sonin.mn
Сумын багш Лхагваа Солонгос руу хоёр удаа "3 сар"-аар явж олсон мөнгөөрөө эсгий гэрээ паалкан байшин болгоод 0.07 хашаандаа ам бүл тавуулаа аажуу ч гэсэн амьдралаа дээшлүүлээд аж төрөн суудаг байжээ. Эхнэр Жаргалмаа нь захиргаанд мэргэжилтэн. Хүүхдүүдээ ээж дээрээ үлдээгээд нөхөртэйгээ "3 сар"-аар Солонгос явах гэж байтал аз дутаж корона гарлаа. Тэдний машинтай болох хүсэл хясалтай таарах нь энэ. Хөл хорионы хоёр жилд царцсан амьдрал нь гэсэхдээ мөнгөний гачаал дагуулав. Ингээд Лхагваа өнгөрсөн намар чөлөө аваад сар гаран Сэлэнгийн тайгад самар түүгээд 8 сая төгрөгтэй болж охиныхоо дээд сургуулийн сургалтын төлбөр, байрны мөнгийг төлөөд үлдсэнээр нь ХААН банкинд цалингийн зээлээ дарав. Хавар нь цас ханзрангуут дахин явж 3 саяыг олсоноо ээжийнхээ эмчилгээнд зориулж. Энэ жил яаж ийгээд хуучин ч хамаагүй жижиг тэрэгний мөнгө хийнэ хэмээн итгэлгүйхэн хэлээд муухан мушийлаа.
 
Өнөөдөр мянга, мянган "Лхагваа" 9 сар гарахыг хүлээж сууна. Ард нь авгай, хүүхэд нь найдна. Аав, ээж нь горьдоно. Олон зуун өрх өрнөөсөө салах гэж, үр хүүхдийнхээ хичээл номд хэрэглэх гэж, машины мөнгөнд нэмэрлэх гэж, гэр, хашаатай болох гэж навчис шаргалтсан намрыг хүлээн сууна.
 
Гэвч хичнээн жил намар хүлээн, самар бодож амьдрах вэ? Насаараа юу?
 
Лхагваа:
 
- Самарт хүн авч явна гэсэн зарын дагуу бид сумаасаа зургуулаа гарсан. Дор, дороо л мөнгөтэй болчихвол гэсэн бодолтой. Өдөржин ойгоор "тэнээд" орой цуйвангаа идчихээд ганц юм ууж амьдралаа ярьцгаана. Тэрээр түншүүр модоор хушийг цохих ажил хийнэ. Өдөрт хэдэн арваар нь түншинэ. Хэдэн арваар нь гэмтээнэ. Сараар тооцвол хэдэн зуу болно. Зуу, зуугаар нь шархтуулна. Биднээс гадна олон аймаг, сумаас ирсэн залуус тайгаар нэг билчэнэ. Самаргүй жил тэд хаачдаг бол доо. Багшийн багахан цалин багшийг байгалийн "дайсан" болгожээ. Бас Солонгост ачигч болгосон байна...
 
 
Номио энэ жил 6-р ангид орно. Тэр дүүтэйгээ өнгөрсөн жил хөдөө хамаатныдаа очиж жимс түүж зам дагуу зараад дэвтэр, бал, формныхоо мөнгийг олсон бол дүү нь гоё пүүзтэй болжээ. 
 
Олон мянган хүүхэд жимсний болц харан питаан саваа бэлдэнэ. Эцэг, эхийнхээ цалин, эмээ өвөөгийнхөө тэтгэвэрт нэмэр болох гэж, гоё пүүз өмсөөд, гоё цүнх үүрээд, гоё зайрмаг авч идээд сургуульдаа явах гэж ойгоор дүүрэн жимс ургуулан зүүдлэнэ. Номио өнөөдөр зуны сургалтанд сууж, англи хэл сурч, спортоор хичээллэж, даалгавараа хийж суух байтал варианы шилтэй жимс, сонгино, мөөг, самар бариад замын хүмүүсийг царайчилж зогсоно. Эцэг, эхийнх нь өчүүхэн орлого балчир охиныг наймаачин болгож буй нь энэ.
 
 
- Номио, чи том болоод ямар хүн болох вэ?
- Их мөнгөтэй... 
 
 
Тэр дараа жил дахиад замын хажууд зогсож байх болов уу? Түүний хүүхэд бас жимс зарах болов уу?
 
Жаргал гуай хүрз барин элсэн толгод дунд тонголзоно. Тэрээр ганга ухаж байгаа юм. Гангаа эмийн ургамалын ченж болон бөө нарт зарж цөөхөн хэдэн цаас олж хоолондоо зарцуулна. Эрх баригчид ажил хийдэг хэдийнхээ төлсөн татвараар тэднийг гурил, будаагаар халамжлах боловч ажилгүй үр хүүхэд, ач гуч нарынх нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хэдхэн орой наргиад дуусгана. Ойр хавийнхаа гангыг дуусгасан тул хөл муу ч гэсэн амьдрахын тулд хол явна. Жилээс жилд гангын гарц нь муудаж, өрсөлдөгч олширчээ. Дагаад түүний орлого ч хумигджээ. Насаараа төлсөн нийгмийн даатгал нь насны бөгсөнд түүнийг гангачин болгожээ. Жаргал гуай, ганга хоёр удахгүй элсэн манхандаа уусан шингэнэ.
 
Харин үр хүүхдүүд нь цаашид яах бол? Элс ухаад юм олдох болов уу?
 
90-ээд онд алтан дээр суусан гуйлгачин гэж Монголчуудыг хэлдэг байлаа. Одоо алтаа ухсан ч гуйлгачин хэвээрээ л байна. Ирээдүйд алт ч үгүй гуйлгачин болохгүй гэх баталгаа алга...
 
 
 
Ч.Явуухүү