sonin.mn
ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан шуурхай мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр:  "Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ хэлсэн үг иргэдийг бухимдууллаа. Монголын ард түмэн их хэмжээгээр шүүмжилж, өчигдөр, өнөөдөр дамнан ихээхэн шүүмжлэлийг Засгийн Газарт ирүүлж байна. Үүнтэй холбогдуулж, юун түрүүнд Монгол Улсын Засгийн Газрын нэрийн өмнөөс ард иргэдээсээ хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргасан.
 
Тодруулбал 14 дүгээр зүйлд,  хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж  заасан байдаг.
 
Мөн 19 дүгээр зүйлд, төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах ёстой гэсэн нь бий. Эдгээр заалтыг зөрчсөн учраас  Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гарган, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Д.Сарангэрэлийг огцрууллаа. Д.Сарангэрэл мөн өөрөө хүсэлтээрээ огцрох хүсэлт гаргасан. Уг захирамж гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх албан бичгийг хүргүүлнэ, огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна." гэв.
 
С.Сарнай