сонин mn
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Хигашияа Кейичигийн манай улсад ажиллах үүрэгт хугацаа дуусаж, эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар 6 дугаар сарын 28-ны энэ өдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегаар шинээр томилогдсон дэд хурандаа Ирики Ёохэй болон Хуурай замын цэргийн командлалын Гадаад харилцааны офицер, хошууч Б.Лхагвадорж нар байлцсан юм.
 
Хошууч генерал Б.Амгаланбаатар “Монгол, Япон хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажилласан танд гүн талархал илэрхийлье. Таны хичээл зүтгэлийн үр дүнд хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд, олон чиглэлээр өргөжиж хөгжсөн байна. Бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж, цэргийн боловсон хүчин сургах, "Хааны эрэлд" энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд Японы Өөрийгөө хамгаалах хүчнээс бие бүрэлдэхүүн илгээн оролцуулах, цэргийн инженер болон эмнэлгийн чиглэлээр чадавхи дээшлүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэн гээд бидний хамтын ажиллагаа гүнзгийрч, итгэлцэл тэр хэмжээгээр бат тогтож байгаад баяртай байна. Тэр дундаа хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Зам” сургалт, дадлагын цар хүрээ, ач холбогдол жилээс жилд өргөжиж, та бүхний сурган дадлагажуулсан офицер, ахлагч нарын үүрэг гүйцэтгэлт өндөр байгааг цохон тэмдэглэх учиртай” хэмээн талархал илэрхийлээд цаашдын ажил албанд нь өндөр амжилт хүслээ. Уулзалтын төгсгөлд дэд хурандаа Хигашияа Кейичитэй цөөн хором ярилцсан юм. 
 
-Та Монгол Улсад ажилласан жилүүдээ дүгнэвэл. Хоёр улсын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн байх...
 
-Баярлалаа. Миний Монгол Улсад томилогдон ажилласан гурван жилийн хугацаанд дэлхий нийтээр тархсан цар тахлын амаргүй үе таарлаа. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зарим төлөвлөгөөт ажил хойшилсон ч гэсэн түүнийгээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрчимтэй нөхөж чадсан. Цахим уулзалтуудыг эрчимтэй зохион байгуулж, цэргийн инженер  болон цэргийн эмнэлгийн чиглэлд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж чадлаа. Удахгүй энэ чиглэлээр зарим алба хаагч Япон улсад суралцаж, том дадлага, туршлага болно гэдэгт нь итгэл дүүрэн байна.
  
-“Зам” сургалт, дадлагын ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байна. Энэ тухайд?
 
-Тийм ээ, хоёр улсын цэргийн харилцаанд том байр суурь эзлэх сургалт, дадлага бол “Зам” юм. Монгол Улсын Зэвсэгт хүчин барилга-инженерийн нэгтгэл, ангиудаа нэмэгдүүлж, удахгүй бүр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн цэргийн баг оролцуулахаар төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ бол цэргийн инженерийн үүрэг ямар өндөр байдгийг илэрхийлэх хариулт. Цаашдаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхэд илүү нарийн мэргэжлээр сурган бэлтгэх шаардлага ч гарах байх. Тэр бүрт бидний хамтын ажиллагаа улам бэхжиж, өргөжөөд явна.
 
-Та монгол цэргүүдийн тухай, монголчуудын тухай ямар сэтгэгдэлтэй буцаж байна вэ?
 
-Анх ирэхэд уламжлал, соёл өөр учраас гайхах, бишрэх зүйл их байлаа. Харин өнөөдөр монгол уламжлал, зан заншил, соёл миний дотно орчин болжээ. Монголчуудын найрсаг, нөхөрсөг зан араншин их таалагдлаа. Монгол цэргүүдийн тухайд богино хугацаанд төлөвлөж, гүйцэтгэж чаддаг нь гайхалтай байв. “Зам” сургалтаас ч энэ чадвар тодорхой харагдаж байсан. Монгол хэмээх энэ сайхан орныг хэзээ ч мартахгүй. Намайг халуун дотноор хүлээн авч, дэмжиж ажилласан Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын удирдлагуудад баярлалаа. Хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд олон дэвшил гарсан гэдэгт итгэж байна.
 
 
 
Ахлах дэслэгч Д.БОЛОР