sonin.mn
Зөвлөлт-Монголын цэрэг Хятадыг Японы колоничлолоос чөлөөлсөөр Хаалганд тулсан 1945 оны 8-р сарын 18-нд Өвөрмонголыг арваад жил удирдсан Дэ ван буюу Дэмчигдонров ван Чан Кайшид цахилгаан илгээж, ялалтын баяр хүргэхдээ Өвөрмонголд өргөн автономит эрх хүссэн ч хүлээж авсангүй.
Хожим нь 1949 оны зун Дэ ван Өвөрмонголд өргөн хэмжээний өөртөө засах эрх олгуулах талаар Мао Зэдунд хандаад бүтэлгүйтжээ.
 
Дараа нь Дэ вангийн талынхан Алшаад ирж, түр захиргаа тогтоон цугласан монгол ноёд цаашид хэрхэх тухайгаа хэлэлцэх үеэр Дэ ван, Захчид Сэцэн нар “Хөхнуураар дамжин, Төвөд рүү гарч, улмаар Энэтхэг рүу зугтан, Дүрвэгсдийн засгийн газар байгуулъя” хэмээсэн санаачлага гаргажээ. Энэ нь тун боломжийн санал ажээ. Тэдний дүрвэх замд Чан Кайши, Маогийн цэрэг хоорондоо тулалдаж байв.
 
Харин шашин нэгт Төвөд Дэ вантай найрсаг харилцаатай Дэ ван нар эртнээс Далай ламд ихээхэн өргөл барьц өргөдөг учир Төвөд найрсгаар хүлээн авах байлаа.
Шинэ тулгар Энэтхэг улс Хятад хүчирхэгжин тэлэхээс болгоомжилж Төвөд, Шинжаан, Өмнөд Монголд нөлөөтэй байхыг мөрөөдөж, Төвөдийн ойр садан төрөл ладак, Шинжааны муслимуудтай эртний холбоотой муслимууд, Өмнөд Монголын сүсэгтнүүдтэй эртний холбоотой буддистууд олноор суудаг бүс нутгуудад Хятадыг тэлүүлэхгүй байхыг эрмэлзэв.
Тиймээс Хятадын тэлэлтэнд өртөхөөс болгоомжилдог цөөн тоот үндэстнүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн, удирдагчдыг дэмжих байр суурьтай ч өөрөө шинэ тулгар тусгаар тогтносон, хөгжлөөр хоцрогдсон, мөнгө хөрөнгө муутайгаас том бодлого, цэргийн ажиллагаа хэрэгжүүлж чадсангүй. Чадсан бол юуны өмнө Төвөдийг өөртөө хавсарган нэгтгэх магадлалтай байсан гэдэг.
 
 
XX зууны эхээр англичууд Төвөдийг зах зээлээ нээхгүйгээр шалтаглан дайрч энэтхэг сипай цэргийн хүчээр эзэлж, Далай ламыг дүрвүүлж, Энэтхэг колонид нэгтгэж, цаашдаа Шинжаан, Монгол руу шунасан ч Хаант Орос эсэргүүцсэний улмаас Төвдөөс цэргээ татаж байсныг Энэтхэг мартаагүй.
 
 
 
Хэдийгээр том улс төрийн бодлого, цэргийн ажиллагаа хэрэгжүүлж чадахгүй ч Дэ ванг хүлээж авч, Дүрвэгчийн засгийн газар байгуулуулах нь Энэтхэгийн хувьд бүрэн боломжтой байв. Түүнээс гадна Энэтхэг рүү гарах явдалд тусална гэдгээ АНУ Дэ ванд мэдэгджээ. Мао ялах нь тодорхой болсон цаг үед Энэтхэг, АНУ хоёр коммунист Хятадыг баруун зүг тэлүүлэхгүй тал дээр ашиг сонирхол нийлж, хамтран ажиллав. Жишээ нь Төвдөд хамтарч зэвсэг нийлүүлж байлаа.
 
Энэ төлөвлөгөөг зээ Алтан-Очироор нь дамжуулан тагнаж мэдсэн хятадууд Алшаа, Эзэний хошууныханд эх нутаг, гэр бүлээ орхиод гарахын бэрхшээл зовлонг ярьж ятгах хүмүүсийг хөлслөн томилсон нь амжилт олоогүй юм. Дэ ванг дагаад шашин номын орон Төвөд, Энэтхэгт очвоос хар хятадын гарт орохгүй гэж малчин ардууд нулимс унаган өчдөг байжээ.
БНМАУ-аас урилга заллага ирснээр Дэ вангийн бодол хувиран БНМАУ-тай нэгдэж Их Монголыг байгуулах мөрөөдөлд автав. БНМАУ-д очиж, хамаг асуудлаа сайхнаар зохицуулна гэж итгэл төгс ярих болов. Дүрвэж нүүхийн зовлон эцэслэв гэж нутгийн ард иргэд ч баяслаа. Харин эргэн тойрных нь олон нөхөд БНМАУ-д очих аюултай гэж сэрэмжлүүлж байж улмаар Энэтхэгт Дүрвэгч засгийн газар байгуулах төлөвлөгөө хүчгүйдэв.
 
 
Дэ вангийн цөөнгүй хамтран зүтгэгчид маочуудын гарт орохгүй гээд гоминданчууд руу очиж Тайвань руу дүрвэжэ. Дэ ванд ч тэдний нэгэн адилаар Тайвань руу дүрвэх боломж байсан ч Их Монголыг байгуулах халуун мөрөөдөл нэгмөсөн эзэмджээ.
 
 
 
Ингээд Дэ ван хамтран зүтгэгчидтэйгээ зөрөлдөж, туслах Цэрэндорж, Түмэндэлгэр нарыг дагуулан, хоёр газарчийн хамтаар Алшаагаар дамжин БНМАУ-д иржээ. 
БНМАУ түүнийг удтал гэрийн хорионд байлгаж хожим нь БНХАУ-д улс төрийн ялтан хэмээн тушаасан билээ.
 
Харин Дэ вангийн алдарт төлөвлөгөөг Төвдүүд хэрэгжүүлсэн юм. Тэд энэ төлөвлөгөөг маш тодорхой мэдэж XIV Далай лам Түвдийн дүрвэгсдийн Засгийн газрыг Энэтхэгт байгуулжээ. Дэ вангийн ч Далай ламын ч ингэтлээ тэмцэж зорьсон нь ердөө л “Аливаа үндэстэн өвөг дээдсээс үе залган амьдарч ирсэн нутагтаа, мөрдөж ирсэн ёс заншилдаа, ярьж ирсэн хэл соёлдоо эзэн нь байх эрхтэй" гэсэн маш энгийн шударгуу үзэл юм.
 
Зураг дээр зүүн гараас: Дэмчигдонров ван, Дилов хутагт хоёр
 
Дэмчигдонров ван БНМАУ-аас нүүж ирсэн олон тооны дүрвэгчдэд бүх талаар туслахыг эрмэлзэн хичээдэг байв.
 
Дэ ван Энэтхэгт очиж Дүрвэгчдийн Засгийн газар байгуулсан бол өнөөдөр Өвөрмонголчууд Чингис хааны угсааныхны байгуулсан Засгийн газартай, оюун санааны удирдагчидтай, Дапай ламын институцээс дутахгүй дэлхийд нөлөө үзүүлж чадах хүчин байх байлаа. БНМАУ-д ирсэн нь том алдаа. Дэ ван бол Чингисийн угсааныхны хамгийн сүүлчийн хаант улс байгуулсан хүн бөгөөд ХКН, МАХН, ЗХУКН-ын хүчинд автсан нэгэн билээ.
 
 
Д.Чулуунбат