sonin.mn
Монголын телевизүүдийн үзэгчдийн сонирхлыг ихэд татсан нэвтрүүлгийн нэгд "50 саяын уналт" зүй ёсоор тооцогдож байсан үе. Танин мэдэхүйн уг нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцогч хоёр оюутны өмнөх дэлгэцэд "1979, 1982, 1990, 1991" гэсэн дөрвөн он бичигджээ. Сонголт нь "ХlV Далай лам манай оронд хэдэн онд анх ирсэн бэ". Надтай зэрэгцэн суугаад зурагт харж байсан оюутан хүүдээ "Танай үеийнхэн таахгүй л болов уу" гэхэд xүү маань "Ардчилал эхлэхэд л хаагдаж, хоригдож байсан шашин сэргэсэн биз дээ, тодорхой. Сүүлийн хоёр оны нэгэнд л ирсэн байж таарна" гэлээ. Энэ хариулт нийтийн оюун санаанд хамгийн ойр тyссан нь мэдээж. Хоёр оюутан мөнгийг 1990, 1991 гэсэн дэлгэцэд хувааж тавиад алддаг юм. Би хүүдээ, Далай лам манай оронд анх хэдэн онд ирсэн талаар багахан дурсамж ярьсныг дор сийрүүлье. 
 
Далай лам гэснээс санасан дээрээ нэгэн тохиолдлыг сонирхуулчихъя байз. Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаагийн бичсэн "Тэнгэрийн хаяа" дурсамжийн номд "...Сормуун гyайн хөл гарын чигчий хуруунууд хос, нийтдээ 24 хуруутай, тийм хачин хүүхэд төрөөд байхад нь /1905 онд/ Түвдийн Xlll Далай лам Түвдэнжамц /1876-1933/ манай оронд морилон ирээд буцахдаа Брагри ламын хийдэд саатсан юм байх. Тэгэхэд нь бүсгүй шинэ төрсөн хүүгээ тэвэрч очоод адис авахад Xlll Далай лам хүүд Сормуунирш гэдэг нэр хайрлажээ. Тэр нь түвдээр Хориндөрвөн хуруут гэх үг ажээ..." гэсэн дурсамж бий. 
 
(Энд дурьдагдан буй Сормуунирш бол манай сонгодог зохиолч С.Дашдооровын аав болой) Өнгөрсөн зууны жар, дал, наяад оны Дархан хот их бүтээн байгyулалтын талбар байсан төдийгүй оюун санаа, соёлын эрс эргэлт авчирсан залуу үеийн өсөлт цэцэглэлтийн талбар болж хөгжсөн юм. Хамгийн олон мод тарьсан цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тухайн үеийн хоёрдогч хэл гэгдэж байсан орос хэлээр нийтээрээ ярьж суралцсан, автобусанд цуваа үүсгэн дарааллаар орж хэвшсэн, нийгэмд нэн даруй шаардлагатай хэд хэдэн тyсгай мэргэжлийн дунд сургуулийн  цогцолборыг анх байгуулсан, спортын олон төрлийг хөгжүүлж, 1976 онд Монголын Бүх Ард Түмний спартакиадад түрүүлсэн гээд богино хугацаанд үсрэнгүй амжилт үзүүлсэн залуусын хот байлаа. Дархан хотын арван жилийн ахлах ангийн сурагчдын дунд зуны амралтаараа нийгмийн тустай хөдөлмөрт оролцож, үйлдвэр завод, албан байгууллагyудад туслах ажилчнаар ажиллаж цалин хөлс авдаг, бараг тогтолцоо нэг хэсэг бүрдсэн юм. Эргэн санахад энэ нь зөвлөлтийн олон тyршлагын нэг байжээ. Би зургаадугаар анги төгсөөд Цементийн заводод шошго наагч, долоодугаар анги төгсөөд  Хүнсний комбинатын ундааны цехэд  ачигч, наймдугаар анги төгсөөд мөн комбинатын чихрийн цехэд хайрцгийн таг хадагч, есдүгээр анги төгсөөд мөн комбинатын сүүний цехэд зайрмаг савлагчаар ажиллаж, нийгмийн тустай хөдөлмөрт хүчин зүтгэж, цалин авч байлаа. 
 
3уны амралтаараа ажил хийж байгаа сурагчид уг байгyуллагын ажилчдын адил нэвтрэх үнэмлэхтэй, ажилчдын лекц сонсгол, их цэвэрлэгээ, тэр ч бүү хэл урлагийн үзлэг, спортын уралдаан тэмцээнд ч хамрагдана. Сурагчдыг ингэж нийгмийн тустай хөдөлмөрт дадуулж сургаж байгаагаас гадна гyрван сарын хөдөлмөр, хийсэн ажлыг нь норм, тарифын дагyу үнэлж цалин хөлс өгдөг нь хүмүүжил төлөвшил цаашлаад эдийн засгийн хөшүүрэг, тодорхой хөрөнгө оруулалт байлаа. Сүүний цехэд дөч гаруй эмэгтэй ажиллана, ганц эрэгтэй нь би. Хүүхэд юм хойно чих зөөлөнтэй, юу харагдсанаа хийж, энд тэнд бусдын хөл гарын үзүүрт хөдлөх нь элбэг, өнөө чөдрийн ганц гэдэг шиг л байв даа. Шилэнд савласан тараг, модон торхтой зайрмаг, корзинтэй аарц, цөцгий өргөж буулгах, ачих хамаг ажлыг хэлүүлэлтгүй нэмэлтээр хийнэ. Уг нь би зайрмаг савлагч, гyрилан зутанг халуун хэвэнд шахаж хатааж бэлтгэсэн бортогонд, шахуургаар ирэх зайрмагийн шингэн бэлдцийг ижил хэмжээгээр савлана, яг л гоожуурын шар айраг савладаг шиг. 3айрмагийг өдөр бүр хийхгүй, төлөвлөгөөтэй. Зайрмаг савлаагүй өдөр дээр дурдсан ажлуудыг хийнэ. Ажилчид их гярхай, алиа хошин, илэн далангүй, намайг төд удалгүй "Сүүний цехийн сууж амардаггүй ногоон" гээд нэрлэчихэж билээ. Улсын наадмын яриа өрнөж, зайрмаг хийх ачаалал ихсээд байлаа. Цехэд төдийлөн үзэгдээд байдаггүй, комбинатын ерөнхий технологич Ц.Дамиран /Хожим гавьяат эдийн засагч цол хүртсэн, өдгөөгийн нэрт эдийн засагч Д.Ангарагийн aaв/ цехийн мастер Ц.Сономцэрэн эгчийг дагуулаад ажил хэрхэн явагдаж байгааг танилцуулж харагдсан, үдээс хойш цехийн мастер бид бүгдийг цуглуулж "Маргааш гаднын төлөөлөгчид ирнэ, цехээ цэгцэлж цэвэрлэ" гэлээ. 
 
Хаа нэгтээ хэдэн орос ирж л байдаг, тэд л биз гэж бодоод би хаанахын xүмүүc юм гэж асуусангүй, асуусан байлаа ч над мэтийн "пацаанд" хэлэхгүй "нууц" байсан юм билээ.  Би ч эр хүн гэдгээ хүүхнүүдэд баталж, модон торхтой зайрмаг, корзингэй тараг, панерин хайрцагтай аарц, дөчийн бидонтой цөцгий зэргийг давхарлан хурааж, орж эмх цэгцэд оруулж байхад хүүхнүүд түүхий сүүний бункер, дамжуулах хоолойнууд, цонх шалыг угааж, арчиж богино хугацаанд л цех маань өнгө засаад явчихлаа. 
 
Маргааш нь бага үдийн алдад манай цехийн өмнөх цардмал зам дээр Дарханд л үзэгдэж харагдаагүй цонх нь хүрэн улаан хамба хилэн хөшигтэй, бөмбөгөр цэнхэр автобус ирж зогслоо. Гаднын төлөөлөгчид нь оросууд биш болоод явчихав. Дархан xoтын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Болд (ЗХЖШ-ын Тамгын хэлтсийн дарга асан, хурандаа Л.Ноовын ах, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн аав), намын хорооны зааварлагч О.Жадамбаа ("Наран төгөлдөр эх орон", "Ээжийн сургаал" дууны шүлгийг бичсэн яруу найрагч, бөхийн зүтгэлтэн, миний багш) нар автобуснаас эхэлж буухад Хүнсний комбинатын дарга Г.Дэмбэрэл, АИХ-ын депутат, ажилчин Т.Энэбиш, манай цехийн мастер Ц.Сономцэрэн эгч угтаж уулзав, бид хэд цехийн цэлгэр том цонхоор харж зогссон юм. 
 
Гэтэл автобуснаас лам нар буудаг юм. Өндөр нуруутай, нүдний хүрэн шилтэй, дөч эргэм насны, монголжуу төрхтэй ламд ихэд хүндэтгэлтэй хандаж буй нь илэрхий, тохойноос нь ёсорхуу түшиж автобуснаас буулгаж араас нь баахан лам нар гарч ирэхэд цонхоор харж зогссон бид нар ихэд гайхаж, шивэр авир ярилцлаа. Лам хувцастай ч өвлийн малгайны (Сээгий хэмээх туулайн арьсан) чих буулгаж бүчилсэн, бас туранхай намхан бор лам хөлдөө улавчтай байх юм. Халуун зунаар юун өвлийн малгай вэ. Пад хар лам ч бууж харагдлаа, тэгтэл хэд хэдэн эмэгтэй лам байна аа.
 
Эмэгтэй лам байтугай ядаж ганц эрэгтэй лам Дарханд байгаагүй үe шүү дээ, хөөрхий би гайхахаас өөр яах вэ. Бас ийм олон тэгээд зүсэн зүйлийн дүр төрх, хувцастай лам нарыг нэг дор харж байгаа юм чинь. Азийн Буддистуудын Энх тайвны V бага хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг, Вьетнам, Лаос, Камбож, Балба гээд халуун орны xүмүүc багтсан юм санж. 3очид, төлөөлөгчид сүүний цехийн дамжлага бүрийн өмнө очиж сонирхон манай дарга нар тайлбарлан, тэд толгой дохиод л байсан, зайрмагийн гyрилан бортого хийдэг шингэн зуурмагийг халуун хэвд шахаж байхад төлөөлөгчид ойртон ирлээ шүү, би шахуургын бариулаас атгаж, дамжлагаар ирэх бортогонд савласан зайрмаг эгнүүлж байтал цехийн мастер Сономцэрэн эгч дэргэд ирж:
 
-Тэр нүдний шилтэй хүнд өгөөрэй гэлээ.
 
Эргэж харвал миний араар лам нар дугуйрч зогсоод зайрмаг савлах дамжлагыг сонирхон, Сономцэрэн эгч тайлбарлаж байв, нэг зайрмаг савлаад авч, эргэн яг ард зогсож байсан нүдний хүрэн шилтэй ламд өгөхөд зайрмагийг амталж, эрхий хуруугаа гозойлгоод инээмсэглэн хэдэн үг хэлээд хажуугийн тавцанд буцаагаад тавьсан юм. Тэгэхэд "Пентагон" аппарат хүзүүнээсээ зүүсэн эр гэрэл зураг авлаа шүү, гялс гялс гээд л байсан /"Yнэн" сонины гэрэл зурагчин Ш.Сайханбаяр байжээ. Энэ эрхэм хожим Сэлэнгийн Алтанбулаг дахь Хувьсгалын музейн фасадын зургийг дээрээс авах гэж байгаад өндрөөс унаж золгүйгээр эндсэн юм /Зайрмаг хийх явцтай танилцаад эргэхдээ эхний лам, цехийн мастер Сономцэрэн эгч, бид хоёртой гар барихад мөн л гэрэл зураг авч байлаа.
 
Эхний үедээ энэ тохиолдол надад сонин биш, өвлийн малгайны чих буулгаж бүчилсэн, бээвийсэн бор нөхөд л сонирхол татаж байлаа, хэдийгээр зун ч сүүний цех сэнс ихтэй сэрүүвтэр байдаг юм. Лам Hapыг цехээс гарсны дараа гайхаж хачирхсан бид хэд бөөгнөрч сонин содон дүр төрх, этгээд хувцастай тэдний тухай ам уралдуулан ярьж, зарим нь шоолон инээлдэж байтал мастер Ц.Сономцэрэн эгч үүднээс "Ажлаа хийцгээ" гэх сонсогдов.
 
Би зайрмаг савладаг ажлын байрандаа ухасхийн очиход нүдний шилтэй ламын хэд долоогоод буцааж тавьсан зайрмаг хайлаад бортогоноосоо хальж байв, шинээр хийчихээд ямар хаялтай биш, доторхыг нь ховх сороод гадрыг нь шажигнатал зажлаад идчихсэн дэг. Ямар учиртай xүмүүc явааг бидэнд хэн ч хэлээгүй, юун лам нар вэ гэж тэр цагт дарга нараас асуух зүрхтэн хэн байх вэ, шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи гэх үзлээр хүмүүжсэн социалист Дарханы залуучууд шүү дээ. Дэмий яриа, цуу үгэнд чих дэлдийлгэдэг би л гэхэд 17-хон настай ангайж хоцорсон "мангар пацаан" л байхгүй юу. Дархан хотод cүм дуган байтугай лам xүн нэг ч байгаагүй юм чинь ямар нэг уулзалт, өргөл мөргөл гэж болоогүй дэг. Дapxaн хотод Далай лам ирснийг хэдэн дарга нараас өөр мэдсэн хүн ховор, мэдсэн ч бусдад ярих хориотой, бүр таг хориотой. Төлөөлөгч лам нар автобусанд суухын өмнө тойрч зогсоод зарим нэг нь тамхи татаж харагдав, би цехээс гарч автобусыг тойртол комбинатын төмөр утсан торон хашааны цаана настай голцуу гyчаад xүн лам нар руу хараад зогсоцгоожээ. Далай лам тэдэн pүү гараараа удтал даллаж, инээмсэглэн зогсоод автобусанд сууж, бусад нь дагалдан явж одсон доо. 
 
Монголд анх удаа ирсэн XlV Далай ламыг социализмын давуу тал, бүтээн байгуулалттай танилцуулах зорилгоор найрамдлын Дархан хотод зочлуулжээ. Ингэхдээ Царууц тоосго шохойн үйлдвэр, (Энэ үйлдвэрээс Дарханы анхны хөдөлмөрийн баатар Х.Цэдэнпил төрөөд байсан үе), Нэхий эдлэлийн үйлдвэр, Хүнсний комбинатын зарим үйл ажиллагаатай танилцуулжээ.
 
Урд өдөр нь ажил тарсны дараа Нийгмийг аюулаас хамгаалахын хоёр ажилтан цехийг шалгаж, гадна хаалгыг лацдаад явсныг би яаж мэдэх вэ, бүр хойно нь Сономцэрэн эгчээс сонссон л доо. Далай ламд тэр социализм, үзэл суртал, бүтээн байгyулалт, салхинд сэмэрч гандсан улаан туг, уриа лоозон огт хамаагүй, гагц сүсэгтэн олон байгаа эсэхэд л анхаарч явсан бололтой. Нууцыг хэн задруулдаг вэ, нууцыг гаргаж тушаасан эрх мэдэлтэн л задруулдаг. Олон нийтэд мэдэгдэж болохrүй нууцын зэрэглэлтэй, нууц айлчлалыг зохион байгyулахад оролцсон, алсаас хянаж буй нийгмийг аюулаас хамгаалахын нэг ажилтан, Далай лам ирнэ, тийм ийм газар очно гэж хадам ээждээ ярьжээ, хадам ээж нь миний ээжид хэлж, энэ яриа богино хугацаанд сүсэг бишрэлтэй овоо хэдэн хүний сонорт нууц юм гэнэлээ, хүнд битгий хэлээрэй гэх тодотгол анхааруулгатайгаар хүрч, хүрээгээ тэлжээ. Тэд ч санасандаа хүрч, Хүнсний комбинатын төмөр утсан торон хашааны цаанаас Далай ламыг бишрэл хүндэтгэлтэйгээр харж, Далай лам ч сүсэгтэн олон үзэл суртлын нийгэмд байгаагаар барахгүй өөрийг нь харах гэж хашаа хоригийн цаана зогсож буйд талархан гараараа даллаж, дохиж "адис" хүртээгээд буцжээ.
 
Ажил тарж гэртээ ирэхэд ээж маань ихэд хүндэтгэлтэйгээр залбирч "Би ч мөд үхэхгүй болчих шиг боллоо, ээж нь далай ламыг амьдаар нь харлаа, ийм буян заяа тэр бүр хүнд тохиохгүй" гээд баярлахдаа бараг л нулимс гаргах нь халаг намайг угтдаг юм. "Тэгвэл би ч мөд үхэхгүй юм байна. Далай ламд би зайрмаг өгч, гар барьж, хамт зургаа татуулчхаад ирлээ" гэхэд хөөрхий ээж минь итгэж ядан юу болсныг надаар яриулж, надад мөргөх нь халаг суусан даа. Далай ламыг харах, уулзах, гар барих нь тэнгэрийн авшиг мэт нандин, өдрийн од мэт ховор тохиол байсан цагийн шувтрагад /1989 он/ нэрт яруу найрагч, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гyай Утай Гүмбүм, Лхасзууд зочилж ирээд: 
 
Дадар дадар шувуу 
Далавчин дээрээ мэнгэтэй 
Далай ламын шавь нар 
Хэлэн дээрээ мэнгэтэй гэж яруу найрагчдыг, өөрийгөө тодруулан бахархалтайгаар шүлэглэж байсан юм шүү. Далай ламыг ойроос харж, гар барьсан далан есөн он, намрын дунд сарын арвандолооны билэгт сайн өдөр шиг миний алдрай багын алсын тэмүүлэлт 17 насанд тун ээлтэй он байсан санагддаг юм. Бөхийн дугyйланд дөрөв, таван жил хичээллээд ийм тийм гэх амжилтгүй, өөх ч биш мах ч биш булчирхай маягтай явсан би гэнэт сүрхий цойлж, залуучуудын 1979 оны Дархан хотын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 57кг -ийн жинд түрүүлж, насанд хүрэгчдийн самбо, жудо, чөлөөт бөхийн тэмцээнд жиндээ гyрвууланд нь 2 дугаар байр эзэлж, 1979 оны Дархан хотын идэрчүүдийн үндэсний бөхийн барилдаанд /17-18 нас/ 2 дугаар байрт /Манай ангийн Ш.Мягмарсүрэн түрүүлж, улсын аваргад барилдан/ шалгарч байлаа. Бас хүндийг өргөлтийн 60кг -ийн жинд түрүүлчихсэн шүү. Тэр жилийн зун Дарханы наадамд барилдаж хоёр даваад гyрвын даваанд аймгийн хурц арслан Г.Лодой ахад унасан юм. /Сонирхуулахад, Ховд аймгийн харьяат, аймгийн хурц арслан Г.Лодой ах "Гарьд магнай" кинонд Равсал панзыг хултай айраг руу толгойгоор нь дүрэхэд оролцдог ламын дүрд тоглосон билээ/.
 
Өдгөө ярихад хүүхэд байтугай хөгшид ч үнэмшихгүй, харин надад “Дархан хотын Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Сорогжоо" гэсэн гарын үсэг, тамгатай хэдэн диплом хадгалагдан үлджээ. 3уны амралтаараа дөрвөн жил дараалан нийгмийн тустай хөдөлмөрт идэвхтэй оролцсон гэх тодорхойлолтоор, хүнсний комбинатын гyрван ажилтны хамт, 1979 оны зун Дархан хотод зохиогдсон Монгол-3өвлөлтийн залуучуудын их наадамд төлөөлөгчөөр оролцсон юм.
 
Далаад оны Дарханы хөвгүүдийн дунд хоёр амьд домог яригддаг байлаа. Нэг нь, Төв аймагт түймэр гарч гэнэ, Түвдэндорж аварга түй гээд унтрааж гэнэ. Нөгөө нь, дайсны цэргүүд дайраад ирж гэнэ. Дандар баатар далайгаад хядаж гэнэ гэх. Ийм хоёр гайхалтай домогт хүмүүсийг Дарханы хөвгүүд ойроос яаж харах вэ, тэд алс холд шүү дээ. 1979 оны залуучуудын чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор нийслэлд ирж, Пионерын ордны /хуучин/ бөхийн дэвжээнд бэлтгэл хийхдээ, тэндхийн бөхийн багш, алдарт Б.Түвдэндорж аваргыг анх харсан юм. Монгол-3өвлөлтийн залуучуудын их наадмын төлөөлөгчид Зулзагын гол дахь байгалийн үзэсгэлэнт тохойд уулзалт, үдэшлэг, эв модны наадам хийх үеэр домогт баатар Л.Дандарыг анхлан харж, олуулаа авхуулсан гэрэл зурагт хамт багтаж байв даа. 3а эдгээр нь ч яах вэ, хүүхэд насны гэм зэмгүй гэгээн дурсамж л юм биз. 1979 оны намар миний бичсэн мэдээ "Хүүхдийн тус" гэсэн хөмсөгтэй, сурагч гэсэн тодотголтойгоор "Найрамдлын Дархан" сонинд хэвлэгдсэн юм.
 
Анхны мэдээг маань хүлээн авсан сурвалжлагч Ц.Цэрэнчимэд ах (Алдарт "Дуучин чамдаа" дууны шүлгийг бичсэн) гyдамжинд тааралдан надад сонин өгч билээ. Дөрөв, тавхан мөр, тэр багахан бүр товчхон мэдээ миний бичих сэдлийг өдөөж, нийтийн хэвлэлийн хуудсанд нэрийг маань хадсанаас хойш даруй дөч гаруй жил сонин хэвлэлийн хуудсанд нэр маань үe үe харагдсаар л, намайг тасралтгүй бичиж туурвиж буйг зарласаар л байгаа юм.
 
Тэр мэдээ жигүүр дэлгэж, надад сэтгүүлч мэргэжил эзэмшүүлэх үр үндэс болжээ. Өөр нэг гайхалтай үйл явдал миний хувь заяанд эрс эргэлт гаргаж, ньютоны ертөнцийн таталцлын хууль шиг ер бусын эрчис үл үзэгдэх эрчмээр оюун санааны тойрогт сансрын дагyул шиг хадаж орхижээ, чин хайрын сэтгэл минь чамайг тойрон эргэлдэнэ гэдэг шиг. Тэр жилийн намар би Дархан хотын утга зохиолын нэгдлийн цугларалтад очиж бичсэн цөөн хэдэн шүлгээ уншиж, ах нараас үг сонсож эхэлсэн юм. Хүүхдийг урамшуулъя гэж бодсон юм уу, бусад нь зөвлөсөн юм уу, ямартай ч "Найрамдлын Дархан" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга П.Авирмэд гyай /Гайхалтай содон "Уянга цагаан хуруу" дууны шүлгийг бичсэн/ миний бичсэн гyрван шүлгийг өмнөтгөл үг, гэрэл зурагтай маань хэвлэж, би гэдэг " амьтан хол газарт ч харин оюун санаа, сэтгэл сэтгэмж сансар огторгyйд бүр тодруулбал, жингүйдлийн байдалд шилжсэн, өнөө хэр бууж ирээгүй л байна, насан туршийн жингүйдэл юм аа. Далай ламыг ойроос харсан бүр гар барьсан далан есөн оны дурсамж ийм буй за.
 
XlV Далай лам... 1979 оны 6 дугаар сарын 15-нд буюу билгийн тооллын XVl жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Азийн Буддистуудын Энх тайвны V бага хурлын хүндэт зочноор манай улсад анх заларчээ.
 
Шашингүйн үзэлд гүн бат нөмрүүлсэн цаг дор Далай ламыг манай улсад ирэхэд "Энх тайвны" гэсэн үг хориг саадыг ногоон гэрлээр алхах "виз" болсон нь гарцаагүй. Социализмын эрхэм дээд уриа нь энх тайван байсан юм чинь юунд харшлах билээ. Далай лам Гандантэгчинлэн хийдэд зочилж, сүсэгтэн олонд "Гандан Лхавшаа", "Есөн болон дөрвөн мөрт" мэгзэм айлдан сүсэгтэн олны хамтаар маань хөгжөөж, язгyурын гyрван бурхны тарни лүн хайрлаж байжээ. Улс төрийн үзэл баримтлалын хувьд тухайн үед маргаан дагyулж байсан Түвдийн салан тусгаарлалтын үзэл санаа өндийж, хүчтэй сөрөг нөлөөнд дарагдаж байсан хүндхэн цаг үед Далай ламыг манай улсад ирүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн эрхэм бол Гандантэгчинлэн хийдийн хамба лам агсан С.Гомбожав байв /1902-1980/. Бурхны шашны нэрт зүтгэлтэн, номч мэргэн гавж С.Гомбожав 1970 онд Гандантэгчинлэн хийдийн дэргэд Шашны дээд сургуулийг санаачлан байгyулсан бол мөн 1970 онд Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлыг үндэслэн байгyулж, анхны ерөнхийлөгчөөр нь ажилласан байдаг.
 
 
Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч П.Батнайрамдал
Эх сурвалж: "Соёмбо" сонин