Эх хэлний бодлогыг цахим орчинд хөгжүүлэх шаардлагатай хэмээн “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганы үеэр эрдэмтэн, судлаачид онцолж байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/, БСШУСЯ, “Болорсофт” ХХК хамтран зохион байгуулж буй тус чуулганд оролцогчид эх хэлний асуудал бол үндэсний хэмжээний асуудал учир хэн нэгэн эрдэмтэн, хувийн хэвшил, эсвэл төр дангаараа шийдвэрлэж чадахгүй. Тиймээс олон нийтийн оролцоо нэмэгдэж байж шийдэлд хүрнэ гэдгийг хэлж байна.
ХБҮЗ-ийн дарга, БСШУС-ын сайд Ж.Батсуурь чуулганыг нээж хэлэхдээ, “Цахим хэл шинжлэл хэмээх шинжлэх ухааны нэгэн шинэ салбар манай улсад үүсэж, хөгжиж буйд туйлын баяртай байна. Энэ салбар хэл шинжлэл болон компьютерын ухааны эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай, хурдтай хөгжиж буй нэн шинэ салбар юм. Өнөөдөр хэлний бодлогыг цахим орчинд хөгжүүлэхгүйгээр дангаар нь тодорхойлох боломжгүй болж байна. Хүн төрөлхтөн цахим орчинд хурдацтай шилжиж, асар их дэвшил боломж, давуу тал бий болж байгаа ч зарим сөрөг тал ажиглагдах боллоо. Хүн ам цөөнтэй улсад энэ сөрөг тал тод илэрч байна.
Аливаа зүйл хэрэглээгээ дагаж оршин тогтнодог. Өдөр тутмын хэрэглээнд цахим төхөөрөмж эргэлт буцалтгүй нэвтэрсэн учир өндөр хөгжилтэй орнууд эх хэлнийхээ цахим хөгжлийг цаг тухайд нь шийдвэрлэж явжээ. Харин буурай орнуудын хувьд энэ асуудлаас хоцрох хандлага байна. Цахим орчин дахь Монгол хэл бичгийн боловсруулалт, учирч буй асуудлыг шийдвэрлэх, дэвшилтэт бүтээгдэхүүний талаар олон нийтэд танилцуулах ажлын эхлэл өнөөдөр тавигдаж байна.
Ц.Дамдинсүрэнгийн зохиосон, Монголын ард түмний 75 жилийн турш бичиж хэвшсэн Монгол үсгийн дүрмийг мөрдөж, цаашид нэг ойлголттой болж байгаа гэдгээ бид мэдээлсэн. Монгол хэлний зөв бичих дүрэм, толийг журамлаж чадсанаар цахим хэл шинжлэлийн салбарт ахиц гарна гэж харж байна. Түүнчлэн нийтийн эх хэлний хэрэглээнд зориулсан жишиг найруулгыг буй болгох зорилготой цахим хуудсыг бид тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ” гэв.
МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ц.Өнөрбаян, “Эх хэл гэдэг аливаа үндэстний оршин тогтнох баталгаа байдаг учир дэлхийн улс үндэстнүүд эх хэлийг хамгаалах, хэрэглэх хуультай байдаг. Монгол Улс 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталж, эх хэлийг хэрэглэх, хамгаалах, өвлүүлэх орчныг тодорхой заасан.
Монгол хэлний зөв бичгийн дүрмийн хэрэглээ журамлагдаагү й учир алдаа мадагтай бичих явдал бий. Эх хэлний унаган өв сан, түүний дотоод баялаг санг сайн эзэмшээгүйгээс хэл найруулгын алдаа гаргах явдал их байна. Энэ нь сургалт, мэдээллийн нээлттэй орчин, эх хэлний хэл найруулгад тавих хариуцлага сул байгаатай холбоотой. Тиймээс эх хэлний зөв хэрэглээтэй холбоотой алдаа мадагийг журамлах ёстой” гэв.
Чуулганд монгол хэлбичиг, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн судлаачид эх хэлний цахим хөгжлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж байна.

Болорсофт компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал “Хэл шинжлэлийг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжтой юу?” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, “XXI зууны технологийн хамгийн том дэд бүтэц бол хиймэл оюун ухаан. Энэ салбар сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж, асар том дэвшил гарах боллоо. Энэ хөгжлийг дагаад бидний өдөр тутмын амьдралд ч асар том өөрчлөлт гарна.
Хамгийн энгийн жишээ нь машин өөрийгөө жолооддог болно гэдэг хиймэл оюуны салбарын үр нөлөө юм. Зөвхөн автомашин гэлтгүй анагаах ухаан, боловсрол гээд бүхий л салбарт энэ технологийн дэвшил нэвтэрнэ. Харин хиймэл оюун ухааныг бий болгож, бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй болоход цахим хэл шинжлэл зайлшгүй хэрэгтэй. Үүнийг хөгжүүлж, тогтсон ойлголттой болсны үндсэн дээр хиймэл оюуны салбарыг хөгжүүлнэ” хэмээн дурдав.
Мөн тэрбээр Болорсофт компанийн 10 жилийн турш судалгаа хийж, Ц.Дамдинсүрэнгийн зөв бичих дүрэмд нийцүүлэн зохиосон “Болор дуран 2.0” алдаа шалгах программыг танилцуулсан юм. Хүн бүр мэдээлэл түгээгч болсон энэ үед хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд зориулан энэхүү зөв бичих дүрмийн алдаа шалгах программыг зохион бүтээжээ. “Хүмүүс зарим түвэгтэй үгийн хувьд их маргалддаг. Тус маргааныг эцэслэх үүднээс түгээмэл алддаг үгсийн хувьд дүрмийн тайлбарыг үг тус бүрээр харах боломжтой. Энэ нь оюутан, сурагчдад зөв бичиж сурахад нь нэмэр болно” гэв.
Чуулганд үдээс хойш МУИС-ийн доктор, профессор Ч.Алтангэрэл “Хэлний технологи хэрэгтэй юу? Яагаад”, МУИС-ийн зөвлөх Г.Буянтогтох “Монгол хэл, сэтгэлгээний хөгжлийн зарим тулгамдсан асуудалд”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор О.Шинэбаяр “Олон утгат үг хэллэгийн хэрэглээ” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Мэдлэг боловсрол багаасаа эзэмшиж түүнийгээ шинжлэх ухаанд нийцүүлэн ард олондоо түгээж хойч үедээ энэ хэвийг нь алдуулахгүй хүргэж чадах чадваргүй тийм шахааны шаарнууд зөв бичиж сураагүй бүдүүлгүүд хэл шинэчиллээс хол байгаасай.Туслах тэмдэггүй бичигтэнг энэ дэлхийгээс олход их ховор.Тэнэгүүдийг хараад байхад манай улс болчих магдлалтай болж түмний дургүйг хүргээд авсан удаатай шүү!!! Хуучнаа сайн өнгөлж тордоорой. Монголын жинхэнэ ухаантай шигшигдсэн эрдэмтэд бүтээж зохиосон юмшүү! Амжилт.