sonin.mn

Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг Их Майдар бурханы цогцолборыг бүтээж эхэлжээ. Тэрээр дэлхийн урлагийн суут төлөөлөгч Монголын шашин соёлын нэрт төлөөлөл Өндөр Гэгээн Занабазарын хийц загвараар Майдар бурханаа бүтээн залж, олон түмэндээ оюуны соёлын өв болгон үлдээхээр ажлаа эхлүүлээд явж байна. Энэ нэрт уран бүтээлч Цонжин болдог дахь Чингисийн хөшөөт цогцолборыг бүтээсэн билээ.

 


Д.Эрдэмбилэгтэй их бүтээн байгуулалтын талаар уулзлаа. Тэрээр “Хүмүүс бид энгийн хоёр шалтгаан болох зовлон жаргал дунд амьдардаг. Зовлонгийн үндэс нь Нүгэл, харин жаргалын үндэс бол Буян юм. Ийм л энгийн бөгөөд амьдрах ухааны үндсийг бурхан Будда бидэнд өвлүүлэн өгсөн. Нүгэлийн дотроос шунах сэтгэлийн нүгэл нь маш их зовлонгийн шалтгаан болдгийг дэлхийн дээр амьдарч байгаа ёс бусын аргаар хөлжигчдийн эмгэнэлт амьдралын бодит түүхүүд гэрчилнэ.

 

Шунал нь нэг хүний хүчин зүйлээс халин хөгжил бизнес гэх нэрийн дор халхавчлагдан байгаль дэлхийгээ эргэн сэргэхгүйгээр сүйрүүлж байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Уул овоо шиг эд мөнгө хураавч, түүнээсээ тоосны төдийг ч авч явалгүй орхин одох нь зүүдэндээ эрдэнэс олоод сэрсэн гуйлгачин лугаа адил. Гэвч хайрлан энэрэх сэтгэлийг дээдлэн, хүсэл шуналын хүлээснээс тайлагнах нууцыг Буддын сургааль бидэнд номлон айлдсаар ирсэн.

 

Оюун ухаант хүмүүн бид хаалгыг нь хааж орхисон хайр энэрэлийн сэтгэлгээ нээж , эх болсон ертөнц саваа хайрлаж, сайн үйлийн үрийг дэлгэрүүлэх цаг нэгэнт ирснийг түмнээ сануулж, ирэх цагийн аврал Их Майдар бурханаа урин дуудаж энэхүү Их Майдар төсөл төрөн түмэн олноо тэр дундаа хойч ирээдүй, хүүхэд багачууд, залуусдаа зориулан бүтээж эхлээд байна” гэж хэлсэн юм.



-Их Майдар төслийнталаар товч танилцуулна уу?

-Дэлхийн улс орнуудад аялал жуулчлалыг байгаль орчин, түүх соёл, шашин номын гэх зэргээр ангилж төрөлжүүлэн хөгжүүлж бййна Их Майдар цогцолбор нь дархан цаазат Богд хан ууланд байрших утгаараа түүх соёл, шашин, байгалийн аялал жуулчлалын нэгдсэн цогц ажиллагаатай төв байх юм. Хоёр жилийн дараа буюу 2014 онд 108 метр өндөр суварган байгууламж, 54 метр өндөр Майдар бурхан бүтээх ажил өндөрлөж нээлтийн ажиллагаа болох төлөвлөгөөтэй.

 

Майдар бурханы цогцолбор Улаанбаатар хотоос 45 км-ийн зайнд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Богд хан уулын өвөрт, Өгөөмөрийн ам "Зүрх хайрхан" ууланд сүндэрлэх юм. Нийт 108 га газарт дээрх цогцолборын ТЭЗҮ, зураг төсөл, ерөнхий төлөвлөөгөөний ажил ид явагдаж байна. Их Майдар төслийн хүрээнд “Майдарын ногоон морь" гэсэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөн төлөвлөж байна.

 

Өнөөдөр цөлжилт Монголд төдийгүй дэлхийд тулгамдсан асуудал болоод байгааг хүн бүр мэдэж байгаа. Хотоос 50 хүрэхгүй км газарт элсний ширхэгүүд хийсч цөлжилт Богдхан ууланд тулж ирлээ. Тиймээс энэхүү дэд хөтөлбөр Монголын говьд үүсээд байгаа цөлжилтийг зогсоохоос эхлэх юм.


Энэ дашрамд хэлэхэд, Рио Ди Жанейро хот дахь Есүс Христийн хөшөөний өндөр 39 метр, Цонжин болдог дахь Чингисийн хөшөөт цогцолбор 40 метр, Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөө 46 метрийх бол бүтээгдэж буй Их Майдар бурхан 54 метр байх юм.



-Энэхүү цогцолборын ач холбогдол болоод Их Майдар бурханаа бид бүтээснээр ямар үр дүнд хүрнэ гэж танай төслийнхөн үзэж байна?

-Бидний үзэж буйгаар, Их Майдар бурханаа бүтээснээр Монголын ард түмний шашин, соёлын үнэт өв бий болж, монгол ёс, гүн ухааны уламжлалыг сэргээнэ. Дэлхий дахинаа түүх соёл уламжлалаа таниулна, монгол хүний соёлын болон оюуны дархлааг сэргээнэ, хойч үедээ түүхий үнэт өвийг таниулж хадгалуулна, байгаль дэлхийгээ хайрлах, байгаль орчныг нөхөн сэргээнэ, хүүхэд залуус болон хойч үедээ нийгмийн эрүүл орчинг бий болгоно.

Цаашлаад амгалан тайван, асрал энэрлийн орчинг бий болгож, гадаад дотоодын жуулчдыг татаах үзвэр үйлчилгээний төв болгох юм.



-Их Майдар бурханы цогцолборт ямар ямар хэсэг, үйлчилгээ байхаар төлөвлөсөн бэ?

-Уг цогцолборт олон нийтийг хүлээн авах, ногоон экспо, мод цэцэгс үрслүүлэх, амралт үйлчилгээ, бясалгал, амирлахуйн орчин, боловсрол танин мэдэхүйн, 108 мянган Майдар бурхан байрлах, сүншиглэсэн суварган байгууламж, түүх дурсгалын музей гэсэн хэсэгтэй байна. Харин энэ цогцолборын эргэн тойронд амралт зугаалгын цэцэрлэг, зочид буудал, сүм буудал, гэр амралт, усан парк, амьтны хүрээлэн, одон орны төв, номын сан, урлахуйн сургууль, спорт амралтын талбай, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, олон улсын сүм хийд, задгай театр, бясалгалын ордон, авто зогсоол зэрэг байрлах юм.

 

Эцэст хэлбэл Их Майдар бурханы цогцолбор нь нэлээд том бүтээн байгуулалт бөгөөд манай төсөлтэй хамтран ажиллах хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд байвал бид хэзээ ч бэлэн байна гэдгийг хэлье.

Эх сурвалж: “Бизнес таймс”