sonin.mn
Долоогийн бүлэгт багтдаг өндөр хөгжилтэй гүрнүүдийн удирдагчид Германы Бавари мужид хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үр дүнгийн талаар мэдэгдэхдээ, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украин улсыг хэрэгцээ шаардлагын хэрээр дэмжихэд бэлэн гэдгээ амлалаа.
 
АНУ, Герман, Япон, Их Британи, Франц, Итали, Канадын төр засгийн тэргүүн нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд “бид санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломатын тусламж дэмжлэгийг Украинд шаардлагатай хэмжээгээр үргэлжлүүлэн үзүүлнэ” гэжээ. Энэ мэдэгдэл нь Украиныг дэмжих тал дээр барууныхны дунд санал зөрөлдөөн гарсан гэх яриа хөөрөө үндэслэлгүй болохыг нотлон харуулах зорилготой байв.
 
Жил бүр болдог G7-гийн саммитын үеэр уламжлал ёсоор тэгш бус байдлыг халах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, терроризмыг сөрөн зогсох, мэдээллийн технологийн хөгжил, ардчиллыг хамгаалах, биологийн олон төрөл зүйлүүдийг хамгаалах гэх мэт дэлхийн хэмжээний глобал асуудлуудыг хэлэлцдэг. Харин энэ удаад Бавари дахь Элмау шилтгээнд болсон уулзалтын үндсэн сэдэв нь Орос-Украины дайн, Москвад шахалт үзүүлэхтэй холбоотой байлаа. G7 нь 1976-1997 оны хугацаанд “Долоогийн бүлэг” гэсэн бүтэцтэй  байсан бол ОХУ түүнд нэгдсэнээр “Наймын бүлэг” болсон юм. 2014 онд Крымын асуудлаас үүдэн барууны орнуудын удирдагчид Сочид болох байсан уулзалтад оролцохоос татгалзан Оросыг оролцуулалгүйгээр Брюссельд цуглаж уулзсанаас хойш эргээд G7 болж хувирсан билээ.
 
Алт, нефть, хийн хоригууд
 
Эрс шийдэмгий, хатуу үг хэллэг бүхий дээрх хамтарсан мэдэгдэлд, Орос ба Беларусийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгах талаар дурджээ. Тухайлбал, уулзалтанд оролцогчид Оросын алтыг худалдан авахаа зогсоох шийдвэр гаргалаа. Орос улс алтны экспортоос жилд 15,4 тэрбум доллар олдог ба дайн эхэлснээс хойш алтны эрэлт өссөн нь Оросын олигархууд хоригоос зайлсхийхийн тулд алтан гулдмайг их хэмжээгээр худалдан авах болсонтой холбоотой. Орос улс алт олборлолтоор дэлхийд 2 дугаарт ордог бөгөөд дэлхий даяар жилд олборлож буй нийт алтны 10 орчим хувийг нийлүүлдэг байна. Барууны хориг нь зах зээлд алтны хомсдол үүсгэж, үнийг нь өсгөж магадгүй бөгөөд удахгүй нефть, хийн нэгэн адил алтыг рублиэр зарж эхлэхийг үгүйсгэх аргагүй хэмээн Оросын шинжээч В.Сагалаев таамаглажээ. Алтыг экспортлоход дамжуулах хоолой, асар том танкерууд шаардлагагүй тул нефть, хий экспортлохоос хамаагүй хялбар. Ийм учраас алтанд хориг тогтоох нь үр дүн муутай. Алтны хориг тавихаар төлөвлөж байгаагаа АНУ, Их Британи, Япон, Канад улс саммит эхлэхээс өмнө мэдэгдсэн бол Герман, Франц, Итали гурав түүнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден илэрхийлжээ.  
 
Үүний зэрэгцээ Оросын нефтийн үнэд дээд хязгаар тогтоох, ингэснээр тус улсын нефтиэс олж буй хэт их ашгийг багасгая гэсэн АНУ-ын саналыг G7-ийн орнууд хэлэлцлээ. Франц улс уг санааг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч ийм хязгаарыг G7 бүлгийн орнууд бус харин олборлогч буюу экспортлогч орнууд тогтоох нь илүү оновчтой гэж үзжээ. Одоогоор үнийн босго тогтоох механизмыг хэрхэн бий болгох, хэрхэн ажиллуулах нь яг тодорхойгүй байна. Гэхдээ Оросын нефтийг их хэмжээгээр тээвэрлэж буй тохиолдолд, мөн үнэ нь тодорхой хязгаараас давсан тохиолдолд тээврийн даатгал хийхийг хориглох замаар үүнийг хэрэгжүүлэх магадлалтай.
 
Үүний зэрэгцээ, G7-гийн удирдагчид Орост хандан Украины боомтуудыг бүслэн хааж буй үйлдлээ нэн даруй ямар ч болзолгүйгээр зогсоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг чөлөөтэй тээвэрлэх боломжоор хангахыг уриаллаа. Хар тэнгис ба Азовын тэнгис дэх боомтуудыг Оросын цэрэг бүслэн хаасны улмаас Украин улс өдөр бүр 140 сая долларын алдагдал хүлээж байгаа ажээ.
 
Дайнаас өмнө Украины төсвийн орлогын 25-30 хувийг экспортоор бүрдүүлж байсан тул боомтуудын үйл ажиллагааг сэргээх нь нэн чухал зорилт мөн. Үүнтэй холбогдуулан Барууны удирдагчид 2022 онд Украинд төсвийн дэмжлэг болгон 29,5 тэрбум доллар олгоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Оросын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварыг нэмэгдүүлж, үүнээс орох орлогыг Украиныг дэмжихэд зарцуулах боломжийг Долоогийн бүлэг судалж байна. АНУ, Япон, Шинэ Зеланд зэрэг улсууд Оросын бараанд ногдуулах татвараа нэмэгдүүлсэн бол Оросын нефтиэс багагүй хамааралтай Европын Холбооны гишүүн орнууд шинээр тариф тогтоох асуудлыг судалж байгаа ажээ. Түүнчлэн G7-гийн орнуудын удирдагчид улс төрийн шалтгаанаар эх орноосоо дүрвэсэн Оросын иргэдэд туслах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж “улс орнуудын дотоодын хууль тогтоомжуудын шаардлагад нийцүүлэн Путиний дэглэмийн хавчлагад өртөж буй орос иргэдийг хамгаалах болно” гэж мэдэгдэв.   
 
Өвлөөс өмнө дайныг дуусгана
 
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Баварийн дээд хэмжээний уулзалтад онлайнаар оролцож, Долоогийн бүлгийн удирдагчдад хандан үг хэллээ. Тэрбээр Украины болон нийт Европын эрх ашигт нийцэх тодорхой алхмуудыг хийх, Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх тал дээр идэвхтэй ажиллахыг барууны орнуудад хандан уриалжээ. Аюулгүй байдлын баталгаа олгосон тохиолдолд Оросын цэргийн тусгай ажиллагаа гэх мэт хямрал үүсэхгүй гэдгийг Украины Ерөнхийлөгч онцолсон байна.
 
В.Зеленский хэлэхдээ, фронтын шугамаас хол орших хотуудыг хамгаалахын тулд пуужингаас хамгаалах орчин үеийн системүүд Украинд хэрэгтэй байгааг дурдсаны зэрэгцээ хүнд зэвсэглэл нийлүүлэхийг G7-гийн удирдагчдаас хүслээ. Түүний үзэж байгаагаар, Барууны орнуудаас зэвсэг авснаар өвлөөс өмнө дайныг зогсоох боломжтой ажээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ “эрх чөлөөний төлөө тодорхой төлөөс төлөх хэрэгтэй, Украиныг дэмжинэ гэдэг бол барууны холбоотнуудаас төлөөсийг нь төлж буй тэрхүү үнэ цэнэ мөн” гэлээ.
 
Цаг хугацаагаар хязгаарлагдахгүй дэмжлэг
 
Шаардлагатай хэмжээгээр тусална гэх үг хамтарсан мэдэгдэлд дурдагдсан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна. Учир нь, Долоогийн бүлгийн зарим улс төрчид, ялангуяа Герман, Францын улстөрчид “дайн сунжрах нь тухайн улсуудын ба дэлхийн эдийн засагт нөлөөлөх тул дайныг аль болох ойрын хугацаанд дуусгах нь зүйтэй” гэсэн санааг илэрхийлэх болсон юм. Харин НАТО-гийн гишүүн Их Британи, Польш, Балтийн орнуудын удирдагчид дайныг зогсоохын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд учир нь, дайныг зогсоовол Орос улс түр амсхийх хугацааг дахиад шинэ дайн өдөөхөд ашиглана хэмээн болгоомжилж байгаа аж.
 
Европын зарим улсад явуулсан санал асуулгын дүнг үзвэл, Оросыг шийтгэх гэхээсээ илүүтэй үнийн өсөлтийг зохицуулах нь илүү чухал гэж дүгнэж буй иргэдийн тоо өсжээ. Ялангуяа Франц, Герман, Италид ийм хандлага түлхүү ажиглагдах болсон байна. Харин дайныг хэзээ, ямар нөхцлөөр дуусгах вэ гэдгийг Украин улс өөрөө шийдэх ёстой гэсэн байр суурин дээр бүгд санал нэг байгаа юм.
 
Долоогийн бүлгийн хурлаар хэлэлцсэн /Орос-Украинтай холбоогүй/ томоохон асуудал бол “хөгжиж буй буй орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулан 600 тэрбум долларын санхүүжилтыг ойрын 5 жилийн хугацаанд босгох” тухай юм. Энэ нь 2013 оноос хэрэгжиж буй Хятадын “Бүс ба зам” санаачилгатай өрсөлдөхүйц төсөл бөгөөд “ардчилсан улсуудтай түншилсний тодорхой давуу талуудыг хөгжиж орнуудад харуулах болно” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан дурдахад, G7-гийн энэ удаагийн цугларалтанд түнш орнууд буюу Африкийн Холбоог даргалж буй Сенегал улс, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буй Аргентин улс, G20-ыг даргалж буй Индонез, Энэтхэг, ӨАБНУ-ын төлөөлөгчид оролцлоо.  
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: voanews.com; bbc.com; rbc.ru