sonin.mn
ЭХЛЭЛ
 
Энэ бууралтай бүтэн гурван цаг хөөрөлдөж суулаа. Түүний яриаг сонсоод байхад томоохон ном судар эргүүлээд, бас түүх уншаад байх шиг тэр дотор Монголын хоёр зуун дамжсан улс төрийн амьдралыг тольдоод байгаа мэт санаа төрж байлаа.
Цэрэнпилийн Балхаажав гэдэг эрхэм хүн Завхан аймгийн Цагаанчулуутынх гэнэ. Ингээд бодохуйд Завханаас л өнгөрсөн түүхийн болон өнөө үед зовхи нь өөдөө содон хүмүүс төрдөг. Тэдний нэг нь бас энэ хүн юмсан уу гэж бодогдсон шүү. Далимд нь дурсахад дээр үеийн хутагт хувилгаадаас эхлээд сүүлийн үеийн Монголын Ерөнхийлөгч нарын анхдагчид гээд энэ нутгийнх байсан гэдгийг хүмүүс бараг мэдэх биз ээ.
 
Үгүй ер нь тэр Ц.Балхаажав гэдэг өвгөнийг зууны хүн гэж онцлон өргөмжиллөө гэх зарим нэгэн байж магадгүй. Тэгвэл та нарын Монголыг хөгжүүлж, удирдан чиглүүлж явсан гэх хмүүүстэй чинь хамтдаа ажиллаж үйл бүтээлийг нь гардалцаж "гал тогоо"-г барилцаж явсан хүн шүү гэдгийг чангахан хэлээд өгье л дөө.
Шуудхан хэлэхэд Ц.Балхаажав гуай бол Монголын улс төрийн амьдралын нэгэн үеийн нууцлаг ертөнц юм. Нууцлаг гэхээр мэдсэн сурснаа цаанаа хадгалаад ажил албандаа өөрөөр ханддаг байсан гэсэн үг биш л дээ. Юу мэддэг чаддаг нь, оюун бодол нь эрхэлсэн ажил албандаа шингээд улс орноо өөдрөг байлгах, хамт ажиллагсаддаа үлгэрлэл сайтай байхын тод жишээ болж байсан хүн гэж л хэлэх гээд байгаа юм. Хүнд хэн нэг томоохон хүний нөмөр нөөлөг туссан байдаг гэдэг бол амьдралд байх л ёстой зүйл гэдэг нь хаа нэгтээд бичигдээгүй хууль. Хэдийгээр алт мөнгөөр эд зүйл бүтээдэг уран дархан хүн байлаа гэхэд багшаасаа тэс өөр юм хийнэ гэж байхгүй гэж болно. Тэгвэл улс төрд бол огт өөр. Арга барилын хувьд жаахан адилсал байж магад. Гэхдээ өөрийн гэсэн мэдлэг чадвар, оюуны цар хүрээ гэж байгаа цагт "өөрийн эзэмшлийн" гэхээр ажил албаны давтагдашгүй хандлага, бүтээгч чанар гэж байх учиртайг Ц.Балхаажав гуайн ярианаас лавхан ойлгож болох юм.
 
Энэ хүнийг цэл залуу 16-хан настайдаа л  өөрийгөө олсон гэж хэлж болом. Сургуульд суухаасаа өмнө монгол бичгээр уншдаг, бага сага бичдэг байж. Тэр нь сургуульд ороод улам өсч цаг үе нь ч тийм байсан юм байлгүй тун удалгүй монгол, крилл хос бичгийн багш болсон намтартай юм. Орос хэлийг номтой нөхөрлөснөөр бусдаас дутахааргүй сурсан гэж хэлдэг юм билээ. Ц.Балхаажав гуай өнөөдөр ерэн насыг хол давсан байгаа ч бие сэтгэл нь тэнүүн, яриа хөөрөө нь цэцэн цэлмэг хийгээд Монголын нийгэм, улс төрийн амьдралын өнгөрсөн болон өнөө үеийн байдлыг оюун ухаандаа шүүн тунгаасаар суугааг сонсоход биширмээр л.
Уран зохиол, соёл урлагийн алдартнуудын тухай судалгаа хийсэн нь зөндөө л байдаг. Түүнлүгээ Ц.Балхаажав гуайн ажил амьдрал, бүтээлийг нь судлагдахууны болгоод үзэх юм бол чамгүй олон боть ном болно оо доо. Юуны өмнө Монголын улс төрийн амьдралын тодорхой үеийн түүхийг, тэр түүхийг бүтээлцсэн аугаа хүмүүсийн тухайд энэ хүн гүн ухаанчаар сэтгэн бодож явдгийг нь гүйцэд ухаарч авахсан гэж бодогдоно.
 
 
Монголын улс төрд бидний мэдэх бас бараг мэдэхгүй Г.Бумцэнд, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Б.Ширэндэв зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүдтэй нэгэн үед амьдарч, хамт ажиллаж улс орноо хөгжүүлэхийн төлөө мэдлэг, оюунаа зориулж явсан нэгэн бол Цэрэнпмилийн Балхаажав гэж хэлэхэд ёстой нүүр бардам юм даа.
 
 
 
Тэр зөвхөн улстөрч төдий биш олон зуун шавьтай багш хүн. К.Марксийн тодорхойлсноор хамгийн үнэтэй капитал бол хүн гэдэг. Тэгвэл тэр үнэт капитал хүний тухай судалгааны олон боть номыг бүтээсэн эрдэмтэн. Бас намтарт нь философич, улс төр, нийгэм хийгээд хүн судлаач гэсэн тодотгол дагалдана.
 
*          *         *
Ц.Балхаажав гуайн хувийн намтрын эхэнд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг Цахир уулын зүүн биед орших Баруун туулайтын Үүдэн цохио гэдэг газар 1928 онд төржээ гэсэн бичээс бий.
Өвгөн бага насаа дурсахдаа "Би их азтай хүн шүү. Сайн ижий, сайхан ах болон өвөөгийнхөө гар дээр эрдэм номтой буянтай хүмүүсийн үг сургаалийг сонсож өссөн. Багаасаа бичиг ном сурч багш болж яваад сүүлд нь дотоод, гадаадад их, дээд сургууль дүүргэж хүний сурдгийг сурч, хийдэг ажил албыг хашиж явлаа гэж хэлдэг юм билээ. Өвөө Түвдэнсүрэн нь тайж гаралтай гайгүй эрдэм, номтой нэгэн байсан гэдэг. Тэр хүн Балхаажавыг дагуулан Мээрэн Сандуйжав дээр аваачиж:
 
-За хө та энэ хүүхдийг бичиг үсэгтэй болгож өг гэж хэлж. Тэр ёсоор номын шавь нь болов. Бас өвөөд нь ааваас нь үлдсэн модон барын бичигтэй судрууд, Гаанжуур, Даанжуур гээд номон далайд өссөн нь жаал хүү Балхаажавын хувьд номд дуртай болох түлхүүр нь байв. Тоонд гарамгай хүүхэд байж. Учир нь Цэрэнпил ах нь аян жинд их явдаг панз маягийн хүн байсан болоод дүүгээ чээж бодлогод тун гайгүй болгож. Бага сургуульд байхдаа л саяын дотор тоог торолгүй чээжээр хэлдэг байж. Тэгээд бага сургуулиа төгсөөд л багш болов.
Ц.Балхаажав гуай би чинь малчин болохоо шахсан, урлагийн хүн байхаа дөхсөн хүн шүү дээ гэж хошигнодог. Энэ нь дөнгөж бага сургууль төгсөх үедээ ижий Т.Намнансүрэн нь насан өөд болсон учир хөдөө гарч малчин болоод бараг гурван жилийг өнгөрүүлж. Гэтэл 1945 онд бичиг үсгийн багш болсон нь ажил албаных нь эхлэл байв. Мөн энэ үедээ сумын улаанбулангийн эрхлэгчийн үүрэг бас хүлээжээ.
Улаанбулангийнхаа гэрт хичээлээ заана. Бас эгшигт хайрцаг тавина. Мандолинтай бүжиг явуулна. Цаашлаад уран сайханчид, шавь нараа дайчлан Д.Нацагдоржийн "Учиртай гурав"-ыг хүртэл тоглуулж байж. Дараа нь сумынхаа сургуульд багшаар томилогдоод хоёр жилийн дараа Намын шинэ хүчний дээд сургуульд (Намын дээр сургууль тийм нэртэй байв) элсэж Улаанбаатарын хүн болов.
 
-Таныг орос хэлд хэнээс ч дутахгүй сайн гэж хүмүүс ярилцдаг юм билээ гэхэд:
-Яахав дээ. Төгс эзэмшсэн гэх ч дэндэнэ. Гайгүй л сурсан. Сайн багшийн нөлөө ч орсон гээд сонин нь намайг Намын дээд сургуульд дөнгөж ирээд байхад түүхийн багш Доржсүрэн гэдэг хүн:
-Чи үүнийг орос хэл дээр хөрвүүл гэж "Хүний гарал үүсэл" гэсэн ном өгдөг юм.
-Багш аа би орос хэл мэдэхгүй шүү дээ гэсэн тэр багш "Чи хий заавал. Үг бүрийг толь бичгээс үз. Тэгвэл чамд энэ номын утга санаа бүрэн үлдэнэ" гээд тулгачихдаг юм. Тэгснээр би сар болоход 1500 үг чээжилчихсэн байсан. Удалгүй номоо орос хэл дээр болгочихсон. Хүнийг шахвал юм сурдаг гэдэг энэ л дээ. Эндээс л орос хэлний зүг чигийг олж авсан даа гэж хэлнэлээ.
Хүн гэж хэн бэ гэдгийг олж мэдсэн гэж бас ярьдаг. Тэгээд хүн судлал гэсэн сэдвийг барьж авч цөөнгүй бүтээл гаргаж эрдмийн цол зэрэг хамгаалж төр, засгийн ажил албанд байхдаа самуурч орхилгүй "хүн"-ээ авч явсаар тэр нь өдий насыг наслатал хоолоо олж идэх, эрдэмтэн гэгдэж явах өгөөжийг түүнд өгсөн байх юм. Ц.Балхаажав Намын дээд сургуулиа төгсөөд тэндээ багш болж бараг гурван жилийн нүүр үзээд Намын түүхийн институт гэж байгуулагдахад эрдэм шинжилгээний ажилтнаар очсон байдаг. Тэгээд тун удалгүй Москвагийн их сургуульд явжээ. Философи буюу гүн ухааны эрдэмд шамдан суралцсан үе нь тэр байв.
 
Энэ сургуульд В.С.Молодцов гэдэг багштай байсан тухайгаа тэр дурсан ярихдаа:
-Тэр хүн намайг дааж авсан байлаа. Тэгээд ертөнцийг үзэх түгээмэл үзэл бол философи. Алив юмны голыг олж таних ухаан бол энэ. Философийн тулгуур эх суурь нь тоо, физик, хими зэрэг байгалийн шинжлэх ухаанууд. Эдгээрийг цогцоор нь таньж мэдсэнээр философийн ойлголтыг олж авна гэж заадагсан. Тэр багшийн үг сургаалийг бүтэн таван жил сонссон доо гэж байналээ.
Ц.Балхаажав гуай бүр 1967 онд ЗХУ-д аспирантурт явж дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бол түүнээсээ 30 жилийн хойно буюу 1997 онд "ХХ зуун ба хүн судлал" сэдвээр философийн шинжлэх ухааны доктор болсон юм билээ. Ер нь хүн гэдэг сэдвийг орхилгүй 70 гаруй жилийг өнгөрүүлж одоо ч нас өндөр боллоо гэлгүйгээр уг сэдвээ оюун ухаанд нь ямагт хадгалагдсаар үзэг, цаас нийлүүлсээр сууна. Яг товчоор хэлэхэд энэ хүн "хүн"-ий тухай философийн судалгааг Монголдоо хөгжүүлсэн хүн юм л даа.  Эрдмийн ажлын 60 гаруй жилийнхээ хугацаанд хийсэн 20 гаруй ном, 40 орчим товхимол, судалгааны бүтээлээ Нийгмийн ухааны академийн номын санд хадгалуулжээ саявтар. Тэр дотор нь хүн судлалын гурван томоохон ботиос эхлээд "Орчин үеийн Монгол орны түүхэн хөгжлийн диалекик", "Үүрдийн дурсгал-номын хөшөө", "Хүн гэж хэн бэ", "Хүн хэмээх алдрын гайхамшиг" гэсэн номууд болон "Үзэг, цаас бид гурав" гэсэн гар бичмэл гээд онц сонирхолтой бүхэн нь багтсан бий. Орос хэлээр бичсэн ном ч бас байгаа юм билээ.
 
*          *         *
Ц.Балхаажав гуайг төр, нийгмийн зүтгэлтэн хүн гэдгийг нэлээд дээр тодотгосон доо. Тэгэхээс ч аргагүй юм. Тэр ажил, амьдралынхаа дийлэнх цаг хугацаанд төр, засгийн хариуцлагатай албанд зүтгэсэн. Зүтгэх зүтгэхдээ нэртэй, зүстэй, хийсэн бүтээлтэй явсан гэдэгт олон хүн маргахгүй л байх. Түүнийг 1972 онд Намын түүхийн институтид хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байх үед Намын төв хорооны нарийн бичгийн дарга Д.Чимэддорж гэдэг хүн дуудаж.
Очвол. Чамайг Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр авахаар болсон гэж. Энэ нь зөвхөн тэр хүний үг биш цаана нь намын бодлого яваа гэсэн хэрэг байсан учир тэр албыг хүлээж авч. Энэ тухайгаа өнөөдөр Ц.Балхаажав гуай дурсан ярихдаа:
 
-Олон сайхан мэдлэг чадвартай залуучууд Б.Лигдэн, Н.Жанцанноров, Д.Цоодол, Н.Пүрэвдаш, Д.Дондов, Н.Даваадаш нарын олон хүнтэй гар нийлж байсан юм даа гэж байналээ.
Энэ хүний төр, засагт хаасан алба нэгээхэн үе шатаар дуусаагүй гэж болно. Намын төв хороонд очсоноосоо хойш үзэл суртал, намын зохион байгуулалтын, гадаад харилцааны гээд гурван хэлтсийн эрхлэгчийн алба хашсан бол дараа нь Намын төв хорооны Нарийн бичгийн дарга болжээ. Уг алба нь Төв хороогоор орсон хамаг асуудлын хувь заяаг шийдвэрлэхэд гол үүрэгтэй байсан юм билээ. Тэгвэл Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч байхаасаа эхлээд Ю.Цэдэнбал даргын яг л баруун гар шиг л ажилласан байдаг юм. Даргад өдөр бүр шинэ мэдээлэл өгнө. Дуудсан цагт нь яг бэлэн байна. Энэ тухай Ц.Балхаажав гуай ярихдаа:
-Бал дарга маань өндөр боловсролтой, хамт ажиллахад түшигтэй, жинхэнэ шалгарсан удирдагчийн нэг байлаа. Үүрэг даалгаварыг товчхон өгнө. Харин уг үүргийг биелүүлэхдээ хэрхэн ажиллахаа өөрсдөө шийд, зохион байгуул гэж хэлнэ. Энэ чинь л хүнд их юм сургадаг юм шүү. За тэгээд их уншина. Чөлөө цаг амралт гэдгийг мартсан мэт ажилладаг, хүнтэй ямагт соёлтой харьцдаг хүн гэдгийг дурсахад сайхан байна гэсэн юм.
Тэгвэл Ж.Батмөнх даргын тухайд ухаалаг, юмыг тултал нь бодно. Харин жаахан аажуу талтай гэсэн. Тэр хоёр намын дээд сургуульд багш байхаасаа тун ойр, найз нөхдийн харилцаатай байж. Нэг дурсамж хэлнэлээ. Намын төв хороонд байхдаа Ж.Батмөнх ороод ирж. Тэгээд:
 
-За Балхаа чамтай нэг зөвлөх юм байна. Намайг Сайд нарын зөвлөлд оч гээд байна. Яахав гэхэд Ц.Балхаажав гуай хариуд нь:
-Дээрээс бас намаас үүрэгдэж байгаа бол очихоос яахав ээ хө. Очоод үз гэж. Тэгсэн Ж.Батмөнх нь "Чи яасан муухай хүн бэ" гэж. Яагаад гэсэн чинь зөвлө гэж байхад шууд оч, яв гэлээ хэмээн гомдонгуй аястай хэлж байжээ. Найз нөхдийн харилцаа тийнхүү ажил албанд нь нөхөрсгөөр илэрч байсан нь тэр юм. Ж.Самбуу гуайг дурсахдаа тэр хүн маш цөөн дуугарна. Хэлнэ. Түүний үгэнд орохгүй хүн гэж байгаагүй дээ гэж хэлсээн.
 
*          *         *
Ц.Балхаажав гуай Намын төв хороонд байх үедээ улс орны цаашдын хувь заяатай холбоотой олон асуудалд мэдлэг оюунаа бүрэн зориулж явсан хүн. Тэрнээс зөвхөн нэг жишээг л хэлье. 1980-аад онд Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтарч 2000 оныг хүртэлх Монгол Улсын хар хайрцагны бодлогыг боловсруулсан байдаг. Уг бодлогын гол чиглэл нь байгалийн баялаг, мал аж ахуй, үйлдвэрлэлийг ямар чиглэлтэй хөгжүүлэх вэ. Ард иргэдийнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ гээд үүний тулд хүнээ хөгжүүлэх дөрвөн цогц асуудлыг багтаасан байжээ. Үүнийгээ хар хайрцагны бодлого гэж нэрлэн орос хэл дээр гаргасан юм билээ.
Гэтэл үүнийг маань сүүлийн үе үеийн Засгийн газрынхан сонирхоогүй, ашиглаагүй юм даа гэж өвгөн гомдонгуй ярьсан. Даангүй тэнд мөрдөөд ажиллавал зохих хүнсний талын программын чанартай чухал заалт байв. Тэрэнд нь ямар хүнсээ өөрсдөө бэлдхэв, гадаадаас юуг нь авхав гэсэн тодорхой чиглэл гаргасан юм гэдэг. Гэтэл үүнийг хожмынхон олж харсангүй, харахыг ч хүсээгүй. Тиймээс яг өнөөдөр гэхэд Замын-Үүдийн боомт долоо хоног хаагдахад монголчууд өлслөө гэж хашгирахад хүрч байна гэж хэлнэлээ.
 
Ц.Балхаажав гуай аливаад зөв зүйтэйгээр шүүмжлэлтэй ханддаг хүн юм билээ. Социалист гэх үе бидний алба хашиж байхад улс төр, нийгмийн талын бодлого зөв байсан ч зарим талдаа хязгаарлагдмал байлаа. Тухайлбал, капитализм, социализмын заагаар хүнд хэт ялгавартай ханддаг. Басхүү хүний оюуны чадамж, шинэлэг бодол санааг дарж, урагшлахын хувьд биш бүхнийг нэг хэвшмэл хэмжээнд барьж байх нь зөв гэсэн алдаа ажиглагддаг гэсэн үг яриандаа хавчуулж байсан. Тэр нь өөртөө шүүмжлэлтэй хандахын жишээ юм л даа.
Нөгөө талаар ХХ зууны эхэнд манайхыг ядуу буурангуй орон байхад оросууд тал бүрээр туслаж дэмжсэнээр бид өдий зэргийн хөгжлийг олсон гэдэгт Ц.Балхаажав гуай
бат зогсдог хүн юм билээ. Зөвлөлтийн ард түмэн үеийн үед тусламжийн гараа сунгаж Монголтой адил тэгш эрхтэйгээр хөгжих бодлоготой явж ирсэн. Даанч буянгүй хүнд олз юм болдоггүйн үлгэрээр тусламжаар баригдсан тэр олон сайхан үйлдвэрлэлийн газруудыг өмч хувьчлал нэрээр үрэн таран хийчихээд одоо олон талаар бусдын хараат байдлаар амьдарч байна даа гэж өвгөн тун ч харамсангуй ярьсан юм. Ц.Балхаажав гуайг Намын төв хорооны Нарийн бичгийн дарга байх үеийн нэг онцгой үйл явдал бол 1990 оны ардчилсан хувьсгал гэх өөрчлөлт. Яг шинэ, хуучны зааг ээдрээтэй тэр цаг үед өөрийн санал бодлыг хэлж түүндээ үнэнч явсан нэгэн бол энэ хүн.
 
Улс төрийн товчоо огцрох уу, яахав гэсэн ацан шалаанд орсон үед болсон Онц их хурал, Төв хорооны бүгд хурал аль алинд нь Ц.Балхаажав гуай үг хэлж байв. Тэр үгийн утга нь МАХН бол улсыг олон жил удирдан жолоодохдоо хийдгээ хийсэн, хэзээ ч улс төр, нийгмийн бодлогоор өөр зорилго агуулж байгаагүй ээ. Миний хувьд намын эгнээнд 1947 онд сайн дураараа элсэж байсан. Намынхаа даалгаврыг биелүүлэхийн төлөө хариуцлагаа ухамсарлан зүтгэж ирсэн. Тиймээс би огцорно гэдэг үгийг хэрэглэмээргүй байна. Гэхдээ албан тушаалаа өгөхгүй сандал суудлаасаа ховхрохгүй гэж байгаа юм биш гэжээ. Тэгээд болох юм ёсоороо болсон уу Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ явж ажлын байраа тавьж өгсөн. Ингээд ч бүх юм төгсгөл болоогүй. Товчооны гишүүн байсан нөхдийг маань бараг гурван жил Цэдэнбалын тойрон хүрээлэгч гэж цоллон тэднээс ямар нэг өө сэв эрж шүүх, прокуорын үүд сахиулж зовоосон. Харин намайг нэг их тоогоогүй ээ. Нөлөө багатай нөхөр гэж бодсон ч юм уу. Гэхдээ буруу шийдвэр гаргалцаж байсан хүмүүсийн нэрийн жагсаалтад орж 5000 төгрөгийн торгууль өгсөн дөө гэв.
 
Өнөөдөр Монголын төр, засгийн удирдах хүмүүс улс орныхоо хөгжлийг хэрхэн залж байгаа гэж боддог вэ гэвэл:
-Яахав. Ажиллаад байх шиг л байгаа юм. 2050 он хүртэл ч гэнэ үү. Улс орон хөгжинө ийм болно гэсэн хэтийн төлөвлөгөө хүртэл хийсэн л дуулддаг. Гэвч тэр зорилгодоо хүрэх арга зүй, механизм нь тодорхойгүй, бүх зүйлд хүнээ мартсан мэт дүр зураг ажиглагддаг. Философилог талаас нь харвал амьдралын янз бүрийн юмс үзгэдлийн цаад мөн чанар, ерөнхий зарчим, утга санааг олж хардаг хүн тун ховордож. Ер нь хүнээ хөгжүүлээгүй, дэмжээгүй цагт ямар ч том хөгжил амлаад нэмэргүй дээ. Үеэ өнгөрөөсөн муу хөгшин элдвийг ярьчих шиг. Гэхдээ юм хэлмээр бодогдох үе бий. Даанч мань мэтийг тоох анзаарах хүн алга юм чинь гэж байв. Шинжлэх ухааны салбарынхан намайг тоодоггүй болсон гэж өмнө нь нэг удаа хэлж байсан нь энэ зуур санагдав.
 
 
*          *         *
Намба төрхөө өөрчлөлгүй, нас буянаа эдэлж яваа Ц.Балхаажав гуай өдгөө насаараа ард олныхоо эрүүл мэндийн манаанд зогсож хүний гавьяат эмчийн хүндлэл хүртсэн эхнэр Ё.Намжилмаа болон охин, хүү, ач зээ нарынхаа хамт идээшиж дассан нийслэлдээ жаргаж сууна аа. Хүүхдүүд нь хэнээс ч дутахгүй боловсролтой, хэлтэй бол хэлтэй ч зах зээлийн жамаар ажиллаж амьдарч аав ижийгээ өргөн тээж явна. Үргэлж оргилж буцалж байдаг авьяас гэж байдаг л байх. Харин дотогшоо мэдэрч, бас тэр зүгтээ сэтгэж, эргэцүүлж ажиллаж амьдарч ирсэн (энэ нь зөвхөн өөрийнхөө төлөө амьдарсан гэсэн үг биш л дээ) юмыг язгуураар нь гүнзгий ухан бодож түүнээ ажил хэрэг болгон ирсэн гэсэн үг л дээ. Тийм хүн бусдын хараанд төдийлэн өртдөггүй мэт. Ц.Балхаажав гуайтай хөөрөлдөж суухад...
 
 
Тэгвэл өнөөдөр Монголын нийгэмд, улс төрд хэт туйлшрал гэдэг нэг "мангас" бий болсноос тухай тухайн үеийн жинхэнэ сайн хүмүүсийнхээ үнэлэмжийг бууруулж ирсэн нь худлаа биш ээ. Алив юмыг уг үндсээр нь өөрчилнө, шинэчилнэ гэсэн буруу ойлголт өнөө цагийн нэг буурангуй өнгө төрх болж гэж болно. Тэгвэл өнгөрсөн түүх, монгол өв уламжлал гэж алдаж болохгүй ямагт тээж явах ёстой зүйл бий гэдгийг ч хашир өвгөн үг яриандаа сануулж хэлдэг юм билээ.
Бас нэгэнт ам нээснийх гэсэн үү биднээс шаардаж өлсөж үхэхээр завдаж байж олж авсан эрх мэдлээ ардчилал гэдэг юмаа тэр залуучууд зөвөөр авч явж чадаагүй л дээ гэв. Энэ эрхэмтэй уулзаад буцаж явахад буланд элэгдсэн бор авдарт алт, эрдэнэс бий гэдэг шиг энэ буурал өвгөний бодлыг бүрэн уудалбал мөн ч ихийг ухаарч болох юм гэсэн бодол төрж явлаа.
 
 
Д.ЦЭРЭННАДМИД
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин