sonin.mn

Үндэсний аюулгүй Байдлын Зөвлөл Чингис бондын мөнгө хаа байгааг бүртгэх асуудлаар зөвлөмж гаргав. Ийм хөгийн асуудлаар зөвлөмж гаргана гэдэг бол үндэсний аюулгүй байдал ямар түвшинд унасныг илт харуулна. Манайхан ч айхаа ч байж дээ.
Эдүгээ бид үндэсний аюулгүй байдлын тухай ярих цаг болсон. Үүнийг ярихын тулд бүх уг сууриар нь хөндөх ёстой. Энэ бол “язгуур үндэс” гэсэн ойлголт юм.


Түүхэн сурвалжид…


1911, 1921 оны үеийн баримт бичгүүдэд “язгуур үндэс” гэсэн нэр томъёо (үг) их гарна. Мөн нэлээд тохиолдолд “шашин үндэс” гэсэн хоршоо үг ашиглана. Энэ бол Монгол гэсэн бүх юмыг нэгтгэн илэрхийлсэн үг юм. Өнгөц бодоход тодорхойгүй, хэт ерөнхий мэт санагдах боловч энэн шиг тодорхой ойлголт байхгүй. Дор хаяж л XIX-ХХ зууны зааг үеийн ямар ч монгол хүн энэ үгийн мөн чанарыг ямар ч тайлбаргүй ойлгодог, мэддэг, мэдэрдэг байсанд эргэлзэх зүйлгүй.


ХIХ зууны сүүл үеийн Манжийн шинэ засгийн бодлогыг “үндсийг таслах, шашныг сөнөөх” гэж баримт бичгүүдэд нэгэн дуугаар нэрлэдэг. Гэхдээ “язгуур үндэс”, “шашин үндэс”, “уг үндэс” гэсэн хоршоо үгүүд тэр үеийн баримт бичгүүдэд элбэг тааралддаг. Бүгд л нэг агуулгатай.
Улмаар энэ уламжлал 1921 оны хувьсгал хүрч иржээ.


1921 оны 3 дугаар сарын 20-д орчмоор “Бүх олон Монгол ах дүү ард түмэнд тунхаглан сонсгох нь” гэсэн нэгэн Тунхаг бичгийг МАХН-ын Төв Хорооноос гаргасан юм. Энэ бичгээс иш татвал:
“Үүнээс хэд хэдэн зуун оны урьд манай Монгол улс харгис хятадын саварт базагдаж, элдэв зүйлийн гашуун зовлон эдэлсэн ба эцэг өвгөдөөс уламжлан ирсэн бурхан шашин язгуур үндэс, зан суртал юугаан дарлагдсан төдийгүй, мах цусыг элдвээр идэгдэн шимэгдэж үлсэн Монгол ах дүү нар бүгдээр сонсогтун…”
“Тэрслүү цагаантанд мэхлэгдэн хоригд(вол)…бидний өвгөдийн алдар нэрийг гутаан, хойт үеийн олонд хүчир гашуун хор үлдээх байтугай, дээд тэнгэр авралд бурхан түүнийг эс өршөөн, үргэлжид элдэв зовлон гамшгийг эдлэн хүлээх нь магад болохын дээр бидний язгуур үндсийг арилгах тэнгэрийн зохиол буухаас сэргийлэх хэрэгтэй”.
Ийм баримт бичиг асар олон бий. Эндээс “язгуур үндэс” гэсэн нэр томъёо тухайн үедээ хэн бүхэнд ойлгомжтой, монгол иргэншил, монгол үндэстний эрхэмлэл, үнэт зүйлсийг илэрхийлж байжээ.


Энд бид МОНГОЛ гэсэн ЯЗГУУР ҮНДЭС ойлголт руу дөхөж ирж байна.
Язгуур үндэс бол иргэншил соёлоо тэмдэглэх монгол ойлголт юм. Иргэншил соёлыг шинжлэх ухааны хувьд: 1. язгуур 2. уламжлалт, 3. олдмол, 4. үүсмэл гэж хуваан үздэг соёлын ангиллын шалгуураар ангилбал зүйтэй гэж санана. Нэрт эрдэмтэн, сод ухаантан Б.Сумъяагийн анхлан гаргасан энэ ангиллийг одоо бид өргөн ашиглах хэрэгтэй.


Иргэншил соёл байнга хөгждөг, харь буюу гадаад зүйлээр баяжихаас гадна өөрөө бусдад элементээ өгөх замаар хөгжиж байдаг. Ингээд “цэвэр” соёл гэж байдаггүй. Энэ диалектик зүй тогтлыг манайхан тун бага анзаардаг. Манай өнөөгийн соёл дээр дурдсан язгуур, уламжлалт, олдмол, үүсмэл 4 соёлын өвөрмөц хольц юм. Гэхдээ язгуураараа монгол юм. Жишээ авъя:


Ухаандаа суут Жанцанноров, Шарав нар язгуур хийгээд үүсмэл монгол хөгжим зохиодог. Тэд агуу хөгжмөө эхлээд төгөлдөр хууран дээр (олдмол соёл) зохиож нотыг нь бичдэг. Тэднийг заавал “язгуур монгол болгох” гэж морин хууран дээр хөгжмөө зохио гэж хэн ч хэлдэггүй. Ингэвэл үнэн тэнэг шаардлага болно. Ингэж зохиох тусмаа монгол хөгжим илүү сайн хөгжинө. Жанцанноров, Шарав нар гадаад хөгжим биш, язгуур монгол хөгжим л зохиож байгаа. Энэ мэтчилэн бүх салбар ингэж байж хөгждөг.
Язгуур монгол гэдгийг би ингэж л ойлгодог. Гэхдээ нөгөө талд нь “монголоо алдах” гэж нэг аймшиг байгаа ба энэ нь жич ярих сэдэв юм.


Тухайн үедээ…


Тухайн үедээ монголын малчин ард “язгуур үндсийг” юу гэж ойлгож байсныг тайлбарлахад нэг бодлын их хялбархан, нэг бодлын их хэцүү юм.
Амархан нь юундаа гэхээр тэд: 1. бие даасан өөрийн төр, 2. шашин 3. малаа маллах гурвыг л ойлгож байсан гэж ойлгож болно. Тэд малаа маллаад шашнаа шүтээд эрх дураараа сайхан төртэй болохыг л мөрөөдөж байсан байх. Тэд ямар капитализм, социализм гэдгийг мэдэж байсан биш. Иймээс “язгуур үндэс” гэсэн уриа лоозонг тэд туйлын амархан хүлээн авч байсан бололтой. Энд “харийнхныг хөөнө” гэсэн санаа ямар нэг хэмжээгээр байгаа юм. Тухайн үеийн эрх баригчид ч гэсэн ард түмнээ сайн мэддэг байсан учраас “язгуур үндэс” гэж байн байн дурдаад байсан гэж үзэж болно.
Хэцүү нь юундаа гэвэл “язгуур үндэс” гэдэгтээ яг тодорхой юу ойлгож байсан гэдэг судалгаа байхгүй юм. Европт ийм ойлголт угаасаа байхгүй юм. Европ бүү хэл, Хятадад байхгүй юм. Энэ бол зөвхөн асар их түүхэн уламжлалтай үндэстэнд л байх ойлголт юм.
Харамсалтай нь үүнийгээ бид тун ч удахгүй мартацгаасан билээ. Интернационализмаар сольсон, дараа нь даяарчлалаар сольсон. Эл байдал үйлдлийн болон үзэл санааны түвшинд үргэлжилж одоо бараг язгуур үндсээ мартах, алдах хэмжээнд хүрээд байна.


Язгуур үндэс


Орчин үеийн ямар ч утга зохиолоос “язгуур үндэс” гэсэн утга хайгаад олдохгүй. Үндэсний үзэлтэй холбоотой юмыг сайтар ухвал ганц нэг юм олж болно. Гэхдээ үндэсний үзлийн асуудалд том улсуудын том шинжлэх ухаан ямагт болгоомжтой ханддаг болохоор эндээс “олигтой юм” олно гэж хэцүү. Ингээд өөртөө найдах, өөрөө хийх л үлдэж байгаа юм.


Харин Л.Н. Гумилев “үндэсний стратегийн матриц” гэсэн нэр томъёо гаргасан нь манай язгуур үндэстэй ихээхэн дүйнэ. Үүнийг би 2010 оны 10 дугаар сарын 05-нд “Та нар л аюул…” өгүүлэлдээ анх бичсэн юм. Дашрамд өгүүлэхэд Гумилевийн ангилалд зарим талаар шүүмжлэлтэй хандах, засаж залруулах зүйл байдгийг дурдаж байна. Үүнийг жич ярих боломж гарах буй за…
Цаг ямагт монголын үндэсний аюулгүй байдлыг хөнөөж байдаг нөхдүүд үүнийг нохой хуцсан чинээ тоогоогүй билээ…
Үндэсний стратегийн матриц гэдэг бол үндэстэн өөрөө болон түүний түүхэн менталь шинж, түүнчлэн үндэстний түүхэн хөгжих газар болсон “амьдралын орон зай”, үндэстний ареал хэмээх суурьшлын эзэмшил, уг үндэстний хянаж буй орон зайг хэлдэг юм.


Ингээд монголын “язгуур үндэс” хийгээд Гумилевын “үндэсний стратегийн матриц” хоёрыг жишиж үзвэл олон чухал гаргалгаа хийж болно. Үндэсний стратегийн матриц нь орчин үеийн ойлголт юм. Язгуур үндэс нь монгол ойлголт юм. Энэ хоёрыг нийлүүлбэл дараах байдалтай байж болохоор байна. Үүнд:
1. Голлох буюу уугуул үндэстний чанар болон хүчин чадал
2. Үндэстний эрхэмлэл болон үндэстний соёлын хүчин чадал
3. Үндэстний олонхоос “нэр төртэй хийгээд зөв” хэмээн үзэж буй үндэстний амьдралын хэв маяг (аж төрөх ёс)
4. Түүхэн ёсоор хүрсэн буюу олж авсан орон зай
5. Нөөц (ресурс) чадавхи
6. Шинжлэх ухааны болон технологийн чадавхи
7. Үндэстний цэргийн чадавхи
8. Удирдлагын нэн тодорхой “үзэл санаа” бүхий ажиллах чадвартай үндэсний удирдлага
9. Хөгжил болон аюулгүй байдлын үндэсний стратеги зэрэг болно.


Энийг суурь судалгаанд үндэслэн, маш олон хувилбараар тооцоолж гаргадаг бөгөөд хамгийн эхэнд ард түмэн нь ойлгож байж л алив үндэстэн дэлхийд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, өөрийн гэсэн түүх, соёлын объект болон субъектын үүргээ биелүүлж байж үндэстэн гээч болдог юм л даа…


Эдгээрийн аль нэг нь алга байвал “үндэсний хөгжил”, “үндэсний аюулгүй байдал”-ын тухай ярих ч боломжгүй болдог. Чаддаг юм бол дээр дурдсан 9 зүйлээс нэг нь ч гэсэн олигтой байгаа гээд хэлчих л дээ…


Одоо бараг бүгдээрээ Үндсэн Хуулийн нэг нэг эх хармаалчихсан давхиж явааг чинь би мэдэж л байна. Тэгээд язгуур үндэс чинь хаа байгаам ? асуух цаг хол биш гэж бодож байна. Би дараах зүйлийг урьдын адил сануулан хэлэх гэсэн юм:
1. Язгуур үндэсгүй Үндсэн Хууль бол ухаангүй төр бий болгохын үндсэн нөхцөл мөн.
2. Ухаан бол төрөлх зүйл бөгөөд ухаангүй хүн хэзээ ч ухаантай ажил хийдэггүй.
3. Төр нураасан хүмүүс хэзээ ч шинэ төр байгуулдаггүй.


Энэ асуудлыг би мөн ч олон жил судалж байна. Дээр дурдсан асуудлуудаар суурь судалгаа хийх гэж олон жил “дайтаж” ирэв. Ямар ч судалгаа хийлгэхгүй байгаа юм чинь. Өөрсдөө бас судалгаа хийхгүй. Тус болдоггүй юмаа гэхэд ус болохгүй байж болмоор. Гэвч үгүй шүү. Дандаа надад дайсагнана. Хэдий хүнд нөхцөлд байсан ч арга зүйн хувьд зөв судалгаа ихээхэн ахицтай байсныг тэмдэглэн хэлэх нь шударга хэрэг болно.


Яагаад гэвэл би мөнгө, эрх мэдэл хайгаагүй, би язгуур үндсээ хайсан учраас хоосон байгаагүй нь мэдээж хэрэг…


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?