sonin.mn

Цан хүүрэг савсаж, цасан ширхэг намуухан бударсан дүн өвлийг миний сэтгэл битүүхэндээ хүсэмжилнэ. Бодрол төсөөллийн тэрхүү тунамал мананд түр амсхийвээс... Энгэр заам руу хүйтэн жавар цоргиж, хацар нүүрийг цасан шамарга алгадна. Унаж яваа агсал борын хазаарын амгайд мөс тогтож, омруунаас нь өтгөн цагаан нуур бургина. Хүлэг морь минь Маралын алхаа мэт цовоо цолгиунаар цомбон туурайгаа цавчилж, хааяа хааяахан тургилна. Тэрхүү
 хунгар цас дөрвөн зүг найман зовхист цацагдаж, хөлдүү газрын хөрс хөг аялгуу шиг бөмбөрдөнө.

Цасан нөмөргөд хучигдсан энгэр бэлийг мөрөн голын тунгалаг мөсөн бүрхүүл эмжин гялталзана. Цаахантаа нь хурц оройтой өндөр сарьдагууд, түнэр ойтой сүрлэг хайрхадтай м ө р ө ө түшилцэх мэт сүндэрлэнэ. Эрдэнэт хүлгийнхээ зооноос эх нутгаа тольдон харахуйд эр бор харцагыг шуранхайлмаар, эр хүний ид хавыг бадруулан чавхадмаар бодогдож, сэтгэл огшино. Ийнхүү бодролын өтгөн мананд түр амсхийгээд сэхээрэхэд оюун санаа сэргэж, сэтгэлийн гуниг хумхын тоосгүй цэлмэсэн байх.

Өмнө минь харин өргөн цагаан тал мэт электрон хуудас цэлийж, арван хурууны өндгөн доор удирдлагын товчлуур хөрст дэлхийн дов сондуул мэт тэмтрэгдэх. Оюун санаанд буусан гэгээхэн зураглалыг би тэр л товчлуураар дүрсэлж орхижээ. Тиймээ, Монгол эрийн сэтгэлд эх нутаг, эрэмгий хурдан ажнай нь байсан цагт салхинд гүйцэгдэхгүй хийморьлог оршихуйн учир энэ ажгуу.

Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж: "Ган зам"