sonin.mn

Өвөрмөц дүр төрх, тайзны мэдрэмж, авьяасаараа өөрийн ертөнцийг бүтээж яваа Үндэсний урлагийн их театрын бүжигчин, жүжигчин А.Түвшинбаярыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа урьж, ярилцлаа. Тэрээр монгол түмний ондоошил, бахархал болсон ардын урлагаа түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ дэлгэцийн урлаг, загварын ертөнцөд өөрийн өнгө төрхийг тодорхойлж яваа уран бүтээлч юм. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд Ж.Сэнгэдорж найруулагчийн “Чимээгүй хотын жолооч”  киноны Мягмарын дүрээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн. Японы Осака хотод зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival”-ийн үеэр Азийн шилдэг жүжигчнээр шалгарсан юм.


-Ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас нь эхэлье? 


-Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид маань энэ өдрүүдэд улсын их баяр наадмын бэлтгэлээ базааж байна. Энэ жилийн наадмын нээлтийн арга хэмжээнд найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баярбаатар тэргүүтэй бүжиг дэглээчид ажиллаж байгаа. Олон жилийн дараа бүжигчдээс наадмын нээлтийн найруулагчаар ажиллаж буйгаараа онцлогтой. Одоогоор дунджаар 800 гаруй бүжигчин бэлтгэлээ хийж байна. Мөн наадмын бэлтгэлээс гадна бид жуулчдад зориулсан “Land “тоглолтоо өдөр бүр толилуулж байгаа. Мөн долоодугаар сарын 3-5-нд “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтоо үзэгчдэд хүргэнэ. Энэ тоглолт нь 1963 оноос эхлэлтэй бөгөөд үе үе бүжигчдийн ур чадвар, хөдөлмөр, өв соёлыг тээж ирсэн үнэт өв юм. Өнөөдөр ч тасралтгүй үргэлжилж, үзэгчидтэйгээ уулзсаар байна.


-Дан бүжгийн тоглолтын онцлог нь юу вэ?


-Бүжиг бол үггүйгээр ойлголцож чаддаг урлаг. Биеийн хөдөлгөөнөөр үзэгчдийг ухаарал бодролд хөтөлж, гоо сайхныг мэдрүүлэн, цаг хугацаагаар аялуулдаг. “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт ч мөн энэ бүх мэдрэмжийг үзэгчдэд өгдөг учраас олон жилийн турш үзэгчдийн сэтгэлийг татсаар ирсэн болов уу. Өнгөрсөн жил “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг ганцхан удаа тоглосон ч үзэж амжаагүй хүн олон байсан. Тиймээс  энэ удаа бид гурван өдөр дараалан тоглохоор болсон. Ер нь үндэсний өв соёлоороо бахархдаг, бүжгийн урлагийг шимтэн сонирхдог үзэгчид улам олон болж байгаа нь тоглолтын уур амьсгалаас мэдрэгддэг.


Мөн хүүхэд, залуус бүжгийн урлагийг ихээр сонирхож, энэ чиглэлээр хичээллэхийг зорьдог болсон нь анзаарагдаж байна. Үүнд хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг уралдаан, тэмцээнүүд ч тодорхой нөлөө үзүүлдэг байх. Тэдгээр нь хүүхдүүдийн авьяас чадвар, хүсэл тэмүүллийг хөгжүүлж, бүжгийн урлагт дурлуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн хүүхдүүдээрээ дамжуулан эцэг эхчүүд, асран хамгаалагчид ч мөн бүжгийн урлагийн үнэ цэнийг илүү сайн ойлгодог болсон. Хүүхдүүд нь тайзан дээр гарч, өөртөө итгэлтэй болж, харц, биеэ авч яваа байдал нь өөрчлөгдөж байгааг хараад бүжгийн урлаг хүнийг хэрхэн төлөвшүүлдэг болохыг мэдэрдэг. Монголчууд ер нь бүжгийн урлагийг үзэх дуртай ард түмэн. Үндэсний урлагаараа бахархаж, монгол соёлоороо омогших дуртай. Тиймээс “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтоороо бид Үндэсний урлагийн их театрын сор болсон бүтээлүүдийг хүргэхээр бэлтгэж байна.


-Улсын их баяр наадмын нээлтэд хэд дэх жилдээ оролцож байна вэ. Олон мянган үзэгчийн өмнө тайзнаа гарах мөч танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?


-Би сургуулиа төгсөөд 2014 оноос хойш тасралтгүй улсын их баяр наадмынхаа нээлтэд оролцож байна. Энэ жил 12 дахь жилдээ тайзнаа гарна. Улсын их баяр наадмынхаа нээлтийн арга хэмжээнд оролцоно гэдэг маш их бахархалтай байдаг.


Монгол хүн бүрийн сэтгэлд нуугдсан гал цогийг асааж, итгэл, бахархлыг нь бадраадаг үндэсний том баяр шүү дээ. Бид өөрсдөө наадамлаад явдаггүй ч урлагаараа дамжуулан тэр их омогшил, уур амьсгалыг өгч чаддаг нь сайхан.


Тоглолт дууссаны дараа наадмын талбайд гараа өргөн ёслоход, үзэгчдийн алга ташилт, уухайн түрлэг цуурайтаж, нүдэнд нь асах бахархал, омогшлыг харах мөчид мэргэжлийнхээ үнэ цэн, сайхныг мэдэрдэг дээ. Мэргэжилдээ илүү их шунан дурлаж, дахин дахин үзэгчдээс алга ташилтыг мэдрэхийг хүсдэг тийм цаг хугацаа байдаг.


-Уран бүтээлч бүхэн өөрийн гэсэн давтагдашгүй мөн чанар, онцлогтой. Та тухайн дүрээ бүжгээр хэрхэн илэрхийлэхийг зорьдог вэ?


-Бүжигчин хүн олон төрлийн уран бүтээлд ажилладаг. Гэхдээ аливаа дүрийг зөвхөн хөдөлгөөнөөс гадна зүрх сэтгэл, бодол мэдрэмжээрээ урлаж байж амилуулдаг гэж боддог. Өгөгдсөн дүрээ эхлээд дотроо боловсруулж, утга санаа, мөн чанарыг нь ойлгосны дараа биеийн хэлэмжээр илэрхийлэхийг хичээдэг. Дүрээ үнэнээр мэдэрч чадвал тэр мэдрэмж үзэгчдэд илүү хүрдэг байх гэж боддог доо.


-Та уран бүтээл туурвихаас гадна багшаар ажилладаг. Багшаар ажиллахын сайхан нь юу байна вэ?


-Багшаар төгсөөд студид бүжигт хайртай хүүхэд, залуус насанд хүрэгчдэд хичээл зааж байгаа. Багшаар ажиллана гэдэг, хүнд юм заана гэдэг их ур ухаан шаарддаг ажил юм байна. Би ч олон багш нараасаа суралцаж явна.


Студийн хүрээнд нэг сарын хугацаанд нэг монгол бүжиг сургах төлөвлөгөөтэй ажилладаг. Анх ирж байгаа хүмүүс ихэвчлэн “Би чадах болов уу, нэг сарын хугацаанд амжих болов уу” гэж асуудаг. Тэр болгонд хийж чаддаг хөдөлгөөнөөс нь эхэлж, бага багаар ахиулсаар зорилгодоо бид хүрдэг дээ.


Зургаадугаар сарын 23-нд гавьяат жүжигчин Одонтуяа эгчтэй хамтран, студийнхээ “Нэгэн зүгт” тоглолтыг Улаанбаатар театрт толилууллаа. Би өөрөө найруулагчаар нь ажиллаж, монгол бүжгийн цогц тоглолтыг үзүүлэхийг зорьсон. Тоглолтын үеэр мэргэжлийнхээ үнэ цэн, сайхныг илүү их мэдэрсэн. Зүрх сэтгэлээсээ хүсэж байгаа хүн бүр бүжиглэж чаддаг юм байна гэдгийг илүү их ойлгосон. Зарим хүмүүсийн дотор бүжиглэх хүсэл мөрөөдөл нь олон жил хадгалагдсан байдаг. Тэд бүжигт дуртай, бүжигчдэд хайртай байдаг.  Тиймээс эх орныхоо түүх, соёл, уламжлалыг илэрхийлж чаддаг мэргэжлээрээ бахархах мэдрэмж төрсөн.


-Дэлгэцийн уран бүтээлээс өөрийг нь харах сонирхолтой байсан. Ж.Сэнгэдорж найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” кинонд Мягмарын дүрд ажилласан шүү дээ. Дүрийнхээ мөн чанарын тухайд яривал?


-2024 онд Ж.Сэнгэдорж найруулагч надтай холбогдсон. Мягмарын дүрдээ тохирох хүнийг нэлээд удаан хугацаанд хайсан гэсэн. Ер нь найруулагч хүн дүрээ дотроо бодчихсон байдаг юм билээ. Тэр дүрд тохиорох бие, царай төрх, биеийн хэлэмж 80 хувь байх ёстой гэж би ойлгосон. Үлдсэн 10 хувь нь жүжигчний ур чадвар, 10 хувь найруулагчийн ур чадвар байж дүр бүтэн болдог юм байна.


Ж.Сэнгэдорж найруулагчийн эхнэр бүжигчин мэргэжилтэй. Тэгээд “Манай театрт ийм бүжигчин залуу байна” гэж хэлсэн гэсэн. Яг тэр үед би зурагтаар гарч таарч найруулагч “Мягмарын дүрд тохирох хүн мөн байна” гэж бодсон гэсэн. Гэсэн ч би чинь мэргэжлийн жүжигчин биш шүү дээ.


Тайзан дээр жүжиглэж байсан болохоос биш бараг үг хэлж үзээгүй. Тиймээс гурван удаа проп өгсний дараа   “Мягмарын дүрд ажиллаж барах байх” гэсэн 100 хувь биш ч гэсэн хүлээлттэй байсан кино багийнхан. Мягмарын дүрд ажиллахад “Би дүрээ яаж гаргах ёстой вэ” гэж бодох зүйл их байсан. Харцны тоглолт ихтэй. Тиймээс харц, дотоод мэдрэмж дээр найруулагч ажилласан.


Киноны хувьд үйлийн үр, хүний мөн чанарын тухай өгүүлдэг. Үйлийн үр гэхээр хүмүүс буруу зүйл хийсэн бол үйлийн үр болдог гэж боддог. Гэтэл сайн ч бай, муу ч бай хийсэн үйл бүхэн өөрийн гэсэн үр дагавартай. 


Энэ санааг хөндсөн.Нөгөөтэйгүүр, бид маш хурдацтай хөгжиж буй, завгүй нийгэмд амьдарч байна. Бид нэг нэгнийгээ чин сэтгэлээсээ сонсохоо больчихсон юм биш биз гэсэн  санааг илэрхийлсэн далд ертөнц, философи, шашны гээд олон өнцөг энэ бүтээлд бий. Тиймээс энэ киног үзээд утга санааг, илэрхийлэмжийг өөр өөрийнхөөрөө тайлаасай гэж бодож байна.


-Цаашид дэлгэцийн уран бүтээлд ажиллах санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?


-Бүжигчин хүний хувьд дэлгэцийн кино урлаг өөр ертөнц байсан. Шинэ зүйл сурч, олон хүмүүстэй танилцаж, өөрийгөө өөр ертөнцөөс сорих сонирхолтой байсан. Мөн кино теарт киногоо үзэх мэдрэмж онцгой байлаа.Тиймээс цаашид дэлгэцийн уран бүтээлд ажиллах санал ирвэл мэдээж хүлээж авна.


-Ямар дүрээр өөрийгөө харахыг хүсэж байна вэ?


-Миний бодлоор дүр бүр өөрийн гэсэн үнэ цэнтэй. Энэ хорвоод хүн бүр дахин давтагдашгүй оршдог шиг дүр болгон өөрийн гэсэн утга учиртай. Тиймээс надад дүр голох эрх байхгүй болов уу. Харин уран бүтээл бүрд өөрийгөө давж, шинэ зүйл сурч явахыг хүсдэг.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин