
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутайд тооцож, 27 жил 3 сар хорих ял оноожээ.
Таван шүүгчээс гурав нь 70 настай Ж.Болсонаруг зэвсэглэсэн гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон, ардчиллыг хүч хэрэглэн унагаахыг завдсан, төрийн эргэлт зохион байгуулсан, төрийн өмч болон соёлын үнэт зүйлсэд хохирол учруулсан гэсэн таван гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ. Нэг шүүгч түүнийг цагаатгасан бол нэг шүүгч санал өгөөгүй байна.
Болсонаруг дэмжигчид 2023 оны нэгдүгээр сарын 8-нд Луис Инасиу Лула да Силва ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсны дараахан нийслэл Бразилиа хотод байрлах Конгресс, Дээд шүүх, ерөнхийлөгчийн ордон руу дайрчээ. Прокурорын мэдэгдсэнээр, Болсонару “Ногоон, шар хутга” нэртэй төрийн эргэлт хийх нууц төлөвлөгөө боловсруулахад оролцсон байна. Уг төлөвлөгөөнд Лулаг хордуулж, дэд ерөнхийлөгч Жералду Алкмин, Дээд шүүхийн шүүгч Александре ди Мораес нарыг хөнөөхөөр тооцсон байжээ. Харин Болсонару өөрт нь тулгасан бүх хэргийг няцааж, төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсныг огт мэдээгүй гэж мэдэгдсэн байна.
Долоодугаар сард Болсонаругийн хөлөнд электрон бугуйвч зүүж, нийгмийн сүлжээг ашиглахыг хориглосон байна. Тэрбээр интернэтээр дэмжигчдэдээ үг хэлсэн тул наймдугаар сарын эхээр түүнийг Бразилиа дахь гэрт нь гэрийн хорионд оруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Трампийн найз Болсонааруул ! Флоридад байдаг Трампийн эдлэнд байнга зочилдог хүн ! Мeланид үнэтэй бэлэг өгч байсан !