sonin.mn
Хоёр дайнд оролцсон ахмад дайчин, чөлөөнд байгаа хошууч Г.Батмөнхийн дурсамж
 
Би аав ээж, дүүгийнхээ хамт амьдардаг байлаа. Манайх дөрвөн хошуу малтай, товхийсэн гэр оронтой сайхан айл байлаа.1932 оны Төмөр бичин жилийн аюулт зуднаар өвөлжөөндөө буугаагүй байхад гурван өдрийн ширүүн цасан шуурга тавьж бод малаа алдаад аав маань хойноос нь явж ололгүй ирснээр анхныхаа хохирлы г амсав. Мөн тоонот гэрийн минь хоёр баганын нэг болж биднийгээ өсгөсөн хайрт ээжийг минь тэр удаагийн зуд авч явснаар бидний амьдралд хүнд цохилт өгсөн юм.
 
Бид гурав 1932 оноос 1938 оны 7 сар хүртэл гуйлгаар амьдарч хүнд амьдралыг туулж яваад ухаант сайн аавын буянаар арми бараадаж ирээдүйн гэгээн амьдралтай учран золгосон билээ. 1938 оны 7 сард цэргийн наадмын дараа манай аав дүү бид хоёрыг Матад сумын 8 дугаар морьт дивизийн захирагч Д.Нянтайсүрэн дээр дагуулан очиж ирсэн хэрэг зоргоо ярихад дивизийн захирагч цааш нь нэгэн даргад “би чам руу хоёр хүүхэдтэй хүн явууллаа түүний саналыг сонсоод туслахыг бодоорой” гэж хэллээ.
 
Бид гурав Дивизийн хөгжмийн захирагч ахмад Гомсүрэн дээр очсон маань тэр байжээ. Тэр хүн аавыг ирсэн зорилгоо ярьсны дараа хоёр хүүг чинь маргаашнаас эхлээд хөгжмийн салаанд сурагчаар оруулж сургая гэж хэлэхэд, манай аав учирлан "манайх хүн бүл муутай айл, бага хүүг минь дотуур байранд сургаж, том хүүг минь гэрээр нь суралцуулж бид гурвын амьдралд туслахыг хүсье” гэв.
 
Хөгжмийн захирагч бид гурвыг түр гараад хүлээж бай гээд жагсаалын дарга Санжаа, Аж ахуй хариуцсан бага дарга Дашдорж нартай ярилцаж тохироод аавын хүсэлтийг ёсоор болгосон тухай бид нарт хэлэхэд бид баярлаж гэртээ харьцгаав. Маргааш өдрөөс нь эхлээд хэлэлцсэн ёсоор тус сургуульдаа суралцаж эхэллээ.
 
Манай дүү дотуур байранд, би гадуур гэрээр Дашдорж гэдэг багшаар хөгжмийн дадлага, нотын онол зэрэгт суралцав. Нойр хоолоо багасган суралцаад анхныхаа онол дадлагын хичээлээс 1939 оны 1, 2 дугаар сард мэргэжпийн шалгалт өгч шалгагдаад манай дүү Т.Дугаржав захирагчтай 23 дугаар морьт хороонд дохиочин бүрээчнээр томилогдон ажилласан. 
 
Миний бие хөгжмийнхөө ангидаа цаашид суралцахаар үлдсэн билээ. Ер нь манай хөгжмийн ангиас суралцаж төгсөөд хороо, дивизийн ангиудад томилогдож очсон бүрээч дохиоч нар 7 хоногийн ажлын өдрүүдэд хөгжмийнхөө салаан дээр 4-6 цагийн хичээлийг байлдааны бэлтгэл болгож нотын онол, хөгжмийн дадлагыг суралцаж, 5 жилийн хугацаагаар цэргийн албыг хааж байсан юм. Энэ үеэс бид хоёрын арми бараадаж ирсний зорилго биелэгдэж гэгээн ирээдүйн амьдралтай учран золгосон билээ.
 
Милитарист Япон Монгол Улсын хил хязгаарыг халдан довтолсон нь 
 
Японы цэргийн ангиуд Монгол улсын хил хязгаарыг удаа дараалан довтолж тагнуулын нислэг хийж байснаа 1939 оны 5 дугаар сарын 11-ний үүрээр Өлгийт Манханы орчим байсан заставын хүч бүрэлдэхүүнээс олон дахин их хүчээр Японы цэргийн ангиуд П.Чогдонгийн заставыг бүслэж Өлгийт болон Бойтогт Манханы чиглэлээр довтолж ирснийг манай заставын хилчин дайчид дайсны цэргийн давуу хүчийг 5 хоног хориглон байлдаж нэмэгдэл хүч иртэл барьж байсан билээ. 
 
1939 оны 5 дугаар сарын 13-нд Т.Дугаржав захирагчтай 23 дугаар моры хороо яаравчлан довтлон явсны дараа манай дивизийн анги салбарууд 14-ний өдөр байнгын байрлалаас морин маршаар өдөр шөнөгүй довтолгон явж 5 дугаар сарын 17-ны үдээс өмнө Баянцагааны нуруунд дөхөж явтал бидний хойноос нөхөн хангалтын 4 машин цэрэг ирсэн тул дивизийн захирагчийн тушаалаар түр буудаллаж шинэ цэргээ хүлээн аваад морь, тоног төхөөрөмж, зэвсэг галт хэрэглэлийг хүлээлцэн өглөө. 
 
Тэндээ морь малаа түр идээшлүүлж хооллож байтал Халхын гол талаас 3 онгоц гарч ирэхэд ямар нэгэн нуувч халхавчгүй бие бүрэлдэхүүн идэж байсан хоолоо орхиод бужигнан гүйлдэхэд дээгүүр өнгөрсөн 3 онгоц таван хошуу тэмдэгтэй байсныг хараад цэргүүдийн сэтгэл амарч хоолоо идэж байтал нөгөө 3 онгоц Буйр нуур талаас буцаж ирэхдээ пулемётоор шүршиж хэдэн морь алагдаж нуувчгүй ил задгай байсан цэргүүдээс хэдэн хүн хөнгөн шархдаж хохирол амсав.
 
Тэр даруйд нь дивизийн захирагч сургагчийн хамт ирээд бие бүрэлдэхүүнийг жагсааж бүх эмэгтэйчүүдийг жагсаалын өмнө гаргаж энэ эмэгтэйчүүдийн дотор байлдааны цагийн ямар нэгэн үүрэг гүйцэтгэж чадах эмэгтэй хүмүүс ар тийшээ 3 алх гэдэг командаар ар тийш алхаад өвөр эгнээнд байсан цэргийн дарга нарын гэр бүлийг тэр машинд суу гээд хэдэн шархадсан цэргүүдийг Батмөнх чи авч яв, ар талын госпитальд хүргэж өгөөд эмчилгээ үйлчилгээнд нь тусалж бай гэж тушаагаад надыг буцаахад би дурамжхан байсан боловч даргын тушаалыг зөрчих эрхгүй байсан учир шархадсан цэргүүдийн хамт буцав.
 
Миний бие дивизийн ар талд очоод хийж гүйцэтгэж байсан гол ажлууд
 
Байнгын байрлалд байгаа хөгжмийн салааны цэргийн байр болон байлдаанд явсан дарга нарын гэр байрыг харж хамгаалах бүрэн бүтэн байлгахыг хариуцаж байлаа. Мөн дивизийн ар талын эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн шархтай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн эдгээр хүмүүст улс төр, соёл урлаг, хүмүүжлийн сурталчилгааны ажлыг биечлэн хүргэх, дуу дуулж шүлэг уншиж өгөх зэрэг цэрэг дайчдын сэтгэл санааг тайвшруулж түргэн эдгэрч гараад эх орноо хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж дайсныг бут цохих өндөр хүсэл эрмэлзлэлтэй болгож хүмүүжүүлэх ажилд бүх хүч чадлыг зориулан ажилладаг байлаа.
 
Тэр үедээ миний ажилладаг чухал ажлын нэг бол цэргийн шуудан холбоо байсан бөгөөд цэргийн шуудантай нягт холбоотой ажилладаг байсны хувьд өвчтэй шархтай цэргүүдэд ирсэн захидлыг уншиж өгөх ба бичиг мэдэхгүй цэргүүдийн ар гэр нь захиа бичиж өгөх, түүнийгээ цэргийн шууданд хүргэж өгөх ажилд идэвх зүтгэлтэй оролцож байдаг учир цэрэг хамт олны сайшаал талархлыг ихэд хүлээдэг байлаа.
 
1939 оны 5 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл Матадын дивизээс Халхын голын фронтын хооронд 5 сарын хугацаанд зүтгэж явлаа. Ер нь хурц сэлэм далайж, хурдан буу мөрөвчилж, дайсныг устгаж явсан хүнийг л баатар болох ёстой гэж ярьдаг явдлыг үнэнд нийцэх зөв үг гэж би огт зөвшөөрдөггүй ээ.
 
Гэхдээ исгэрэх сумны доогуур мөлхөж тэсрэх бөмбөгний утааг үнэртэж шороонд нь булагдаж явж байгаагүй юмуу гэж хэрвээ ямар нэгэн хүн асуувал тийм ч бишээ исгэрэх сумны доогуур мөлхөж биеэ хамгаалж байсан удаа ч бий бөгөөд тэсрэх бөмбөгт утааг нь үнэрлэх байтугай шороонд нь дарагдаж хоёулаа хэвтэж байхад анд Зөвлөлтийн цэргүүд ирж шархтай цэрэг бид хоёрын амийг аварч байсан удаа ч байсан.
 
1939 оны 5 дугаар сарын 14-28, 31-нийг хүртэл болсон байлдаанд хөнгөн өвчтөн шархтанг дивизийн ар талд эмчилж сувилдаг байсан бол мөн оны 7 сарын 2-5-ны хооронд болсон Монгол, Япон, Орос гурван улсын агаарын их тулалдааны үед миний бие фронтын ар талд ажиллаж байсан Говь-Алтай аймгийн шинэ цэрэг Эмбээг түшиж яваад дайсны онгоцонд бөмбөгдүүлж шороонд дарагдаад хэвтэж байхад минь Зөвлөлтийн их бууны ангийн хоёр байлдагч бид хоёрын амийг аварч их бууны нуувчны буланд хэвтүүлээд өөрсдийн шинелиэр хучиж өөрийн биеэр дарж хэвтэж байсныг санах бүр миний сэтгэлд Зөвлөлтийн ах нарын ахан дүүгийн найрамдал мөнхрөн үлдсэн юм даа.
 
Үүгээр зогсохгүй Баянхонгор аймгийн ахлах байлдагч Соном бид хоёрт нэгэн сонирхолтой зүйл тохиолдсон юм.Энэ нь 1939 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд шиг санагдаж байна. Бид хоёр худаг дээр ус аваад зогсож байтал ЗХУ-ын алдарт жанжин Г.К.Жуковтой хамт хамгаалагч, орчуулагч, жолооч нарын дөрвөн хүн ирээд зогсмогц энгийн хувцастай хоёр залуу явган цэргийн котел барьж ирээд бидний хутгаж байсан хувинтай уснаас хоёулаа уусны дараа котелдоо ус дүүргэж машиндаа аваачин тавьсны дараа буцаж гүйж ирээд бидний баруун өмнө байсан дэрсэнд жижигхэн бай босгож гар буугаар тус бүр хоёр удаа буудаад оноогүй. 
 
Би хэлмэрчээр нь дамжуулж гуйхад дарга нь зөвшөөрч байгаа бололтой толгой дохиход нь би өөрийнхөө бүсэнд байсан нагаан буугаар буудан анхны сумаар байгааг устгахад машинд сууж байсан дарга намайг дуудав. Намайг очиж ёслоход надад 10 төгрөг бэлэглээд баруун гарын эрхий хуруугаа гозойлгов. Надад сайн үнэлгээ өгч байна гэж бодоод 10 төгрөгөө барийд буцаж байсан минь одоо хүртэл сэтгэл санаанаас ер гардаггүй юм. Тухайн үедээ би тэр даргыг Жуков жанжин байсаныг мэдээгүй.Тэр мөнгийг ялалтын 70 жилийн ойгоор их жанжны гэр музейд хадгалуулаад “Худаг дээр тохиолдсон хувьтай явдал” гэдэг номондоо бичиж үлдээсэн.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин