sonin.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн  байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал гэж Ерөнхий сайд үзэж байна.
 
Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
 
Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэв. Мөн Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн байна. Т.Чимгээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хоригдож 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 жил хоригдох ял авсан. Хэрвээ Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх юм байна. 
 
Үүнийхээ дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, : "Шүүхээр шийдэгдсэн гэм, буруугийн тухай асуудлыг ярих эрх надад байхгүй. Гэхдээ шүүн таслах ажиллагаанд хүний эрх зөрчсөн эсэх асуудал нь Засгийн Газрын харьяа байгууллагуудад хамаатай юм. Тиймээс ч  Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Мөрдөн байцаалтад байгаа зарим нууц асуудлыг ярих боломжгүй ч өнгөрсөн хугацаанд ил болсон зарим зүйлийг эргэж ярих нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. 
 
Ял эдэлж байгаа хүн гар утас руу нь мессеж бичиж дарамталсан, гэрт нь хүний цогцос хаяж ээжийг нь айлгасан асуудал гарсан байсан. Мөн хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа үүсгэж, уух зүйлд нь мансууруулах бодис олон удаагийн давтамжтай хийсэн, нүцгэн зургийг нь гэр бүлийнх нь хүн рүү явуулсан зэрэг асуудал үүссэн. Ил болоогүй бичлэг нууцад бий. Эмэгтэй хүний нэр төртэй холбоотой асуудал.
 
Гэхдээ Т.Чимгээ өөрөө үүнийг ил болгох нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын Лхагва гарагт болох хуралдаанаар нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарын хээ хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн байж болзошгүй гэдэг асуудал яригдсан. Мөн Т.Чимгээг нэг жил гаруй хугацаанд Төв аймгийн хорих ангид стандартын бус өрөөнд хорьсон. Ингэхдээ яллагдагчаар татагдсан байхад нь ял эдэлж буй хүнийг өрөөнд нь оруулж дарамтлуулсан асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг зөрчсөн асуудал болно.
Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалттай. Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол хэргийг дахин шалгах үндэслэл байгаа. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудал Төв аймгийн шүүх дээр очоод, давах болон дээд шүүхээс буцаж буйг бид харж байна. Тиймээс шүүх зарим хэрэгт удаан, зарим хэрэгт хурдан шийдвэр гаргадаг асуудлыг эргэж харах цаг нь болсон. Үүнийг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй.
 
 
 
Б.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн үед гарч ирсэн. Энэ хүнэй холбоотой асуудлаар хэлэхэд, шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх асуудал байж болох ч харамсалтай нь, түүний компьютерт хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн амиа алдсан хэрэг, Т.Чимгээтэй холбоотой хэргийг удаашруулах зэрэг төлөвлөгөө байсан. Зарим хэргийг Б.Баасанцогт төлөвлөж, Х.Идэр нарын шүүгч, прокурорууд оролцдог. Жилийн өмнө хонгил нураах асуудлаар тэмцэж байсан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд, адилхан хэрэг хийсэн хүмүүсийн тал нь гэм зэмгүй үлддэг зэрэг олон асуудлыг эргэн харах шаардлагатай болсон. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж, шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газар ҮАБЗ-д тавина.  
 
 
 
Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх шүүхийн хараат бус байдал, эрүүдэн шүүх асуудалд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс А.Гансүхийг цаашид ҮАБЗ-д ажиллуулах ёс зүйн эрх байгаа эсэхийг хөндөнө. Цаашдлаад шаардлагатай мэдээллийг УИХ-ын чуулганд танилцуулна" гэв.