sonin.mn

СОФИ, 2026 оны тавдугаар сарын 7 /BTA/. Болгар улс “Жиро д’Итали-2026” уралдааны гарааг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Албаны хүмүүс энэхүү үйл явдлыг тус улсын спорт, аялал жуулчлал болон олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх түүхэн алхам хэмээн тодорхойлж байна.


Болгарын Залуучууд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Димитар Илиев хэлэхдээ, “Жиро д’Итали” уралдаан Болгарын хувьд түүхэн үйл явдал бөгөөд ийм өргөн цар хүрээтэй спортын тэмцээнийг тус улсад анх удаа зохион байгуулж байгааг онцлов.


Түүнчлэн Аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ирена Георгиева уг уралдааныг ердийн нэг тэмцээн бус, харин Болгар улс дэлхий дахинд хамгийн сайн талаа харуулах “шинэ түүхийн эхлэл” хэмээн тодорхойлжээ.


Бургас хотын дарга Димитар Николов хэлэхдээ, уралдааныг зохион байгуулагчид Болгарын бэлтгэл ажлыг “төгс” хэмээн үнэлснийг дурдаад, уралдааны бүх замыг стандартын дагуу засаж, цэвэрлэж дууссаныг мэдэгдсэн байна.


Олон улсын дугуйн спортын нэр хүндтэй тэмцээн болох 109 дэх удаагийн “Жиро д’Итали” уралдааны “Grande Partenza” буюу нээлтийн гараа энэ онд Болгар улсад болох юм. Уралдаан тавдугаар сарын 8-ны өдөр Несебр хотоос эхэлж, Бургас хотод барианд орно. Тамирчид тавдугаар сарын 9-нд Велико-Тырново хотоор, тавдугаар сарын 10-нд Пловдив хотоор дамжин нийслэл Софи хотод хүрснээр Болгар дахь гараа дуусна.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг