sonin.mn
Ойрын өдрүүдийн олны ам дамжсан хамгийн сонирхол бүхий яриа өнөө жилийн наадмаар хэн түрүүлэх талаар аймаг, сумаараа талцан маргалдах биш хөөрөлдөж, бөхөөр амьсгалсан өдрүүд үргэлжилж байна. Ийн хөөрөлдөхийг Ардчилсан намын их хурал дээр гарсан зодоон цохионы дуулиан ч дарж чадсангүй. Улсын наадмын бөхийн таавар халуухан өрнөхийн учир нэг биш хоёр жилийн наадмын бөхийн өрнөлийг тандаж буй хүлээлт арвинтай таавар, магадлал юм.
 
Жилдээ нэг удаа тэмдэглэдэг улсын баяр наадмын яриа хойтон жилийн наадам хүртэл яригдсаар байдаг нь өөр сонирхолтой яриа хөөрөө ховор, эсвэл хэт хийрхсэн шүтэн бишрэгчдийн сэтгэлийн хөөсрөлт огт биш, монгол бөхийн давтагдашгүй уламжлал, үндэсний гэх хэв шинж, ардын цээж соёлын өвийг хадгалсан, бусад спортоос тодруулсан ялгарал юм. Жинхэнэ бөх жилдээ ганц гэсэн үг бий.
 
Энэ нь монгол бөхийн мөн чанар, гагц наадмын барилдааны давтагдашгүй онцлог, үнэ цэнийг уламжлалын хэлбэрээр илэрхийлж байна шүү дээ. Нөгөө талаар монгол бөх бол, өдгөө цагт алсран холдсоор байгаа нүүдэлчний соёлын оюун санаа, сэтгэлгээ, бие бялдрын үндэсний зан чанарыг ил ч тэр, далд ч тэр харуулж, хадгалж яваа өв гэхэд хэн маргах вэ. Бөхийн тухай ярих бүр цолны асуудал аандаа босож ирдэг.  Олон зуун жилийн турш бөхийн цолыг Богдын зарлиг лүндэн, дээдэс язгууртан, ноёд тайж, дарга даамал олгож байгаагүй, тэдэнд огт хамаагүй явсаар ирсэн түүхтэй. Монгол бөх бол монголчуудын бүтээж туурвисан, бие даасан урлаг юм. Цолыг бөх өөрөө олгодгоороо монгол бөхийн дэг жаяг халдашгүй дархан, хамгийн тод онцлог нь энэ билээ. Тодорхой давааг давж чадсан бол тухайн давааны цолтон боллоо л гэсэн үг. Даваагаа давсан, ард түмэн тэр цолоор нь нэрлэнэ гүйцээ. Монгол бөхийн цол олгодог барилдаан нь улсын наадам буюу жилдээ ганц удаа тохиодог нь бусад спортоос ялгарч буй үндэсний, нүүдэлчний онцлог юм. Үндэсний бөх цол, чимэг олгох дэг жаяг, дүрэм журмаа өөрөө тогтоогоод олон зуун жил мөрдөгдсөөр ирсэн байтал бөхийн цол олгох даваандаа хүрээгүй байхад цолыг өгсүүлэн олгож эхэлсэн нь маргааны бай болсон юм, магадгүй энэ нь талцал хуваагдал, атаархал жөтөөрхөл бий болгож, монгол бөхийн дэвжээнд хар сэр бий болгосныг үгүйсгэх аргагүй.
 
Цолны маргаан үзүүр, түрүүний бөхөд олонтоо яригдсаар, маргалдсаар байдаг. Наадамд түрүүлсэн бөхөд арслан цол олгоно, арслан цолтон дахин түрүүлбэл аварга цол олгоно. Монгол бөхийн уламжлал, үндэсний шинж чанар үүнд л оршино, харьяалагдана. Үзүүрлэсэн бөхөд арслан цол олгохгүй, яагаад гэвэл тэр түрүүлээгүй. Наадамд хэдэн бөх барилдаж, хэдэн даваатай байхаас үл хамаарна.
 
Үзүүр, түрүүний бөхөд энэ л уламжлал, энэ л журам бат нот үйлчилнэ, гагц үүнийг л үндэсний гэнэ, энэ маань халдашгүй хамгаалалттай юм, тэр нь тухайн даваа. Уламжлал ийн байсаар байтал түүнийг үл ойшоон цол олгож байгаа нь яг одоо цагийн нэн хүчтэй хэллэгээр хүний эрх зөрчигдөж байна гэдэг шиг, бөхийн эрх зөрчсөн явдал юм. Тухайн давааны цолыг өгсүүлэн олгодоггүй монгол бөхийн энэ алтан дүрэм зөрчигдсөнөөс маргаан, мэтгээн өрнөж, атаа жөтөө, барьцалт гарсан, тэр нь аажмаар монгол бөхийн жаяг, жудагт нөлөөлсөн дөө.
 
1961 оны наадамд түрүүлсэн бөхөд аварга, үзүүрлэсэн бөхөд арслан  цол олгосон байдаг.  Шалтгаан нь, Ардын хувьсгалын тэгш ой тохиосон тул нэг цол ахиулан олгожээ. Зуун тавин жилийн өмнөх наадамд аварга цолгүй бөх түрүүлэхэд арслан цол олгосон байдаг. Учир нь, үндэсний бөхөд даваандаа давсан бол цол хүртэхээс бус тэгш ой тохиочихлоо, эсвэл олон жил барилдсан, өтөлчих гээд байгаа юм гэсэн яриа байхгүй. Цолыг зөвхөн давсан даваа л шийднэ, үүнийг хэн нэгэн журамлаж зохиогоогүй, монгол бөх өөрөө гаргасан дэг, жаяг юм. Үндэсний бөхийн цолыг ахиулан олгох явдлыг уламжлал, өв соёл, ёс суртахуундаа санаатайгаар халдаж байгаа гажуудал гэж үзэхээс өөр гарц үгүй. Тэр жил УИХ-аар хэлэлцэн тогтоол шийдвэр гаргаж байж хоёр аваргын цолыг ахиулан дархан аварга цол олгоход миний бие “Цолыг хуралдаж биш барилдаж авдаг” гэж бичээд зарим дарга, эрхтэнд зэмлүүлсэн удаа ч бий.
 
Сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн маргааны бай нь сэргээшний асуудал болов. Үндэсний бөхийг спорт гэж батлагчид олон бий. Наадам, цэнгээн гэхээсээ илүү спортлог тал нь давамгайлсан үндэсний бөхийг их спорттой адилтган хүндлэн дээдэлж байгаа л юм бол их спортын дүрэм журамд нийцүүлэн сэргээшний асуудлыг шийдвэрлэх нь зүйд нийцнэ. Энд нэг зүйлийг онцлон хэлье. Алдарт аварга Х.Баянмөнх, манай бөхчүүлд (бөхөд биш, бөхчүүлд шүү) нэг зүйл сох дутагдаад байна. Оюунлаг чанар, чадвар гэж хэлсэн байх юм. Энэхүү оюунлаг гэдэгт ёс суртахуун хамаарна. Бөхчүүлд үнэхээр оюунлаг чанар дутагдалтай байгаагаас амжилтаас түрүүнд арга чарга, булхай ой тойнд нь тусаад байна шүү дээ. Спортод дэлхий нийтээрээ хориглодог сэргээш яагаад манай бөхчүүдээс гарч, цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулж байна вэ, мэдсээр байж шүү дээ. Бөхийн жудаг, ёс суртахуун доройтож байгаагийн илрэл.
 
Өнөө жилийн наадмаар 1024 бөх барилдах тул түрүүлсэн бөх 10 давна. Арслан цолтой бөх түрүүлбэл аварга цол хүртэнэ. Тэгтэл арслан цолтой бөх үзүүрлэвэл (арслан цолтой бөх үзүүрлэх магадлал бий) тэгш ойгоор үзүүрлэсэн гээд аварга цол ч олгох талаар аанай л УИХ-ын танхимд яригдав. 9 давсан бол арслан шүү дээ, дахин хэлэхэд энэ өгүүлэмж бол монгол бөхийн өөрөө зохиосон, үндэсний давтагдашгүй мөн чанар нь юм. Үүнийг дүрэм журам, эрх мэдлээр өөрчилвөл монгол бөх үндэсний гэсэн мөн чанараа алдана, өнөөгийн их хурлаас олон зуун жилийн өмнө монгол бөх өөрөө дүрэм журмаа гаргаад мөрдөөд ирсэн байна шүү дээ.
 
Өөр нэг сонирхолтой үйл явдал энэ жилийн наадмыг хөгжөөх бололтой. Өвөрмонгол, Тува, Буриад, Халимагийн бөхчүүд улсын наадамд зодоглохоор түрүүчээсээ мэдүүлгээ өгсөн байх юм. Үүнд гайхан эргэлзэж, хажиглах явдалгүй. Манай бөхчүүд гаднын орны үндэсний бүр мэргэжлийн сумо, кураш, өвөрмонгол зэрэг бөхөөр барилдаж тодорхой амжилт үзүүлсээр аварга цол хүртэж, дээд амжилтын эзэд ч болцгоосон. Бусад орны бөхчүүд үндэсний бөхөөр улсын наадамд барилдахыг үгүйсгэх аргагүй, тэр тусмаа угсаа гарвал нэгтэй үндэстэн, ястныг ялгаварлаж болно гэж үү. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр дээрх дөрвөн орны төлөөлөл оролцож л байсан шүү дээ. Эдгээр улсын бөхчүүд мэдээж, залуу бөхийн ангилалд эрэмбэлэгдэх нь эргэлзээгүй. Гэхдээ улс тус бүрийн үндэсний бөх нь ялгамж, эрэмбэ, зэрэглэл, цол гуншинтай, түүнийг нь аймаг, сумын цолтой жишиж, дүйцүүлж цувруулан дэсэлж болох юм.
 
Сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр хичээллэгч залуусын тоо эрс нэмэгдэж, (хүн амын өсөлттэй холбоотой үзүүлэлт байх) бөхийн гал, дэвжээ аймаг бүрд бий болсон, удахгүй сумын бөхийн гал, дэвжээ олшрох биз. Үндэсний бөхөөр хичээллэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр барилдааны чанар чансаа, арга техник эрс өссөнтэй маргах зүйлгүй. Бас энэ хэрээр улсын цол горилогчдын тоо ч эрс нэмэгдсэн. Ташрамд хэлэхэд, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн бие бялдар, барилдах урлаг улсын цолтноос ялгагдахгүй болсон нь үндэсний бөхийн чанар, хөгжилд хүчтэй түлхэц өгсөн, үзэгчдийн сонирхлыг ч ихээр татах болсон.
 
Аль ч спортод байдаггүй, барилдааны үр дүнд сайнаар ч, саараар ч нөлөөлдөг хүчин зүйл нь ам авах. Уг нь амны бөхдөө унавал нүүр хийх газаргүй шахам болдог байж. Би давна, дийлнэ гэж багтаж амласан байтлаа багтарч унах, барилдалгүй унах нь ихэссэн үү гэвэл ихэссэн. Амласан бөхдөө уначхаад, энэ маань цол авчихлаа гээд баярлаад, инээгээд зогсох нь үндэсний бөхийн нэг гажуудал юм, үзэгчдэд таалагдахгүй. Ам авалт нь начны найраа гэгчийг бий болгосон, гэхдээ ам зөв авах нь үндэсний бөхийн эрэмбэ, хүндэтгэл, ёс жаягийн дээд илрэл. Амлаж барилддаггүй бол монгол бөх үндэсний байж чадахгүй. 1955 оны наадамд 256 бөх сугалаагаар барилдахад үзүүр түрүүнд яригдаж байсан аварга, арслан хоёр гурвын даваанд таарч барилдсан гээд уламжлалыг эвдсэн олон барилдаан гарчээ. Уг нь орчин үеийн спортын оноолт, сугалаагаар наадмын бөхөө барилдуулах гэсэн дэвшилт арга гэж үзсэн боловч үндэснийх бол үндэснийх гэдгийг өөрчилж яахан чадах билээ. Энэ наадамд огт сураггүй байсан С.Оргодол түрүүлж арслан, Б.Бадам үзүүрлэж заан цол хүртсэн гэдэг. Дараа дараагийн наадамд энэ арслан, заан хоёр сураг тасарсан. Монгол бөхийн үндсэний хэв шинжийг ам авалт тогтоож өгдөг нь энэ наадмаар батлагдахгүй юу.
 
Ам авалт нь бөхийн залгамж халааг өндийлгөх, урам нэмэх, нэг ёсны сургалт, шалгалт гэж ойлговол онолтой. Харин өнөө үед ам авалтаар дөрөөлөн “ашиг сонирхлын зөрчил” гаргадаг залуус бишгүй олон. Амлуулж цол авах нь гарцаагүй үзэгдэл, харин тэр цолоо батлах нь амлалтыг давсны баталгаа. Улсын начин цол хүртээд наадамд дахин тав даваагүй, цолоо батлаагүй бөхийн нэрсийг гаргаж нийтэд дэлгэвэл яадаг бол. Начин цолтныг баталгаатай, баталгаагүй гэж нэрлэвэл нэгийг боддог  болов уу, ийдэг бол. Өнгөрсөн онд Залуучуудын байгууллагын 100 жилийн ойгоор 512 бөх барилдсан.
 
Жилийн дараа уг барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол олгох яриа аанай л бүхнийг мэдэн захирагч их хурлын танхимд яригдсан, цол шагнал нэхэн олгохгүй гэж аль ерээд оны эхээр шийдсэн байтал бөхийн цолыг нэхэн олгох гэж санаархах нь мөн л ашиг сонирхлын зөрчил бус уу. Өдгөө ид барилдаж байгаа залуу бөх дээрх яриаг сонсоод “Цол олгох байсан бол өөрөөр барилдах байсан” гэж нийгмийн сүлжээнд бичсэн байв. Энэ юуг илтгэнэ вэ, начны гэлтгүй бас бус цолны найраа байдгийг нийтэд зарлаж байна шүү дээ.
 
Өнөө жилийн наадмаар хэдэн начин төрөхийг хэлж тааварлахад хэцүү, залуу бөхчүүд бүгд барилдаанч болцгоосон, начны даваанд тулж ирсэн залуу бөхчүүд олон, тэднийг басаж болохгүй. Хэн илүү бэлтгэл хийсэн, хэн илүү сэтгэсэн нь хэнийг ч давах магадлалтай. Эхлээд гэвэл, сар шинийн барилдаанд түрүүлсэн аймгийн заан Э.Мөнхжаргал наанадаж начин цолонд хүрнэ гэж найдагчид олон байна. Баян-Өлгий аймгийн арслан Т.Ерболат, аймгийн арслан У.Береке нарыг би аваад хаячихъя гэж ам бардам хэлэх хүн ховор доо, энэ хоёрын нэг нь тав давчихсан байхад үзэгчид юу болов гэж уулга алдах нь үгүй л болов уу. Хэн, хэн начин цол хүртэхийг амлаж авах бөхөөс нь нэг асуучих юм сан, тэгвэл таавар мөн сайхан дардан болно доо.
 
Аваргуудаар хэн давж начин цол авдаг юм бол, арван хоёрны өдөр л харж дээ. Шөвгийн 32 бөхийн тэн хагас нь аймаг, цэргийн цолтой бөхчүүд байх магадлал бий. Зургаагийн даваанаас л халгаатай ч, халуухан барилдаанууд эхэлнэ. Энэ давааны сүүлийн нэг, магадгүй хоёр дүйзэд шинээр начин цол авсан залуу бөхчүүд хоорондоо барилдах биз. Эндээс хоёрын зэрэг ч харцага цолтон бий болно. Өндөр даваанд эрэмбэтэй аварга П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж гээд долоо найман бөх долоогийн даваа руу шургачих биз.
 
Сүүлийн гурав, дөрвөн жил наадамд түрүүлнэ гэж үзэгчдийн 50+1 хувийн итгэлийг баттай хүлээсэн бөх бол улсын харцага О.Хангай гарцаагүй мөн. Эцэг болоод эхийн талаас дархан аварга Ш.Батсуурь, улсын арслан Ш.Ванчинхүү нарын удамтай энэ бөхийг Говь-Алтай аймгийн уугуул, Ховд аймгийн харьяат гэж зарладаг болсон нь наадмын үзүүр, түрүүнд тун ойртож очсоны гэрч байлгүй. Хий нь арилсан бөх л юунд ч торхгүй түрүүлдэг, харцага Т.Баасанхүү сар шинийн барилдаанд харцага О.Хангайгийн баруун гарыг урдуураа татаад гэдийхэд нь баруун хөлд нь этээд тас гэдрэг нь харуулна билээ, хий нь гүйцэт биш юмаа гэхэд сүрхий дундарсан байх шүү. Улсын заан Н.Жаргалбаяр, Р.Пүрэвдагва, М.Бадарч, Д.Анар гээд шөвгийн наймд багтах заанууд байна аа.
 
Улсын заан Д.Анар долоогийн даваанд унаж заан цол авсан (өрсөлдөгч нь сэргээш хэрэглэсэн учир), одоо давж заан цолыг батлах ёстой. Эднийг амлаад хялбархан давчихна гэвэл эндүүрэл. Наадмыг үндсээр нь эргүүлж мэдэх бөхийн тоонд улсын харцага Б.Бат-Өлзий, Ж.Орхонбаяр нар зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм. Долоогийн даваанд нэрлэгдэн буй харцагууд тунаж хоорондоо барилдаж таарах вий, давсан нь заан гэсэн үг. Сүүлийн хоёр жилийн заал, танхимын барилдаануудад улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Ж.Орхонбаяр нар л ноёлж байсан шүү дээ. Аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нар шөвгийн дөрөвт үлдэх ам авалт, барилдааны туршлага бийг мартаж болохгүй. Хоёроор тогтохгүй харцага, бас хоёрын зэрэг заан цолтон төрөх боломж бол байна. Заан Н.Жаргалбаяр ч юм уу, харцага О.Хангай эсвэл харцага Н.Бат-Өлзий гээд түрүүлчхэж мэдэх бөхийг үзэгчид нэрлэж тааварлаж л сууна. Хэн, хэдийн даваанд хэнийг амлахаас наадмын дараа дараагийн давааны ам авалт өөрчлөгддөг учраас тодорхой нэрлэхэд хэцүү, оноолт биш шүү дээ. Үүнд л монгол бөхийн таавар, эргэлзээ оршиж байгаа юм. Ямартай ч дээр нэр дурдсан бөхчүүд өнөө жилийн наадмын долоо, найм, ес, арвын даваанд барилдах нь эргэлзээгүй.
 
 
Сэтгүүлч П.Батнайрамдал