сонин mn
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хамгийн эхэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн чухал заалт бий.  Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал, тухайлбал Парламентийн хууль тогтоох эрхтэй танхим, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж, зөвийг дэмжиж, бурууг засуулж байх эрхийг  ард түмэн эдлэх ёстой гэсэн заалт.  Энэ бол Төр ба Иргэн хамтын хүчээр улс орноо хөгжүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой заалт.
 
Үндсэн хуулийн дээрх заалтад “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэсэн байдаг.  Гэтэл, Үндсэн хуулийн, ТӨРИЙН БАЙГУУЛАЛ хэмээх гурав дугаар бүлэгт ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, засгийн үйл ажиллагааг хянаж байх арга нөхцөлийг заахгүй орхисон.  Тухайлбал, “Улсын Их Хурал хэмээх нэг танхимтай, тэр нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг ганцаараа эдлэнэ” гэсэн заалтаар Хууль тогтоох ажлыг ард түмэн хянах бололцоогүй болгосон.  Ард иргэд төрийн хэрэгт шууд оролцож байхын тулд сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагатай байх ёстой атал түүнийг нь үгүй болгосон.  Ийм учраас Үндсэн хуулийн энэ л гажуудлыг засаж, ард түмэнд засгийн бүх эрхийг мэдэлдээ байлгах эрхийг нь эдлүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах, тухайлбал, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллага буюу Ардын Их Хурлыг бий болгох зайлшгүй шаардлага байгаа юм. 
 
Парламентыг хоёр танхимтай болгож ард түмний мэдэлд засгийн эрхийг өгөх, тухайлбал, Ардын Их Хурал хэмээх Төрийн эрх барих дээд байгууллагыг шинээр бий болгох, Одоогийн Улсын Их Хурлыг хууль боловсруулж батлах үндсэн үүрэгтэй Улсын Бага Хурал болгон өөрчлөх санал олон жил яригдаж байгаа боловч анхаарахгүй байсаар гучин жил өнгөрлөө.  Одоо шийдэхгүй байх аргагүй болсон.
 
Парламентын хоёр танхимын зохион байгуулалт, эрх үүргийн гол асуудлаарх миний санал:
 
1. Дээд танхим буюу Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллага - Ардын Их Хурлыг бий болгох.
 
-АИХ-ын бүрэн эрхийн хамгийн нэг дүгээрт Үндсэн хууль, түүний өөрчлөлтийн асуудал байна.
-АИХ нь сум, дүүрэг нэг бүрээс ард иргэд нэрийг дэвшүүлж 6 жилийн хугацаагаар сонгосон 450-500 гишүүнтэй, жилд 1-2 удаа, шаардлагатай бол олон удаа хуралдах чуулгантай. Гишүүдийн гуравны нэг хүртэл хувийг хоёр жил дутам өөрчилж болно.
-АИХ-ын гишүүд бол Монголын бүх сонгогчдын төлөөлөл, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн эрхэм нөхөд.  Монгол Улсын төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн бүх эрхийг мэдэлдээ байлгах ард түмний бүрэн эрхийг түүнийг төлөөлөн хэрэгжүүлж байх хүмүүс учраас АИХ-ын гишүүдэд хамгийн шилдэг хүмүүсийг сонгож байхад нийт иргэд, сонгогчид онц анхаарах ёстой. Сум дүүрэг, аймаг хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын аль нэг нь АИХ-ын гишүүнээр сонгогдсон байвал зохистой. 
-АИХ-аас сонгогдсон орон тооны 9-11 гишүүнтэй АИХ-ын тэргүүлэгчид  ажиллана.
-АИХ-аас АИХ-ын тэргүүлэгчдийн даргыг сонгоно.  АИХ-ын тэргүүлэгчдийн дарга бол Монгол Улсын Төрийн тэргүүн байна.
 
2. Доод танхим буюу Улсын Бага Хурал бол Монгол Улсад дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсруулж, тогтоосон журмаар баталж, хэрэгжүүлж байх байгууллага.
 
-Бага хурал орон тооны 50 гишүүнтэй, байнгын ажиллагаатай байна.
-УБХ-ын гишүүдийг Ардын Их Хурал сонгоно. Гишүүнд сонгох хүмүүсийн нэрийг төлөвшсөн Улс Төрийн намууд дэвшүүлнэ.
-УБХ –ын дарга, дэд даргыг Бага хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгох бөгөөд Бага хурлын даргаар сонгосон хүнийг нь АИХ-ын тэргүүлэгчдийн дарга зөвшөөрсөн нөхцөлд сонголт хүчинтэйд тооцогдоно.
-Бага хурал баталсан хуулиа АИХ-ын тэргүүлэгчдийн газарт хүргүүлж, АИХ-ын тэргүүлэгчдийн газраас ажлын арав хоног дотор өөрчлөх засах санал ирүүлээгүй бол уг хуулийг хүчинтэйд тооцон хэрэгжүүлж эхэлнэ.
 
3. Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар Үндсэн хуульд дараах заалт оруулах.
 
-Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлөөр 10-15 жилийн хугацаанд баримтлах бодлого, Таван жилийн дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн өрсөлдөх чадвартай эдийн засагтай, экспортлогч орон болгохыг Монгол төрийн эрхэм зорилт болгоно.  Энэ заалттай холбогдуулж уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр хөгжүүлнэ гэсэн заалт нэмэж болох юм.
-Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэлтийг зохион байгуулах үүрэгтэй Засгийн газрын шадар сайд тэргүүлсэн төрийн захиргааны төв байгууллагатай  байна.
 
4. Монгол Улсад төлөвшсөн, чадварлаг Улс төрийн нам байхыг чухалчилж Үндсэн хуульд дараах заалт оруулах.
 
-Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх урт, дунд хугацааны бодлого төлөвлөгөөний төсөл боловсруулсан, Аймаг хот бүрт намын төлөөлөлтөй, Санхүүжүүлэлтийн асуудлаа шийдсэн Улс төрийн намыг төлөвшсөн нам гэж үзэж үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрнө.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлаар саналаа бичлээ.  Мэрэгжлийн хүмүүс нарийвчлан боловсруулж Үндсэн хуульд бичигдэх ёстой үг үгүүлбэрээр найруулж бичих биз. 
 
Жич: Дахин хэлэе. Олон нийт төрийн хэргээс хөндий буюу улс төрд оролцдоггүй, хэрхэн оролцохоо мэддэггүй байсаар олон жил өнгөрлөө.  Улс төр эдийн засгийн шийдвэрийг төр дангаараа гаргадаг, нийгэм нь хүчин мөхөс тархай бутархай байж болохгүй.  Ард олондоо оролцооны ардчилал өгөх асуудлыг 2019 онд шийдэх боломж байсан боловч сонирхолгүй байснаас орхигдсон. 
 
 
Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулах үед хоёр танхимын асуудал хурц тавигдаж байхад УИХ-ын дарга Занданшатар, одоо түүний зөвлөхөөр ажиллаж байгаа Лүндээжанцан нар орон нутгаас олон зуун хүн авчирч, нэг танхимтай парламент байх ёстой гэсэн ухуулга буюу тархи угаалга гэгчийг зохион байгуулж байгаад Үндсэн хуульд өнгөц өөрчлөлт хийсний уршгаар дөнгөж гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулах санал гарч байна.  
 
Парламентыг хоёр танхимтай болгохыг одоо шийдэхгүй, УИХ-ынхаа гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх гэж зөрүүдлээд, тэр нь бүтвэл төрийн, системийн хямрал үүсгэх эрсдэлтэйг, ард түмэн эрхээ эдлэх ёстойг хоёр нөхөр минь ухаараасай. Ард түмний төлөөлөлийн хяналт байсан бол Оюутолгой компанийн гэрээтэй холбогдсон шийдвэрүүд, Төмөр замын талаарх төрийн бодлого, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай зэрэг хууль тогтоомж алдаагүй гарч, хөгжлийн асар их боломж алдагдахгүй байсан гэж үзэх үндэстэй.
 
 
 
Ерөнхий сайд асан. АлтанЧой овогт Думаагийн Содном