
“Сахал” хэмээх хочоороо олонд танигдсан Монголын томоохон бизнесмэн Д.Эрдэнэбилэг хаана яваа вэ?
Нэгэн цагт Монголын хамгийн нөлөө бүхий бизнесийн сүлжээг атгаж явсан тэрбээр өдгөө бараг ор сураггүй алга болсон нь олон нийтийн анхаарлыг дахин татаж эхэллээ. “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг авсан дуулиант гэрээ, “Худалдаа хөгжлийн банк”-ны төвлөрсөн өмчлөл, зэс, төмөр зам, уул уурхай, худалдааны салбар дахь давамгайлсан байр суурь гээд түүний нэр холбогдоогүй салбар бараг үгүй. Гэвч түүний хүч нөлөө 2020 оноос хойш эрс буурсан. Эрүүгийн хэрэгт холбогдож, баривчлагдан шалгагдан, дараа нь батлан даалтад гарсан ч 2023 оны сүүлчээс хойш бүрэн дуугүй болсон нь олон нийтийн сониуч занг улам бүр өдөөж байна.
Түүнийг гадаад улсад гарсан гэх яриа байдаг. Зарим эх сурвалж Сингапур, Европ руу эмчилгээний шалтгаанаар явсан гэдэг. Харин хууль хяналтын байг"уллагууд уг асуудлаар ямар нэг албан ёсны мэдээлэл өгөхөөс татгалзсан хэвээр. Түүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа эсэх нь ч тодорхой бус байна.
Нийгмийн дургүйцлийг хамгийн ихээр өдөөсөн “49 хувь”-ийн маргаан өнөөдөр ч бүрэн шийдэгдээгүй хэвээр. "Эрдэнэт"-ийн 49 хувь төрийн мэдэлд шилжсэн ч уг хэлцлийн ард хэн, юу хожсон бэ гэдэг асуулт хариултгүй үлдсэн. Цаашлаад тус хувьчлалын ард улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн тохироо байсан гэх хардлага ч замхраагүй. Харин “Сахал”-ын алга болсон нь ганц хүний тухай гэхээс илүүтэй, эрх мэдэл, баялгийн шинэ хуваарилалт, чимээгүй тохиролцооны нэг хэсэг болж хувирсаныг харуулж буйг үгүйсгэхгүй.
Д.Эрдэнэбилэг бол зүгээр нэг бизнесмэн биш. Тэр бол Монголын эдийн засгийн тогтолцооны гүн дэх нөлөөллийн нэгэн “толь” байв.
Түүний сураггүй болсон явдал бол хувь хүний асуудал бус, харин Монгол дахь баялаг, эрх мэдэл түүнээс аажим аажмаар салж, өөр хэн нэгний гарт төвлөрч буйг илтгэх улс төр, эдийн засгийн дохио юм. Тэр үнэхээр сураггүй болсон уу, эсвэл зориуд нам гүмд шилжиж, дараагийн нүүдлээ хүлээж байгаа юу?
Хариулт одоохондоо алга. Харин асуулт л улам тодорсоор байна.
С.Сарнай
Сэтгэгдэл2
Оюунэрдэнийг буулгасны дараа хачин сонин хүмүүс монголд ирж байна, эргээд гэрэлгүй, ялзарсан, харанхуй нийгэмдээ буцаждээ ядарсан монгол минь.
Сургамж аваад чимээгүй