sonin.mn
Монгол Улсын сонгуулийн тогтолцоонд шинэ зам, шинэ түүх бий боллоо. Түүгээр зогсохгүй төлөөллийн зарчим, өнөөдрийн улстөрчид сонгогчдыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж өнгөрсөн 30 жил ярьж ирсэн асуудал шийдлээ олж, УИХ-аас өнгөрсөн лхагва гаригт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох” заалтыг эцэслэн баталлаа.
 
 
Нэг талаас харахад энэхүү өөрчлөлт нь олон нийт, ард түмний дунд эргэлзээ тээнэглэзээ, шүүмжлэл хэлэлцүүлэг дунд болж өнгөрөв. Ардчилсан улс оронд байх ёстой үзэгдэл энэ мөнөөсөө мөн. Ялангуяа УИХ-ын гишүүдийн тоо 126 болохтой холбоотойгоор санал, шүүмжийг тал талаас өрнүүлж, хуулийн төсөл санаачлагчид онол болон практикийн хувьд өргөн дэлгэр тайлбар мэдээллүүдийг өгч ирэв.
 
 
Харин “УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах” тухай заалт Үндсэн хуулийнхаа хувьд ч, ялангуяа Монгол Улсын сонгуулийн тогтолцоонд шинэчлэлт авчирсан чухал алхам гэдгийг хуульчид, улс төр судлаачид онцлон тэмдэглэж байна. Үндсэн хуульд оруулах энэ удаагийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын байр суурь олны анхаарлыг нэлээд татлаа. Тэрээр парламентын гарын таван хуруунд нэрлэгддэг тулхтай хуульчдын нэг. Тэр ч үүднээс 2019 оны ҮХНӨ дээр гардан ажилласан хүн. Тиймээс өнөөдрийн өөрчлөлтийн үүх түүх, шүүс ялгааг хамгийн сайн мэдэх албан тушаалтан юм. Түүний тайлбараар энэ удаагийн өөрчлөлтийг дүгнэчихэж болно.
 
ҮХНӨ-ийн хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “...12 жилийн өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үүрэг өгөөд ҮХНӨ-ийг судалж үзэх ажлын хэсгийг 50 гишүүнтэй байгуулж, би ажлын хэсгийн ахлагчаар томилогдож байлаа. Цаг хугацааны эрхээр бид энэ ажлынхаа талаарх судалгаа, тайлан, бүхий л мэдээллийг дараагийн парламентад хүлээлгэж өгсөн... Ингээд 2019 оны ҮХНӨ-ийг Г.Занданшатар даргын үед хийсэн. Тэр үеийн улс төрийн үндсэн том зөвшилцлөөр олон чухал асуудал шийдэгдсэн.
 
Шийдэгдэж чадаагүй асуудлууд ч үлдсэн. Би тэр талаар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Маш том ажил хийлээ. Гэхдээ хүсэн хүлээсэн ажлынхаа 70 хувийг хийлээ" гэдгийг онцолж байсан” гэв. Үнэхээр ч тийм. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг 2019 оны ҮНХӨ-өөр л давхар хийгдэх байсан гэдэг хүлээлт бий. Гэвч улс төрийн шийдвэр, өөрчлөлт, тэр дундаа Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Өнөөдөр ямартай ч Монголын сонгуулийн тогтолцоонд хэрэгтэй өөрчлөлт орж чадлаа. Үүнийг зөвхөн эрх баригч нам бус парламентад суудалтай намууд ч хүлээн зөвшөөрсөн өөрчлөлт байж чадав. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар онцлохдоо “...Өнөөдрийн Үндсэн хуулийн засвар УИХ-д суудалтай АН, ХҮН, суудалгүй боловч улс төрийн олон намууд эрх баригч МАН-тай улс төрийн түвшинд олон удаагийн яриа хэлэлцээ хийгдсэний эцэст нэгдсэн үр дүнд хүрсэн” гэж баталлаа. Нөгөө талаар Үндсэн хуулийн өөрчлөлтүүд үр дүнгээ өгч байна уу гэдэг нийгмийн зүгээс тавьж буй чухал асуудал бий. Ялангуяа сүүлд хийсэн 2019 оны өөрчлөлтөөс улбаатай өнөөдрийн өөрчлөлт үр дүн бий болгох уу гэдэг агуулгын хувьд том асуултыг сонгогч, олон нийт тавьсан.
 
Үүнд хуулийн төсөл санаачлагчид үндэслэлтэй тайлбарлах ёстой. “...2019 оны ҮХНӨ үр дүнгээ өгч байгаа. Бид ард түмний засаглах бүрэн эрхийг хангана гээд ил тод, иргэдийн мэдэх эрхийг хангаж өгөх тухай заалт хийсэн. Дээр нь намуудын ардчилсан дотоод зохион байгуулалт ил тод байх тухай асуудлыг ч тусгаж чадсан. Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг УИХ саяхан баталлаа. Энэ бол 2019 оны ҮХНӨ-ийн амин сүнс, үзэл санаа хэрэгжих процессын үргэлжлэл” гэж Ж.Сүхбаатар гишүүн онцолно лээ.
 
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах шинэ өөрчлөлтийн үр дүн 2028 оноос гарч эхэлнэ гэж хууль батлагчид томъёолжээ. Ер нь дэлхийн практикт сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хоёр, гурав дахь сонгуулиас үр дүнгээ өгч эхэлдэг аж. Гол нь үүнийг тууштай хэрэгжүүлэх явдал чухал. 2012 оны сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр яг өнөөдрийн заалт орсон ч тууштай хэрэгжүүлж чадалгүй, өөрчилсөн. Энэ нь Монголын улс төрийн хувьд хамгийн том сургамж болсон гэдгийг хуульчид, олон нийтэд өнөөдөр хэр нь онцолдог. Энэ явдлыг эрх баригч намынхан, тэр дундаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагчид ч хүлээн онцолдог юм байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ тухай ярихдаа "... Тэр үед Сонгуулийн хуулийг хийж байсан хүмүүсээс Н.Энхболд дарга бид хоёр байна. Энэ хуулийн үзэл санаа дэвшилттэй байсан.
 
Тэр үеийн ҮХЦ дараагийн улс төрийн намуудын тухайн үеийн удирдлагуудын балагаар энэ дэвшилтэт заалтыг нурааж хаясан. Нураасныхаа горонд өнөөдөр бид нийгмээс, олон нийтээс шүүмжлэл хүртэж байна... Гишүүдийн тоог 126 болгох заалт дээр манай намын гишүүд ч олон саналтай байгаа.
 
Нийгмийн уур амьсгал ч ийм байна. Эцсийн дүндээ хууль тогтоогчид олон түмний санал дээр үндэслээд ард түмний ирээдүйг харж Монгол төрийн удирдлагын арга ухаанаар онолын үндэслэлтэйгээр шийдэх ёстой. Дэлхий дахины жишиг гэвэл цөөн хүмүүс хуйвалдах явдал эрх мэдлийн орчинд их байдаг. Угаасаа эрх мэдлийн орчинд ямар ч сайн хүнийг ялзруулдаг. Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ялзарна гэдэг шиг цөөн хүнд найдаж сайн хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн мажоратор 76 дотор бид хий эргээд муу нэртэй парламент бий болгосон....Бидэнд одоо хийх ажил үлдэж байгаа. Сонгуулийн хуулиа зөв сайн гаргах, Улстөрийн намуудын хуулиа зөв гаргах, УИХ-ын дэгээ сайжруулах зэрэг асуудал байна. Сонирхлын зөрчлийн тухай хуулиар ч УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарлаж байгаа. Сайн засаг гэдэг өөрсдийнхөө эрхийг хязгаарладаг байх ёстой” гэсэн юм. Эрх баригч нам ажлаа хийлээ. Хийх ёстой ажлаа ч томъёолж байгаа нь сайн хэрэг. Олон нийт одоо үүнийг хүлээж, шахаж, шаардах ёстой. Сөрөг хүчин намууд, бие даагчид ч сонгогчдынхоо нэрийн өмнөөс ажиллах ёстой болж таарч байна.
 
П.Жаргал