sonin.mn


Нэг үеийг бодоход уртын дуучид нэлээдгүй олширсон. Гэхдээ уртын дуугаа дуулж, энэ сайхан өвийг хамгаалахын төлөө нэгэн үзүүрт сэтгэл өвөрлөн энэ агуу урлагийг хүүхэд, залууст өвлөн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа МУСТА, уртын дуучин Л.Идэрбаттай уулзаж ярилцлаа.

 

-Юуны өмнө танд cap шинийн мэнд дэвшүүлье.

-Баярлалаа. "Дорнод" сонины уншигчдадаа ч cap шинийн мэнд дэвшүүлье.

-Баярлалаа. Анх урлагт, тэр дундаа уртын дуу хэмээх энэ агуу урлагт хэрхэн хөл тавьсан талаар тань яриагаа эхэлье?

-Анх 4 дүгээр ангид байхдаа "Шалзад баахан шарга" монгол ардын уртын дууг дуулж сурч байлаа. Тэгээд 4, 5 дүгээр ангидаа аймгийн урлагийн үзлэгт шалгарч, улсад өсвөрийн уртын дууны уралдаанд оролцож нэгдүгээр байр эзэлсэн. Тэгээд түүндээ урамшин нутагтаа ирээд Ардын жүжигчин Чимэдцэеэ гуайд шавь орж энэ агуу урлагт анх хөл тавьсан даа.

-Тэгэхээр тэр үед Чимэдцэеэ гуай Сүхбаатарт байсан үе үү?

-Тийм. Тэр үед багш маань Сүхбаатар аймгийн театрт дуучин, гавьяат болж байсан үе л дээ.

-Тэр сайхан хүнээр уртын дууны А үсгийг заалгаж ээ дээ?

-Тийм шүү. Одоо ч багштайгаа холбоотой. Дуулаачийн талын ганц багш маань.

-Багаасаа уртын дуу дуулсан хэр нь яагаад дуулаачийн биш, хөгжмийн багшийн ангид сурсан юм бэ?

-Намайг шалгалт өгөх үед элсэлтийн шалгалт их чанга байлаа. Дуулаачийн ангид ид хошуурч байсан үе. 500, 600 хүүхдээс уртын дууны ангид 5-6 хүүхэд л тэнцэнэ шүү дээ. Хөдөөнөөс ямар ч бэлтгэлгүй очсон хүн чинь мэргэжил дээрээ тэнцсэн ч бүжиглэх, жүжиглэх, шүлэг унших гээд ур чадвар дээрээ тэнцээгүй. Тэгээд Соёлын дээдэд шалгалт өгөөд тэнцээд орчихсон хэрэг. Соёлын дээдэд сурч байхдаа дуурийн дуулаач мэргэжлээр давхар суралцсан.

-Хөгжмийн багшаар сурсан ч уртын дуугаа орхиогүй бололтой. Таны удамд уртын дуу дуулдаг хүн бий юу?

-Аавын талынхан сайхан дуулдаг хүмүүс байдаг. Манай өвөө уртын дууг сайхан дуулдаг, морь сайхан уядаг, бөх барилдаг нутагтаа уртын дуугаараа цуутай хүн байсан. "Түмний эх"-ийг их сайхан дуулдаг байсан юм билээ.

-Ингэхэд Идрээ багш аль нутгийн хүн бэ?

-Сүхбаатар аймагт төрсөн. Аравдугаар ангиа төгсөөд Сүхбааатар аймгийн театрт дуучнаар орж байлаа. 2003 онд Дорнодод ирж ажлын гараагаа эхэлсэн. Сурч байхдаа Цэргийн ансамбльд дуучин байсан. Тэгээд сургуулиа төгсөөд Цэргийн ансамбльдаа ажиллаж байгаад амралтаараа ирээд тэр чигээрээ энд үлдсэн дээ.

-Юу чангаав?

-Манай эхнэр Дорнодынх л доо. Тэгээд л тэр.

-Тэгээд 12 дугаар сургуульд уртын дууны багшаар орсон уу?

-8 дугаар сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллах болсон. 2005 онд 12 дугаар сургуульд орсон. Уртын дуу, морин хуурын үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлж байсан үе. Тэгээд орон нутагт сургагч багш нар бэлтгэгдсэн. Тэр сургалтад явж ирээд уртын дууны анги нээе гэдэг санаа төрсөн. Тэгээд 2005 онд удирдлага, бусад хүмүүсийн дэмжпэгээр уртын дууны ангиа нээж байлаа. 10 хүүхэдтэй анх хичээллүүлж эхэлсэн. Түүнээс хойш олон хүүхэд энэ ангийг төгссөн. Зарим нь ч одоог хүртэл энэ мэргэжлээрээ дээд сургуульд сурч байна. Шавь нараас минь амжилт гаргасан хүүхэд олон.

-Шавийн эрдэм багшаас гэдэг. Багшийнхаа амжилтыг дагадаг байж мэдэх юм шүү. Хамгийн сүүлд ямар уралдаанд ородцов?

-Хүн аливаа зүйлд өөрийгөө сорьж, тэмүүлж байж хөгждөг гэж боддог. Хамгийн сүүлд өнгөрсөн жил болсон Монгол үндэсний монгол дууны их наадамд оролцсон. Шагналт байранд орж кино концерт хийлгэх эрх авсан.

-Төвийн телевизээр өөрийн тань кино концерт явах болсон нь тийм учиртай байж?

-Кино концертоо хийлгэсэн. Төвийн телевизүүдээр нэлээд цацагдсан. Одоо цагаан сарын өдрүүдэд орон нутгийн телевиз, Үндэсний телевиз, NTV-ээр цацагдана. Cap шинээр Дорнодын ард түмэндээ барьж байгаа бэлэг минь юм даа.

-Уртын дууны цомог гарсан. Хэр өндөр өртгөөр бүтэв?

-Кино концерт хийлгэхэд 9 сая төгрөг болж байна гэж байсан. Улаанбаатарт зураг авалтаа хийлгэсэн. Хөрөнгө санхүү нь хүрвэл аймагтаа зураг авалтаа хийлгэе гэж бодож байсан. Анхны "Эр бор харцага" cd-гээ өөрөө л гаргасан.

-Дараагийн уран бүтээл?

-Чойбалсан хот, Нар тоссон нутаг, Төрийн их хүн Тогтохтөр гээд Дорнод нутгийн тухай олон сайхан дуу дуулжээ. Тэр дуунуудаараа cd хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Цагаан сарын өмнө амжиж Адъяасүрэнгийн хөгжим "Уяач" гэдэг дуундаа клип хийлгэнэ.

-Уртын дууч хэр нь зохиолын дуу дуулдаг дуучид олон байдаг. Өөрийн тань хувьд уртын дуугаа илүү дуулах дуртай шиг санагддаг?

-Уртын дуу миний амьдралын утга учир гэж хэлж болно. Энэ агуу урлагаас сурсан жаахан ч гэсэн юмаа хойч үедээ түгээн дэлгэрүүлье гэж бодож явна. Жил бүр хөдөө сумдын ардын авьяастнуудын дунд уртын дуу, морин хуурын сургалт явуулж байна.

-Уртын дуу, морин хуурыг түгээн дэлгэрүүлэх тал дээр аймгийн зүгээс хэр дэмжлэг үзүүлдэг вэ?

-Аймгийн удирдлагууд дэмждэг. Бид хамтраад Дорнод аймгийн уртын дуу, морин хуурын зөвлөлийг 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөл маань нэлээдгүй олон ажлыг зохион байгууллаа. Үйл ажиллагааг нь би хариуцаж явуулдаг. Зүүн бүсийн уртын дуучдын уралдаан, аймгийн ардын, уртын дуу, морин хуурын уралдаан гээд олон ажлыг зохион байгуулсан. Морин хуур, уртын дуу хэмээх энэ агуу урлагийг өвлүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, авьяастнуудыг нээн илрүүлэхийг гол зорилгоо болгож байна. Аймгийнхаа 80 жилийн ойн баяр наадмын нээлтэнд 80 уртын дууч 80 морин хуурч гаргасан. 80 уртын дуучид манай сургуулийг төгссөн, 2006 оноос хойшхи төгсөлтийнхнөөс бүрдсэн гэхэд болно. Дашрамд хэлэхэд сургалтандаа идэвхитэй оролцсон ардын урлагийг өвлөж, шамдаж яваа залуусдаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу.

-Цаашдын бодож зорьж байгаа зүйл юу байна?

-Саяхан Завханчууд 1000 морин хуурч тоглуулж нэг хэсэг шуугиуллаа. Тэрэн шиг 5, 10 жилийн дараа Дорнод аймгийн 1000 уртын дууч төрийн их баяр наадмаа нээхийг үгүйсгэхгүй. Түүний төлөө зүтгэж явна. Зүүн аймгийн уртын дууны аялгууны онцлог гэсэн сэдвээр судалгааны ажил эхлүүлсэн.

-Уран бүтээлч хүний хувьд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ ?

-"Учиртай гурван толгой " дуулалт дуурийн Юндэнгийн дүрд тоглож байсан. Гэхдээ бүтэн тоглоогүй. Энэ дуурьд бүтэн тоглохыг хүсдэг. Гэхдээ удахгүй биелэх байх. Ер нь энэ дууры их дуртай. Улаанбаатар орохдоо заавал үзэхийг боддог. Монгол ахуйг харуулсан их сайхан дуурь.

-Уртын дууны ангид орьё гэсэн сонирхолтой хүүхдүүд хэр байдаг вэ?

-Зөндөө байна. Шалгуур нь их өндөр л дөө.

-Яг ямар шалгуур байхав?

-Манай багш, ахмад дуучдын ярьсан , ном зохиол дээр бичсэн зүйлээс нэлээн судалсан. Яг уртын дуучин хүнийг харахад гаднаасаа мэдэгддэг гэж байгаа юм

-Морийг шинждэг шиг л юм болох уу?

-Нэг ёсондоо тэгнэ гэсэн үг. Жишээ нь уртын дуучин хүний хамрын угалз, ам, чихний омог том байна. Амыг ангайлгаад үзэхэд шүд маш сайхан, тагнай их гүнзгий, өөрийн байж байгаа төрх нь төв, намбалаг гээд. Дуулахад хоолой маш сайхан байхын сацуу мэдрэмж бас шаардана.

-Уртын дуучид намбалаг, төв байдаг гэлээ. Түүнийгээ дагаад зан араншин зөөлөн болдог гэдэгтэй санал нийлэх үү?

-Санал нэг байна.

-Таны хувьд?

-Тайван талдаа.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манай гэр бүлийн хүнийг Пүрэвсүрэн гэдэг. Хан-Уул сургуульд математикийн багш. Манайх нэг хүү, 3 охинтой.

-Хүүхдүүддээ энэ сайхан урлагийг өвлүүлэх санаа бий юу?

-Сүүлийн үед бодогдоод байх болсон. Дунд, бага охин хоёрынхоо аль нэгийг өвлөх болов уу гэж найдаж байгаа.

-Охидод чинь намба төрх ажиглагдах юм уу?

-Одоо жаахан учир мэдэгдэхгүй дээрээ байгаа. Урлаг хатуудаа хатуу. Хүний залуу сайхан өнгөтэй өөдтэй, эрчтэй үед салхи шиг шуураад өнгөрдөг. Эмэгтэй хүний хувьд эрсдэлтэй мэргэжил.

-Таны бодлоор ямар хүн уртын дуучин болж чаддаггүй вэ?

-Надад өөрийн дүгнэлт байдаг юм. Ерөөсөө айлын эрх хүүхдүүд авьяастай байсан ч уртын дуу дуулж чадахгүй юм билээ.


-Шантрамтгай. Дээрээс нь нарийн мэдрэмж нь эрхэндээ балайраад байхгүй болчихдог юм шиг ээ. Ер нь манай уртын дуучин сайн сайн хүүхдүүд ихэвчлэн хөдөөний борог хүүхдүүд байдаг ш дээ. Мэргэжлээрээ явж байгаа хүүхдүүд ч тэр. Ер нь тэвчээр их шаардана. Гаам уншина цагаан лонх тоолон зориг, зүрх, зүтгэл авьяастай вэ?

-"Эр бор харцага" дууг аялах дуртай 6 дугаар ангид байхдаа багшаараа заалгаж байлаа. Миний багш ерөөсөө ясны төрмөл авьяастай дуучин. Дуучин хүнд байх ёстой бүх чанар байдаг. Хамгийн гол нь маш хөдөлмөрч хүн.

-Залуу гэр бүлийн хувьд цагаан сарыг яаж тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Дээр үеэс өвлөж ирсэн ёс заншлаараа тэмдэглэнэ. Өглөө эрт нар харна, цай сүүнийхээ дээжийг өргөнө. Ахмад настандаа хүндлэл үзүүлнэ.

-Цагаан сараар айлд ороход дуулуулна биз?

-Дуулуулнаа дуулуулна.

-Ер нь ямар нэгэн арга хэмжээнд дуулаач гэдэг урилга хэр ирэх вэ? Нэг дууг хэдээр дуулдаг вэ?

-Тодорхой хэмжээнд авьяасаа үнэлүүлэлгүй яахав. Уртын дууны үнэлэмж өндөр байх ёстой.

-Сайхан сайхан дээл өмссөн харагддаг. Хэр үнэтэй хийдэг бол?

-Урлагийн хүний тэр дундаа уртын дуучин хүний хувцас хэрэглэл сайхан байх ёстой. Зөвхөн дээл гэхэд 500-600 мянгад багтдаг. Монгол дээлээрээ гоёх дуртай.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Дорнод нутагт энэ урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа танд баярлалаа.

-Миний уран бүтээлийг дэмжиж тусалдаг маш олон хүн байдаг. Тэдэндээ болон миний уран бүтээлийг хүлээж авдаг ард олондоо талархаж явдаг шүү. Та бүхэндээ баясгалант хэмээх усан Луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзий бэлгэдлийг ерөөе.

Б.Туяамаа
Эх сурвалж: "Дорнод" сонин