УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд хууль танилцуулахаар гарч байхдаа тэргэнцэртэйгээ унасан юм. Энэ тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: "Би хэн нэгэнд гомдоллох гэсэнгүй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудал манайд маш муу хэвээр байна. Төрийн ордон ч ялгаагүй, зөвхөн дүр эсгэсэн стандарт л явж байна. Үнэндээ стандартгүйгээс л асуудал үүсээд байгаа юм.
Тэргэнцрийн зам нь дугуйнаас ердөө нэг хурууны зайтай, гадна талдаа хамгаалалтгүй байсан нь асуудал үүсгэх шалтгаан боллоо.
Ер нь ордон дотор суудалдаа очиж суухад асуудалгүй мэт боловч хүртээмж гэдэг нь зөвхөн нэг цэгт хүрэх тухай ойлголт биш. Хүн өөрөө бие даан, бусдын тусламжгүйгээр зорчих, дээш доош явах, бусадтай уулзах, ажлаа хэвийн хийх боломжтой байхыг хэлдэг.
Гэтэл бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ганцаараа доошоо, дээшээ явах боломжгүй, бусад гишүүдтэй уулзах ч хүндрэлтэй байдаг. Гишүүд цаанаа цугларч байхад наана нь хүлээгээд үлдэх тохиолдол ч гардаг. Энэ нь тодорхой хэмжээнд ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр гэж хэлж болно.
Энэ бол зөвхөн иргэн Ж.Баясгалангийн асуудал биш.
Ямар ч жирийн иргэн хөлөө хугалсан тохиолдолд мөн адил бусдаас тусгаарлагдсан мэт нөхцөлд орно гэсэн үг. Өнөөдрийн болсон зүйл манай улсын хүртээмж ямар түвшинд байгааг бодитоор харууллаа гэж бодож байна.
Өмнө нь ярихад хүмүүс сайн ойлгодоггүй байсан бол энэ удаагийн жишээгээр “хүртээмж гэдэг чинь ийм асуудал байдаг юм байна” гэдгийг нүдээрээ харж, мэдэрсэн байх гэж ойлгож байна. Манай туслах бид хоёр ч тухайн үед яарч сандарснаасаа болоод бага зэрэг хэмжээ алдсан байж магадгүй. Гэхдээ хэрвээ шаардлага хангасан стандарт, аюулгүй орчин байсан бол ийм зүйл гарахгүй байх боломжтой байсан."
Б.Баясгалан
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл1
Тэгээд ажлаа хий. Яаж тэр хүртээмжтэй болгоход санхүүгийн эх үүсгэвэртэй болгох вэ гээд бод.