sonin.mn
Коронавирусын халдвартай холбоотой Хятадын эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн
 
Уханийн Тунжи эмнэлэгт “Covid-19”-ийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 7 жирэмсэн эхэд хийсэн эмчилгээ, ажиглалтын дүнд эмч нар шинэ төрлийн коронавирусийг SARS-ийн вирустэй харьцуулахад жирэмсэн эх болон урагт учруулах хоруу чанар “харьцангуй бага” гэсэн байна. Эдгээр 7 эмэгтэй бүгд жирэмсний сүүлийн 3 дахь сардаа байсан бөгөөд халуурсан, ханиасан, гүйлгэсэн, амьсгалахад хүндрэл үүссэн гэсэн шинж тэмдэгтэй эмнэлэгт иржээ. Тэдэнд хүчилтөрөгчийн, мөн вирусний эсрэг эмчилгээ хийж, антибиотик болон уламжлалт тан уулгаж, шаардлагатай бусад арга хэмжээг авсан байна. Түүнчлэн эрсдэлээс сэргийлэх зорилгоор бүгдэд нь хийсвэр буюу кесарево хагалгаа хийн амаржуулсан байна. Шинэ төрсөн нярай нарын 4-т нь халдварын шинж тэмдэг илрээгүй бол бага зэрэг шинж тэмдэг илэрсэн 3 нярайд ”Covid-19”-ийн шинжилгээ хийхэд 2-ынх нь хариу “сөрөг” гарсан байна. Вирус илэрсэн нярайд амьсгал дутагдлын хөнгөн шинж илэрсэн боловч халуурч, ханиалгаагүй байна. Мөн ургийн эхэс, ус, хүйн судсанд шинэ төрлийн коронавирус илрээгүй байна. Гэвч эмч нар яаран дүгнэлт хийхээс татгалзаж байгаа бөгөөд цаашид сайтар судлах шаардлагатай хэмээн үзжээ. Нярай хүүхдүүдээс төрсөн даруйд нь шинжилгээ аваагүй тул шинжилгээний хариу “эерэг” гарсан нярай халдварыг чухам ямар замаар авсан болохыг тогтооход хүндрэлтэй байгаа аж.
 
Хятадын Рүжин эмнэлэг болон Шанхайн Жяо Тун эмзүйн Их сургуулийн эрдэмтэд  “Covid-19”-өөр өвдсөн эрэгтэй хүний үрийн шингэн дотор вирус байгааг илрүүлсэн тул энэ нь бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх дүгнэлтийг хийсэн байна.
 
Эмнэлзүйн хувьд 37.3 хэм нь бага халуурах ангилалд багтдаг ч коронавирусний халдвартай өвчтөнд 37 хэм орчим халуурах шинж тэмдэг илэрдэг байна. Халдварт өвчин судлалын холбооноос мэдэгдсэнээр сүүлийн үед бага хэмжээгээр халуурах шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд вирус ихээр илрэх болжээ. Иймд иргэд аливаа шинж тэмдгийг жижиг гэж үзэлгүй шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй байна. Мөн нуклейн хүчлийн шинжилгээг 2 удаа хийлгэн оношоо баталгаажуулах хэрэгтэй аж.
 
( Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газрын 4 сарын 1-нд бэлтгэсэн мэдээллээс хэсэгчлэн хүргэв)