sonin.mn

МҮХАҮТ-ын гишүүн байгууллага “Нэкст электроникс” компани, МУИС-Ротаракт клубийн залуучууд хамтран “Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд” тусалж нэг өдрийг баяр жаргалаар дүүрэн өнгөрөөлөө.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, Монголын мянга мянган бяцхан үрс баяраа тэмдэглэж, тэдний эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрх ямар түвшинд байгаа нь тодорхой хэмжээнд хөндөгдсөн билээ. Тэгвэл өнөөдөр  дауны хам шинж буюу хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдийг холбогдох хүмүүнлэгийн байгууллагуудын зүгээс баярлуулж, “Маамуу нааш ир” тоглоомын төвд эцэг эх,  урлаг соёлын зарим оддын хамт нэг өдрийг өнгөрүүллээ.

Энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ “Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” болон МУИС-ийн “Ротаракт” клубийн залуучууд хамтран зохион байгуулсан юм. Тэдний зүгээс дауны хам шинжтэй хүүхдүүдийг дэмжихэд сэтгэл зүрхээ нэгтгэж хамтарч ажиллахыг хэвлэлээр дамжуулан уриалж байв. Учир нь тэд бидэнтэй л адил нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай сурч боловсрох, ажиллаж амьдрах эрхтэй. Хамт байх үедээ биднээс илүү бусдын анхаарлыг татах өөрийн гэсэн өвөрмөц авьяастай, тун өхөөрдөм хүүхдүүд.

Дауны хам шинжтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд хамтран “Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан”-г байгуулаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Энэхүү сангийн тэргүүнээр УИХ-ын гишүүн С.Оюун ажилладаг бөгөөд арга хэмжээний талаарх сэтгэгдлийг нь сонирхоход “Дауны хам шинжтэй хүүхдүүдийн хувьд бие бялдрын болон оюун санааны хөгжил нь энгийн хүнээс гурваас таван жилийн хоцрогдолтой байдаг. Монголд шинэ төрлийн өвчин ч баруунд энэ өвчнийг бүр эрт илрүүлээд нийгэм нь хүлээн зөвшөөрөөд, ойлгочихсон болохоор харьцангуй амар. Хүүхдүүдээ нийгэмтэй харьцуулан тусгай сургуульд сургадаг байх жишээтэй. Жирийн хүүхэд аливааг нэг хэлүүлээд ойлгодог байхад даунтай хүүхэд тав юм уу, 10 хэлүүлж байж ойлгодог. Тийм учраас сургаж байгаа эцэг эх,  сургагч багш нараас маш их тэвчээр шаарддаг юм. Манайхан энэ өвчний талаар төдийлөн ойлголт байхгүй болохоор Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ангилалд оруулаад явчихдаг. Тархины саажилт, хэлгүй, дүлий гэсэн хүмүүстэй нэг ангилалд оруулчихдаг. Тусгайлан зориулсан сургалт байхгүй, эрүүл мэндийг нь дэмждэг хөтөлбөр байхгүй байна. Уг нь дауны хам шинжтэй хүүхдүүдийг аль болох жирийн хүмүүс дунд оруулаад арай илүү шахаад яваад байхаар энгийн хүн шиг амьдрах, хөнгөн хэлбэрийн давталттай ажил хийх чадвартай байдаг. Тэгэхээр ийм орчныг нь бүрдүүлж өгөх нь манай байгууллагын үндсэн зорилго” гэдгийг онцолж байв.

Мөн “Нэкст электроникс” компани, МУИС-ийн “Ротаракт” клубийн залуучуудын  хувьд  нийгмийн хариуцлагаа ухамсарлан эдгээр хүүхдийг байнга дэмжиж ажилладаг байна. Залуус “Магадгүй та дауны хам шинжтэй хүмүүсийн талаар сайн мэддэггүй байж болох юм. Хэрвээ тийм бол танд ийм хүүхдүүдийг битгий  ялгаварлан гадуурхаарай гэж захимаар байна. Яагаад гэвэл тэдний хувьд энэ бол өвчин эмгэг биш. Тиймээс бид тэднийг ямар нэгэн байдлаар өвчтөн гэж хэлэх ч эрхгүй юм шүү.

Энэ бол ердөө л хүний биеийн эсүүдэд илүүдэл хромосом агуулагдсанаар үүссэн генетикийн өөрчлөлт. Дауны хам шинж хэн нэгний буруугаас болдоггүй. Аливаа үйлдэл, хоол хүнс, бохирдол, арьсны өнгө, шашин шүтлэгээс үл хамааран тохиолддог. Тиймээс л бид тэр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, хэн нэгэнд буруу өгч болохгүй. Дауны хам шинжтэй хүүхдүүд бусдын адил бойжиж, сурч боловсрох эрхтэй. Сурсан мэдсэнээ өөрийн болгохдоо тун гарамгай. Бүр бусдаас давуу. Тэд хэзээ ч сурсан, мэдсэнээ мартахгүй.

Бид зарим тохиолдолд хэн нэгнийг ямар нэгэн байдлаар өөрөөсөө өөр гэдгийг мэдэхээр ердөө л хөөрхийлөн өрөвддөг. Тэгвэл дауны хам шинжтэй хүүхдүүдийг тэгж өрөвдөхөөс илүү дэмжих хэрэгтэй юм. Яагаад гэвэл тэд бүгдийг сурч, мэдэх хүсэл мөрөөдөл, эрмэлзлээр дүүрэн байдаг” гэдгийг хэлж байлаа.