sonin.mn
"Төв ба Өмнөд Ази: Бүс нутгийн харилцаа" чуулга уулзалт Узбекистаны нийслэлд эхэллээ. АНУ цэргээ татаж, талибууд эргэн ирснээр Афганистан дахь нөхцөл байдал улам бүр төвөгтэй болж байна. Ийм нөхцөлд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, Европын холбооны дипломат хэлтсийн дарга Боррелл, Орос, Хятад, Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Ташкент хотод цуглажээ. АНУ-ын Афганистан дахь тусгай төлөөлөгч Залмай Халилзад Узбекистанд айлчилсан. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Эмили Хорн "АНУ-ын Тусгай элч Залмай Халилзад Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани болон бүс нутгийн улс орнуудын дипломат төлөөлөгчтэй уулзана. Афганистан дахь аюулгүй байдал, хөгжлийн хүрээнд нийтлэг ашиг сонирхлыг хөхиүлэн дэмжих, терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Ерөнхийлөгчийн туслах Элизабет Шервуд-Рэндалл АНУ-ын төлөөлөгчдийг Ташкент хотод болох олон улсын бага хуралд удирдан оролцоно" гэж мэдэгдсэн. АНУ-ын төлөөлөгчид Узбекистан улсад ажиллахдаа бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, Төв Азийн орнуудын түншлэлийг бэхжүүлэх боломжийг хэлэлцэх юм. Афганистаны одоогийн удирдлага хөрш зэргэлдээ гүрнүүдийн байр суурийг сонсох, шинэ эвслийн хүчийг бий болгохын тулд ”Талибан"-тай нухацтай хэлэлцээр хийх шаардлагатай. Эс тэгвэл иргэний дайны гал дүрэлзэж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудад нөлөөлнө. Ялангуяа Узбекистанд хүнд тусна.
 
Ташкентын уулзалтын зорилго Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт хамаатай. Тэрбээр Ерөнхий сайдаар 13 жил ажиллаад 2016 оны улс орноо тэргүүлэх болжээ. Мирзиёев гадаад, дотоод бодлогын далайцтай шинэчлэл эхлүүлсэн. Нээлттэй, идэвхтэй гадаад бодлого нь улс төрийн дотоод өөрчлөлтийн үргэлжлэл юм. Узбекстаны анхны Ерөнхийлөгч Ислам Каримовын үед Узбекистан гадаад ертөнцөөс нэлээд болгоомжилж байсан. ЗХУ задран унасны дараа Каримов зөвхөн эрх мэдлээ хадгалан үлдээд зогсохгүй Узбекстаны амьдралын хэв маягийг олон талаар хадгалж үлджээ. Тэрбээр Коммунист нам, эрх баригчид, хөдөө аж ахуй, эдийн засгийг бүхэлд нь хатуу хянадаг байсан юм. Каримов нь исламист, Америк, Хятад, Орос тэргүүтэй гадны нөлөөнөөс айдаг байв.
 
УЗБЕКИСТАН УКРАИН БИШ
 
Төв Азийн хамгийн их буюу 34 сая хүн амтай Узбекистан Зөвлөлтийн дараах орон зайд чухал байр суурь эзэлдэг ч Евразийн эдийн засгийн холбоонд элсээгүй. Ташкент Евразийн холбоонд ажиглагчийн статустайн ачаар гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй татдаг. Мирзиёевийг "Узбекийн Горбачев" гэдэг ч Михаил Сергеевичийн перестройкийн гунигт туршлагаас зайлсхийдэг. Харин Дэн Сяопиний амжилтыг давтахыг хүсч байна. Узбекистан бол Хятад биш гэдэг нь ойлгомжтой ч амжилттай шинэчлэлийн урьдчилсан нөхцөлүүд бий. Зөвлөлтийн аж үйлдвэрийн потенциалд тулгуурлан Узбекистаны эдийн засгийг дахин эхлүүлэх боломжтой. Үүний тулд боловсон хүчнээ бэлтгэж, хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай.
 
Узбекстанд хөрөнгө оруулах хүсэлтэй улс олон байдаг. Арабын баян орнууд, Турк, БНХАУ, ОХУ, Европ, АНУ онцгой анхаарал хандуулдаг. Эцсийн эцэст Ташкент бол Төв Азийн гол хүч юм. АНУ Афганистаныг эзэлсэн 2001 оноос хойш Узбекистаныг сонирхох болсон. Ислам Каримов америкчуудыг хөрш зэргэлдээ улс руу зэвсэгг хүчнээ шилжүүлэх цэргийн баазаар хангаж өгсөн бөгөөд Вашингтоны удирдлагууд Ташкентад байнга зочилдог. 2001 онд таван сарын дотор (Афганистан руу довтлох шийдвэр гаргах үед) АНУ-ын 18 сенатор, Конгрессын есөн гишүүн Узбекистанд айлчилсан бөгөөд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ямар ч улс ийм том буулт хийгээгүй юм. Гэвч америкчууд бүх зүйлийг балласан. Андижанд 2005 онд болсон үймээнд Ташкентыг буруутгасны улмаас цэргийн баазаа алдсан. Афганистанаас цэргээ гаргах бэлтгэл ажлын хүрээнд Цагаан ордон Ташкентад буулт хийжээ. Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Кпинтон Ташкентад хоёр удаа айлчилсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. Харин Ерөнхийлөгч Мирзиёев 2018 онд Ерөнхийлөгч асан Дональд Трамптай яриа хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэ гэрээ байгуулсан. Америкчууд Узбекистаны эрх баригчдыг, ялангуяа шашны эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн шүүмжлэлээ зогсоожээ. Вашингтон Узбекистаныг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь туслахаа амласан.
Худалдааны саадыг арилгах, хөрөнгө оруулалтын зэрэглэл, дэлхийн тавцан дахь Бүгд найрамдах улсын ерөнхий дүр төрхийг сайжруулахын тулд улс орнуудынхаа ашиг сонирхлыг ашиглана гэж найдаж байна. Узбекистанд өрнөдийн орнуудын хөрөнгө оруулалтыг даган хүний эрхийн төлөө тэмцэгчид, боловсролын хөтөлбөр, сангууд, соёлын төслүүд, хэвлэл мэдээллийн агентлагууд нэвтэрнэ. Узбекистан Украин биш бөгөөд "барууны сургууль"-аар дамжсан бүх хүмүүсийг гадны хүчний тагнуул гэж үзэх нь тэнэг хэрэг юм.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин