сонин mn
Монголын бага дарга нарын холбооны тэргүүн Р.ДАГВА
 
/1984-1987 оны хугацаат цэргийн алба хаагч, жагсаалын дарга/
 
Монголын бага дарга нарын холбоо хэрхэн үүсэн байгуулагдав? Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь юу вэ?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх бид хоёр онжавууд юм л даа. 2019 оны 5 дугаар сард тэр бээр Ерөнхий сайд байхдаа Монголын жагсаалын дарга нар буюу Жа нарын холбоо гэж байж болох талаар саналаа хэлж, ажил хэрэг болгоод, үйл ажиллагааг нь жигдрүүлэх чиглэл өгсөн. Миний бие тухайн үед Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байлаа. Гурван жилийн албыг жагсаалын дарга, ахлах түрүүч цолтой хаасны хувьд “Мэдлээ, гүйцэтгэе” гээд л ажилдаа орсон доо. Тэгээд хамгийн түрүүнд хамт алба хааж байсан Ховдын хорооны нөхдөө дуудаж цуглуулсан. Ингээд холбооны маань үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэгт салбартай, 17 мянга орчим гишүүнтэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага боллоо. Жагсаалын дарга гэхээр бас цагаа тулахаар цөөхөн байсан. Манай Ховдын хороо гэхэд л мотобуудлагын гурван батальон, их бууны дивизион гээд 1000-аад цэрэгтэй атлаа жагсаалын 40, 50 дарга байх жишээтэй. Тэгэхээр нь зөвхөн Жа нараар тогтохгүй бага дарга нарыг хамруулахаар шийдсэн нь өнөөдөр ийнхүү өргөжин тэлэхийн үндэс болсон. Ер нь цэргийн алба хаасан хүн цаанаасаа л жавхаатай, цэргийн дүрмээр бие нь цэгцэрсэн, айл гэрийг аваад явчих ухаан суусан, аливаад тэсвэр хатуужилтай, хүний үг даадаг, ер нь л жинхэнэ эр хүний хугархай болдог шүү дээ.
 
 
Армид алба хаасан, ялангуяа жагсаалын дарга байсан хүн ямагт бусдыгаа манлайлж, бусдын өмнөөс хариуцлага хүлээж, цэргүүдийнхээ аав, ах нь, халамжлан хүмүүжүүлэгч нь юм шиг харьцдаг.
 
 
 
Манай холбоо жагсаалын дарга, бага дарга байсан хүмүүсийнхээ холбоо харилцааг сэргээх, амьдрал ахуйг дэмжих, урам зориг өгөх, цэргийн албаа дурсан санах боломжийг олгох, нийгэмд сайн үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой. Мөн өнөөгийн хүүхэд залуучуудад хамт олны дунд өөрийгөө хэрхэн зөв авч явах, бусдыг манлайлах, хариуцлагатай, ёс зүйтэй байх, эр хүн байхын мөн чанар, агуулгыг ойлгуулахыг зорьдог. Тэдэнд эх орноо батлан хамгаалах үйлсийг сурталчлах, тэндээс насан туршийн эрчүүдийн сайхан нөхөрлөл эхэлдгийг ойлгуулахыг хичээдэг. Бид нийслэл, дүүрэг, аймаг, сумдын бүх Цэргийн штабынхантайгаа холбоотой байж, нягт хамтарч ажилладаг. Тэд ч ясны цэрэг хүний хариуцлагатай, хэлсэндээ хүрдэг, ажил хэрэгч чанарыг үнэлдэг болоод тэр үү бидэнтэй хамтарч ажиллах дуртай байдаг.
 
Эрчүүд цэргийн алба хааснаа насан туршийн бахархал болгон ярьцгаадаг. Одоо нэгдсэн холбоо, олон нийтийн байгууллагын зохион байгуулалтад орохоор бүр таатай байгаа байх даа ...
 
-Тийм ээ, Нэг жишээ хэлье л дээ. Бид Багануурт нэг жагсаалын даргыг сурагласаар яваад очлоо. “Амрыг эрье” гээд уулзахад нэг их гайхсан харцаар хүлээж авсан. Бид түүний алба хааж байсан анги, цол, овог нэрийг нь хэлээд ийм холбоо байгуулсан, бүртгэж явна гэхэд нөгөөх маань шууд уйлаад эхэлсэн. Хэсэг уйлаад тайвширсныхаа дараа, “Өнөөдөр би энгийн сайхан амьдралаар амьдарч яваа ч цэргийн амьдрал, жагсаалын дарга байсныг минь сануулаад сураглаад ороод ирнэ чинээ зүүдэлсэнгүй явлаа. Армийн амьдралаа хааяахан гэр бүлдээ ярьдаг ч миний сэтгэл хөдлөлийг энд хүртэл ойлгож сонсдоггүй байсан, ямар сайхан юм бэ” гэж билээ. Цэргийн алба хааж байсан үеийн дурсамж, үйл явдал бол бидний амьдралд хэзээ ч мартагдахааргүй маш сайхан дурсамжийг үлдээдэг юм гэдгийг үүнээс мэдэрч болно.
 
Холбооны зүгээс энэ хугацаанд нийгэмд чиглэсэн ямар томоохон ажлууд хийж амжуулав аа?
 
-Бид төрийн бус байгууллагаа байгуулсны дараа гишүүнчлэлээ өргөжүүлж, тэдний холбоо харилцааг сэргээх, бизнесийг нь холбож өгөх зэрэг олон талын үйл ажиллагаанууд зохион байгуулснаас гадна дунд сургуулийн ахлах ангийн хөвгүүдэд эх оронч үзэл, хүмүүжил, цэргийн алба, цэргийн амьдралын талаар сургалтууд зохион байгууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд холбооны нэрэмжит төгөл бий болгосон. Холбоо улам өргөжин тэлж байгаа болохоор ирэх намар бага дарга, жагсаалын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулж, зорилго зорилтоо тодорхойлж, удирдах зөвлөлөө шинэчилж, цаашид хийх үйл ажиллагаагаа төлөвлөх зэргээр бодсон ажил их байна.
 
Та цэргийн алба хааж байсан үеэ энэ ташрамд дурсан санаач ...
 
-Би 1984-1987 онд Ховдын хороо буюу Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Ардын Армийн 123 дугаар мотобуудлагын хороонд явган цэрэг байлаа. Явган цэрэг бол холбоо, хими, их буу зэрэг төрөл мэргэжлийн цэрэг шиг танхимд суугаад байдаггүй. “Гараад жагс” командаар буу зэвсгээ агсаад л гарна, жагсана, буудлага хийнэ, цэргийн хэргийн мэдлэгт суралцана, окоп ухна, марш тактикийн тэмцээнд гүйнэ. Цэргийн албанд анх очсон өдрөөс хойш 40 шахам жил өнгөрсөн ч цэргийн андууд бид насан туршийн нөхөрлөлийн холбоотой болжээ. Хааяа уулзахаараа цэргийн алба хааж байсан үеэ дурсан хөгжилдөж, зарим нь бүр үйл явдлыг цаг агаар, хамт байлцсан хүмүүс, өдөр судар, бараг цаг минуттай нь ярьдаг. Ховдын хорооныхон Баатар хайрхныг мөн ч их тойрч гүйсэн дээ.
Сайхан дурсамж ч олон бий. Хал цэрэг байхдаа бид Армийн марш тактикийн тэмцээнд гүйсэн нь бараг анхны бөгөөд эцсийн тохиолдол байх шүү. Бидний хувьд жаахан дургүйхэн байсан ч ангийн захирагч маань “За, онжавууд аа. Та бүхэн сүүлчийн удаа тэмцээндээ гүйх гэж байна. Бүх бэлтгэлийг тань хангалаа. Та бүхэн надаас юу хүсэж байна” гэж билээ. Бид “Би чамд хайртай” киног үзмээр байна гэсэн. Нийслэлд дөнгөж нээлтээ хийсэн, Ховдод ч гараагүй байсан тэр киног цэргийн хуаранд маань авчирч үзүүлж байлаа. 20-иодхон настай залуучууд бид хөөрөөд л, зоригжоод л тэмцээндээ орж түрүүлснээр хошой аварга болж билээ. Хурандаа ч, бид ч хэлсэндээ хүрсэн.
 
 
Би алба хаах хугацаандаа герман хэл судалж, цэргээс халагдаад их, дээд сургуульд сурна гэж өөрийгөө дайчилдаг байлаа. Манайхан дээл хувцас, хромоо бэлдээд сэтгэл нь догдлон байхад би цэргийн дүрэмт хувцсаа жимбийтэл нь янзалчхаад хэдэн ном тэврээд л халагдаж билээ. Миний амьдралынхаа туршид олж авсан нэг ухаарал бол “Номын ном гэж бий. Түүнийг хүн бүр бага, дунд, ахлах сургууль, их, дээд сургуульд сурна. Аав ээж үглэнэ, эмээ өвөө чихэднэ, багш, эрдэмтэн докторууд сургана. Яаж ийгээд л сурна. Харин энэ бүхний дээр хүний ном гэдэг асар том ойлголт байдаг юм шүү” гэж... Хорвоод аз жаргалтай, амжилт бүтээлтэй амьдрахын үндэс болсон хүний ном хэмээх тэрхүү ухааны суурийг гагцхүү цэргийн албанд тавьдаг юм байна. Тиймээс хоёр хүүдээ, залуус дүү нартаа хүн байхын утга учрыг танихын чухлыг ойлгуулахыг хичээдэг дээ.