sonin.mn

Хүүхдийн тоглоом тэдний хүсэл мөрөөдлийн толь хэмээн ярьдаг. Хүүхэд хүсэл мөрөөдлөө хэнээр ч заалгахгүйгээр тоглоом, зураг, бүтээлдээ илэрхийлдэг хэмээн энгийн эцэг,  эхчүүдээс эхлээд гэр бүл, хүүхдийн сэтгэл судлаач хүртэл тогтоосон байдаг. Цэцэрлэгийн бяцхан багачууд баримлын шавраар нов ногоон зүлэг, байшингаа тойроод тоглоомын талбай, гудамжаар эгнүүлэн тарьсан мод ургамал, замын гарц тэмдэглэгээг хүртэл урлан, чухам өөрсдийгөө барилгачин, эсвэл хотын архитектурч болсон мэтээр зогсолтгүй туурвисаар сууна.

 

“Гэрийнхээ гадаа тогломоор л байдаг”, “Хүүхдэд зориулсан төрөлжсөн номын сан байвал ч...”, “Гадуур дураараа гүймээр л байна. Даанч дандаа машинууд” хэмээн гунигтайхан харах бяцхан жаалууд томчуудад санаагаа ойлгуулах гэж хичээсээр суугаа нь харагдсан. “Хүүхэд бид гэртээ, эцэг эхийнхээ өвөрт нялхраад л хэвтэж байдаг зүгээр нэг танхил амьтан биш. Хэдий ээж, ааваас төрсөн ч эцэг,  эхийнхээ өмч ч биш.

 

Бид өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, санаа бодолтой нийгэмших гэж ядаж яваа тусдаа бие махбодь” хэмээн бяцхан жаалууд өөрсдийгөө дүгнэнэ. Өчигдөр хүүхдүүд дуу хоолойгоо томчуудад хүргэн,  өөрсдөд нь  юу хэрэгтэй байгааг таниулах өдөрлөг боллоо. Монгол улсын Засгийн газраас “Зөв хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдээ сонсоё” аяныг өрнүүлж байгаа билээ. Улмаар өчигдөр Монголын хүүхдийн ордонд уг ажиллагааны нээлт болсон юм.


Энэ сарын 5-15-ныг хүртэл зохион байгуулах хөтөлбөрийг “Хүүхэд хүүхдээ сонсоё”, “Сургууль хүүхдээ сонсоё”, “Гэр бүл хүүхдээ сонсоё”, “Засгийн газар хүүхдээ сонсоё” гэсэн чиглэлээр зохион байгуулж бай­на.  Нээлтийн эхэнд Хүүхдийн тө­лөө үндэсний газрын дарга И.Нарантуяа “Монгол Улсын Засгийн газраас хүүхдээ сонсох уриан дор тэдэнд хэрэгтэй зүйлсийг мэдэхийн тулд зохион байгуулж байгаа. Мөн хүүхдэд зориулсан тодорхой төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Эдгээр ажлын хүрээнд хүүхэд бүрийн дуу хоолойг сонсч,  ирэх дөрвөн жилд шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаандаа тусгах болно” гэв. Энэ удаагийн ажиллагаанд хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд өргөнөөр оролцон тэдэнд зориулсан ажлаа тайлагнасан юм. Скаутын холбоо, Монголын сурагчдын холбоо, Улаан загалмай, Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв, Найрамдал зуслан зэрэг байгууллагууд өөрсдийн танилцуулга, хүүхдийн төлөө ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зэрэг бүх талын мэдээллээ дэлгэн тавилаа.

 


Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ардчилсан нам “Зөв монгол хүүхэд” гэх мөрийн хөтөлбөрийг тусгасан. Зөв монгол хүүхдийг бий болгохын тулд тэд юу хүсч, эрх нь хаана зөрчигдсөн, ямар хүсэл мөрөөдөлтэй, томчуудын хийдэг зүйлс хүүхдэд хэрэг болж байгаа, эсвэл садаа болж байна уу гэдгийг судалж анхаарч буй. Бид хүүхдийг зөвхөн өөрийн бага насаараа зүйрлүүлэн үзвэл нэг бодлын өрөөсгөл.

 

Өнөөгийн хүүхэд юу хүсч байна вэ гэдгийг сонсч ойлгох нь чухал. Үүнээс үзэхэд бид хүүхдээ сонсдоггүй юм байна. Ажил төрөл гэж явсаар хүүхдэд тавих анхаарал суларчээ. Би өөрийгөө дүгнэсэн чинь охинтойгоо хүртэл нэг их ярилцаж чадахгүй байгаа юм байна. Тиймээс би энэ ажлыг өөрөөсөө эхлэх болно. Орой гэртээ очоод охинтойгоо нэг цаг ярилцана.

 

Миний хувьд хүүхэд байхдаа Пионерын байгууллагын бүлгийн дарга хийдэг байсан. Тэр үедээ хүүхэд хүүхдээ сонсох ажлыг өдөр тутам хийж байлаа. Сүүлийн үед ийм төрлийн хүүхдийн байгууллага багассан юм шиг” гэв. Мөн энэ үеэр С.Одонтуяа гишүүн өөрийнх нь мөрөөдөл биелсэн гэдгийг сурагчидтай хуваалцав.  Түүний хэлснээр одоогийн сургалтын хөтөлбөрт тоо, физик гэх зэрэг хичээлүүд ордгоос биш сурагчдыг эх оронч сэтгэлтэй болгох хичээл дутмаг байдагтай холбогдуулан “Эх орон 36” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа аж.

 

Үүний хүрээнд сурагчдыг амралтын өдрүүдээр автобусаар зусланд аваачин байгальтай ойртуулах, мөн тэдний хүсэл мөрөөдлийг сонсч биелэхэд нь туслах юм байна. Жишээлбэл, дуучин болох хүсэлтэй сурагчдыг хайртай дуучинтай нь уулзуулах гэх зэрэг ажлыг өрнүүлэх боломжтой аж.



“Хүүхэд бидэнд асуудал их байна”
Энэ өдөр сурагчид алхам тутамд нь хэцүү зүйлс тулгарч байна гэдгийг тал бүрээс нь тайлбарлан “Хүүхэд бидэнд асуудал их байна” гэдгийг илэрхийлсээр байв. Нийслэлийн дүүргийн сургуулиудаас сурагчдын төлөөлөл хүрэлцэн ирж өөрт алхам тутамд тохиолддог асуудлаа жүжигчилсэн тоглолт хэлбэрээр хэлэлцлээ.

 

Тэдний тулгамдсан асуудлын тоонд нийтийн тээврийн байдал нэн тэргүүнд оржээ.  Үүнээс гадна сургуулийн орчим дахь автозам, тэмдэглэгээ, гарцны асуудлыг ч хурцаар тавилаа. “Хүүхэд, ялангуяа бага насны сурагчид автобусаар зорчиход тэдэнд зориулсан зориулалтын бариул байдаггүй, сандалнаас барьж явахад хулгайд сэрдэгдэх явдал гардаг.

Мөн бид эцэг, эхээсээ санхүүгийн хараат байдалд байдаг учраас зарим тохиолдолд мөнгө хүрэхгүй байх тохиолдол гардаг. Тэр үед кондукторууд элдвээр хараадаг.

 

Уг нь бид 100 төгрөгөөр явъя гээд үнэнээ хэлээд гуйдаг. Тэгсэн ч харааж зүхэн, зодож, чимхдэг. Тиймээс тасалбарын үнийг 100 төгрөг болгомоор байна. Бас нийтийн тээвэр хааяа хэт хурдан явснаас жаахан хүүхэд гэмтэх явдал гардаг гэх зэргээр тулгамдаж буй асуудал их байна” хэмээн сурагчдын төлөөлөл ярив. Мөн сурагчдын бас нэгэн “толгойны өвчин” нь кондуктортой хэл амаа ололцох явдал аж.

 

“Бид кондуктор эгчтэй аль болох соёлтой харилцах гээд инээгээд орохоор өөдөөс хар яр гэж харилцдаг. Монгол хүүхдүүдийн өсөлт хөгжил өмнөх жилүүдэд сул дорой байсан байх. Одоо биднийг харчихаад том залуу, хүүхнүүд болчихоод мөнгөө төлж чадахгүй гэх зэргээр хэл амаар доромжлох явдал ч гардаг. Одооны хүүхдүүд бие махбодийн хувьд хөгжил нь хурдан болсон шүү дээ” гэв.

 


Залгамжлагч холбооны гишүүн сурагч н.Оюунтунгалаг “Надад хэдий хүсэл мөрөөдөл байвч хэдхэн найзаас маань өөр хэн ч сонсохгүй. Ээж,  аав та намайг тэжээж хооллож ундалдаг, багш та хичээлээ хэчнээн сайн заадаг байлаа ч миний сэтгэл доторхийг сонсооч” гэлээ. Нэгдүгээр сургуулийн III ангийн сурагч н.Энхсувд “Би гадаад явахыг хүсдэг. Дараа нь тарианы эмч болно. Ээж маань намайг эмч болохын тулд хичээлээ сайн хийх хэрэгтэй гэж хэлсэн” гэсэн юм.

Хүүхдүүд хотын тохижилтод санаа зовсоор...
Сурагчид их хотынхоо хөгжил цэцэглэлтэд санаа зовнидог гэдгээ энэ үеэр илэрхийлэн өөрсдийн санаа бодлоо илэрхийллээ. Тэдний хэлж буйгаар сургуулийн орчимд автозам их байдаг ч үүнийгээ даган явган хүний зам, гэрлэн дохио, замын тэмдэглэгээг ихэнхдээ цогцлоон шийдэж чадаагүй нь сурагчдын эрүүл мэндэд заналхийлэлтэй байгааг хэлсэн юм.

 

Ийм төрлийн бүтээн байгуулалтууд ихэнхдээ хувийн, төлбөртэй сургуульд байдаг аж. Зарим сургуулийн орчмын замд явган хүний тэмдэглэгээ байдаг ч түүнийг засч сэлбээгүйгээс харагдахаа больтол арилсан байх тохиолдол ч зөндөө байгааг сурагчид шүүмжлэн “Ядаж хийсэн бүтээснээ арчилж тордоё” гэх уриалгыг гаргалаа.

 

 


102 дугаар сургуулийн сурагч Б.Лхагвасүрэн “Би багаасаа олон нийтийн ажилд оролцдог байсан. Одоо ч гэсэн залгамжлагч холбоонд явдаг. Миний хувьд жүжигчин болохыг хүсдэг. Гэхдээ аав ээж маань нэг их мэдэхгүй л дээ. Хэлэх боломж гардаггүй. Зөвшөөрөх үгүйг сайн мэдэхгүй л юм. Гэхдээ томчууд хүүхдүүдийн дуу хоолойг сонсох ийм аян зохион байгуулж байгаад баярлалаа. Цаашид ч гэсэн ингэж зохиовол хүүхэд бид эцэг эхээсээ юуг ч нуухгүй нээлттэй болж ч мэднэ” гэв.

Цаашид ч хүүхдээ сонсоно

Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн дуу хоолойг сонсон, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр цаашид ч ажиллах юм байна. “Зөв хүүхэд” үндэсний хөтөлбөрийг багачуудад бүр ойртуулахын тулд дөрвөн чиглэлд хуваажээ. “Хүүхэд хүүхдээ сонсоё” аяныг өнөөдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хийх бөгөөд сурагчид хамтран өөрт тулгамдаж буй асуудал, хүсэл мөрөөдлийн талаар чин сэтгэлийн ярилцлага өрнүүлэх юм.
“Сургууль хүүхдээ сонсоё” аяныг өнөөдрөөс энэ сарын 9-нийг хүртэл ЕБС-иудад хийж эхэллээ. “Гэр бүл хүүхдээ сонсоё” аяны хүрээнд эцэг эх, хүүхдүүдийн чин сэтгэлийн ярилцлага хийх аж. “Засгийн газар хүүхдээ сонсоё” чиглэлээр хүүхдүүдийн саналыг 11-11 утсаар авч холбогдох тушаалтнуудад үүрэг өгөх юм байна. Зөвхөн энэ аянаар зогсохгүй цаашид багачуудын дуу хоолойг сонссоор хүүхдүүд хүсэл мөрөөдлөө томчуудтай хуваалцан туслуулахыг хүсдэг болбол энэ ажлын үр дүн гарах аж.

Б.Золзаяа

Эх сурвалж: "Монголын Мэдээ"