sonin.mn
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
 
Энэ үеэрээ тэрээр: "Даатгалаа төлөөгүй нь юу байна, торгуулиа төлөөгүй машин явж байна. Энэ сахилга батыг бий болгодог зүйл чинь замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн тухай хууль, торгуулийн систем байхгүй юу. Энэ систем сайн ажиллахгүй байна гэсэн үг. Энэ системийг Ж.Сүхбаатараа чи ажиллуулдаг болгоочээ гэнэ. Би Хууль Зүйн сайд биш. Зөрчлийн хууль дээрээ та анхаар гэнэ. Би анхаарч байна л даа. Нийтийн тээвэр хотын даргын мэдэлд байдаг. Нийтийн тээврээ та янзал гэж байна. Би нийтийн тээвэр рүү орж байна. Надад яам, бүтэц байхгүй. Энэ хэдэн яамаа үндэсний хороон дээрээ цуглуулаад ажиллаж байна.
 
 
Хүмүүс ойлгохгүй, чи зориггүй байна гэнэ ээ. Би хэнээс айна гэж. Ингэж их доромжлол, шүүмжлэл амсаж байж байгаа ч би та нарын өмнө зогсож л байгаа биз дээ. Энэ олон замбараагүй хүмүүсийн юмыг нийлүүлээд ажиллаж байна шүү дээ. Үүн дээр зориг хүрч байхад шийдвэр гаргахад зориг хүрэхгүй зүйл байхгүй шүү дээ. Шулуухан хэлэхэд би сайд болох гээд зүтгэж мүтгээд, янз бүрийн санал тавьсан юм байхгүй.
 
 
Энэ миний хүсэл зоригоос хамаарсан зүйл байхгүй. Мангар амьтан байгаа биш, ямар ч яамгүй ийм ажил руу гүйж ороод, хүмүүсийн бухимдлыг хүлээж аваад, ажлаа жоохон сайжруулаад ирэхээр бусад дарга нар нь өөрсдөө гарч ирээд ажлаа тайлбарлачихдаг. Намайг ийм дүр болгоод хувиргачихсан байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлчихөд бүх юм сайхан болчихгүй. Гэхдээ тодорхой гол хэсгүүд дээрээ амьсгаа авах ёстой. Богино хугацаанд хийж чадах юм нь машины тоог хурдан цөөлөх, тэр нь дугаарын хязгаарлалт. Иргэд өөрсдөө оролцоод машинаа тавиад боломжоороо зүтгэвэл буурна. Зоригтой байх, хулчгар байх тухай ярьж байгаа бол шийдвэр гаргахад надад хулчийх юм байхгүй." гэв.
 
 
М.Чой