sonin.mn
Манайхан нэг бол Хятадыг учир зүггүй хоосон хараана, нэг бол аймаар хурдан хөгжиж байгааг магтана. Харин Хятадыг судлах гэсэн хамгийн чухал гол зүйлийг монголчууд ор тас мартсан. Нэгэнт судалж чадахгүй бол хоосон хараах, хий магтах хоёр угаасаа утгагүй. Манайхаас бусад бүх орон Хятадыг судалж байна. Хятадад нийгмийн асар их өөрчлөлт хийж, цоо шинэ нийгэм байгуулж байна. Энэ нь капитализм ч биш, мөн социализм ч биш, зүгээр л “цоо шинэ” нийгэм бололтой. Саяхан ОХУ-ын Олон улсын Улс төр, Эдийн засгийн Стратегийн Хүрээлэнгийн сайтад Хятадын талаар томоохон аналитик материал нийтэлжээ.
(https://russtrat.ru/reports/10-oktyabrya-2021-0010-6533?utm_source=finobzor.ru) Уг материал их том учраас түүнээс “хятадын шинэ загварын” тухай тун өчүүхэн хэсгийг таслан авч орчуулж байна. Ямар ч гэсэн монголчууд бидний санаж сэрэхэд тун хэрэгтэй гэж бодож байна.
 
Хятадын гео эдийн засгийн төлөвлөгөөний зэрэгцээгээр 2035 он гэхэд Хятадад “агуу их нэгдлийн нийгэм” байгуулах төлөвлөгөө нэн чухал геополитикийн ач холбогдолтой юм. ХКН-ын дээд удирдагчдын мэдэгдлүүдэд анализ хийж үзэхэд ирэх арваад ажилд Хятад улс Баруунд ноёрхож буй “либерал ардчилсан” хандлага, “нээлтэй зах зээлийн” хандлагаас эрс ялгагдах нийгмийн цоо шинэ загварыг практикт хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа нь илт байна. Энэ нь АНУ-ын удирдсан “барууны хамтлаг” хийгээд Хятадын хоорондын үзэл санааны зөрчлийг автоматаар урьдчилан тодорхойлж байна.                       
Хэдийгээр Хятадын удирдагчдын практик алхмуудын нарийн ширийн зүйлс нэг-хоёр жилийн дараа тодорхой болох авч, “хятадын төлөвлөгөөний” суурь асуудлууд одоо ч илт мэдэгдэж байна.     
 
 
 
2021-2025 оны Хятадын XIY таван жилийн төлөвлөгөөгөөр бол хүн амын 90%-иас доошгүйг нийгмийн баталгаагаар хангах үүргийг төр авахаар болжээ. Өөрөөр хэлбэл Хятадын нийгмийн баталгааг дэлхийн дурын орны түвшингөөс дээгүүр барих “нийгмийн улс” байгуулах асуудлын энд хөндөж байна.     
 
 
 
Энэ нь өндөр орлого олох нөхцлийг хангахтай хослоод ирэхээрээ “хятадын аж төрөх ёс” дурын ямар ч улсаас маргаангүй давуу талтай гэдэг бат бөх итгэл үнэмшил, наад зах нь хятадын иргэдэд төрүүлэх юм. АСЕАН-ны (Бүс нутгийн бүх талын хамтын ажиллагааны гэрээ) үндсэн дээр эдүгээ төлөвшиж буй бүх “хятадын эдийн засгийн кластерт” ийм итгэл үнэмшил төрүүлэх хэтийн төлөв харагдаж байна.    
 
Чингэхдээ энэхүү “амтат боовыг” ташуур дагалдаж байна. Энэ нь нийгмийн хувьд, бизнесийн хувьд гэсэн 2 хэлбэртэй.
Ертөнцийг үзэх хийгээд зан үйлийн социаль шинэ загвар бүрдүүлэхийн тулд 2021.01.01-ээс эхлэн Хятадын түүхэнд анх удаагийн Иргэний хуулийн хуулийг хэрэгжүүлэхээр болов. Үүгээр Хятадад “нийгмийн зээлийн систем”-ийг өргөн хэрэглэх болж байна.        
Энэ концепцийн хүрээнд хятадын иргэн бүрт нийгмийн тодорхой гарааны оноо (балл) өгөх ба энэ оноо ямар байхаас тухайн иргэний нийгмийн баялагт хүрэх, тэр ч байтугай иргэний тодорхой эрх чөлөөний түвшин хамаарна.   
   
 
Нийтдээ 142 албан байгууллагаас хүлээн авсан 160.000 параметрт анализ хийсний үндсэн дээр Нэгдсэн мэдээллийн Төв иргэдийн зан үйлд шинжилгээ хийж, түүний рейтингийг ихэсгэх буюу багасгана.    
 
 
 
Дараах тохиолдолд хятад иргэн нийгмийн нэмэлт оноо авна: буяны болон сайн санааны үйлст оролцсон, гэр бүлийнхээ ахмад настнуудыг асарч халамжилсан, хөршүүдтэйгээ сайн харилцсан, ядууст тусалсан, донорын цус өгсөн, нийгмийн сүлжээнд засгийн газрыг дэмжсэн, санхүү зээлийн сайн түүхтэй, дурын баатарлаг үйлс бүтээсэн гэх мэт.         
Дараах тохиолдолд хятадын иргэн нийгмийн онооноосоо хасуулна: замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, нийгмийн эсрэг буюу нийгэмд гаж үйлдэл гаргасан, хулигантсан, сайн хөршийн хийгээд нийтийн байрны хэм хэмжээ зөрчсөн, төр засгийн эсрэг эсэргүүцэлд оролцон, нийгмийн сүлжээнд засгийн газрын эсрэг мэдээлэл байрлуулсан, өндөр настан эцэг эхээ дутуу халамжилсан, интернетэд цуурхал болон гүтгэлэг тараасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ уучлал гуйгаагүй, элдэв (шашны гэж ойлгов-Х.Д.Г. ) сектэд оролцсон, он-лайн тоглоомд луйвар хийсэн гэх мэт.           
 
Эхлээд иргэнд 1000 оноо (үүнийг А түвшин гэнэ) өгөх ба түүнд бүх төрлийн үйлчилгээ хийгээд бүх боломж, түүний дотор төрийн алба хаах, бизнес эрхлэх боломж олгоно. Түүнчлэн тухайлсан болон бүс нутгийн бонус нэмнэ. Жишээлбэл: тээврээр зорчих болон зочид буудал, нийтийн үйлчилгээний элдэв хөнгөлөлт, мөн зээл авах хөнгөлөлттэй нөхцөл зэргийг олгоно.       
Хэрэв онооны түвшин 599-өөс доош орвол D категори руу орох бөгөөд ингэвэл тээврээр зорчих болон бусад төрлийн олон боломж хасагдана, түүнчлэн албан тушаалын түвшинг хязгаарлана. Зарим төрлийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглоно.
Иргэний рейтинг их муу тохиолдолд бүх нийтээр буруутган зэмлэх, шоолох, буруутан хүмүүсийн нэрсийг танил нөхдүүд, хамт ажиллагсад болон төрөл саданд нь мэдээлнэ.        
 
Дээр дурдсан бүхнийг барууны либерал үзлийн үүднээс “цифрийн бөөнөөр хорих лагерь” гэж харах ба “эрх чөлөө, ардчиллыг” ялуулахын тулд үүнийг “түлхэн унагахыг” уриалан дуудах хэмжээнд хүрнэ. Наад зах нь мэдээллийн орон зайд интернет дэх “хятад ертөнцийг” мэдээллийн хувьд тусгаарлах тухай нэг талаас ярина, нөгөө талаас Хятадын удирдагчид мэдээллийн давших гадаад бодлогоо өргөтгөхийг шаардаж байгаа юм. Ингээд Хятад болон “барууны ертөнц” хоёрын хоорондын “ертөнцийг үзэх үнэт зүйлсийн” хагарал гүнзгийрэхийг харах л үлдэж байна.              
Хятадын эрх баригчид “нийгмийг дахин хүмүүжүүлэхийн” зэрэгцээгээр бизнесийн корпоратив (хамтын гэсэн агуулга-Х.Д.Г.) нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх хөтөлбөр өрнүүлж эхлэв. Хэдийгээр үүнийг ЗХУ-д байсан “Шинэ эдийн засгийн бодлого буюу НЭП”, “1937 оны хэлмэгдүүлэлттэй” буруу дүйцүүлж байгаа боловч үнэхээр шал өөр юм болж байгаа нь тодорхой байна.
Энд нийгмийн өндөр орлоготой давхраа, ялангуяа том бизнес эрхлэгчдийн нийгмийн ухамсарт “шударгаар хуваах” нь зайлшгүйн тухай үндэслэлийг (постулат) суулгах тухай ярьж байна.     
 
 
Гэхдээ “хэтэрхий их мөнгө” шулан мөлжих тухай биш, харин олсон цэвэр ашиг, хувиараа олсон том орлогынхоо дөрөвний нэгээс багагүйг “амьдарч байгаа нутгийнхаа сайн сайхны төлөө зарцуулахын чухлыг ойлгуулж байна.     
 
 
 
Үүний дараа хятадын хэд хэдэн мужид төрийн бус сангууд олноороо бий болж, эдгээр сангуудаас тээврийн болон нийгмийн дэд бүтэц, барилга байгуулалт хөгжүүлэх, хүүхдийн цэцэрлэг, сургууль, нийгмийн үйлчилгээний төвүүдийг сайжруулах, нийтийн амралтын ая тухтай, тохилог орчин бүрдүүлэх, биеийн тамир, спортыг дэмжих, орон нутгийн замын сүлжээ, орон нутгийн тээвэр, түүний дотор хямд каршерингийн (машин түр түрээслэх) систем хөгжүүлэхэд санхүүжилт хийх эхэлжээ. Ялангуяа хог хаягдал устгах, экологийн аюулгүй байдлыг сайжруулах технологийн хөгжил онцгой байр суурь эзлэх болов.                  
Улмаар сайн сайхан байдлын дээшлэлтийг “юм бүхэнд мөнгө төлөх” түвшинд хүртэл буруугаар эргүүлж болохгүйг иш үндэс болгож байна. Барууны соёлоос үзэхэд ийм байдал нь энд тэндгүй нийгэм атомжиж, нийгмийн суурь үндэс эвдэрч, нийгэм бие биенээсээ ялгаатай бүлгүүд болон задарч, ертөнцийг үзэх үзлээрээ гүнзгий ялгаатай давхраа болон хуваагдахад хүргэж байна.            
 
Харин үүний урвуугаар сайн сайхан байдал ихсэх нь нийгмийн өмнө хүний хүлээсэн социаль үүрэгтэй яв цав нийцэх ёстой. Түүний дотор бүх нийгэм хамтдаа амьдарч буй хүрээлэн буй орчныг сайжуулахтай зохицож байх ёстой.       
Дээр дурдсан бүхэн “нийгмийн их нэгдэлд” хүрэхийн тулд зарлан буй зорилгодоо хүрэх эсэхийг одоо хэлэхэд хүнд. Гэхдээ ийм зорилго руу хамгийн эхлээд Хятад чиглэж байгаа нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл “хятад аж төрөх ёс”-ны давшилт хятадын хилээс хараахан гараагүй байна.     
Эндээс Хятадын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн (модернизаци) эцсийн үр дүн нь Азийн “бүх нийтээр цэцэглэсэн орон зайд” буй “дундад улс” байдалтай БНХАУ гэсэн харьцангуй хаалттай  “хятад” кластер төлөвших явдал болж байна.     
Зүүн-Өмнөд Азийн хилээр, Пакистан, магадгүй Иран  мэтийн Төв-Азийн орнууд түүний гадаад хүрээ зааг болох нь их магадлалтай. Түүнд бусад ертөнцийг оруулах асуудал яригдаагүй. Наад зах нь энэ зууны төгсгөл хүртэл…
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://ganaa.mn/- ээс уншина уу