sonin.mn

8-р сарын 7-ны үдээс хойш Камбож, Тайландын хилийн ерөнхий хорооны ээлжит бус хуралдаанаар хоёр тал гал зогсоох хэлэлцээрийн талаар нийтлэг ойлголтод хүрч, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тайландын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчийн мэдээлснээр, Тайланд, Камбож улс гал зогсоох хэлэлцээрт АСЕАН-ы ажиглагчдыг хяналт тавихаар тохиролцсон бөгөөд хоёр улс хилийн дагуу нэмэлт цэрэг оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.  


Камбожийн мэдээлснээр, хоёр тал гал зогсоох зохицуулалтын талаар нарийвчилсан зөвлөлдөж, харилцан итгэлцлийг сэргээхийн тулд бүс нутгийн хяналтын механизм байгуулахыг дэмжсэн байна. Мөн хоёр тал олзлогдсон цэргүүдэд олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хандахаар тохиролцжээ.  


Тайландын мэдээлснээр, хоёр тал гал зогсоох тохиролцоонд хүрч, харилцаа холбоогоо хэвийн байлгаж, асуудлыг хоёр талын механизмаар шийдвэрлэхээр болсон байна. АСЕАН-ы гишүүн орнууд болон бусад улсууд гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавихаар хоёр тал санал нэгджээ.  


Мөн Хилийн ерөнхий хорооны ээлжит бус хуралдааныг нэг сарын дотор дахин хуралдуулахаар тохиролцсон байна.  


Камбож, Тайланд хоёр 7-р сарын 24-нд хилийн бүсэд мөргөлдөөн эхэлсэн бөгөөд хоёр тал бие биенээ олон улсын хууль зөрчсөн гэж буруутгаж байв. 7-р сарын 28-нд хоёр улс Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимаар ахлуулсан хэлэлцээ хийж, тэр өдрийн шөнө дундаас "нэн даруй бөгөөд болзолгүйгээр" гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Мөн хил орчмын энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор Тайланд, Камбожийн хилийн ерөнхий хорооны хурлыг хуралдуулахаар тохиролцсон байна. Уг хуралдаан 8-р сарын 4-7-нд болж, Тамгын газрын хуралдаан 8-р сарын 4-6-нд, Хилийн ерөнхий хорооны ээлжит бус хуралдаан 8-р сарын 7-нд болжээ.


Г.Бямба