sonin.mn

МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Уран зургийн багш, Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн дэд дарга, зураач Сүхбаярын Батцоожын “ХҮЛЭГ МИНУ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2012.10.22-нд Монголын уран зургийн галерейд нээгдлээ.


Үзэсгэлэнд С.Батцоожын 40 гаруй уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд хадны сүг зураг дахь морь дүрсэлгээ, хүрэлийн үеийн морь дүрсэлгээ зэрэг уламжлалт хэв маягийг монгол үндэсний хээ угалзны загвартай уялдуулан өөрийн гэсэн шинэлэг өнгө төрх бүхий морь дүрсэлгээнүүдийг гаргаж илэрхийлсэнээрээ тус үзэсгэлэнгийн онцлог оршиж байна.


Мөн эдгээр бүтээлүүд нь Монголын тал нутаг дахь сахины эрч хүчийг мэдрүүлсэн эргэлдэж мушгирсан, хурд хүчтэй морьдийн эрчимт энерги буюу гэрлэн бүрхүүлийг морьд тус бүр дээр харилцан адилгүй өөр өөр өнгө, гэрэлээр илэрхийлсэн нь тус бүрдээ утга санааг агуулахаас гадна Монгол хүн бүр морин дэл дээр салхи сөрөн давхихад тэр их эрч хүчийг авахын зэрэгцээ хүлэг сайн морьдынхоо эрч хүч энергээс хуваалцаж тэр чинээгээрээ хүчирхэгжиж байдаг гэсэн санааг агуулсан юм.


Уран бүтээлүүдийн өнгө нь хурц тод, хансан өнгөнд хийгдсэн нь амьдрал дээр хатуу зөөлөн, сайн муу зэрэг эрс тэс зүйлсүүд мөнхөд оршин байдгийг уран зургийн эрс тэс, хүйтэн дулаан өнгүүдээр төлөөлүүлэн авч эсрэгцүүлэн зохицуулж хийсэн, далд утга санаатай бүтээлүүд болсон нь онцлог юм.
Зураач С.Батцоожын “ХҮЛЭГ МИНУ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд 2012.10.22-29 хооронд 7 хоног үргэлжилэх юм.
Урлаг сонирхогчид болон уран бүтээлчид та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.