sonin.mn

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 8 /Kyodo/. Японы баруун өмнөд нутгийн Кагошима мужийн Киришима хотод хүчтэй аадар бороо орохыг Цаг уурын агентлагаас өнөө өглөө онцгойлон анхааруулж, хөрс нурах, нам дор газар үерлэх, голын ус халих аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд уриалжээ. “Кагошима” нисэх онгоцны буудал байрладаг тус хотод түүхэнд бүртгэгдэж байгаагүй их хэмжээний хур тунадас орсны дараа цаг уурын мэргэжилтнүүд хүчтэй аадар борооноос сэрэмжлэх анхааруулгыг гаргасан байна. Кагошима, Күмамото зэрэг муж оршдог Кюшү аралд ням гараг хүртэл аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.


Киришима хотын нэг хэсэгт баасан гаргийн өглөөний 3 цаг хүртэлх нэг цагийн хугацаанд 107.5 мм хур тунадас унасан нь тус газарт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Улмаар 12 цагийн хугацаанд унасан хур тунадасны нийт хэмжээ 480 мм-ээс дээшилсэн нь хотын наймдугаар сарын дунджаас 1.8 дахин их байна.


Хүчтэй аадар бороо орсон бүс нутгуудад аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг Цаг уурын агентлагаас анхааруулжээ. Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Засгийн газар мэдээ мэдээллээр хангах, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг дэмжих, аврах ажиллагаа явуулах зэрэг боломжтой бүх арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.  



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг