sonin.mn

2025 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 1-ний хооронд Сингапурт болох Шангри-Лагийн 22 дахь хэлэлцүүлэгт дэлхийн 40 гаруй улс, бүс нутгийн батлан хамгаалах болон аюулгүй байдлын байгууллагыг төлөөлсөн 550 гаруй төлөөлөгч оролцохоор төлөвлөжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 5-р сарын 30-нд үндсэн илтгэл тавих бол Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим 5-р сарын 31-нд онцгой илтгэл тавих юм.


Хятадын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус улсын Ардын чөлөөлөх армийн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцохоор Сингапурт ирнэ. Тэд Сингапурын цэргийн болон иргэний байгууллагуудтай уулзаж, бусад орнуудын төлөөлөгчидтэй гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан ойлголцол, зөвшилцөлд хүрэхийг зорьж байгаа гэнэ.


Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүрээнд:


7 удаагийн ерөнхий хуралдаан, сайдын түвшний хоёр дугуй ширээний уулзалт, бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх 3 онцгой форум зохион байгуулагдана.


“Шангри-Лагийн хэлэлцүүлэг” буюу албан ёсоор Азийн Аюулгүй байдлын чуулга уулзалт нь Их Британийн Олон улсын стратеги судалгааны хүрээлэнгийн санаачилгаар, Сингапурын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй олон улсын нэр хүндтэй форум юм. Энэхүү чуулга уулзалт Сингапурын Шангри-Ла зочид буудалд зохиогддог тул ийм нэртэй болжээ.