sonin.mn
Эдүгээ Үндсэн хуулийн цэц дээр өрнөж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааны хүрээнд дараах нийтлэлийг хүргэж байна.
Эрх зүйн хэм хэмжээний хяналтын нэг онцлог төрөл болох Негатив хяналт хэмээх энэ төрлийн хяналт дэлхий дахины Үндсэн хуулийн шүүхэд хэрэгждэг төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн практикт ч аль хэдийнээ өөрийн байр суурийг баттай эзэлсэн хяналт билээ.
 
НЭГ. ХЭМ ХЭМЖЭЭНИЙ НЕГАТИВ ХЯНАЛТ БА ТҮҮНИЙ ҮҮСЭЛ
 
Хэм хэмжээний негатив хяналт нь нэг талаараа төр, түүний байгууллага, албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдлээс үүдэлтэйгээр бий болох үндсэн хуулийн маргааны хүрээнд үүсэж байдаг.
Хэдийгээр уг хяналтын төрлийг негатив хяналт хэмээн нэрлэдэг боловч түүний гол шинж нь хэм хэмжээг орхигдуулах (legislative omission) буюу хууль тогтоогч, бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд заасны дагуу биелүүлэх чиг үүргээ биелүүгүй эс үйлдлийг Үндсэн хуулийн шүүхээс хянан шийдвэрлэх байдлаар илрэн гардаг.
Уг хяналтын хэлбэр үүсэх гол үндэслэл нь Австрийн нэрт хуульч Ханс Келзентэй салшгүй холбоотой. Түүнийхээр эрх зүй нь хийдэлтэй буюу хууль тогтоогч төгс биш учир ямагт эрх зүйн хийдлийг бий болгох боломжтой. Уг эрх зүйн хийдэл нь бүхий эрх зүйн салбарт гарч болох болох бөгөөд Үндсэн хуулийн хувьд уг хийдэл нь харьцангуй өргөн үр дагавар үүсгэж байдаг хэмээн үзсэн. Иймд эрх зүйн хийдэл үүсэж буй нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг бөгөөд уг зөрчлийг арилгах үйл ажиллагаа нь хэм хэмжээний негатив хяналтаар засварлагдах боломжтой хэмээн үзэж байв. Энэ ч үүднээсээ Үндсэн хуулийн шүүх хууль тогтоогчийн үүсгэж буй эрх зүйн хийдлийг нэн даруй арилгах ёстой бөгөөд энэ нь түүнийг хууль тогтоогч огтхон ч болгохгүй, гагцхүү шүүх үндсэн хуулийн зөрчлийг арилгах үүргээ биелүүлж буй хэрэг юм.
 
ХОЁР. ХЭМ ХЭМЖЭЭГ ОРХИГДУУЛАХ АСУУДАЛ БА ЭРХ ЗҮЙН ХИЙДЭЛ
 
Хэм хэмжээний негатив хяналт нь нэг талаасаа төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс батлан гаргах хэм хэмжээг орхигдуулсан байдал эрх зүйн хийдэл үүсгэж буй эс үйлдэл бөгөөд түүнийг нь Үндсэн хуулийн шүүх маргаан хянан шийдвэрлэх замаар тогтоох, улмаар түүнийг арилгах арга хэмжээг авах хэлбэрээр хэрэгжиж байдаг. Тийм ч учраас эрх зүйн хийдлийг даван туулах зорилгоор буюу хууль тогтоогч болон төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдал нь иргэний үндсэн эрхийг зөрчих, үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх нөхцөлд энэ төрлийг хяналтыг хэрэгжүүлж байдгаараа онцлогтой.
 
Дэлхий дахинд энэ төрлийн хяналт дараахь гурван төрөл болон харилцан адилгүйгээр хэрэгжиж байна. Үүнд:
 
1. Үндсэн хуулийн шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа ба эрх зүйн хийдлийг арилгах арга замыг тогтоох:
Уг хяналт ёсоор эрх зүйн хэм хэмжээг батлан гаргах эрх бүхий байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд ҮХШ-ээс харьцангуй давуу эрхтэй оролцож шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг явуулах байдлаар илэрч байдаг. Нөгөө нэг онцлог нь уг ажиллагааны дагуу ҮХШ мөрдөн шалгах ажиллагааны явцад орхигдсон хэм хэмжээг олж тогтоон улмаар түүнийг хэрэгжүүлэх буюу батлан гаргах ажиллагааг мөн давхар өөрийн шийдвэрээр тогтоож гэх хэлбэрээр илэрч байдаг. Энэ төрлийн мөрдөн шалгах ажиллагааг явуулах нөхцөлийг хуульд тусгайлан заах ба уг нөхцөл байдал үүсэх тохиолдолд түүнийг арилгах арга замыг шийдвэрээрээ бий болгодог.
2. Үндсэн хуулийн шүүх эрх зүйн хийдлийг тогтоож цааш арилгах арга замыг тодорхойлох:
Үндсэн хуулийн шүүхийн хувьд эрх зүйн хийдэл үүсгэж буй хэм хэмжээ нь Үндсэн хуультай зөрчилдсөн болохыг олж тогтоох нь энэ төрлийн негавит хяналтын онцлог болж байдаг. Түүнчлэн уг ажиллагааны дагуу Үндсэн хуулийн шүүх өөрийн шийдвэрээр дамжуулан уг эрх зүйн хийдлийг өөрөө арилгах бус уг шийдвэр, үйл ажиллагааг эрхлэн явуулах эрх бүхий субьектэд үүрэг болгах буюу эс үйлдэлийг арилгах үүргийг даалгах замаар хэрэгжиж байдаг.
3. Үндсэн хуулийн шүүх эрх зүйн хэм хэмжээ орхигдсон болохыг олж тогтоох:
Өмнөх хоёр негатив хяналтын төрөлтэй харьцуулахад Үндсэн хуулийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээ нь хязгаарлагдмал байдлаар хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн шүүх гагцхүү төрийн байгууллага, албан тушаалтны эс үйлдэл нь Үндсэн хуульд зөрчсөн болохыг олж тогтоох замаар л хязгаарлагдаж байдаг. Энэ нь Үндсэн хуулийн шүүх Үндсэн хууль зөрчлийг л олж тогтоож буй хэрэг бөгөөд түүнийг бүрэн арилгах үүрэг нь шүүхэд бус харин шийдвэр гаргаж буй этгээдэд хамаарах юм.
 
ГУРАВ. ХЭМ ХЭМЖЭЭНИЙ НЕГАТИВ ХЯНАЛТ БА ЦЭЦИЙН ПРАКТИК
 
Эдүгээ Цэц дээр өрнөж буй маргааны хүрээнд Монгол Улсад эрх зүйн хэм хэмжээний НЕГАТИВ хяналт огт хэрэгжиж байгаагүй гэж үзэж буй. Мэдээж хэрэг энэ төрлийн хяналт бол бусад хэм хэмжээний хяналтаас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг.
Энэ ч үүднээсээ манай улсын хувьд доорх байдлаар Цэц хэрэгжүүлж байжээ! Доорх Цэцийн маргаанаас үзвэл уг хяналт (Негатив хяналт) хэрэгжих боломжтой бөгөөд үүний илрэл нь цэцийн хянан шийдвэрлэсэн практикаас харагдаж байна.
 
ЖИШЭЭ 1:
 
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар дүгнэлтээр хянан шийдвэрлэсэн. Иргэн Б, У нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл гаргасан бөгөөд ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.8-т “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад “шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. .”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх гэх заалтыг зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн. Цэцийн дүгнэлтийн агуулгын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар оролцож байгаа этгээдийн бүх шатны шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандах үндсэн эрхийг давж заалдах шатны шүүхээр хязгаарлаж, хэргийн бусад оролцогчтой харьцуулахад тэгш бус байдал бий болгосноороо Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна гэж дүгнэжээ. http://legalinfo.mn/law/details/11501?lawid=11501
 
ЖИШЭЭ 2:
 
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны 10 дугаар дүгнэлтээр хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн талаарх маргаан. Уг маргаан нь (Д.Одбаяр даргалж, Цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Солонго /илтгэгч/, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү) Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ... төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. ... Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж тус тус заасан. Хэдийгээр ээлжит сонгуулийн хувьд дээрх агуулгаар тодорхой заасан боловч “НӨХӨН СОНГУУЛИЙН ХУВЬД” тусгайлан төрийн албанаас чөлөөлөгдөх хугацааг заагаагүй буй Үндсэн хуулийн зөрчил болж байна хэмээн Цэц дүгнэсэн. Энэ тухай дээрх цэцийн дүгнэлтийн Үндэслэх хэсэгт “ Сонгуулийн тухай энэхүү хуулиар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан нөхцөл байдал буюу нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд тухайн сонгуульд нэр дэвших, улмаар төрийн байгууллагад сонгогдох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч бүрэн бүрдүүлээгүй гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн байдаг. https://www.legalinfo.mn/law/details/13609?lawid=13609
 
ЖИШЭЭ 3:
 
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 30 өдрийн 12 дугаар дүгнэлтээр хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн 14.2-г зөрчсөн талаарх маргаан. Энэхүү маргааны агуулга нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг зөрчиж байна хэмээн үзсэн. Үүний дагуу “Үйлчилгээний албан хаагч нь” төрийн жинхэнэ албан хаагч биш атал “Улс төрийнхөөс бусад албан хаагч” гэх агуулгаар хэрэв сонгуульд нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн 1 сарын 1-ний өдрөөс ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх нөхцөлийн бий болгож буйгаараа Үндсэн хуульд зөрчсөн хэмээн үзсэн. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч “Улс төр болон Үйлчилгээний албан тушаалтныг” чөлөөлөгдөхөөргүй байдлаар зохицуулах ёстой гэх агуулгаар хуульчлах ёстой хэмээн Цэцийн уг шийдвэр авч үзсэн. https://www.legalinfo.mn/law/details/11352?lawid=11352
Дээрх маргаануудаас үзвэл ҮХЦ-ийн практикт эрх зүйн хэм хэмжээг орхигдуулсаныг хянан хэлбэрээр уг хяналт хэрэгжиж байна. Энэ нь зарим талаараа манай улсын цэцийн практикт аливаа эрх зүйн хэм хэмжээг батлан гаргахдаа хууль тогтоогч орхигдуулсан нь үндсэн хуулийн зөрчил болж буй нотолж буйн илрэл юм.
 
ДӨРӨВ. П.ОЧИРБАТ ДАХИН НЭР ДЭВШИХ ЭСЭХ. МАРГААН БА ӨНӨӨГИЙН ЦЭЦ ДЭЭРХ МАРГААНЫ ЯЛГАА 
 
2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор эдүгээ Үндсэн хуулийн цэцэд урьд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэд дахин нэр дэвших эсэх асуудлаар маргаан өрнөж байна.
Гэтэл зарим нэг хуульчид ХОЁР өөр төрлийн маргааныг ИЖИЛ мэтээр зориуд чулуу хөөлгөх янзтай!
Тэгвэл одоо өрнөж буй маргаан бол 1997 онд Үндсэн хуулийн цэц шийдсэн маргааныг ялгааг энд товч өгүүлэе!
 
А) 1997 оны маргаан юуг шийдэв:
Энэ маргаан үүсэх гол шалтгаан нь Сонгуулийн Ерөнхий Хорооны нэр дэвшигчийг бүртгэсэн тогтоолд хэсэг иргэд мэдээлэл гаргасан. Гол үндэслэл нь П.Очирбат нь БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд зааснаар АИХ-аас Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь түүнийг 1992 оны Үндсэн хуулийн дагуу дахин нэр дэвшихэд харшилж байна гэж үзсэн.
Цэц дараах үндэслэлээр Уг мэдээллийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ.
“ҮХЦ-ийн 1997 оны 4 дүгээр сарын 23-ны 3 дугаар дүгнэлт. Хянавал: 
“1.БНМАУ-ын АИХ-аас 1990 онд батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заасан БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгч нь хэрэгжүүлэх бүрэн эрх болон сонгогдох зарчмын хувьд хоорондоо эрс ялгаатай байна.
2.Нэр дэвшигч П.Очирбат нь нийт ард түмнээс Ерөнхийлөгчөөр сонгогдохоор хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна.
3.СЕХ-оос нэр дэвшигч П.Очирбатыг Ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлснийг бүртгэж авсан 1997.3.27-ны 03 тоот тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ.”
Товчдоо бол 1990 онд Үндсэн хуулийн дагуу АИХ-аас БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Шинэ Үндсэн хуулийн Дахин нэр нэг удаа нэр дэвших гэсэн хамаарахгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл одоо Цэц дээр өрнөж буй маргаанаас зарчмын томоохон ялгаатай буюу харьцуулах аргаггүй өөр маргаан.
 
Б) 2021 оны цэцийн маргааны агуулга:
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнө Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эсэх асуудлаар маргаж буй билээ.
Энд өмнөх 1997 оны маргаанаас гол ялгагдах онцлог нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт л орсоноос бус Шинэ үндсэн хууль огт батлаагүй. Дээр нь уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийг Сонгох сонгуулийн хэлбэр, үе шат огт өөрчлөгдөөгүй байгаа нь дээрх маргаануудын гол ялгаа юм.
1990 онд П.Очирбат гуайг сонгосон субьект нь тухайн үеийн Ардын Их Хурлын төлөөлөгчид байсан бол 1993 онд түүнийг Ард түмнээс сонгож, Улмаар УИХ-аас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч байв.
Тэгвэл эдүгээ Цэц дээр өрнөж буй маргаан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу төслөөр 2025 байсан саналыг 2020 он болгон өөрчилснөөс үүдэн өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх иргэн уг бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан хувьдаа (П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга) нэр дэвших эрхгүй болсонтой холбоотой маргаан юм.
 
Хууль зүйн доктор (Ph.D) А.Бямбажаргал