sonin.mn
Төмөр замын тээврийн алс ирээдүйн төлөвийг гадаадын (Америк, Канад, Англи, Орос, Солонгос) төслийн судлаачид хичээнгүйлэн таамаглаж, шийдвэрлэх асуудал, хэрэгжих арга хэмжээнүүдийг санал болгосоор байна. Бодит сурвалж, шинжлэх ухаанч хандлага, шинжилгээний нарийн арга, аргачлал хэрэглэсэн арвин туршлагатай судалгааны ажлыг нь ажиглавал тээнэгэлзэх бодол төрөмгүй.
 
Судалгааны үр дүнгээс нийтлэг зүй ёсны дүгнэлт анхаарал татна. Түүхэндээ Монголын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан УБТЗ ХНН-ийн чадамж буурч, хөгжил удааширсан хоцрогдонгуй нөхцөл байдал үргэлжилсээр явж иржээ. 
 
Энэ бүхнийг төрийн өмчит хамтарсан үйлдвэрийн эрхэм үүрэгтэй өмчийн эздийн зүй ёсны дэмжлэг үзүүлэхүйц хөрөнгийн хомсдол, үр дагаварт хямралаас болсон гэж үздэг. Гэсэн ч УБТЗ бор зүрхээрээ, бололцооныхоо хэрээр зүтгэж, тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангаж, нүсэр зардал үүрч, дотоодын болон олон улсын үйлчлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй залгуулж ирсэн юм.
 
Иймд Монгол Упсын болон олон улсын тээврийн эрэлт, хэрэгцээг найдвартай, жигд хангах замаар манай орны эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төмөр замын тээврийн салбарт тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй. 
 
Төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхтэй уялдуулан их засварын хугацаа хэтэрсэн зам, гүүр, хиймэл төхөөрөмж, замын дээд цогцосыг засварлах, хүчжүүлэх, засварын баазыг өргөтгөх, замын бага радиус, тахир, тойруутай зарим хэсгийг шулуутгах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, галт тэрэгний хөдөлгөөний дохиоллын системийг шинэчлэх, тээвэр-ложистикийн төвүүдийг бий болгох, өртөө, терминалуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, гол шугамыг цахилгаанжуулах, хоёр замтай болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. 
 
Тулгамдаж буй асуудлуудыг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудтай уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна. 
 
Үүний тулд Монгол Улсын тээвэр, дамжин өнгөрөх чадамжийг хэрэгжүүлэх ихээхэн боломж нээсэн УБТЗ ХНН-ийн төмөр замын сүлжээний газар зүйн ашигтай байршил, тээврийн үйлчилгээний зах зээл дээр томоохон тээвэрлэгчидтэй тогтоосон урт хугацааны харилцаа, найдвартай компанийн хувьд төлөвжсөн бизнесийн нэр хүнд, үйлчилгээний чанарыг сайжруулахаар хийж буй ажил үйлс зэрэг давуу хүчтэй талаа ашиглавал зохино. 
 
Гэхдээ гол шугамын нэвтрүүлэх чадварын хязгаарлалт, хөдлөх бүрэлдэхүүний өндөр зэргийн элэгдэлт, аж ахуйн үндсэн хөрөнгийн өндөр зэргийн биет элэгдэл, их засварын хугацаа хэтэрсэн замын хэсэг, тээврийн үйлчилгээний чанар, төрлийн түвшин дэлхийн стандартаас хоцрогдсон сул тал дээр онцгой анхаарал хандуулах нь чухал. 
 
Өсөн нэмэгдэж байгаа тээврийн эрэлтийг хангах, экспортын бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг тээврийн салбарын хөгжлөөр дэмжихэд төмөр зам гол үүргийг гүйцэтгэнэ. 
 
Тээвэр, худалдааны коридорын үндсэн суурийг эдийн засгийн коридор болгож, тээврийн дэд бүтэц, худалдааг хөнгөвчлөх, гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бараа таваар, ажил үйлчилгээг өсгөх зорилготой уялдуулан терминаль-ложистикийн сүлжээг хөгжүүлэх, олон улсын тээврийн үйлчилгээний зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, монопольт байдлын сөрөг нөлөөг сулруулах, өмчийн олон хэлбэрийн суурь бүтэц эзэмшигчид, тээвэрлэгч, бусад байгууллагуудын үйл ажиллагааг зөв зохицуулах шаардлагатай.
 
Алс хэтийн бодлого, зорилготойгоор төмөр замын салбарыг тогтвортой хөгжүүлэх асуудал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги зорилт болж байна. 
 
Төмөр замын тээврийн хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох нь Монгол Улсыг хөгжүүлэх стратеги зорилтоос үүдэн нийгэм эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн үеийн шаардлагаас урган гарч байна. 
 
Монгол Упсад худалдаа,тээврийн таатай нөхцөл бүрдүүлэх, шинэ замнал бий болгох бодлогын хүрээнд манай орны уул, уурхайн салбар эрчимтэй хөгжиж, түүнийгээ дагаад төмөр замын тээврийн эрэлт хэрэгцээ, тээврийн хэмжээ өсөн нэмэгдэнэ. Ялангуяа, эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, барилгын хүрээний ачаа эрс нэмэгдэх төлөвтэй байна. 
 
Эдийн засгийн өсөлт, улс хоорондын худалдаа-эдийн засгийн эргэлтийн хурд, Монгол, ОХУ, БНХАУ, бүс нутгийн гео эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурласан ирээдүйн харилцаанаас хамааран ойрын ирээдүйд тээвэрлэлтийн хэрэгцээний эрс өсөлт төсөөлөгдөж байна. 
 
Уул уурхайн салбарын хөгжил, ялангуяа нүүрс, төмрийн хүдрийн томоохон орд газрыг шинээр ашиглах явдал Монголын эдийн засгийн цаашдын хөгжилд дорвитой түлхэц өгнө. 
 
Төмөр замын хөгжлийн хэтийн төсөөлөлийг үндэслэхдээ ойрын богино хугацаа (2016-2020), дунд (2021-2033) болон урт хугацаагаар (2034-2043) ангилж, ачаа зорчигчид тээвэрлэлтийн үүсэх эрэлт, нэвтрэх урсгал, ирээдүйн тархалт, сүлжээн дэх хуваарилалт зэрэг үе шат бүхий эрэлт хэрэгцээний шинжилгээнд тулгуурласан юм.
 
Монгол Улс далайд гарцгүй орны хувьд ОХУ болон Хятадыг давж гуравдагч оронд эрдэс баялгийн нөөцийг экспортлох боломжийг харгалзаж, гуравдагч оронд хүрэх экспортын тэргүүлэх чиглэлийг тодотгосон аж. Санхүүгийн шинжилгээгээр хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж уул уурхайн хөгжил болон тээврийн дэд бүтцийг холбосон бизнест хөрөнгө оруулж болох нөхцөлийг судалсан.
 
Одоо байгаа төмөр замын сүлжээг (Сүхбаатар-Замын-Үүд) хөгжүүлэх буюу УБТЗ ХНН-ийн 2020 он хүртэлх хугацааны техникийн шинэчлэл, хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тэргүүлэх чиглэлийн ач холбогдолтой гэж үзсэн. 
 
Шинэ төмөр замын сүлжээний замнал бүрийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг богино хугацаанд төр, албан ёсны хөгжлийн тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар-Замын-Үүд (1112 км), 
 
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгөөр Тавантолгой-Гашуунсухайт (230 км), Нарийнсухайт-Шивээхүрэн (45 км), Овоот-Эрдэнэт (547 км), Чойбалсан-Хөөт-Бичигт (320 км), 
 
- Дунд хугацаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгөөр Овоот-Арцсуурь (225 км), 
 
- Төр, албан ёсны хөгжлийн тусламжийн хөрөнгөөр Тавантолгой-Зүүнбаян (400 км), 
 
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгөөр Чойбалсан-Хөөт-Нөмрөг (540 км), 
 
- Төр албан ёсны хөгжлийн тусламжийн хөрөнгөөр Чойбалсан-Хөөт-Сайншанд (550 км), Чойбалсан-Эрээнцав (238 км, одоо байгаа замыг сайжруулах), 
 
- Урт хугацаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгөөр Улаанбайшинт-Дөрвөлжин-Нарийнсухайт-Тавантолгой (1800 км) гэсэн дараалалтай тогтоосон.
 
Шинэ төмөр замын сүлжээний барих шугамын тэргүүлэх чиглэлийн хувьд Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт, Төмөртэйн-Овоо-Бичигт гэсэн дөрвөн чиглэл сонгосон бөгөөд энэ чиглэлүүдэд төмөр зам байгуулах боломжтой гэж үзэв. 
 
Уул уурхайн компани өөрийн хөрөнгөөр төмөр зам барих, эсвэл тусгай компани хөрөнгө оруулж барих хоёр арга л байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг төмөр замд татахад амаргүй. Концессийн гэрээ оролцуулах нь чухал гэж үзэж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах нь хөрөнгө оруулалтын үр өгөөжийн шинжилгээгээр ашигтай гарсан юм. 
 
Харин үлдсэн гурван чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо алдагдалтай гарлаа. Хил дамнасан нарийн царигийн мухар төмөр замын маргалдаантай асуудлыг зохистой шийдвэрлэх оновчтой арга замыг сонгоход дамжин өнгөрөх шинэ чиглэлд гурвалсан зам төмөр ашиглах нь ач холбогдолтой бөгөөд Чойбалсан-Хөөт-Бичигт (320 км) замналд өргөн нарийн цариг бүхий гурвалсан зам тавих нь зүйтэй байна.
 
Цаашдаа Хятад руу хил дамнасан тээврийн замналд дунд ба урт хугацаанд хос царигтай болгох, эсвэл цариг хувьсагч систем нэвтрүүлэх боломжтой. Хил дамнасан тээвэр, логистикийн зардал, санхүүгийн асуудал, ялангуяа далайн боомтууд болон олон улсын хамтын ажиллагааг харгалзан уул уурхайн бүтээгдэхүүн гуравдагч оронд хүргэх хамгийн зохимжтой замналыг тодорхойлох судалгааны дүнд ирээдүйтэй орд бүхий хойд бүсээс Оросын, өмнөд бүсээс Хятадын, зүүн бүсээс Хятадын төмөр зам дамжуулан тээвэрлэх нь илүү үр өгөөжтэй байна. 
 
Стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хомсдол, төмөр замыг дэмжих төрийн дэмжлэгийн хангалтгүй түвшин, шинэ төмөр замын шугамын төлөвлөсөн хугацааны удаашрал, гадаад орчинд дундыг барих хувь тохиолын мега хөрөнгө таташгүй бүтэлгүйтэл, Монгол Улсыг алгассан тив дамжсан альтернатив замнал тогтоох оролдлого зэрэг эрсдэлтэй бөгөөд аюул түгшүүр дагуулах нөхцөл байдлыг бодолцох хэрэгтэй
 
 
Д.Гонгор доктор (Ph.D), дэд профессор