sonin.mn
ПЁНЬЯН. /Kyodo/. БНСУ, АНУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургууль явагдаж буй энэ үед БНАСАУ лхагва гарагт зүүн эргээсээ ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан талаар Япон, БНСУ-ын эрх баригчид мэдээлжээ.
 
Пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл алга байна гэж Японы Засгийн газар мэдээлсэн байна.
 
Японы Батлан хамгаалахын дэд сайд Ино Тоширогийн сэтгүүлчдэд мэдээлснээр, пуужингууд стандарт бус траектороор нисэж, эхнийх нь ойролцоогоор 350 км зайд, хоёр дахь нь ойролцоогоор 300 км зайд ниссэн байна. Хоёулангийнх нь  нислэгийн өндөр 50 орчим км байжээ.
 
 
“БНАСАУ-ын удаа дараагийн үйлдэл, тэр дундаа баллистик пуужингийн туршилтууд нь манай улсын төдийгүй эргэн тойрны бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна” гэдгийг И.Тоширо онцлоод, Япон улс Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан эсэргүүцэл илэрхийлсэн хэмээн нэмж хэлсэн байна.
 
 
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мөн БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтыг зэмлэн буруушаагаад, ийм үйлдэл нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчиж, хөрш орнуудад “аюул заналхийлэл” учруулж байгааг тэмдэглэжээ. БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ Пёньян хотын Сунан бүсээс оройн 18:10-18:20 цагийн хооронд ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан байна.
 
БНАСАУ энэ оны эхэн үеэс баллистик пуужингийн туршилтыг удаа дараа хийж байгаа юм. Тухайлбал, АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц хамтарсан тэнгисийн цэргийн сургуулийн хүрээнд БНСУ-д ирсний дараа Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт баллистик пуужинг өнгөрсөн ням гарагт харвасан байна.
 
Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Сөүлийг батлан хамгаалах улсынхаа үүрэг амлалтыг харуулах зорилгоор хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд пүрэв гарагт айлчилна гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлсний дараа лхагва гаргийн туршилтыг явуулжээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч БНСУ, Японыг батлан хамгаалах АНУ-ын үүрэг амлалт “төмөр мэт бат бөх” хэвээр байгааг дахин нотолсны сацуу Вашингтон БНАСАУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэхийг эрмэлзэж буйг цохон тэмдэглэсэн байна. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг