sonin.mn
Хөрөг тэмдэглэл
 
Нэгэн зууныг отголж нэгэн мянганыг өндөрлөсөн энэхэн цаг хугацаанд ард түмэн нэгэн түүхийг бүтээжээ. Түүх өөрөө зуун зуунд сод авьяастнууд, суут хүмүүсийг төрүүлдэг билээ.
Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгасан энэ зууны манлайлагчдыг ард түмэн өөрөө шалгарууллаа гэж 1999 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Зууны мэдээ” сонины 130 дугаар тусгай дугаар “Зууны манлай” сонинд бичиглэн үлдээжээ. XX зууны шилдэг манлай хөгжмийн зохиолчоор Л.Мөрдорж гуайг шалгаруулсан тухай түүний шавь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт тухайн цагт сонины редакцаас дуулгавал “Өө, тэгэлгүй яах вэ. Түүнтэй өрсөлдөх хүн байхгүй" гэж дуу алдсан гэдэг.
 
Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав асан нэгэн цагт дурсахдаа “Би Мөөеө багшийг аугаа хүн гэж боддог. Авьяасын туйл хүн. Хөгжмийн аялгуу хийц нь их гаргууд. Мөөеө багш энэ зуунд тодрох авьяастай хүн. Хөгжим талдаа Д.Данзанравжаа шиг сод хүн гэж би боддог” гэжээ.
Энэ алдартан цэргийн урлагаас тухайлбал, ЦДБЭЧ-аас төрөн гарсан юм. Түүний баялаг намтрыг сөхөж үзэхийн учир гэвэл 17 настай хүү Цэргийн төв театрын босгыг алхаж улмаар хөгжмийн группийн дарга, удирдаач болжээ. Тэрээр 1941 онд Ансамблийн даргаар томилогдохдоо дөнгөж 22 настай байлаа.
Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар “Гал дөлөн дунд” дурсамж номдоо Халх голын дайны гал дөнгөж зогсож манай дивизийн ангиуд байлдааны байдлаас түр гарч бэлэн байдалд тушаал аваад Халхын голын зүүн эрэгт байрласан үед манай цэргийн ахмад Л.Мөрдоржийн захирсан дуу бүжгийн Ансамблийн жүжигчид ирж өөрсдийн дэлгэрэнгүй программ концертоо сонирхуулж бас дайчидтай хамтарсан үдэшлэг зохиож "Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагаан"-ы аянд бүжиглэдэг байлаа гэжээ.
Алдартнуудын амьдрал уран бүтээл ихээхэн адармаатай сонирхолтой байдгийн адил Мөрдоржийн амьдрал ч адал явдал дүүрэн юм. Сүүлд нэгэн сонин зураг хэвлэлд тавигдаж олныг шуугиулаад авсан. Дондогдулам хатны хажууд нэгэн сөөсгөр үстэй сэргэлэн хүү байсан нь Мөрдорж гуай мөн гэлцэнэ. Нээрээ Богдын дэргэд эх хатан өнчин өрөөсөн хүүхдүүдийг тэжээж сургаж байсан мэдээ бий. 1924 онд Богд таалал төгсөхөд хүүхдүүд тарж явсан байж таарна. Мөрдорж гуай намтартаа өөрийн гараар бичсэн баримт ч байна.
 
"Би хүрээний шүтээний аймагт шавилж уншлага нэрийн номын өмнөх жүдийн номыг дуусгасан" гэжээ. Шүтээний аймаг гэдэг нь Нийслэл хүрээний анх байгуулсан дөрвөн аймгийн нэг юм. Өндөр Гэгээний далай ээжийн шүтээн Гомбо сахиусан дуганыг энэ аймагт байгуулсан учир Шүтээний аймаг гэж нэрлэжээ.
 
Мөрдорж гуай "Миний эцэг Лувсанжамба нь намайг гурван настай байхад нас барсан. Миний эх болсон эгч Цэвэгжав надад ярихдаа эцэг чинь угаасаа ядуу айлаас гаралтай. Айлын мал хариулж, Төв аймаг Улиастайн нутгаар амьдарч байгаад Богдын хүрээнд хуучнаар амбан хороонд амьдарч байсан" гэжээ. Энд сонин баримт нь Ансамблийн уран сайхны удирдагч Төрийн шагналт УГЗ Д.Бадарчийн гэргий манай нэртэй шанзчин Чүлтэмийн Сосорбарам Мөрдорж гуайг ахаа гэдгийн учир нь эцэг нь нас барсан өнчин хүүг Чүлтэмийн эхнэр Цэвэгжав авч өсгөсөн юм. Цэвэгжавын гар дээр ирэхэд барагцаагаар таван настай л байсан болов уу. Тэрбээр бичихдээ "Миний эгч Цэвэгжав шанзчин нөхөр Чүлтэм нь дуу хуурт дуртай хүн байжээ. Мөн авга ах Лувсан-Иш нь лимбэчин, дүү Дашдулам нь шанзчин хүн байлаа. Чүлтэм нь гаалийн хорооны нягтлан бодогч байсан болохоор намайг банкны нягтлан бодохын түр сургуульд оруулжээ. Түр сургуулиа төгсөөд Завхан аймагт намайг томилоход би явсангүй үлджээ. Би тэр үед чухамхүү юу мөрөөдөж байснаа үл мэднэ. Арваад настай хүү Бөмбөгөр ногооны театр, дөрөв, 10 дугаар хорооны клубээр эргэлдэх болов" гэжээ.
 
Л.Мөрдорж "Победа" машиныхаа өмнө, 1960-аад он
 
Түүнийг хөгжмийн эгшиг соронзон мэт ийн татав. Ингэж л чиг замаа олсон нь их хувь заяаны эхлэл байжээ. Мөн "Манайхаар оройн цагаар Лувсан хуурч ирж үлгэр хэлж хуурддаг байлаа. Манай гэрийнхэн ихэд сонирхож шөнөжин яриулахад нь би яаж морин хуурч болох вэ гэж бодох болов. Ингээд би Сэлбийн гүүрний Хятад дэлгүүрээс 6 төгрөгөөр 00-ын утсаар утасласан хуучир худалдан авсан юм. Нөгөөхийгөө сургуулийнхаа байрандаа ирж хөрөөдөж эхэлсэн.
Тэгээд "Шивээ Хиагт", "Гандий мод"-ыг оруулахтайгаа боллоо. Ингээд нөгөө муу хуучраа бариад Бөмбөгөр ногооны театрт очиж Түдэв, Ишдулам багшийн гэрт шалгуулав. Тэд хоорондоо ярилцахыг сонсвол "Ер нь юм сурмаар янзтай хүүхэд байна.Яаж мэдэх вэ хэтдээ хөгжимчин ч болох янз байна" гэлээ. Хоёр сар гаруй цалин мөнгөгүй нөгөө л хөгжмөө хөрөөдөж сургуулилт хийсэн. Дараахан нь Ишдулам багш надад дөрвөн утастай хуучир авчирч өгсөн. Нөгөөхөөр нь хөрөөдөж нилээн олон дууны ая гаргалаа. Тэгээд би энэ хуучраас тос гараад гарт наалдаад байна гэж багшид хэлбэл, чи яагаа ч үгүй байж олигтой хуучир барих санаатай юу гэсэн сэн.
 
Тэгээд нэг жил ажиллаад 15 төгрөгийн цалин авдаг боллоо. 17 нас хүрлээ. Олуулаа нийлж тайзан дээр хөгжимддөг боллоо. Миний хуурдахыг тэд сонирхдог ч боллоо. Театрын тайзан дээр Түдэв багштайгаа, "Шидэт хуар", "Дүйнхэр Да лам"-ыг хамтран хөгжимддөг болов оо. Дорждагва багштайгаа "Түмний эх", "Эртний сайхан" дууг даган хуучирддаг болсон. Тэр үед ноот мэдэхгүй сонсголоороо шууд дардаг байсан.
 
Улмаар би 17 настай байхдаа 18-тай гэж нэг нас нэмээд цэрэгт татагдаж, их бууны хороонд хуваарилагдав. Сэлэм зүүсэн чинь газар тулаад болдоггүй. Оройн цагаар цэргүүдэд хуучир дарж сонсгоно. Ингээд салаан дарга Батаа намайг бууны наводчикаас чөлөөлж номын санг хариуцуулж цэргийн чөлөөт цагаар хуучир дарахыг үүрэг болгов. Гэтэл нэг өдөр цэргийн клубт дуучид хөгжимчдийн уралдаан шалгаруулахад их бууны хорооноос оролцож нэгдүгээр байр эзлэв.
Удалгүй улс хувьсгалын 16 жилийн ой болж улсын уралдаанд оролцов. Энэ уралдаанд Түдэв, Түвдэн, Маам, Цэрэндорж багш бүгдээрээ оролцсон юм. Уралдааныг нийтийн өмнө шалгаруулж, би 1 дүгээр байр эзлэв. Ингээд намайг Цэргийн театрт шилжүүлэх жанжны тушаал гарч тус театрт шилжив. Төв театрт ажиллаж байхдаа орос эмэгтэй Берлин Печникова багшаар нот заалгасан. Хөгжмийн өрөөнд М.Дугаржав, Дорждагва багш нар тойрч зогсоод дуулж хөгжимдөж байхад Печникова багш шууд ноотолж байсан. Ингэж би ая дуу тэмдэглэдэг ноот гэж тусгай арга ухааныг сурсан" гэж өөрийн дурсамждаа бичиж үлдээжээ.
 
1930 оны сүүлч 1940 өөд оны эхэн үед нийтийн дууны төрөлд цэрэг-эх орны сэдэвтэй дайчин цоглог маршийн хэмнэлттэй дуунууд зонхилж байв. Цэргийн театр, чуулгын уран бүтээлчидтэй хамтран З.Пунцагийн "Түүхт хил", "Байлдааны суман", "Хилийн цэрэг", "Нисгэгч","Цэрэгт мордъё", "Эх орон” зэрэг алдартай дуунуудаа зохиож ард түмэн армийн дайчдын дунд ихэд алдаршиж байлаа.
1937 оны "Намын үнэн" сонинд "Партизан Батхүүгийн зам дээр" дуулалт жүжгийн хөгжмийн найруулгыг хөгжмийн ахлах сургагч В.А.Лялин, хөгжмийн II зэргийн удирдаач Г.Балданцэрэн нар бичиж, алдарт гавьяат хөгжимчин Ө.Лувсан, улсын алдарт гавьяат хөгжимчин Л.Мөрдорж нарын цэргийн 20 гаруй шилдэг уран бүтээлч чадварлаг хөгжимдлөө" гэж бичжээ.
 
1941 онд МАХ Цэргийн дуу танцны Ансамбль байгуулагдахад бүжиг ангид жагсаалын цэрэг Орос Гомбо, Лувсанцэрэн, Лувсандорж, Ц.Сэвжид, Ё.Цэрэндулам нарын 10-аад хүнийг, найрал дууны ангид Лхам, Санжаа, В.Пунцаг нарын 20-иод хүн, хөгжмийн ангид Д.Цэрмаа М.Дорж, П.Дамбийжанцан нарын 20-иод хүнийг шалгаруулан авч сургуулилж эхэллээ.
 
Бүх цэргийн үлээвэр хөгжмийн удирдаач хурандаа Р.Решетняк, ахмад Л.Мөрдорж хөгжмийн ангийг удирдаж, найрал дууны ангийг Зөвлөлтийн мэргэжилтэн Рязеинцова сургуулилж, харин бүжгийн ангийг Зөвлөлтийн 17 дугаар армийн ансамблийн бүжигчдийн тусламжтайгаар сургууль хийж анхны концертоо тоглож билээ.
Зөвлөлтийн мэргэжилтэн Р.Решетняк Ансамблийн дарга Л.Мөрдорж нар хамтран домра хөгжим "Магнаг үсэгтэй туг", "Шивээ Хиагт", "Интернациональ" дуунуудыг найрал дуучдад зориулан бичиж хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, зохиолч З.Пунцагийн шүлгээр "Партизан Чойбалсан" дууг найруулан дуулуулсан байна.
1950 он бол Л.Мөрдоржийн амьдрал уран бүтээлийнх нь хувь заяаг шийдвэрлэх үе байлаа. Учир нь, тэрбээр Москвагийн консерваторид суралцах болсон явдал юм. Хөгжмийн урлагийн нэрт багш Е.Голубов, В.Фере нараар хөгжмийн зохиомж заалгаж уран бүтээлийн шинэ үед шилжжээ.
 
 
1960-1970 оны үед хөгжмийн зохиолчийн авьяас билэг ундарч, Монголын хөгжмийн урлагт дуунаас дуурь, симфони, цөөхүүл хөгжим дуулаачийн төрөл бүрийн зохиол, дан хөгжим, олон киноны хөгжмийн дүр, дүрслэл, аялгуу эгшгийн ардын аяст хөгжмийн хэлээр бүтээж чадсан юм гэж А.Билибин бичжээ.
 
 
 
Дэлхийн сонгодог хөгжмөөс Үндэсний хөгжимд тоглохыг сэдэж, Францын хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен" дуурийн алдарт оршил, Оросын нэрт хөгжмийн зохиолч М.Глинкийн Испани үндэсний аялгуугаар хийсэн удиртгал зэргийг үндэсний хөгжимд найруулан бичиж Монголынхоо хөгжмийн урлагийг дэлхийн хөгжмийн урлагтай мөр зэрэгцэн алхахад асар их хичээл зүтгэл гаргаж байжээ.
 
 
Түүний хөгжмийг ЗХУ, Чех, Хятад, Румын, Герман улсуудад тоглодог болжээ. Мөнхүү дэлхийд хамгийн уянгат сайхан төрийн сүлд дууллын нэг нь Монголын төрийн дуулал юм гэж Зөвлөлтийн нэрт хөгжмийн зохиолч, удирдаач "Алтан гарт" Т.Ниязи хэлжээ.
 
 
Тэр хүн бас "Хөхөө Намжил" дуурийг Европын аль ч театрт тоглоход амжилттай болно гэжээ. Энэ бол дэлхийн хөгжмийн урлагийн зүтгэлтнүүдээс Л.Мөрдоржийн бүтээлүүдэд өгсөн том байсан гэж Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч Ц.Цэдэнжав дурдатгалдаа бичиж үлдээжээ.
Монголын нэртэй шилдэг яруу найрагчид болох Д.Сэнгээ, Ц.Цэдэнжав, Д.Тарваа, Л.Цэнд-Очир, Б.Бааст, Ч.Чимэд, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, З.Пунцаг нартай хамтран 200 гаруй нийтийн дууг бүтээсэн гавьяатай хүн юм.
 
Мөн 1955 онд туурвисан "Миний эх орон" симфони Монголын симфони урлагийн түүхэнд алтан үсгээр бичигджээ. 1944 онд Д.Сэнгээгийн шүлгээр "Эх орон" дуугаа зохиосон нь бадрангуй жавхлант өнгө аястайгаар эх орны дуунуудын манлай нь болж үлдсэн юм. Үүнээс хойш "Халхын голын ялалт 39 он", "Ардын наадам", "Аз жаргалын минь орон" зэрэг 10 гаруй симфони, "Хөхөө Намжил", "Жаргал" дууриуд, "Алтан өргөө", "Ардын элч", "Морьтой ч болоосой" зэрэг 30 орчим уран сайхны киноны хөгжмийг бүтээжээ.
БНМАУ-ын Төрийн шагналыг 1946 онд "Эх орон" дуугаараа, 1952 онд "БНМАУ-ын Төрийн дуулал"-аар Б.Дамдинсүрэнтэй хамтарч, 1975 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан юм.
 
 
Мөрдорж агсны гэргий Далайцэцэг дурсахдаа "Их л уян зөөлөн хүн байсан даа. Хөгжим түүний амьдрал нь байсан. Зохиосон хөгжим өвгөний минь сэтгэлийг илэрхийлдэг байв. Хөгжим бичих үедээ тоглодоггүй. Эхэлж нотолж байхдаа бичдэг байсан" гэжээ.
 
 
 
Энэ тухай Ансамблийн нэртэй ахмад хөгжимчин Баттулга нэгэн сонин дурсамж ярьсан юм. Тэрбээр "Би хөгжим бүжгийн сургуульд сурч байхдаа нэг айлд Мөрдорж багштай тааралдсан. Халамцуухан чүдэнзний хайрцаг дээр нот бичээд аялаад сууж байж билээ. Хүний хувьд сонирхон байсан тухай манай телевизийн киноны нэртэй найруулагч Д.Юндэндорж ярьж байсан. Мөрдорж гуайн тухай киноны зураг авахаар очиход гэртээ байхгүй. Ер нь эрж олж зураг авахад хэцүүхэн дээ. Харин өглөө эрт гэрийн хаалган дээр нь барьж авч билээ. Хачин хүн шүү. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойно байдаг байрнаасаа намын дээд сургууль хүртэл өглөө болгон гүйдэг хүн байна лээ" гэж билээ.
 
Нөхөр Чүлтэм гэргий Цэвэгжав, дүүгийн хамт, 1920-иод он
 
1996 онд “Алтан өргөө” киноны хөгжмийг манай симфони хөгжим анхлан хөгжимдөж, Дуурийн театрт их сайхан тоглолт болж билээ. Энэ үеэр Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайтай уулзсан юм. Учир нь Бирваа гуайн нэлээд хэдэн бүтээлийг би телевизийн болгож бид хоёр ч нэлээд дотно танил болоод байсан үе л дээ. Мөн 1944 онд МАХЦ-ийн 6 дугаар морьт бригад баруун хилийг хамгаалахаар алсын марш үйлдэхэд дэслэгч Бирваа морин бригадын хөгжмийн салааны дарга, миний эцэг Содномын Самбуу 31 дүгээр хорооны химийн албаны даргаар ахмад цолтой явсан түүхтэй юм билээ.
 
Бирваа гуай хоёулаа цуг Мөрдорж дээр оръё гэдэг юм юм уу? гэвэл болно гэв. Тэгээд тэр үеийн нэртэй хөгжмийн зохиолчид цугласан өрөө рүү ороод явчихлаа. Бирваа гуай “За, энэ хүн Ансамблийн найруулагч Болд" гэв. Мөрдорж гуай над руу тогтож нэлээн нухацтай харснаа би ч Ансамблиас л гарсан цэргийн хүн дээ гэснээ дөрвөн хуруугаа гозойлгоод (Дөрвөн таван хошуу мөрдэстэй ахмад) мөрөө заав. Тэр үед л Мөрдорж гуайн царай цаанаа л базаахгүй хачин ягаан харагдсан сан. Түүнээс хойш тэр их хүнтэй дахин уулзаагүй билээ.
 
Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ?
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн болж төрөө вэ... гэсэн гайхамшигтай увдислаг аялгуутай “Эх орон” дуугаа Монголчууд дээдийн бахархал болгодог билээ.
 
Алтан нарны шижир туяа татуулсаар цэлмэг тэнгэрт цэнхэр долгионоор Төрийн дуулал цуурайтан эх орон минь шинэ өглөөтэй учран золгодог. Их Д.Нацагдоржийн шүлэглэснээр хойчийн шинэ ертөнцдөө хүндэт гавьяа байгуулсан сод авьяаст хүүгээ ард түмэн нь хэзээ ч мартахгүй үеийн үед дурсан санаж байна. Энхжингийн оронд эх сайхан Монгол орон минь үүрд мөнх орших болтугай.
 
 
 
Бэлтгэлд байгаа хошууч С.БОЛД
Эх сурвалж: "Соёмбо" сонин