sonin.mn
Иргэн Д.Ламжавтай Үндсэн хууль тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Манай улс Үндсэн хуулиа өөрчилье  гэж яриад удсан. Харин энэ Их хурлын үед ажил хэрэг болгохоор З.Энхболд дарга ажлын хэсэг томилсноор  бүх төвшинд  хэлэлцүүлэг, шүүмж өрнөж байна. Үндсэн хууль баталсан 20 гаруй жилийн түүхэнд уяатай юм шиг  байнга хамт явж ирсэн хүний хувьд  та ямар бодолтой байна?
 
-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Захирамжаар уг өөрчлөлтийг “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн  хүрээнд боловсруулахыг үүрэг болгосон байгаа. Гэтэл энэхүү Журмын тухай хууль нь Үндсэн хуульд байгаа гажгуудыг, шуудхан хэлэхэд алдаануудыг засахыг хориглочихсон байдаг.
 
Иймээс Журмын тухай хуулийн хүрээнд өөрчлөлтийг хийх нь хагас дутуу, харамсалтай алхам болно. Харин Үндсэн хуулиа шинэчлэн найруулах замаар зоримог өөрчлөлт хийхэд Журмын тухай хууль үйлчлэхгүй бөгөөд ерөөсөө засч  янзлах зүйлүүдийн хэмжээ нь шинэчлэн найруулахыг шаардаж байгаа юм. Энэхүү өөрчлөлтийг парламентын засгийг төгөлдөржүүлэх чиглэлд хийх нь Монгол шиг жижиг улсын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. 
 
-Их хурлын ажлын хэсгийнхэн бодвол таньтай уулзаж иргэдийн доторх уур амьсгалыг тандсан байлгүй дээ. Олон нийтэд  бол юу хийж, яах гэж байгаагаа  мэдээлэхгүй байгаа. Мушгин гуйвуулчихна гээд тэгж байгаа юм гэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэдэн нам, эсвэл  хэсэг хүн  хаалттай шийдчихэж болох  уу?
 
-Би “хэтэрхий их” санаачлага гаргасан байгаа. Өнгөрсөн зун Ерөнхий сайд Н.Алтанхуягт Үндсэн хуулийн өөрчлөлт тулгамдсан асуудал болсон тухай тайлбарлан ярилцсаны үндсэнд “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн үзэл баримтлал”-ыг боловсруулснаас гадна, “Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг бичиж өгсөн.
 
Ерөнхий ярианы цаана олон юм тодорхойгүй хоцордог осолтой байдаг учраас бүр тодорхой болгохын тулд ийнхүү “хэтэрхий их” санаачлага гаргасан юм. Эдгээр баримт бичгээ ажлын хэсгийн гишүүн бүрт цаасаар болон файлаар хүргэхийг захиж албаны хүмүүст аль хэдийнэ  өгсөн. Бодвол хүрсэн байх гэж найдаж байна.
 
Дотоод, гадаадын олон байууллагаас өнгөрсөн  сарын 3-нд  зохион байгуулсан “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол-практикийн бага хуралд “Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага” гэсэн илтгэл тавьсан. Энэ илтгэлээ мөн дээрхийн адил ажлын хэсэгт хүргэсэн. Энэ илтгэл харин  өмнө дурдсан үзэл баримтлалаас илүү сайжруулсан утгаар бага зэрэг зөрөөтэй  болсон гэдгийг танай сониноор дамжуулаад хэлчихье.
 
Ажлын хэсгийн гишүүдтэй уулзахад бэрхшээлтэй юм билээ. Тэд  өөрсдөө иргэдийн саналыг уншдаггүй юм гэхэд зарагдаж байгаа хүмүүстээ үзээрэй гэж эрх биш хэлж магадгүй. Үүгээр  таны асуултын эхний хэсэгт хариуллаа. Хоёрдох хэсэгт зарчмын үүднээс хариулъя. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг УИХ-д өгсөн нь Үндсэн хуулийн нэг том алдааг илтгэн харуулж байгаа нь энэ.
 
Иргэдийг оролцуулах зарчим гэдэг чинь зөвхөн гарц дээр оролцохыг хэлдэггүй, орц дээрээс нь эхлэн гарц дуустал оролцуулахыг хэлдэг. Ялангуяа, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нийгмээс нуугдмал байж болохгүй. “Мушгиад эхэлнэ” гэж болгоомжлоод байгаа нь үнэн бол “зөвшилцөх” соёлын эсрэг, ардчиллын үндсэн зарчмын эсрэг хандлага.
 
-Таны боловсруулсан үзэл баримтлалаас сүүлд тавьсан илтгэл тань юугаараа сайн болсон бэ?
 
-Нэг жишээ хэлье. Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай заалт Үндсэн хуульд байдаг. Энэ заалтыг Ерөнхийлөгч дарамтлах хэрэгсэл болгон ашиглах эрсдэл байна. Фракцуудын зөрчил дунд арай ядан тогтож байгаа Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлд буруу харан нулимс дуслуулан байж гарын үсэг зурдаг тохиолдол олшрох бололтой. Иймээс энэ эрхийг Ерөнхийлөгчөөс хасах нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан хоёр баримт бичигт ерөнхий байгаа нэг зүйлийг нэмж хэлье.
 
Ерөнхийлөгч хориг тавьдаг тул хууль санаачлахгүй байх, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 500 иргэн Ерөнхийлөгчөөр дамжуулан санаачилдаг, УИХ түүнийг нь дөрөвний гурвын саналаар дэмжвэл нийтийн санал асуулгаар эцэслэн баталдаг горимд шилжих. Товч хэлбэл, Монголд томоотой Ерөнхийлөгч хэрэгтэй.      
 
-Үндсэн хуульд УИХ-аас эхлэн олон шатны хурлуудад ихээхэн эрх олгосон байдаг.  Энэ нь төрийн шийдвэрт иргэдийн оролцох оролцоог хаан боогдуулж байна гэж үзэж болох уу. Ер нь төрийн эрх мэдлийн хуваарилалт ямар байх ёстой вэ?
 
-Ардчилсан тогтолцоотой улсад төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт хуваадаг. Хуваагаад зогсохгүй харьцангуй бие даасан, харилцан бие биеэ  хянадаг, харилцан тэнцвэртэй байлгахыг онолын зүгээс сургадаг бөгөөд энэ нь төрийн зүгээс дур зоргоор авирлах явдлыг хязгаарлах үндсэн арга гэж үздэг.
 
Энэ зохицуулалтыг үндсэн хуулиараа тогтоохыг зорьдог. Манай Үндсэн хуулийг энэ талаас нь авч шинжвэл УИХ-д хэт их эрх мэдэл олгосон байдаг. Бүх сайдыг нэг бүрчлэн УИХ томилж байгаа нь мөн чанартаа Ерөнхий сайд албан үүргээ хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц эрх мэдэлгүй болсон. Энэ тухай одоо бүгд л ярьдаг болсон байна. Энэ байдлыг залруулах ёстой. Зөвлөлт маягийн Үндсэн хуулийн сүнс болсон ИТХ-аас салах шаардлагатай.
 
Засаг даргыг нийтээр сонгодог, цөөн хүнтэй нөхцөлд дээд шатны Засаг дарга нь томилдог зохицуулалтад шилжих. Иргэдийн оролцооны илүү боловсронгуй бөгөөд уян хатан зарчимд, Засаг дарга гаргасан шийдвэрээ бүрэн хариуцдаг зарчимд шилжих хэрэгтэй. Дарангуйллын тогтолцооны хурлаар бүхнийг шийдэх, хурлаар намнадаг үеийн сүнс болсон энэ олон ИТХ улс орныг самууруулж байна.
 
Нутгийн захиргааны нэгжид хот, тосгоныг орхигдуулсан, аймгийн Засаг дарга, аймгийн төвийн сумын Засаг дарга гэсэн улс төрийн давхар удирдлага бий болгосон, энэ байдал нь сумын төвшинд бас давтагддаг байхаар Үндсэн хуульд заасан. Энэ үрэлгэн тогтолцоог нэг мөр цэгцлэх шаардлагатай. Аймгийн Засаг дарга аймгийн төв оршин буй хотоо, сумын Засаг дарга сумын төв оршин байгаа тосгоноо  нэг мөр хариуцдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй байна.  
 
-76 гишүүн, нэг танхимтай Их хурлын бүтцийг чадамжийн талаас, хариуцлагатай, хяналттай болгохын тулд хоёр танхимтай, дээд танхим нь  350-аас доошгүй гишүүнтэй байхаар хуульчилъя гэж зарим хүн санал дэвшүүлдэг нь хэр зөв хувилбар вэ?
 
-УИХ-ыг 100 гишүүнтэй болгоё, хуучин АИХ-аа сэргээе ч гэх шиг элдэв яриа байгаа. УИХ-ыг сахилгажуулахын тулд АИХ-аа сэргээхийн оронд өөр хялбар аргуудыг сэдэх хэрэгтэй болов уу. Жишээ нь, УИХ-ын гишүүн өөрийн биеэр саналаа өгдөг байх, ирц бүрдүүлэхийн тулд санал хураахад байхгүй байгаа гишүүнийг эсрэг санал өгсөнд тооцох зэрэг элдэв зальт аргаас салах.
 
Үүний тулд УИХ-ын бараг бүх шийдвэрийг 39 гишүүний дэмжлэгээр баталдаг болох. Санал хураалтад оролцоогүй тоо тодорхой хязгаарыг давсан тохиолдолд эрүүл мэнд гэх мэт элдэв шалтаг, маяг заахгүйгээр УИХ-ын гишүүнээс нь чөлөөлдөг горимд шилжвэл зохино. Би хувьдаа АИХ-ыг сэргээх байтугай, 76 гишүүний тоог нэмэх бодитой үндэслэл байхгүй гэж үзэж байна.
 
-Сүүлийн үед  аль нэг намын дотоод асуудал, талцал хямрал төрийг хямруулж байгаа нь тодорхой зүйлүүд дээр харагдаж байгаа. Улс төрийн намуудгүйгээр төр байх боломж байна уу. Нөгөө талаар хариуцлагын тогтолцоо байхгүй, парламентад суудалтай бүх нам хамтарч засаг байгуулдаг бялууны зарчмаас татгалзаж хуулийн өөрчлөлтөөр шийдэх боломж юу байна?
 
-Намууд бол манай улсын улстөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Нийтийн сонгуулийн үр дүнд эрх мэдэл, улсын төсөв баялгийг нийтийн эрх ашгийн үүднээс хуваарилах ийм чухал үүрэгтэй энэ институцийг Үндсэн хуульд ердийн сайн дурын байгууллагын төвшинд хуульчилсан. Тусгай шалгуур тавиагүй, хариуцлага тооцох механизмыг орхигдуулсан нь Үндсэн хуулийн нэг том алдаа.
 
Монголд газар аваад байгаа авлигыг хэн манлайлж байна.  Энэ бол намууд, тэдний аялдан дагагсад гэдэгт эргэлзэх хүн тун ховор байх. Тодорхой шалгуурыг үндэслэн намыг бүртгэх болон бүртгэлээс хасах эрхийг СЕХ-нд олгох. Сонгуулийн кампанийн  биш үед намын байгууллагууд төрийн, улстөрийн удирдлага руу хутгалдан оролцдоггүй байх зохицуулалт хийх шаардлага тулгараад байна.  
 
Харин УИХ-ыг хэрхэн сонгох нь тогтолцооноос хамаарах асуудал. Энэхүү тогтолцоог Үндсэн хуулиар нэг мөр, ойлгомжтой сонгон түүндээ дасаж төлөвших маш чухал гэдгийг болж өнгөрсөн үйл явдлууд харуулж байна. УИХ-ын сонгууль бүрийн дараа сонгуулийн тогтолцоог өөрийн намд ашигтайгаар өөрчлөх эцэс төгсгөлгүй, үр ашиггүй маргааныг УИХ манлайлан дэвэргэсээр ирлээ. Мажоритари, холимог, пропорционал гэх гурван тогтолцооны нэгийг нэг мөр сонгоё гэсэн үг.
 
Эхнийхийг сонговол хоёр намын тогтолцоонд үндсэндээ шилжих хандлагатай болно. Засгийн эрхэнд нэг нам гарах магадлал өндөр тул ямагт хянах чадвар бүхий цөөнхтэй байна. Засгийн эрхэнд гарч чадаагүй нам сонгогчдын санал хаягдлаа гэж гомдоллох болно. Хоёрдохыг сонговол ямар байдгийг одоо бид харж байна.
 
Нэг нам УИХ дахь суудлын тавиас дээш хувийг авах магадлал багасч олон нам УИХ-д суудал авах тул эвслийн эрээвэр хураавар, тэр хэмжээгээр тогтвор муутай засгийн газартай байх болно. Монгол Улс өргөн уудам нутагтай учраас гуравдахыг сонгох боломж бараг байхгүй. Сонгодог юмаа гэхэд өмнө дурдсан дутагдал тохиолдох магадлал улам ихсэнэ. Сайн тал нь сонгогчийн санал бага хаягдана. Босго тавих замаар зохицуулах оролдлого хийдэг.
 
- Өмнө нь Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог байсан бол одоо ярьж буй хуулийн өөрчлөлтөөр УИХ, Улаанбаатар хот болон бусад аймгууд, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын төлөөллийг оролцуулан олонхийн саналаар сонгоно гэж байгааг та юу гэж үзэж байна?
 
-Асуулт дотор эвгүй хоёр асуудал байна. Энэ тухай эхлээд ярья. Нэгдүгээрт, Дархан, Эрдэнэтийг бие даасан хот болгох санаа байх шиг байна. Социализмын үед ийм байсан нь зохисгүй, орон нутагт зөрчил үүсгэдэг байсан учраас аймагт харьяалуулсан ч ингэхдээ нутгийн захиргааны нэгж биш болгон хэтрүүлчихсэн түүхтэй. Би бол “Монгол Улс нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймгуудад, Аймаг нь хот, сумдад, нийслэл Улаанбаатар нь Төв аймгийн нутагт тусгай эрхтэйгээр оршино. ...” гэх маягаар зохицуулахыг санал болгосон юм.
 
Хоёрдугаарт, ИТХ-ыг хадгалж үлдэх юм байна. Ерөнхийлөгчийн тухайд нийтээр сонгож байгаад биш, түүний бүрэн эрхийг Үндсэн хуулиар зохицуулахад асуудлын гол нь байгаа юм. Ерөнхийлөгчөө нийтээр сонгох эрхийг хурааж авах нь нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч магадгүй.  
 
-Хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хумьсан заалтууд орохоор  байгаа. Тухайлбал, ҮАБЗ-ийг даргалах эрхийг хассан бол  УИХ-ыг тараах эрхтэй гэсэн шинэ заалт орохоор байна?
 
-Нарийвчилсан заалтыг нь үзэхгүйгээр энэ асуултад нэг бүрчлэн хариулахад зохисгүй санагдаж байна. УИХ-ыг тодорхой үндэслэлээр тараах эрхийг Ерөнхий сайдын санал болгосноор Ерөнхийлөгч тараадаг горимд шилжих нь зүйтэй.
 
- Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, нас барсан, огцорсон тохиолдолд дараагийн Төрийн тэргүүн сонгогдох хүртэл Ерөнхий сайд бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр ярьж байна. Түүнчлэн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхтэй болох нь. Энэ зөв алхам мөн үү?
 
-Шүүх эрх мэдлийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ихээхэн эрх мэдэлтэй хэвээр байх юм бол түүний бүрэн эрхийг Ерөнхий сайд хэрэгжүүлэх нь эрсдэлтэй. Одоо байгаа шиг, УИХ-ын дарга  хугацааны хязгаарлалтайгаар түр гүйцэтгэх нь илүү тохиромжтой боловуу. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зүйтэй. 
 
-Засгийн газрын бүтцийг есөн яамтай байхаар ярьж байгаа бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний гуравны нэг хүртэлх нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрөх бололтой. Энэ талаар таны бодол?
 
-Засгийн газрын бүтцийг сонгууль бүрийн дараа өөрчлөх бололцоог Үндсэн хуулиар олгосон нь төрийн мэргэшсэн албан хаагчдын өсөлт хөгжилд муугаар нөлөөлсөн гэж боддог. Иймээс бүтцийн үндсэн хэсгийг ийнхүү тодорхой болгон хязгаарлаж болж байгаа бол сайн байна. УИХ-ын болон Засгийн газрын гишүүний албыг хавсарч болох хязгаарыг гуравны нэгээр  тогтоохыг дэмжиж байна.
 
-Танд миний асуулттай холбогдуулан нэмж хэлэх зүйл байгаа байх?
 
-Таны асуултаас Үндсэн хуульд ийм л хэдэн өөрчлөлт хийхээр ажлын хэсэг төлөвлөөд, нийгэм ямар хариу үзүүлэхийг тандаж байгаа юм болов уу гэж таамаглаж байна. Үндсэн хуулийн хамгаалалтыг Үндсэн хууль дотроо хийдэг юм байна. Гэтэл бид ингэж чадаагүй. Энэ байдлыг далимдуулан 1999-2000 онд долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд УИХ оруулж амжсан.
 
Дараа нь жирийн хуулиар Үндсэн хуулиа хамгаалах бүтэлгүй оролдлого хийсэн тухай түрүүнд дурдсан. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүхээс хянах механизм үгүй байгаагаас гадна УИХ ийм өөрчлөлт хийх эрхтэй байгаа нь Монгол Улсад эрх зүйн амгалан тайван байдлыг алдагдуулж байна.
 
Иймээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иж бүрэн байдалтай хийх нь маш чухал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ эцэслэн баталдгийг больж, нийтийн санал асуулгаар эцэслэн баталдаг журамд шилжих нь зүйтэй. Манайх шиг жижигхэн улс Үндсэн хуулиа нийтийн санал асуулгаар батлахгүй юм бол “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн маань заалт хоосон цуурай болж хувирна. Тиймээс нийг­мийнхээ оюун са­нааны чадавхийг ашиглан Үндсэн хуульдаа зоримог зөв өөрчлөлт оруулахыг УИХ, УИХ-ын ажлын хэсэгт уриалж байна.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: