sonin.mn
Монгол орны ой яг одоо хортон шавжаас үүдэлтэй өвчлөл, доройтолд үлэмж хэмжээгээр өртчихөөд байна. Хүнтэй зүйрлэвэл өвчиндөө шаналж буй нэгэнтэй ижил болчихлоо. Тиймээс судлаач, мэргэжилтнүүд мод, бут нэмж тарихаасаа урьтаад одоо байгаа ойн сангаа “эмчилж”, хамгаалж авч үлдэх нь чухал гэсэн үнэтэй санал, зөвлөмж өгч эхэллээ.
 
Ялангуяа сүүлийн жилүүдэд тархалт нь эрс нэмэгдсэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатайг онцгойлон сануулсаар байна. Ойд нөхөн сэргээлт мэдээж чухал. Мод, сөөг нэмж тарих шаардлагатай юу гэвэл эргэлзээгүй тийм.
 
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг ч дэмжих хэрэгтэй. Гэхдээ нэн тэргүүнд одоо ойд үүрлээд буй бие жижиг, бэлчээр томтой хортон дайснуудыг устгахгүй бол дараачийн бүх ажлын үнэ цэн алдарна. Монголд эрүүл ой үлдэхгүй, нөхөн сэргээлтийн үр ашиг ч гарахгүй. Иймд хортон шавжтай хийх тэмцлийн ажлыг нэн түрүүнд эрэмбэлээд буй юм. Өнгөрсөн онд холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн байгууллагууд хамтран хөнөөлт шавжийн тархалтын судалгааг улсын хэмжээнд хийж 16 аймгийн 109 сум, улсын тусгай хамгаалалттай газар, нийслэлийн ногоон бүсийн 732.7 мянган га ой хөнөөлд нэрвэгдсэнийг тогтоосон. Энэ бол байгаль, цаг уурын өөрчлөлтөд хүчтэй өртөж буй манай орны хувьд сүрдэм үзүүлэлт, анхаарахгүй өнгөрч боломгүй “том” тоо.
 
Дээрээс нь хортон шавж тархахдаа, ойг өвчлүүлж, доройтуулахдаа “гарамгай” хурдан. Эмэгчин нь нэг удаадаа 250-1000 орчим өндөг гаргадаг бөгөөд богино хугацаанд их хэмжээний талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Тиймээс хөнөөлт шавжийн тархалтыг хөвдний түймэр, геометр прогрессын өсөлттэй зүйрлэдэг.
 
Хортон шавжид удаа дараа идэгдсэн ой дахин сэргэх найдваргүй болдог. Удахгүй цаг агаар дулаарч, амьтай бүхэн сэргэх цагаар тэд ойн санг улам олуулаа “ангуучилна”. Хэрэв бид энэ хавраас шавж устгалын ажлыг дорвитой эхлүүлэхгүй л бол доройтсон ойн сангийн хэмжээ нэг сая га давж, хоёр тэрбум мод сэргэн ургахгүйгээр үхэх аюулд хүрээд байна. Цаашдаа эл асуудлыг анхаарлын төвдөө оруулахгүй бол өнгөрсөн хугацаанд амссанаасаа ч их хэмжээний хохирол үзэх эрсдэл нүүрлэлээ. Тэр үед хэчнээн олон тооны мод тариад ч, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өчнөөн ажил хийгээд ч нэмэргүй билээ.
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа “Хөнөөлт шавжийн тархалт тухайн жилийн уур амьсгал, цаг агаарын нөхцөлөөс гадна тэмцлийн ажлыг хэр зэрэг үр дүнтэй хийж байгаагаас шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд шинэсний навч хуйлагч эрвээхэйн тархалт эрс нэмэгдсэн. 2022 онд гэхэд өмнөх жилийнхээсээ бараг гурав дахин өссөн. Шавжийн тархалтыг авч үзвэл ойн сангийнхаа хэмжээгээр улсдаа тэргүүлдэг Хөвсгөлд хамгийн их байна.
 
Тус аймагт 327 мянган га талбай хөнөөлт шавжид нэрвэгдсэн. Дараа нь Архангай, Булган, Сэлэнгэ зэрэг ой бүхий аймаг орж байна. Хавар тавдугаар сард нийт нутгаар жигд дулаармагц шавжийн тархалт эрс нэмэгддэг” хэмээн ярьснаас харахад манай орны ой бүхий аймгуудад хортон шавж их хэмжээгээр голомтлон тархжээ. Энэ нь тэмцлийн ажлыг цаг алдалгүй эхлүүлэх сануулга, дохио өглөө. Үнэндээ манай улс өнгөрсөн хугацаанд ойн хортон шавжтай тэмцэхэд дорвитой анхаарч чадаагүй, шаардлагатай хөрөнгийг нь ч хуваарилж байгаагүй. Ойн салбарын нэгэн мэргэжилтэн “2010 онд тэмцлийн ажлыг хамгийн өргөн хүрээнд хийсэн. Тухайн жил хөнөөлт шавж тархсан талбайн 80 хувьд хүрч ажилласан юм. Үүнээс хойш 30-40 хувьд нь л устгал зохион байгуулж ирсэн” хэмээн ярьсан. Үндсэндээ бид өнгөрсөн хугацаанд хариуцлагагүй байдлаараа хөнөөлт шавжийн тархалтыг хумих бус, тэлэх бодлого баримталж ирсэн гэлтэй. Улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан санхүүжилт нь хаанаа ч хүрэлцдэггүй учраас ойн ангийн мэргэжилтнүүд, устгалын ажил хариуцсан хүмүүс мөнгөндөө баригдан хязгаарлагдмал хүрээнд ажилласаар ирсэн нь нууц биш. Цаашдаа энэ алдаагаа засаж залруулах хэрэгтэй. Улс нийтээрээ ойн салбарт анхаарч эхэлснийх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд нухацтай хандах болсных хортон шавжаа “дарж авах” цаг нь болжээ.
 
“Ойн хортон, хөнөөлт шавж эрс ихэслээ”, “Нийслэл, орон нутагт шавж устгах ажил зохион байгуулж байна” гэсэн мэдээ жилийн жилд дуулддаг. Хөнөөлт шавжийн нөлөөгөөр ой мод үхэж, өгөрч байгааг иргэд анзаарч, олон нийтийн сүлжээнд хуваалцах болсон. Гэвч бодит байдалд эдгээр шавж тэдний төсөөлөө ч үгүй хэмжээний хохирол учруулдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
 
Модлог ургамлын навч, шилмүүс, холтос, үр боргоцой, үндсээр хооллодог 28 багийн 14 мянга орчим зүйлийн шавж манай оронд тэмдэглэгдсэн. Үүнээс ойд онц их хэмжээний хөнөөлтэйд тооцогддог 468 зүйл бий. Эдгээрийн зарим нь эргэн тойрондоо 100 км хүртэл нүүдэллэж, нахиалж буй моддын навч, шилмүүсээр хооллон, сүйтгэн доройтуулж, сэргэн ургах чадамжгүй болгодог аж. Бид ойн хамгийн том дайсан түймэр гэлцдэг. Гэвч начир дээрээ хортон шавж хамгийн их хохирол учруулагч дайсан нь болоод байна. Нийслэлийн зуслангийн бүс дэх зарим хэсгийн ой хөнөөлт шавжийн нөлөөгөөр танигдахын аргагүй дүр төрхтэй болсныг бид өнгөрсөн жил харсан шүү дээ. Энэ янзаараа тоомжиргүй хандвал манай орны ойн сан тэр чигтээ үхэж өгөрших нь цаг хугацааны асуудал болжээ. Байгаль, цаг уурын онцлогоос хамаараад Монголын ой харьцангуй удаан ургадаг, нөхөн сэргэх чадвар тааруу. Тиймээс бид хөнөөлт шавжид боломж олгож, байгаа жаахан нөөцөө барж, сүйтгэж хэрхэвч таарахгүй. Хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө, хүч зарцуулъя.