрард лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, тус улс Ази, тэр дундаа Хятадаас нийлүүлэх тээврийн хэрэгслүүдэд одоогоор 20 хувийн татвар ногдуулж буйг 50 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэжээ. Татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг Конгресс батлах бөгөөд үүнээс 30 хоногийн дараагаас үйлчилж эхэлнэ гэдгийг сайд хэллээ.


“Манай улс хууль ёсны эрх, ашиг сонирхлоо тууштай хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авна” гэж Хятадын талын мэдэгдэлд дурджээ. АНУ-тай худалдааны зөрчилдөөн үргэлжилж буй энэ үед Хятадын тал хариу арга хэмжээ болгон авто машин болон бусад дэвшилтэт технологи үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын экспортыг хязгаарласан юм. Эдгээр ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд Хятадын компаниуд ноёрхох болсон билээ.


АНУ-ын өмнөд хилтэй залгаа оршдог Мексик нь татваргүй худалдаа хийх АНУ-Мексик-Канадын хэлэлцээрээс ихээхэн ашиг хүртдэг. Гэтэл 2020 онд хүчин төгөлдөр болсон уг хэлэлцээр нь өмнөх баримт бичиг болох Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт зааснаас хамаагүй олон тооны тээврийн хэрэгслийг бүс нутагт үйлдвэрлэхийг шаардаж байгаа юм.


Мексикийн авто машины үйлдвэрлэл бол хамгийн олон ажлын байр бий болгодог салбар юм. 2022 оны зургаадугаар сараас 2024 оны долоодугаар сарын хооронд Хятадын 20 гаруй авто машин, авто сэлбэг үйлдвэрлэгч компани Мексикт 7 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан гэж “Coalition for a Prosperous America” судалгааны групп мэдээлжээ. Одоогоор тэдгээрээс хэдэн төсөл хэрэгжиж дууссан нь тодорхойгүй байгаа бөгөөд Хятадын BYD компани Мексикт үйлдвэрээ бариагүй байгаа юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг