сонин mn
ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЦИЙН БОЛОН ЁС СУРТАХУУНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ
 
Монголчуудын сэтгэц, ёс суртахууны төлөв байдлыг цар тахлын үетэй зарим талаар холбон өгүүлэхийг зорьлоо. “Ковид-19” хэмээх цар тахал дэлхийгээр тархаж, одоогийн байдлаар 250 сая гаруй хүн өвчилж, таван сая гаруй хүн нас бараад байгаа ч энэ нь хүн төрөлхтөнд тохиож буй анхны цар тахал, өвчин зовлон биш. Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа олон зовлон бэрхшээл туулж ирсэн. Ганц нэг болон хэсэг бүлэг улс орон, бүр бүх дэлхийг хамарсан дайн дажин, өвчин тахал, байгалийн гамшигт үзэгдэл олонтоо тохиож, хүмүүс хэдэн зуун мянгаараа, сая саяараа хиарч байсан. Хамгийн анхны цар тахал НТ 165-180 онд эртний Ромд дэлгэрч, таван сая орчим хүн амь насаа алдсан бол Дэлхийн I дайны эцсээр 1918 оны хавар эхэлж, 1920 оныг дуустал үргэлжилсэн Испани ханиад 17 сая гаруй хүний амийг авч одсон. Гэвч хүн төрөлхтөн тэдгээрийг даван туулсан төдийгүй ихийг сурч, бүтээж, туршлага хуримтлуулж, шинжлэх ухаанууд хөгжсөн байдаг.
 
Зовлон үзэх цагт хүний тар танигддаг гэдэгчлэн янз бүрээр мутацлагдаж буй “Ковид-19” цар тахлын үед монголчууд хэр зэрэг ёс суртахуунтай, зан суртахууны хувьд хэрхэн төлөвшсөн, сэтгэцийн шинж, байдлын хувьд ямар онцлогтой, ямар зан чанартай болох нь харагдаж буй. Зовлон бэрхшээлд буруу хандах, амиа бодох, бусдын зовлонг эс ойлгох, үл хуваалцах, өөрөө өвдөхгүй мэт аяглах, элдвээр хатуурхах, шударга бусыг үйлдэх, үнэн мөнийг олохыг эс хичээх, худал ярих, хуурмаг мэдээлэл тараах, өмч хөрөнгө завших, үүргээ эс ухамсарлах, хувийн сахилга батгүй, хариуцлагагүй байх зэрэг ёс суртахууны дутагдал, зан төлөв, зоригийн хувьд сул дорой, сэтгэлийн хатгүй, тэсвэргүй, хүлээцгүй, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах чадваргүй, бусдын буруу үйлдлийг даган дуураймтгай зэрэг сэтгэцийн шинж, сөрөг, худал хуурмаг мэдээлэлд автсаны улмаас айх, түгших, бухимдах, хямрах, гутрах зэрэг сэтгэцийн байдал түгээмэл ажиглагдсан. Ухамсар доогуур, зөв бурууг ялгах чадвар тааруу байгаа нь ч харагдсан. Энэ цагийн монголчуудын сэтгэц, ёс суртахууныг ерөнхийд нь дараах төлөв байдалтай байна гэж дүгнэж болохоор.
 
Үүнд: Зан төлөв, зоригийн хувьд сул дорой, сэтгэлийн хат муутай болж байна. Өөрийгөө хөөрхийлдөг хүн цөөнгүй болж буй. Өөрийгөө хөөрхийлөх нь зан төлөв, зоригийн хувьд сул дорой байгаагийн шинж.
 
 
 
Сул доройчууд нь биеийн ямар нэг өвчин, оюуны эмгэгийн улмаас зовж шаналж байгаа бус, харин сэтгэцийн сөрөг байдал, бэлэнчлэх, бусдыг шимж, дуурайж амьдрах хүсэл шуналынхаа уршгаар сул дорой болсон, идэвхгүй назгай, шуналтай хүмүүс байдаг. Өөрийгөө хөөрхийлдөг хүн сахилга баттай, хариуцлагатай байх, ахиж дэвших чадваргүй.
 
 
 
Хүн өөрийгөө хөөрхийлснөөр бодож санаснаа хэрэгжүүлэх хүч чадалгүй, урьдчилан харах, нөхцөл байдлыг бодитой дүгнэх чадваргүй болдог тул шийдвэрийг ухамсартай гаргаж чадахаа больдог. Сэтгэцийн шинжүүд, хувь хүний зан чанарын бүрдэл болох зан төлөв, зоригийн эерэг шинжүүдийг өөртөө бий болгон төлөвшүүлэх замаар энэ сул дорой байдлаас гарч болно. Бусдад өндөр шаардлага тавьдаг ч өөртөө шаардлага тавихдаа тааруу хүн олон байна.
 
Тэвчээргүй, хүлээцгүй, адгуу, яаруу хүн олширч буй. Бүх зүйл тодорхой хугацаатай, үргэлж нэг янзаар байгаад байдаггүй, хувирч өөрчлөгддөг жамтайг мэддэггүй хүмүүс нэлээд бололтой. Ийм хүмүүс саад бэрхшээл, өвчин зовлонг хэтэрхий хүндээр хүлээн авдаг, тэвчээргүй, хүлээцгүй ханддаг, сэтгэлээ бусдаас илүүтэй зовоодог, улмаар сэтгэл санаагаар унадаг. Тэд энэ цагийн цар тахал ч зуурдынх, хэзээ нэгэн цагт үгүй болно, оргүй алга болдоггүй юм гэхэд урьдчилан сэргийлэх, эдгээх арга хэрэгсэл бий болгоно гэдгийг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаагаас ийм байдалд орж буй. Энэ цөвүүн цагийн өвчинд тэвчээртэй, хүлээцтэй хандсанаар зовлон дээр зовлон нэмэхгүйгээр зөв туулж чадна. Тэвчээр, хүлээц нь зоригийн шинжүүд. Зах зээлийн нийгэмд орсноос хойш монголчууд их адгуу, яаруу, дайрч давшилсан хүмүүс болсон. Машин тэргээ унаад замын хөдөлгөөнд оролцогчид ийм байдаг. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ хэдхэн хором хүлээж тэвчээгүйгээс бусдыг болон өөрийгөө эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохироогсод, амь насаа алдагсадын тоо улам бүр өссөөр.
 
Аз жаргалын тухай буруу ойлголт, хандлагатай, хүний сэтгэл хэзээ ч бүрэн ханадаггүй, өөрчлөгдөж байдагийг мэдэхгүй хүмүүс байна. Жинхэнэ жаргалыг баян чинээлэг, хангалуун байдал, тохь тух, зугаа цэнгэлтэй адилтгаж, хойноос нь ямар ч хамаагүй аргаар хөөцөлдөгчдийн тоо нэмэгдсээр. Тэд зөвийг хүсдэг ч бурууд татагдан хууртагдаж, хангалуун байдалд дэндүү дуртай, өнгө, мөнгө, эд баялагт татагдамтгай болж буй. Аз жаргалыг хөрөнгө мөнгөтэй байх явдал хэмээн ойлгож, эд баялаг жаргал авч ирнэ гэж бодож, элдэв юмс худалдан авах, цуглуулан хуримтлуулахын төлөө үхэн хатан зүтгэж, ингэж чадвал жаргаж байна хэмээн үздэг хүн цөөнгүй. Хөрөнгө мөнгө, өнгө үзэмжийг шүтэж,улам олныг олж авах, бүгдийг амжуулахын төлөө улайрч, элбэг хангалуун, баян тансаг байдалд шунан дурлаж, завшихын хойноос хөөцөлдөж, бусдыг захирах хүсэлд автаж, атаархаж, өс хонзон санаж, амиа бодож, өөрийгөө ихэд үзэгчид ч бий болсоор. Эд хөрөнгө үнэн хэрэгтээ жаргал биш харин зовлон авчирдаг болохыг хүмүүс төдийлөн ойлгохгүй байна. Их эд хөрөнгө дор хаяад бусдын атаа жөтөөг хөдөлгөж, хардлага сэрдлэг төрүүлдэг. Ер нь хүн гадны юмсад биш, харин өөрийн дотоодод илүүтэй анхаарах ёстой. Сэтгэл хэзээ ч бүрэн дүүрэн ханадаггүйг ухаарч ойлгоогүй, сэтгэл нэг янзаар байгаад байдаггүй, хувьсан өөрчлөгддөг гэдгийг мэддэггүйн улмаас олон буруу үйлдэл хийж байгаа.
 
 
 
Хайртай хүн нь сэтгэл буруулах төдийд амиа егүүтгэж, хайр сэтгэлийг нь ойлгож хүлээн аваагүй хүнийг буудан хороож, хань ижилтэйгээ ойлголцоогүйн улмаас өндрөөс унаж амиа алдсаар. Сэтгэл хэзээ ч бүрэн ханадаггүй нь эгэл амьдралын зайлшгүй дутагдлуудын нэг гэж Будда тодорхойлсон.
 
 
 
Бэрхшээл, зовлонд буруу хандаж байна. Хүмүүс амьдралыг өөртөө, өөрийн дутагдал, нөхцөл байдалд тохируулах гэж чадах бүхнээ хийж, хариуцлагаас байнга зайлсхийж, бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч чадахгүй, зовлон бэрхшээлийг амьдралын зайлшгүй нэг хэсэг, тэдгээрээс зугтах боломжгүй гэдгийг ойлгохгүй байна. Амьд байгаа цагтаа элдэв саад бэрхшээл, өвчин эмгэг, тэнцвэргүй, эмх замбараагүй явдалтай тулгарсаар байна гэж боддоггүй, олж авсан амьдралаа бэлэг гэж үздэг, түүнийг хүүтэй нь хамт эргүүлж өгөх үүргийг хүлээх ёстойг мэддэггүй хүн зовлон, бэрхшээлд буруу ханддаг. Өөрт учирсан зовлон, бэрхшээлд бусдыг буруутгагчид бий. Хүн амьдарч л байвал зовлон, бэрхшээлтэй тулгардаг. “Амьдрал зовлон. Хүн амьдралд зовох нь үнэн, түүнийг туулах арга зам олдох нь үнэн, туулах нь үнэн” гэсэн Буддагийн сургаал байдаг. Аливаа харилцаа, ялангуяа гэр бүлийн харилцаанд үүсдэг зөрчил маргаан, хэрүүл тэмцэл, уур бухимдал, айдас түгшүүр, хүчирхийллийн шалтгаан нь хэн нэгэн өөрийгөө зөвтгөх, үзэл бодлоо хүчээр хүлээлгэх, зовж байгаадаа бусдыг буруутгах явдал байдаг. Хүн ихэвчлэн өөрөөсөө болж зовдог, хүн бүр бэрхшээл зовлонтой учирна, зовлон амсдаггүй хүн үгүй. Хүмүүсийн зовлонгийн хугацаа, хэмжээ, агуулга нь өөр.
 
Өөрсдөө санагддаг шигээ ухамсартай биш байна. Монголчуудын олонхын ухамсар хамгийн доод, бүдүүлэг, “хүслийн” хэмээн нэрлэгддэг түвшинд байна уу даа гэж санагддаг. Ухамсрын доод түвшинд хүн бие махбодын хүсэлд илүүтэй автдаг. Биеийн жаргал цэнгэл, ая тух, эдийн засгийн хувьд элбэг хангалуун байдал, материаллаг талд илүүтэй анхаардаг, биеийн хүслийг хорьж дийлдэггүй, зоргоор нь тавьдаг хүний тоо нэмэгдсээр. Бие махбодын хүслийн ухамсар болох доод, бүдүүлэг түвшний ухамсраа дээшлүүлж, дээд ухамсарт хүрэх шаардлагатай нь харагддаг. Дээд ухамсар аливааг мөн чанараар нь ухаарч ойлгох чадвар, сэтгэлийн чанар, хүн дотооддоо гаргах эерэг өөрчлөлтүүд. Ухамсраа дээшлүүлэхгүйгээр монголчууд сэтгэлийн болон ёс суртахууны доройтлоос гарч чадахгүй. Өнөөгийнхөн оюуныг чухалчлан шүтэж, ухамсраас ангид оюун ухаан ач холбогдолгүй, оюун нь уураг тархины чадвар, дээд ухамсар нь хүний хамгийн эрхэм чанар гэдгийг мэдэхгүй байна. Бидэнд материаллаг зүйл их байгаа ч хүний гэсэн чанар тун бага байна, бид мөн чанараа гээсээр дуусгах нь ээ. Сэтгэлээ боловсруулж, сэтгэлийн сайн сайхан чанаруудыг олж авч байж дээд ухамсартай болно.
 
Зохиомол дүр төрхийн төлөө амьдардаг боллоо. Бусдын анхаарлыг татах, таашаалд нь нийцэх, магтаал, сайшаал хүртэх, шагнал, цол, зэрэг хүртэх гэж зохиомол, хиймэл дүр бий болгодог болсон. Зохиомол дүр төрхийн төлөө амьдарч нь өөрийн “Би”-гээс татгалзаж, мөн чанараасаа холдож, нийгмийн тусгал, цуурай нь болж, бөөн олныхоор боддог, мэдэрдэг, үйлддэг, өөрийн гэсэн юмгүй амьтан болдог. Зохиомол дүр төрх нь төсөөллийн энгийн бүтээгдэхүүн төдий утга учиргүй зүйл гэдгийг ойлгууштай. Бусдын буруу үйдлийг даган дуурайгчид бий болсоор. Үйлдлийн зөв буруу, сайн мууг ойлгож ухаарах, ялгаж салгах чадваргүй, зан төлөвийн хат, сэтгэлийн тэнхээ, ир зориг суугаагүй, зан суртахуун нь төлөвшөөгүй хүүхэд, залуус бусдын буруу үйлдлийг даган дуурайгчид бий болсоор. Үйлдлийн зөв буруу, сайн мууг ойлгож ухаарах, ялгаж салгах чадваргүй, зан төлөвийн хат, сэтгэлийн тэнхээ, ир зориг суугаагүй, зан суртахуун нь төлөвшөөгүй хүүхэд, залуус бусдын буруу үйлдлийг даган дуурайх нь элбэг. Амиа хорлох үйлдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж, үзүүлж харуулах нь сэдэл төрүүлж, өдөөн турхирдаг. Манай телевизүүд ийм үйлдэлд томоохон олз мэт хандаж, дуу дуугаа авалцан орхилгүй нэвтрүүлдэг, бүр даваадуулан мэдээлэх нь ч бий.
 
 
 
Сэтгэлийн хат муутай, хүмүүжлийн доголдолтой, мэдлэг, боловсрол тааруу, итгэл үнэмшилгүй хүмүүс бусдын буруу хазгай үйлдлийг дуураймтгай байдаг. Хүмүүс олуул болох тусмаа бие биеэ илүүтэй даган дуурайдаг. Бусдыг даган дуурайх нь “халдварлах” шинжтэй, ятган үнэмшүүлэх чадвартай үзэгдэл. Сэтгэцийн аливаа байдал бусдад халдварладаг ч сөрөг муу нь тун түргэн, өргөн хүрээтэй түгэн тархдаг. Муу угаас хүч чадалтай. Муу юм модон улаатай ч гэдэг.
 
 
 
Ач гавьяа, хувь нэмэргүй, биеэ оторлогч олширч буй. Хүний эдлэх эрх нь түүний ач гавьяа, хичээл зүтгэлд үндэслэгдсэн, өөрөөр хэлбэл нийгэмд оруулсан хувь нэмрээс нь хамаардаг байх ёстойг хаана ч хэлж ярихгүй байна. Хэрэгцээг нь хангахыг төр засгаас, бусдаас шаардан суугчид олноор төрсөөр. Тэд шаардаж буй зүйлээ авах ач гавьяатай юу, эдэлж буй зовлон бэрхшээл нь залхуу, сахилга батгүй, хариуцлагагүй байсных нь шийтгэл биш байгаа гэсэн асуултыг өөртөө хэзээ ч тавьдаггүй. Биеэ оторлогчид олширч байна. Ямар ч хүчин чармайлт гаргахгүй, өчүүхэн ч болов бүтээлч эрчим зарцуулахгүй, оньст хүүхэлдэй, ороонго (шимэгч ургамал) шиг бусдын эрчмээр хооллож, хүч чадлыг нь ашиглан амьдрагчид олширлоо. Юу ч үйлдвэрлэж бүтээдэггүй хүмүүс бол бусдын бүтээлч хүч, хөдөлмөрийг завшин таатайхан амьдардаг шимэн мөлжигчид. Нас залуу, оюун саруул, бие эрүүл мөртлөө авьяас, чадвараа бүтээлчээр ашигладаггүй, нийгэмд хэрэг болох зүйл хийж хувь нэмэр оруулахыг хүсдэггүй, чаддаг юмгүй хэрнээ өөрт ашиг гаргахыг оролддог хүмүүс ч бий болсоор.
 
 
Үргэлжлэл бий.
 
Банзрагчийн ОЮУНЧИМЭГ
Есзүй сэтгэл судлалын боловсролын төв-НҮТББ-ын захирал, сэтгэл судлалын ухааны доктор, профессор