sonin.mn
Манлайлагчид нь бийлэгжүү, дэмжигчид нь даржинхан ер бусын жагсаал Төв талбайд болдог боллоо. Ард түмний амьдрал хүнд байгаа, засаг төрийн булхай их буй дунд л тоглож байгаа юм даа. Тодорхой хэлбэл, араасаа ядарсан олныг дагуулж, урдуураа албан тушаалтнуудтай наймаа хийдэг тийм л завхарсан хэсэг бүлэгтэй болсон байна. Булган дээлтэй, алт монет болсон хийрхүү тэмцэгчид голдоо амьдралд ч хөл тавиагүй хоёр хүүг хөхөө өвлийн хүйтэнд нүцгэлэн шоудахыг харлаа. Үнэхээр тийм л эх орончид юм бол өөрсдөө нүцгэл л дээ. Аминдаа ийм хайртай тэднийг харсан яг ийм нөхцөл дунд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын “Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа залуустаа талархаж байна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг!” гэж бичсэнтэй санал нэгдэж байна. 
 
Сошиал хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бидний дунд гарч ирсэн нэг үзэгдэл бол нөлөөлөгчид хэмээх хэсэг хүмүүс. Анхандаа “Яасан үнэн үгтэй хүн бэ”, “Төр засагт үнэндээ л бухимдаж байна”, “Энэ сайхан сэтгэл, санаачлагатай хүнийг дэмжих ёстой”, “Эх оронч иргэн” гэх зэргээр туйлширсан. Харин өнөөдөр нүд гялбам эд баялагаараа гайхуулах мөртөө дандаа төрийн эсрэг ард түмний нэрийг барьж явдаг “Босоо хөх Монгол” гэх нэртнүүдээс эхлээд ерөөлчин, хип хопчин, элдэв халаасны намчин гэх зэрэг нөхдийг өөгшүүлэх, дагаж дэмжих хүн бага болжээ.
 
Харин ч жигших шинжтэй болж. Тэгэхгүй яах юм. Нэг нь эрүүл ухаантай шаардлага тавих гэхээр л дундуур нь орж ирээд татвар төлөхгүй, хууль биелүүлэхгүй, торгуулахгүй гэж дэлхийн хаана ч байдаггүй юм нэхээд балайруулаад явчихаад байхаар чинь. Саяхан л татвар төлөгчдийн 3.2 тэрбум төгрөгөөр Сэлбэ голыг сэргээх төслийн байрандаа сандал, ширээ авах гэж байсан Цэцэг Бямбаа гэх эмэгтэй “Хэзээ ч үр шимийг нь хүртэж чадахгүй татвараа төлөхгүй байхад л асуудал аяндаа цэгцэрнэ” гээд турхирч байх вэ дээ. Өөрийнх нь хүсэл биелээгүй бол улс орон, бусад хүн түй ч хамаагүйн жишээ энэ. Татвар хууль хоёр дээр тогтдоггүй нийгэм гэж байхгүй. Харин зохицуулалт нь хэр ухаалаг байх вэ гэдэг нь тусдаа асуудал. 
 
Ам халсан дээрээ хэлэхэд, Засгийн газар нь нүүрсний хулгайтай ажил хэрэгчээр тэмцэж эхлэхтэй зэрэгцэн “Нүүрсний хулгайчдаа зарла, үгүй бол огцор” гэдэг жагсаал боллоо. Ёстой яарсан хүн ярдаглана гэдэг нь л болж байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудад хууль хяналтын байгууллагыг оруулаад сар ч болоогүй байхад ямар нэрсийг зарлах юм бэ. Энгийн нэг залилангийн хэрэг ямар хугацаа туулдагыг бид ямар мэдэхгүй биш дээ.  
 
Улс төрийн хүрээнд ярьдаг юм. Ялсан нам эхлээд “Эрдэнэт” үйлдвэрээ авдаг гэж. Сүүлийн жилүүдэд “Эхлээд Тавантолгойд эрх мэдлээ хэн батжуулна, тэр засаглана” гэж ярьдаг болсон. Юу гэвэл хэн Монголын хамгийн том мөнгөний амсар дээр байна тэр бүлэглэл хүчтэй гэсэн үг. Энэ бол хулгай байсан бөгөөд байх байхдаа ил цагаан, эрээ цээргүй байсны илэрхийлэл. 
 
Тийм ч болохоор хоёр жилийн цар тахал, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн монголчууд шударга ёсыг хүсэж байна. Өнөөдөр хүсэхгүй юм бол өөр хэзээ хүсэх юм бэ. Дан ганц доороосоо ч хүсээд байгаа юм биш. Ийм хүнд цаг үед улс орноо удирдаж байгаа хүмүүсийн ч хүсэл. Хэрвээ та бүхэн санаж байвал өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ зарласан. Нүүрсний хулгайтай Засгийн газрын тал нь, УИХ-ын хагас нь холбогдсон гэж Төрийн ордонд ярьдаг юм шүү. Олонхын ярихаар бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр нүүрсний хулгайд оролцоогүй юм гэсэн. Тийм ч болохоор манлайлж, ажил хэрэг болгох гээд яваад байгаа нь харагдаж байна. Шат дараатай ажлууд ч хийгээд явж байна. Харин энэ бүхнийг зогсоох, саармагжуулах, үндсэн санааг өөр тийш залах тэр байтугай огцруулж далдруулах нь хэний хүсэл вэ гэдгийг дахиад нэг бодоорой. 
 
Д.Дандархүү