sonin.mn
Сонгуулийн маргааш юу болж байна вэ?
 
Улсын Их Хурлын найм дахь буюу 2020 оны ээлжит сонгууль санаснаас тайван болж өнгөрлөө гэж хэлэхээр. Сонгуульд оролцох иргэдийн 73.6 хувь саналаа өгчээ. Ойролцоогоор 1.4 сая сонгогч санал өгсөн гэсэн үг. Үүний 80 хүртэл хувийн саналыг МАН-ынхан авч чаджээ. Дүнг тодорхой хэлбэл МАН-ын 62, АН 11, “Зөв хүн электорат” болон “Та бидний эвсэл”-ээс тус бүр 1 бие даагч ердөө ганц нэр дэвшигч сонгогдов. Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл түүн дээр бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн нь урьд өмнөхөөс хол илүү олныг хамарсан сонгууль байлаа. Нийслэлийн зарим тойрогт 30-40 нэр дэвшигч оролцсон гэж байгаа. Харин сонгуулийн үр дүнг олон нийт тийм ч таатай хүлээж авсангүй нь сонгуулийн маргаашнаас харагдав. Санал хураалтад янз янзын будилаан гарсан гэж зарим нам, эвсэлийнхэн гомдоллож байгаа. Уг гомдлыг барагдуулахаар Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Сонгуулийн Ерөнхий хороо маргаантай гэх зарим тойргийн санлыг дахин тоолж эхэлсэн. Тийм ч их тодорхой үр дүн гарах эсэхийг таахад бэрх. Энэ тухай нуршаад ч яахав.
 
 
 
Харин сонгуулийн үр дүн эрх баригч намд ашигтай гарсан нь хэд хэдэн шалтгаантай гэдгийг ажиглагчид хэлж байна. Юуны өмнө цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед сонгуулийг томсгосон тойргоор явуулсан нь өмнөх шиг нэг намынхан олонх болоход нөлөөлсөн гэх. Үүний цаана хамгийн гол хүчин зүйл нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг өндөр жинхэнэ манлайлагч байж чадсан.
 
 
 
Тиймээс намынх нь нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээр сонгогчид хичээсэн юм. Эндээс юу харагдав гэвэл судлаачдын хэлж байгаагаар намын даргын манлайлал гол хүч байлаа гэж болно. Сонгуулийн сурталчилгааны эхний өдрөөс л Ерөнхий сайд У.Хүрэлсүх онгоц хөлөглөн бүх аймгаар явж сонгогчдод “Бид хийсэн, хийж байгаа ажлаа найдвартай үргэлжлүүлнэ. Манай нэр дэвшигчдийг багаар нь сонгоорой” хэмээн уриалсан нь сонгуулийн үр дүнг өөртөө татаж чадсан юм. Гэтэл нөгөө талд буюу гол өрсөлдөгч АН-ынхан одоо ялагдалдаа дүгнэлт хийгээд бужигнаж байна. Тус намынхан энэ удаагийн ялагдал нь намын ялагдал гэхээсээ илүүтэйгээр удирдлагын ялагдал гэж үзэж байна. Тэд намын хувьд бол бүлэг, фракцийн зодолдоон нэр хүндэд сүрхий нөлөөлсөн бас үзэл суртлын манайлагчгүйдсэн. Шинэчлэл нэрийн дор намын дотоодод ардчиллыг үгүй хийж бүх юмыг мөнгөөр шийдэхийг оролдож байсны харгай гэж үзэж байгаа юм байна. Бүр шуудхан намаа сонгуульд удирдаж оруулсан С.Эрдэнийг гол буруутан гэж үзсэн учраас тус намын залуус “АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороо” гэгчийг байгуулж Үндэсний бодлогын хороог ирэх сарын наймны дотор хуралдуулахыг шаардсан байна. Намын дарга С.Эрдэнэ ч намаа хоёр удаа сонгуульд ялагдуулсан гэдгээ хүлээж намын даргын ажлаа өгөхөө мэдэгдэв. Унасан хүнийг босгохын тулд бөхийж бай битгий дээрээс нь дэвсэл гэсэн чухал үг байдаг ч гэлээ С.Эрдэнэ гэдэг хүн сонгуульд оролцохдоо өөрийнхөө тойргоос цааш ажиллаж чадаагүй нь манлайллын үүргээ гүйцэтгээгүй гэсэн үг. Тиймээс ялагдалд түүний гай их байв. Сонгуулийн өмнө судлаачид энэ удаагийн сонгуулиар МАН, АН хоёрын санлын зөрүү тун ойрхон гарна гэж байсан нь огт өөрөөр эргэв. Тиймээс АН-ын залуу гишүүд С.Эрдэнэ байгаагүй бол арай өөр дүн гарах байсан болов уу гэцгээж байна лээ. Мөн Ж.Батзандан, Л.Болд нарын толгойлсон “Шинэ эвсэл” нэртэй намынхан энэ сонгуулиар нэр ч үгүй арчигдав. Энэ нь тэд өнгөрсөн хугацаанд улс төрд зөв явсан уу үгүй юү гэдгийн шалгуур байлаа. Тэд бас арга буюу шударга царай харуулж намын удирдлагаа шилжүүлж байгаагаа илэрхийлэв. Бас байр сууриа арилжаалж АН-аас нэр дэвшсэн С.Жавхлан, О.Баасанхүү нар ч бас гашуун сургамжийг амсаж уналаа шүү дээ. Гэтэл С.Жавхлан гэхэд би улстөрд юу хийлээ, ер нь тэнд байх хүн мөн үү, биш үү гэдгээ ойлгохын оронд төрсөн нутаг Увсынханд тунирхаж “Би хэзээ ч амьд яваа цагтаа Увсад дахин очихгүй, Увсынхан миний дууг битгий сонсоорой” хэмээн тэнэгтэж нийгэм даяар шившгээ тарив. Өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй ийм хүн төр түшилцэнэ гэж юу байх юм бэ. Төрж өссөн нутаг орондоо хэзээ ч очихгүй гэсэн нь “ууж ууж уусан усандаа баав” гэгч л болов.
 
 
 
АН-ынхан намдаа ялалт авчирч байсан удаатай Н.Алтанхуягийг халж цөхөн намаасаа хөөсөн гэдэг. Гэтэл Н.Алтанхуяг энэ удаа бие даан нэр дэвшээд гараад ирлээ. Энэ нь түүнийг томоохон улстөрч, АН-ын нэг манлайлагч хэвээр гэдгийг харуулсан гэж болно. Нөгөө талаар УИХ-д олон удаа сонгогдож байсан Д.Лүндээжаннан Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Р.Амаржаргал мэтийн хүмүүс ялагдагчийн эгнээнд шилжив.
 
 
 
Тэдгүйгээр төрийн ажил хэрхэн замнах вэ гэдгийг цаг хугацаа л харуулна байх. Басхүү олон нийтийн санал бодлоос харахад МАН-ын нэр сүрээр УИХ-д байхааргүй зөндөөн хүн сонгогдчихлоо гэж байна. Ийм л болж. Бугуйндаа гучин мянган төгрөгний цаг зүүсэн ч гурван саяын цагаар гангарсан ч аль аль нь нэг л цаг хугацааг заана гэдгийн үлгэрээр нэгэнт сонгуулиар хэнбэ гуай ч гараад ирсэн бай дөрвөн жилийг УИХ-ын гишүүнээрээ барж л таарна. Өмнө нь ч тийм л байсан даа.
 
 
Ц.Жаргалсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин