sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллахдаа Ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцсон байна. 
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахын тулд үр, суулгацаа бэлтгэх нь зүйн хэрэг. Иймээс л Монголдоо анх удаа ойн генетикийн нөөцийн төвийг байгуулж. 
1,000 тн үрийн агуулахтай энэ төв нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажиллах гэнэ. 
 
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг иргэд янз бүрээр хүлээн авч байгаа хэдий ч ийм төвтэй болсноор энэ хөдөлгөөн шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжих нь гэсэн итгэл найдвар өгсөн хэрэг боллоо. 
 
Нөөцийн төв үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, сургалт, уулзалтын танхим зэрэг хэсгээс бүрджээ.
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд эндээс үр, тарьц, суулгац авахаас гадна тарьсан модоо арчиулж, ургуулах сургалтад хамрагдах боломжтой юм байна.