sonin.mn
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал өнөөдөр УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцэд өглөө.
 
Тэрээр хэлэхдээ,  2021.01.14-ний Дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Тэрхүү тогтоол дээр өнөөдөр та бүхний анхаарлын төвд байгаа Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой маргааны тухай шийдсэн шүүхийн тогтоол юм. Шүүхийн тогтоол дээр Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзсан шүүхийн тогтоол байгаа. Энэхүү шүүхийн тогтоолын дагуу Ардчилсан намын бүртгэлд өөрчлөлт ордог. Улсын дээд шүүхийн тухай хуулинд улс төрийн намын тухай бүртгэлийг УДШ хөтөлнө гэж заасны дагуу шүүх энэ шийдвэрээ гаргасан байдаг. Та бүхэн УДШ-ийн цахим мэдээллийн сан бүхий сайт руу ороод үзвэл шүүхийн шийдвэр цахим хэлбэрээрээ байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулинд цахим мэдээллийн сан нь цаасан хэлбэртэйгээ таарах ёстой гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээн дээр шүүхийн шийдвэрээр орсон өөрчлөлтүүдийг бичихгүй байгаагийн улмаас өөрийгөө намын дарга мэт ойлгуулдаг нэг хүн гараад ирсэн.
 
Бүтэн 2 жилийн хугацаанд С.Эрдэнийг Дээд шүүхийн шийдвэрээр хасчихаад байтал гэрчилгээний ард би байгаа гээд банк, санхүүгийн байгууллага, хуулийн байгууллагад тэрийгээ үзүүлж хууран мэхлэх, эд хөрөнгө шамшигдуулах гэмт хэргүүд гарсан байж болзошгүй болоод байна.
 
Үүнтэй уялдуулан үндсэн хуулийн дагуу энэ бүртгэлээ хийгээч ээ гэдэг шаардлагыг Ардчилсан намаас Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригт удаа дараа гаргасан байдаг. Гэтэл 2021.01.14-ны өдөр өөрчлөлт нь орсоор байтал үүнийг бичихээс татгалзаж бүтэн жил гаруйн хугацаанд Ардчилсан намын бүртгэлийг будлиулж үндсэн хуулийн зөрчил рүү аваачсан. Өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх, мөн Улс төрийн намын тухай хуульд заагдсан өөрийн даргаа сонгох эрхээ Ардчилсан намын гишүүд эдэлж чадахгүй байна. Үндсэн хуулиар улс төрийн нам байгуулсан тухай дээд шүүхэд бүртгүүлэхээс биш Дээд шүүхээс ямар нэгэн зөвшөөрөл авах тухай заалт байхгүй. Ийм учраас УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. гэлээ