sonin.mn
Монголын үндэсний номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, хос “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоог энэ удаагийнхаа “Зочин”-ы хойморт урьж ярилцлаа. Урьтаж утас цохин уулзах тов тогтоосон ч түүний зав чөлөөгүй ажлын ачааллаас үүдэж бидний болзоо хэсэг саатсан юм.  
 
Бусдын ажлыг хүндэтгэдэг чанар, алтан цагийг нь хайрладаг ухамсар, соёлыг илтгэх мэт “За, ёстой уучлаарай миний дүү, зав чөлөөгүй гүйсээр та бүхний ажлаас хойш татчихлаа. Товлосон хугацаандаа уулзаж чадаагүй ч нэгэнт ярьж тохирсных заавал амжуулж яриа өгнө дөө гэж бодоод л байлаа. За, миний дүү наашаа суу, алив чихэр ид” хэмээн зочломтгой монгол аалийг цангинасан инээдээр хачирлан угтсанаар бидний яриа ийнхүү эхлэв.  
 
Та тун ч их ажилтай байх шиг ээ. Их ажлынх нь хажуугаар би бас ярилцлага авах гэж шалаад төвөг удчихав уу?  
 
-Зүгээр дээ. Сэтгүүлчдийн ажлын онцлогийг ойлгох юм хойно, санаа зоволтгүй. Миний хувьд сонин хэвлэлд яриа өгөхөөс болж л өгвөл татгалзаж, тойрч зугтаадаг хүн. Харин цэргийн сониноос татгалзах бодол ер төрсөнгүй.   
 
Баярлалаа. Ямар ажил өрнүүлээд зав чөлөөгүй гүйж яваа талаар тань яриагаа эхэлье ...       
 
-Завгүй байх тусмаа үр бүтээлтэй байдаг гэдэг шүү дээ. Бас муу юм уйлах чөлөөгүй гэдэг үг ч бий. Миний хувьд яг л ийм хоёр талтай гүйж явна. Монголын Үндэсний номын сангийн шинэ барилга өнөө жил ашиглалтад орох юм. Үүнтэй холбоотой ажлууд ид өрнөж байна. Тодруулбал, шинэ номын сангаа Үндэсний цахим номын сан болгож хөгжүүлэх зорилго тавиад ямар журмаар ажиллах, ямар бүтэцтэй байх, номын сангийн хөгжилд ямар шинэчлэл авчрах вэ гэдэг дээр илүү их төвлөрөн ажиллаж байгаа. Соёлын яамтай болсны үрээр, төрийн бодлогын сайхан шийдвэрээр номын сангийн маань хөгжил шинэ үе шатанд гарах гэж байгаад сэтгэл өег, их л догдолж сууна даа.  
 
Олон жилийн турш хөндөгдсөн, хүлээгдсэн шинэ барилгын асуудал шийдэгдэж байгаа нь тун ч сайхан мэдээ байна шүү ... 
 
-Тэгэлгүй яах вэ. Даацаасаа хамаараад тэр бүр хүртээмжтэй байж чадахгүй байсан олон асуудал шийдэгдэнэ. Хуучин бол Хотын номын сан, Хүүхдийн номын сангаар дамжуулж ачааллаа тэнцвэржүүлдэг байлаа шүү дээ. Шинэ номын сан ашиглалтад орсноор энэ бүх асуудал цэгцэрнэ.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд, өндөр настнууд, магистрын түвшний эрдэмтэн судлаачдад илүү хүртээмжтэй үйлчлэх гэх мэтээр олон давуу тал бий  болох юм. Манай номын сан чинь дэлхийн номын сангийн гишүүн юм шүү дээ. Тиймээс олон улсын номын сангийн холбооноос хэн бүхнийг нас хүйс, үндэс угсаагаар ялгаварлахгүйгээр үйлчлэх анхааруулгыг өгдөг, тийм байхыг шаарддаг. Энэ шаардлагын дагуу олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх бүрэн боломж нөхцөл манайд бүрдэж байгаад туйлаас таатай байна.  
 
Зохиолчдын эвлэл хэмээх их айлыг удирдах үүрэг бас танд оногдсон шүү дээ ...  
 
-Оюун санааны хоёр төв байгууллага буюу 90 гаруй жилийн түүхтэй Монголын зохиолчдын эвлэл, 100 жилийн түүхтэй Үндэсний номын сан буюу үндсэндээ ах дүү байгууллагыг нэгэн цаг мөчид бодлого зорилтын хүрээнд чиглүүлж ажиллах их үүрэг хүлээчхээд сууж байна. Соёлын яамны бодлого, зорилтыг дэмжиж ажиллахад энэхүү хоёр ажил хоорондоо их уялдаатай, амин чухал хэлхээ холбоотой учраас бие биеэ нөхөж дэмжих, бие биеийнхээ ажлыг эрчимжүүлэхэд их түшигтэй. Үйл ажиллагааг нь ч нэг цулбуурт зангидах боломжтой юм.   
 
Та бол эх оронч яруу найрагч гэдгээ аль хэдийнээ, бүр арван долоохон настайдаа тунхаглачихсан хүн. Тэгэхээр тантай эх орны үнэ цэнийн тухай амттай яриа өрнүүлмээр байна ...   
 
-Эх орон гэдэг өөрөө их том сэдэв. Том сэдвийг ярихын тулд том мэдлэг, том туршлага, том асуудлуудыг шийдэх хүч чадлыг хуримтлуулсан байх ёстой. Гэхдээ би тийм хэмжээний сэдэв, мэдлэг, туршлага хуримтлуулсан хүн биш ээ гээд энэ хариултаас бултах арга хэнд ч байхгүй. Яагаад гэхээр монгол хүн л юм бол монгол эх орон гэдэг энэ үнэт зүйлийг зүрх, тархи, сүнсэндээ шигтгэчихсэн байх ёстой. Бид цөөхүүлээ улс байхгүй юу, цөөхүүлээ тусмаа эх орон гэдэг энэ үндсэн үзэл, язгуур эрх ашгийг заавал өөртөө суулгасан байх үүрэгтэй. Ингэж байж бид улс орноо цаашид олон мянган жилийг дамжиж мөнх орших тэр орон зайг авч үлдэх учиртай юм. 
 
Эх оронч сэтгэл ер нь юунаас эхлэх учиртай юм бэ? Лав л эх орон гэж хий хоосон цээжээ дэлдэхийн нэр биш байх ...    
 
-Өөрийнхөө хийж чадах зүйлийг чин сэтгэлээсээ бөгөөд дараа үедээ уламжлуулж үлдээхүйц үр дүнтэй хийж чаддаг байна гэдэг л эх оронч үзлийн хамгийн том илрэл. Өнөөдөр та ямар ч эгэл жирийн ажил эрхэлж, ямар ч том албан тушаалын сэнтийд заларсан байж болно. Гагцхүү түүнийгээ л алдаа дутагдалгүй, чин зүрхнээсээ хийж, эх орондоо өгөхүйн сэтгэлээр, эх орноо хайрлахуйн ухаанаар хандах учиртай юм. Тэрнээс эх орноо хөгжүүлэх гэж байгаа маань энэ билээ гээд гадаа гудамжинд жагсаж, төр засаг, түмэн олныхоо эсрэг муу муухай бүхнийг ил гаргаад байхдаа гол нь биш. Бидний эх орныхоо төлөө тэмцэж байгаа тэмцлийн хамгийн хурц хэлбэр бол оногдсон ажил үүргээ чин сэтгэлээсээ, сайн сайхныг бодож хийх гэж ойлгодог. Өөрөө бас тийм байх гэж мэрийдэг, бусдыг ч үүнд уриалмаар санагддаг даа. 
 
Өвөө тань ахмад дайчин байсан юм билээ. Өөрөө та бас нүүдэлчин монгол ахуйдаа өлгийдүүлж өссөн учраас танд эх оронч үзэл их эрт бөгөөд нэвт шингэсэн юм болов уу гэж хардаг. Та харин юу гэж бодож байна?  
 
-Ер нь эртнээс нааш монголчууд эх орон гэж их ярьдаг, үнэ цэнтэй гэдгийг нь бүгд мэддэг, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан, алдаж асгаж үзсэн, алдаанаасаа суралцаж ухаарсан, хөлөө жийх өөрийн гэсэн нутагтай байхын сайхныг мэдэрсэн ард түмэн учраас эх орон гэдэг ойлголт монголчуудын язгуур үнэт зүйлийн тэргүүнд явдаг. 
 
Тэгээд ч монгол айл бүхэнд эх орныхоо төлөө тэмцэж явсан ахмад дайчин, хэлмэгдэлд өртсөн нэг гашуун зовлон, эх орноо хамгаалахын чухлыг ойлгосон ухаан байсаар ирсэн. Тэгэхээр миний хувьд өвөг дээдсээсээ олж авсан эх оронч язгуур ухаан, монгол хэлэндээ хайртай, монгол хэлээр зохиол бүтээлээ туурвидаг яруу найрагч, эх хэлнийхээ яруу сайхан дотор өссөн, дээрээс нь эх дэлхий, эх хэл, эх байгаль гэдгийн нандин чанарыг ойлгож, дорнын гүн ухаанд шимтчихсэн, дорнын хүн болохоор эх оронч байхаас аргагүй. 
 
Дэлхийн даяаршлын нөлөөгөөр үндэсний хэл соёл, ёс уламжлал, эх түүх гээд л бидний эрхэм нандин үнэт зүйлс бүдгэрчих вий гэсэн айдас заримдаа төрөх юм. Та ч бас эмзэглэхгүй байж чаддаггүй л болов уу?   
 
-Тийм ээ. Дэлхий хавтгай болж байна. Дэлхийн даяаршлыг сөрж босоход их хэцүү, том урсгал учраас үлэмж их хүчтэй тулж байгаа, бид. Тиймээс миний хэлээд байдаг бид цөөхүүлээ гэдэг өнцөг бол хамгийн эмзэг зүйл нь. Монгол бол эх дэлхийн зулай дээр оршиж байгаа, том газар нутагтай агуу ард түмний үр сад. Мохошгүй морьтон дээдсийн угсаа удмыг залгамжилсан, өөрийнхөө газар нутгийг өргөтгөн тэлэх гэсэн, өөрийнхөө соёлоор эх дэлхийн даяаршлын шуургыг сөрж босох гэсэн ард түмний үзэл бодлын нэгтгэл. Монголчууд өөрсдөө хүчирхэг байхыг хүсэж тэмүүлж байгаа атлаа дэлхийн даяаршлын шуурганд зул далдирч байгаа юм шиг тийм эмзэг. Тэгэхээр өнөөгийн энэ нөхцөл байдалд, даяаршлын урсгалын эсрэг тэсэж зогсох хүч бол бидний өвөг дээдсээс олж авсан нүүдэлчний оюун санаа. Дээрээс нь байгаль эх дэлхийгээ шүтэн бишрэх үзэл. Бас өөрт байгаа монгол хүний үнэт зүйлийг хэрхэн яаж төлөвшүүлсэн, эрхэмлэн сахих ёстой зүйлээ дээдэлж чадаж байна уу, үгүй юу, монгол хүн яагаад дэлхийн иргэн, дэлхийн монгол болж болдоггүй юм гэдэг том байр сууриа л урагш тавьж чаддаг тийм хүч чадал хэрэгтэй. Энд юу хамгийн чухал вэ гэхээр нэг эрх ашгийг тойрч эвлэлдэн нэгдсэн ухаан байх учиртай. 
Тэгэхээр бид нар монгол гэдэг нэг том тулганы галыг тойрч суугаад үүнийгээ  бадрааж дэвжээхийн тулд ажиллаж хөдөлмөрлөх, эв санаагаа нэгтгэх ёстой.
 
 
 
Даяаршлын шуурганд монголчуудын билгийн зул нь далдирч унтарчих гээд байгаа гол зангилаа нь эв нэгдэлгүй, бие биеэ дэмжиж, хүчийг хүчээр, сэтгэлийг оюунаар нөхөж чадахгүй байгаад л хамгийн том алдаа оршиж байна. Бид эв нэгдэлтэй хүчирхэг үндэстэн болох ёстой. Түүний тулд монгол гэдэг үнэт зүйл яг юу вэ, тэр үнэт зүйлээ дэмжихийн тулд хувь хүн юу хийх ёстой вэ гэдгээ дор бүрнээ ухамсарлах учиртай. 
 
 
 
Бид бие биеэ муулах, ховлох, гутаах, хоорондоо хагаралдах зарчмыг л хамгийн их өдөөж байна шүү дээ. Тийм хар мэдээг хүмүүс хамгийн их уншдаг, тийм хар хорын зүйл дээр хүмүүс ажилладаг болжээ. Энэ 3 сая хүн зон, энэ монгол оронд сайн сайхан юм байгаа даа. Тэр сайн сайхан юм нь хааччихаад дандаа хар муу нь түрүүлээд байгаа юм бэ. Сайн юмны тухай ярихгүй, дандаа муу муухайг яриад байхаар үндэстний хийморь бас доройтдог шиг байна аа. Тэгэхээр сэтгэлээ, сэтгэлгээгээ илаарьшуулах хэрэгтэй байна. Ингэхийн тулд зөв ном уншиж, зөв төлөвшилд нэгнээ хөтөлж, зөв мэдээллийг боловсруулж, өөрөө бас зөв мэдээллийг тарааж түгээж байх шаардлагатай юм гэж л бодож явдаг.  
 
Нүүдэлчин ахуйгаасаа салдаггүй, их хоцрогдсон хуучинсаг үзэлтэй гэж намайг хүмүүс шүүмжилдэг. Хуучинсаг байхаас би айхгүй ээ гэж ярихыг тань нэгэнтээ сонссон юм байна. Үүний цаана их том агуулга оршиж байна даа л гэж одоо ухаж сууна. Ер нь та баримталдаг зарчим, мөн чанарынхаа тухайд бидэнтэй хуваалцаач? 
 
-Номын номоос, хүний ном гэж үг байдаг. Тэгэхээр миний ижий ааваас олгогдсон суурь хүмүүжил, гэрийн боловсрол бол ахмадаа хүндэлдэг, үе тэнгийнхнийхээ сайхан амжилтад баярладаг, хүмүүсийг хөгжүүлэхийн тулд өөрийнхөө мэдлэгийг хүртээмжтэй хуваалцаж чаддаг, өөртөө хуримтлуулсан ямар нэгэн сайн зүйл байгаа бол түүнийгээ бусдад ижил тэгш түвшинд өгч чаддаг тийм өгөхүй, асрахуй, хайрлахуйн сэтгэлтэй байх зарчим. 
 
Энэ цаг үед хүмүүст хамгийн ихээр дутагдаж байгаа чанаруудыг тодорхойлооч гэвэл та юуг онцлох вэ? 
 
-Шударга, үнэнч сэтгэл, өршөөгч чанар ус агаар мэт тийм их хэрэгтэй цаг үед бид амьдарч байна. Хамгийн чухал энэ гурван чанарыг бид алгуур хаяад байна, үүнээс асар их холдож байна. Бидний нүүдэлчин ахуй, нүүдэлчин сэтгэлгээний онцлог бол энэ бүхнийг дархалж байсан юм. Жалгын нэгээр тархаж суусан нүүдэлчин хүмүүс өөртөө итгэлтэй, гэрээ цоож цуургагүй орхиод явах өгөөмөр сэтгэлтэй байлаа. Хол явж байгаа нүүдэлчин гэрт нь ороод цай чанаж уучихаад баярлалаа гэж зурвас бичээд, эсвэл үүнийг уншаарай гээд ном үлдээгээд явдаг, өөрт байгаа зүйлээрээ нөгөөгийнхөө дутууг нөхдөг тэр гайхалтай чанараасаа бид холдож байна. Өнөөдөр бид хэтэрхий шавж амьдарч байна. Шавж амьдарч байгаа атлаа амьд харилцаагүй, эсрэгээрээ амин хувиа хичээж байна. Тэгэхээр бид эхний ээлжид хотжилтоо саармагжуулж, хөдөө орон нутгийнхаа бүсчилсэн хөгжлийн зорилт руу явах ёстой. Монгол хүний хөгжлийн үнэт зүйл нүүдэлчин ахуйтайгаа салшгүй холбоотойг бүх хүн ойлгож түүнийгээ сэргээх, нүүдэлчний язгуур эрх ашгийг хамгаалах, нүүдэлчин соёлоосоо уламжилж ирсэн бүхэн минь хүн төрөлхтний соёлын өвд оруулж байгаа цор ганц хувь бөгөөд түүнийгээ хамгаалж үлдэх л шаардлагатай гэдгийг ойлгох нь чухал юм.     
Нэг хэсэг бид чинь дэлхийн монгол хүн болцгооно гээд нөгөө олон хэл, олон соёлыг судалж энэ бүхний дархлаанд нийцдэг хүмүүс болсон. Өөрсдийн гэсэн монгол чанараа хадгалж, дэлхий рүү нүүсэн нүүдлээ буцааж хумиад дэлхийгээс олсон сайн сайхан зүйлдээ суурилаад нүүдэлчнийхээ ахуй соёлыг яаж дэлхийн соёл болгох вэ гэдэг рүү арай том харах ёстой байх гэж бодож байна. 
 
Одоо ихэнх эцэг, эхчүүд хүүхдүүддээ багаас нь гадаад хэл эзэмшүүлэхээр хятад, орос зэрэг гадаад хэлний сургуульд оруулах хандлагатай болжээ. Энэ нь хэр зөв юм бэ?         
 
-Монгол хэлээрээ дамжуулж үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй л дээ. Бид хүүхдээ хятад, орос сургуульд оруулаад л, тухайн хэлийг сургаад явчихаар монгол цустай хятад, монгол биетэй орос соёлтой хүн болгож төлөвшүүлж байна л гэсэн үг. Тэгэхээр эх монгол хэлээ эрхэмлэн эх хэл, оюун санааныхаа дархлааг хүүхдүүд рүүгээ чиглүүлж байх ёстой. Харийн янз бүрийн соёлыг нэг их даган дуурайх хэрэггүй. Ингээд ярихаар бүдүүлэг, хоцрогдсон мэт шүүмжлэгддэг, олон хүний дургүй хүрдэг. Гэсэн хэдий ч  би үзэл бодолдоо бат зогссоор л байх болно. Яагаад гэхээр манай улс орны хувьд нэг монгол хүн ч үнэ цэнтэй. Нэг хүүхдээ ч гэсэн монгол чигээр нь авч үлдмээр байна шүү дээ. Эх орон чинь тийм монгол хүмүүсээс бүтдэг болохоос хаанаас нь ч хаяад явж болох тийм хоноцын сэтгэхүйтэй, эрчүүд, эмс охидоос бүрдэхгүй биз дээ. Ер нь бол олон соёлын дарангуйлалд өртөж, өөрийнхөө үндэсний язгуур бүхнийг алхам алхмаар гээж, даяаршлын шуурганд билгийн зул нь далдирч байгаа ард түмэн болчхоод байгаа нь хамгийн их түгшүүр гэдгийг бодох хэрэгтэй. 
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 
 
 
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин